Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 137/2016/0226/И |
Дугаар | 231 |
Огноо | 2016-08-19 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Сайханчимэгийн хүсэлтээр
Гончигренчингийн Энхзаяаг /РД: КМ74053167/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэсувд нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Сайханчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Замын-Үүд сумын 1-р баг 8-р хэсэг 81 байранд амьдардаг гэх Гончигренчингийн Энхзаяад 8,000,000 төгрөгийг доорх нотариатын дагуу 2014 оны 01 сарын 17-ны өдөр 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн болно. Зээлдэгч Г.Энхзаяа нь нэг л удаа 1,200,000 төгрөгийг 1 сарын хүү болгон өгсөн. Түүний дараа 2014 оны 01 сарын 29-нд түүний ах болох Гончигренчингийн Энхтайван нь утсаар яриад нэмж 1,000,000 төгрөг зээлэхээр тохиролцоод Г.Энхзаяа ирж авсан. Ингээд 2014 оны 01 сарын 30-ны өдрөөс хойш одоог хүртэл үндсэн зээлээ одоо болтол төлөөгүй байгаа тул зээлдүүлсэн мөнгөнийхөө хүүг 0,5 хувиар бодож тооцоод нийт 10,260,000 төгрөгийг авах ёстой юм. Зээлдэгч Г.Энхзаяа нь хаяг дээрээ байхгүй байгаа. Хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунбилэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь 2016 оны 08 сарын 19-ны өдөр БНСУ руу 3 сараар зорчихоор болсон тул миний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. Гончигренчингийн Энхзаяа нь 2014 оны 01 сарын 17-нд Д.Сайханчимэгээс 8,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд нэг удаа 1 сарын хүү болох 1,100,000 төгрөгийг өгсөнөөс хойш өнөөдрийг хүртэл юу ч өгөөгүй байсаар байна. Г.Энхзаяа нь холбогдох хаяг тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилуулахаар нэхэмжлэл гаргасан. Г.Энхзаяа нь урьд нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг 81 дүгээр байрны 1 тоотод оршин суудаг байсан. РД: КМ74053167, утас 98215588, 99120099 дугаарын утас эзэмшдэг байсан гэжээ.
Хавтаст хэргийн материалаас нотлох баримт шижнлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу Г.Энхзаяа нь 2014 оны 01 сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Д.Сайханчимэгтэй зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй зээлж авсан байх ба тэрээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээл авах үеийнхээ хаяг дээр оршин суухгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон зээлийн гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Г.Энхзаяа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Гончигренчингийн Энхзаяа нь КМ74053167 бүхий регистрийн дугаартай, 98215588, 99120099 дугаар эзэмшдэг, зээл авах үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг 81 тоот байрны 1 тоотод оршин суудаг байсан, түүний иргэний үнэмлэхийн хуулбарт мөн дээрх хаягийн тэмдэглэгээтэй байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Сайханчимэгийн хүсэлтээр Гончигренчингийн Энхзаяаг /РД: КМ74053167/ эрэн сурвалжилсугай.
2. Г.Энхзаяаг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3. Г.Энхзаяагийн хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Д.Сайханчимэгт нэн даруй мэдэгдсүгэй.
4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД