Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/53

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ , шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох 178/2019/0050/ индекстэй, 1936000280043 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 сарын 15-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 03 сарын 20-ны  өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26 дугаар  гудамж 25 тоотод оршин суух хаягтай боловч Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт оршин суух, 1966 оны 02 сарын 07- ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл - 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, хувиараа мал малладаг, аминдаа 25  адуу, 40 үхэр, 60 хонь, 300 ямаа, гэр-2, суудлын автомашин нэг, мотоцикль нэг, хувийн 2 өрөө орон сууц, хашаа нэгийн  хөрөнгөтэй, сарын өрхийн орлого  1000000 / нэг сая/  төгрөг, *******  дугаарын  регистртэй ******* овогт *******ын *******

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч Н.******* нь  Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт иргэн Я.*******гийн эзэмшлийн 41 тооны үхрийг итгэмжлэн хариуцан маллаж байхдаа 1 тооны үхрийг 2018 оны 12 сарын 02- ны өдөр иргэн Т.*******од зарж, бусдын итгэмжлэн харицуулсан эд хөрөнгийг завшсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт оршин суух, 1960 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт амьдрах, хувиараа мал малладаг /ПЖ ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******гийн өгсөн...Би өөрийн садангийн Н.*******аар  үхрээ 2018 оны өвөл маллуулахаар тохиролцсон.  Тэгээд 2018 оны 11 сарын 02- ны өдөр Манхан сумын Баянгол багийн Салаа гэх нэртэй газарт байсан Н.*******т 41  тооны үхрээ хүргэж өгсөн. 2018 оны 12 сарын 04-ний өдөр Н.*******ынд  очиж эр үхэр -1, эм үхэр-1, 1 тооны тугал  идшиндээ хэрэглэхээр авсан. Дараа нь 12 сарын 18-ны өдөр хүргэн Бат-Эрдэнийн хамт очиход  Н.******* гэртээ  байхгүй, эхнэр М. нь  хүүхдийнхээ  хамт байсан ба манай 14 тооны үхэр алга болсон  байсан. Эхнэр М. нь 2 тооны тугал, нэг  эм үхэр үхсэн. Салаа гэх нэртэй газар байхад 4 тооны үхэр алга болсон. 7 тооны үхэр нь байгаа байхаа гэхээр нь тэр хавиар хайгаад олоогүй. Тэгээд өөрийн үхэрнээс нэг тооны үхэр нядлаад хүргэн Бат- Эрдэнийг явуулаад Н.*******ынхтай хамт байсан Хумайдай гэх айлд очиж хоносон. Өглөө нь босоод Н.*******тай уулзсан.  7 үхэр дутсан талаар хэлэхэд   энэ хавиар байгаа байх гэхээр хайсан боловч олоогүй. Үлдсэн 23 тооны үхрээ Оргил гэх айлд хүргэж өгөөд буцаж Н.*******ын гэрт ирээд түүний суудлын авто машинаар  “Булангийн овоо” гэх газар хүргүүлсэн. Тэгтэл Н.******* нь миний үхэрнээс 1 тооны улаан зүсмийн 7 настай, зөв / зүүн/ чих  араас  онь, зүүн эвэр цэнхэр будагтай, хуучин даавууны тэмдэгний нүхтэй,  эм үхрийг Т.Гэрэлт-Од гэгчид зарсан байсан. Т.Гэрэлт-Од гэдэг хүнээс манай хүү үхрийнхээ толгойг олж авсан.  Манай үхрийн толгой мөн байсан. Үхсэн 2 тооны тугал, нэг тооны үхрээ харсан. Н.******* нь надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Алдсан үхрээ олж өгөхөөр тохиролцсон...гэх мэдүүлэг / хэргийн 9-10 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.ын гэрчээр өгсөн...Манайх 2018 оны 11 сарын 02-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт байх Н.******* гэдэг айлд 41 тооны үхрээ маллуулахаар хүргэж өгсөн.  Би хүү М.ын хамт 2018 оны 12 сарын 04-ний өдөр очиж, нэг эр үхэр, нэг эм үхэр, нэг тооны тугал хүнсэндээ хэрэглэхээр ачиж авсан. 2018 оны 12 сарын 18- ны өдөр дахин идэш авахаар нөхөр, Я.*******, хүргэн Бат-Эрдэнэ нарын хамт очсон. Н.******* нь хүүгийн хамт аймаг явсан, эхнэр М. нь охин С.гийн хамт байсан. Манай 38 үхрээс 14 тооны үхэр дутсан байхаар нь “ юу болсон талаар “ асуухад эхнэр М. нь 2 тооны тугал , нэг эм үхэр үхсэн гэж хэлсэн. 4 үхэр нь Салаа гэх нэртэй газарт байхад алга болсон , 7 тооны үхэр нь байгаа байх гэсэн. Би нөхөр болон хүргэнийхээ хамт нэг тооны үхрийг нядлаад хүргэндээ өгч явуулаад, Н.*******ыг аймгаас ирэхийг хүлээсэн. Нөхөр Я.*******гийн  хамт Хумайдай гэгч айлд хоноод өглөө Н.*******ын гэрт очсон. Н.*******т 7 тооны үхэр алга болсон байна гэхэд тэр тоохгүй байсан. Үхрээ хайж олъё гээд бид  нар 12 сарын 19- нээс 20 – ны өдрүүдэд хайсан боловч олоогүй. Тэр өдрөө Н.*******ын гэрт хоноод маргааш нь  түүний суудлын  авто машинаар “Булангийн овоо” гэх газар хүргүүлээд Ховд аймагт ирсэн. Үхрээ хавар хүртэл маллуулаад 300000 төгрөг өгөхөөр тохиролцсон байсан. Бид нар үхсэн гэх 3 тооны үхрээ харсан. Н.******* нь 11 тооны үхрийг ойрхон байгаа гэхээс өөр зүйл хэлэхгүй байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 10-11 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд М.ын гэрчээр  өгсөн...Манай аав Я.*******гийнх 2018 оны 11 сарын 02-ны өдөр  Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт байх Н.******* гэх айлд 41 тооны үхрээ маллуулахаар хүргэж өгсөн. Тэгтэл Н.******* нь 41 тооны үхрээс 11 тооны үхрийг нь дутаасан. 2018 оны 12 сарын 10-ны өдөр манай идэшний үхрийн мах авчирж өгөхдөө толгойных нь арьсыг өвчсөн, эврийг нь хугалж авсан байсан. Би Н.*******ыг Ховд аймагт Т.Гэрэлт-Од гэх хүнд нэг тооны үхэр зарсаныг сонсоод очиж үзэхэд манай улаан зүсмийн үхрийн толгой мөн байсан. Тухайн  үхрийн толгой надад байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 13 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  М.гийн гэрчээр  өгсөн...Манайхыг Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг Салаа гэх нэртэй  газар байхад  Я.*******, Н.  нар нь 41 тооны үхрээ маллуулахаар авчирж өгсөн. Дараа нь Я.*******, Н.  нар ирээд нэг эм үхэр, нэг эр үхэр, нэг тугал зэргийг аваад явсан. Сүүлд нь хүргэнийхээ хамт ирээд нэг үхэр нядалсан. Тэгээд манай үхэр дутсан байна гэхээр нь нэг үхэр, хоёр тугал үхсэнийг үзүүлсэн.  Бусад үхрийг ойр хавиар хайгаад олоогүй...гэх мэдүүлэг / хэргийн 14-15 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд С.гийн гэрчээр өгсөн. Манайхыг 2018 оны 11 сарын эхээр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн Салаа гэх нэртэй газар байхад Н. нь өөрийн хүү М.ын хамт 41 тооны үхэр маллуулахаар авчирж өгсөн. Тэгээд 12 сарын эхээр Лүнт гэх нэртэй газарт байхад Н. өөрийн хүү М.ын хамт ирээд нэг эр үхэр, нэг эм үхэр, нэг тугал ачиж аваад явсан. Үүний дараа миний шүд өвдөөд аймаг руу аавын хамт авахуулахаар явсан байхад Н. эгч , нөхөр Я.*******, хүргэн Бат- Эрдэнэ нарын хамт ирээд нэг үхэр нядлаад хүргэн Бат-Эрдэнэд өгч явуулаад манай ойролцоо байсан Хумайдай гэх айлд хонохоор явсан байсан. Маргааш өглөө нь ирээд ”танайд тавьсан үхэрнээс  манай 7 тооны үхэр дутсан байна” гэхээр ойр хавиар хайгаад олоогүй.  Я.*******, Н. нар үлдсэн 23 тооны үхрээ туугаад Оргил гэх айлд хүргээд буцаж манайд ирээд манай ааваар Булангийн овооны ойролцоо засмал зам дээр хүргүүлсэн. Манайхыг “Салаа” гэх нэртэй газар байхад нэг эм үхэр, 2 тооны тугал үхсэн. Үлдсэн 11 үхэр нь Лүнт гэдэг  газраас алга болсон...гэх мэдүүлэг / хэргийн 16-17 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Гэрэлчулууны гэрчээр өгсөн...Би 2018 оны 11 сарын 20- ны үед идэшний үхэр авах санаатай, санаанд нийцсэн үхэр байхгүй байж байтал манай ах Т.Гэрэлт-Од хөдөөнөөс хүнээс 450000 төгрөгөөр үхэр авсан. Одоо нэг  зарах үхэр байгаа гэхээр нь утсыг нь аваад Н.******* гэх хүнтэй ярьсан.Н.******* нь “би хурдан морь авах гэсэн юм яаралтай мөнгөний хэрэг гараад байна , надад нэг тооны үхэр байгаа” гэхээр нь  хоёулаа уулзая гээд  манай гэрийн хаяг заалгаад 22 цагийн орчим манайд ирсэн. Тэгээд 3 хоногийн дараа үхэр авчирж өгнө гээд надаас 350000 төгрөг аваад явсан. Тэгээд 2018 оны 12 сарын 09- ний өдөр нэг тооны үхрийн мах авчирж өгөөд надаас 100000 төгрөг аваад явсан. Тэр цагаан өнгийн “HRV” маркын тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирсэн. Н.******* манай ах Т.Гэрэлт-Одод нэг тооны үхрийн махыг 450000 төгрөгөөр  зарсан байсан. Надад өгсөн үхрийн толгойн арьсыг өвчсөн байсан. Шийр, арьс нь улаан өнгөтэй байсан...гэх мэдүүлэг / хэргийн 18-19 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Т.Гэрэлт- Одын гэрчээр өгсөн...2018 оны 11 сард идэшний үхэр хайж байтал манай дүү Ганзориг утасдаж Н.******* гэдэг хүний утасны  дугаар  өгөөд “хөдөө байдаг хүн байгаа юм, үхэр зарж магадгүй  яриад үзээ” гэсэн.  Тэгээд Н.******* гэдэг хүнтэй яриад “идэшний үхэр байна уу” гэхэд байгаа, Хар ус нуур хөлдөөд машин даадаг болохоор үхрээ авчирж өгнө” гээд манай гэрийг заалгаад надаас 400000 төгрөг авч яваад, 12 сарын 02-ны өдөр надад нэг тооны үхэрний мах авчирж өгөөд үлдэгдэл 50000 төгрөгөө  аваад явсан. Мөнгөө авахдаа хажуудаа нэг эмэгтэй хүнтэй явж байсан. Мах авчирж өгөхдөө цагаан өнгийн “HRV” маркын машинтай ганцаараа ирсэн. Үхрийн ширийг нь 12 сарын 10-ны үед Цагаан морь зах дээр зарсан. Харин толгойг нь цагдаа нар ирээд аваад явсан. Шийрийг нь хог дээр хаясан. Улаан зүсмийн үхэр байсан имийг нь анзаараагүй. Би тухайн үхрийг махыг хулгайн мах гэдгийг нь мэдээгүй, хулгайн мах бол авахгүй байсан...гэх мэдүүлэг / хэргийн 20-21 дүгээр  хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын  өгсөн... 2018 оны 11 сарын  эхээр манайхыг Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн Салаа гэх нэртэй газар байхад Я.*******гийн эхнэр Н. эгч хүү М.ын хамт 41 тооны үхрээ маллуулахаар авчирж өгсөн.  2018 оны 12 сарын эхээр өөрийн хүү М.ын хамт ирээд нэг тооны эм үхэр, нэг тооны эр үхэр, нэг тугал  ачиж авч явсан. Үүний дараа хүү С.гийн шүдийг авахуулахаар намайг аймагт ирээд буцаад орой гэртээ буцаж очих үед Я.*******, эхнэр Н., хүргэн Бат-Эрдэнэ нарын хамт ирээд нэг  тооны үхэр нядалж хүргэн Бат-Эрдэнэд өгч явуулаад манай ойролцоо байсан Хумайдай гэх айлд хонохоор явсан байсан. Маргааш өглөө нь 08 цагийн Я.*******, эхнэр Н.ын хамт ирээд манай үхэрнээс 7  тооны үхэр дутсан байна гэхээр нь ойр хавиар хайгаад олоогүй. Тэгтэл тэр хоёр үлдсэн 23 үхрээ туугаад Оргил гэх айлд өгөөд буцаж ирээд манайд хоноод өглөө нь миний эзэмшлийн 54-15 ХОА улсын дугаартай “HRV” маркын тээврийн хэрэгсэлээр “Булангийн овоо”-ны засмал зам дээр хүргүүлээд аймаг явсан. Манайхыг Салаа гэдэг газраас ” Лүнт”  гэдэг газарт нүүх үед 2 тооны тугал, 1 үхэр үхсэн. 4 тооны үхэр нь Манхан  сумын Ботгон багийн чиглэлд явж алга болсон. Үлдсэн 4 үхэр нь “Лүнт”  гэдэг газар байхад алга болсон. Би Я.******* ахын улаан зүсмийн зүүн эвэр нь цэнхэр будагтай, зүүн чих араасаа онь имтэй, баруун чих имгүй үхрийг Т.Гэрэлт-Одод зарахдаа түүнээс зөвшөөрөл аваагүй. Бусад үхэр нь алга болсон, тухайн үед нь мэдэгдэж байсан. Сүүлд 6 тооны  үхэр алга болсныг мэдээгүй байж байгаад үхрээ авах үедээ мэдсэн. Бусдын итгэмжлэн хариуцуулсан үхэрнээс нэг тооны үхрийг  бусдад зарж завшсанаа хүлээн зөвшөөрч байна. Үлдсэн 10 тооны үхрийг олоод Я.*******д  учирсан хохирлыг төлж өгөхөөр болсон. Нэг үхрийн хохирлыг төлсөн...гэх мэдүүлэг

Эд  зүйлийг хураан авч үзлэг хийсэн...Улаан зүсмийн, зүүн эвэрний  дотор доод хэсэгт 16 см урттай цэнхэр өнгийн будагтай, / хуучин бөгжилж будсан зарим хэсгээр арилсан/ зүүн чих араас онь имтэй, хуучин даавууны тэмдэгний нүхтэй, баруун чих имгүй үхрийн толгой байв...гэх тэмдэглэл, гэрэл  зураг / хэргийн 33-39 дүгээр  хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн...Улаан зүсмийн зүүн эвэр цэнхэр будагтай, зүүн чих араас онь имтэй, хуучин даавууны тэмдэгний нүхтэй, баруун чих имгүй толгойг Я.*******д хүлээлгэн өгсөн...тэмдэглэл / хэргийн 40 дүгээр хуудас/

Мал үнэлсэн тухай тайлан...эм үхэр 7  настай -700000 төгрөг / хэргийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:Хохирогч Я.******* нь шүүгдэгч Н.*******ынхыг  2018 оны 11 сарын эхээр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн Салаа гэх нэртэй газар байхад  нь 41 тооны  үхрээ маллуулахаар тохиролцож Н.*******т хүлээлгэн өгсөн ба  эхнэр Н. болон хүү М. нарын хамт нэг тооны эм үхэр, нэг тооны эр үхэр, нэг тугал зэргийг ачиж авсан, мөн 2018 оны 12 сарын 18-ны өдөр Я.******* нь эхнэр Н., хүргэн Бат-Эрдэнэ нарын хамт очиж нэг тооны идэшний үхрээ авах үедээ өөрийн үхэрнээс 7 тооны үхэр дутсан болохыг мэдсэн, мөн энэ үедээ  өөрийн нэг тооны үхрийг нь  Н.******* нь Т.Гэрэлт-Од гэгчид зарсан болохыг мэдэж, эхнэр Н. нь  цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, хүү М. нь  Т.Гэрэлт-Одоос улаан зүсмийн үхрийн толгойг авч цагдаагийн байгуулагад хүлээлгэн өгсөн,  тухайн үхрийн толгой нь ... Улаан зүсмийн, зүүн эвэрний  дотор доод хэсэгт 16 см урттай цэнхэр өнгийн будагтай, / хуучин бөгжилж будсан зарим хэсгээр арилсан/ зүүн чих араас онь имтэй, хуучин даавуун тэмдэгний нүхтэй, баруун чих имгүй үхрийн толгой...байсан ба Я.*******гийн алга болсон үхрийн толгой болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон, Шүүгдэгч Н.******* нь Я.*******гийн хүлээлгэн өгсөн 41 тооны үхрээс нэг  тооны улаан зүсмийн 7 настай үхрийг Т.Гэрэлт-Одод 450000 төгрөгөөр  зарсан  хэргийн  үйл баримт, нөхцөл байдал нь шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан хохирогч Я.*******гийн мэдүүлэг, гэрч Н., М., Т.*******, Т.Гэрэлчулуун нарын мэдүүлэг, үхрийн толгойг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үхрийн толгойд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хүлээлгэн өгсөн тэмдэглэл,  шүүгдэгч Н.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мал үнэлсэн тухай тайлан зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Н.******* нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй болохоо илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасан  хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

 Шүүгдэгч Н.*******ын хохирогч Я.*******гийн 2018 оны өвөл маллуулахаар өгсөн 41 тооны үхрээс нэг тооны үхрийг Я.*******д мэдэгдэлгүйгээр  гэрч Т.Гэрэлт- Одод  450000 төгрөгөө зарсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан бол...гэх гэмт хэргийн шинжийг   хангаж байна.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч Н.*******ын хохирогч Я.*******гийн итгэмжлэн хариуцуулсан 41 тооны үхэрнээс нэг тооны үхрийг бусдад зарж, завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Н.*******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.******* нь ...   Н.*******аас нэхэмжлэх зүйлгүй...гэж мэдүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын...хохирогч Я.*******гийн нэг тооны үхрийг төлж хохиролгүй болгосон... гэх мэдүүлэг зэргийг үндэслэн хохирогчид учирсан 700000 төгрөгний хохирол төлөгдсөн гэж үзэв.

                            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Н.******* нь   бусдад  учирсан хохирлоо  төлснийг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.

Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Н.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 67 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”,  гэрч Н.Лхамхүүгийн өгсөн...Миний дүү Н.******* нь Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт мал маллаж амьдардаг, өөрийн гэсэн мал хөрөнгөтэй, урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг, гэрч Д.Ганзоригтын өгсөн...Н.******* манай эхнэрийн төрсөн дүү. Н.******* урьд нь  гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Н.******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан  эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчийг   хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 2800000 төгрөгөөр торгох ял шийтгэх,  гэмт хэрэг үйлдэж олсон орлого 450000 төгрөгийг хураан авч улсын төсөвт шилжүүлэх, хэрэгт эд хөрөнгийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх 700000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, шүүгдэгчийн машин  болон малыг битүүмжилсэн прокурорын “ эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх саналтай байна гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч  Н.******* нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирогч нарт  учирсан хохирлыг төлсөн,гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг харгалзан  үзэж  прокурорын санал болгосон 2800000 төгрөгөөр торгож, торгох ялыг 2019 оны 04 дүгээр сард 200000 төгрөг, 05 дугаар сард 200000 төгрөг, 6 дугаар сард 2400000 төгрөгөөр хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэв.

Шүүхээс шүүгдэгч Н.*******ыг  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт  тайлбар,   шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид  учирсан хор  уршгийг бүрэн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.*******ыг хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч  Н.*******т оногдуулсан 2800000 төгрөгөөр торгох ялыг  2019 оны 04 дүгээр сард 200000 төгрөг, 05 дугаар сард 200000 төгрөг, 6 дугаар сард 2400000 төгрөгөөр хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох  ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.*******т тайлбарлан өгөхөөр тогтов.

Гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдэгт...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т тайлбарласнаар...Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан  гэмт хэрэг үйлдэж, шууд болон шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно...гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлнэ...гэснийг үндэслэн шүүгдэгч Н.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу хохирогч Я.*******гийн итгэмжлэн хариуцуулсан 41 тооны үхэрнээс нэг тооны үхрийг гэрч Т.Гэрэлт - Одод 450000 төгрөгөөр зарж олсон  орлого болох  450000 төгрөгийг  хурааж улсын  төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн 1936000280043 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 700000 төгрөгний хохирол төлөгдсөн  болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.*******т  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх  нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.*******т торгох ял шийтгэсэн, мөн гэмт хэрэг үйлдэж олсон  орлогыг хурааж улсын төсөвд шилжүүлэхээр хөрөнгө орлого хураах албадлагын   арга хэмжээ авсан тул шүүгдэгч Н.*******ын эзэмшлийн 8 тооны үхэр, 5 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2019 оны 03 сарын 05- ны өдрийн 5/29 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг торгох ял болон  хөрөнгө  орлого хураах  албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг  завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд  тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Н.*******ыг хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 2800000 төгрөгний торгох ялыг 2019 оны 04 дүгээр сард 200000 төгрөг, 05 дугаар сард 200000 төгрөг, 6 дугаар сард 2400000 төгрөгөөр хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******т  тайлбарласугай.

5.Эрүүгийн 1936000280043 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 700000 төгрөгний хохирол төлөгдсөн   болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч Н.*******аас  гэмт хэрэг үйлдэж олсон орлого 450000 төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч Н.*******ын эзэмшлийн 8 тооны үхэр, 5 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 5/29 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг торгох ял болон  хөрөнгө  орлого хураах  албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.   

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Н.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ЦЭЦЭГМАА