Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 202/МА2024/00009

 

 

2024.03.12                                                                        202/МА2024/00009

 

 

Б.Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 137/ШШ2024/00018 дугаар шийдвэртэй,

 

нэхэмжлэгч: Дорноговь аймгийн * тоотод оршин суух, А овогт Б. Г нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Дорноговь аймгийн * тоотод оршин суух, О овогт Г. Д,

 

хариуцагч: Дорноговь аймгийн * тоотод оршин суух, Б овогт Ч. У нарт холбогдох,

 

үнэт эдлэлийн үнэ 15,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Э.Т нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э /зайнаас цахимаар/, өмгөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Г нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга, тайлбартаа: ... би 2013 оны 10 сард Төрийн банкнаас 5 жилийн хугацаатай 35,000,000 төгрөгийн бизнесийн зээл авсан, сард 1,011,000 төгрөгийн төлөлт хийдэг байсан. 2015 оны 12 сарын 31-нд тус банкны зээлийн эдийн засагч Г.Д , салбарын эрхлэгч Ч.У нар манай гэрт ирж, тухайн сарын төлөлтийг хийхийг шаардсан. Би бэлэн байсан 200,000 төгрөгийг одоо бэлнээр, үлдэгдэл мөнгийг 1 сард төлчихье гэж гуйхад Г.Д  танд барьцаалах үнэт эдлэл байвал бид мөнгө олоод төлөлтийг чинь гүйцээгээд хийчихье гэж хэлсэн. Би өөрт байсан 2 ширхэг цагаан хаш хөөргийг үзүүлээд аль нэгийг сонгоод аваад яв гэж хэлэхэд тэд 2 ширхэг хөөргийг хоёуланд нь авч явъя гэж шаардсан. Би найдвартай хадгалж чадах уу гэж асуухад тэр талаар санаа зовохгүй байж болно, бид ерөнхий нягтлан бодогчийн сейфинд хадгална гэсэн амлалт өгсөн. Би 2 ширхэг хөөргөө авч тэдэнтэй хамт Төрийн банкны төв салбарт ирж хүлээлгэн өгсөн. 2016 оны 01 сарын 08-нд намайг Улаанбаатарт байхад Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс ярьж ЭС,ЭС ломбардад хулгай орсон. Таны үнэт эдлэл алдагдсан тул хохирогчийн хувиар яаралтай ирж мэдүүлэг өг гэсэн. Цагдаад ирж мэдүүлэг өгсөн, ахлах дэслэгч Б.Ш шаардлагаар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Энэ хэрэг илрэхгүй байсаар 2021 онд хаагдсан. Тухайн үед шүүхэд хандсан боловч хэрэг цагдаа дээр байхад нэхэмжлэл хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Дээрх 2 хүнээс 28 мм диаметртэй алтан нуухтай шахмал толгойтой их газрын цагаан хаш хөөрөг, 23 мм диаметртэй алтан нуухтай, шүрэн толгойтой дунд гарын цагаан хаш хөөргөний болон үнэлгээний үнэ нийт 16,680,000 төгрөгөөс тэдний өөрсдийн 800,000 төгрөгийг хасч 15,880,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч Г.Д , Ч.У нарын татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: ...Ч.У миний бие Төрийн банк Замын-Үүд салбарын харьяа Соёмбо тооцооны төвийн захирлаар, Г.Д  миний бие тус банканд эдийн засагчаар ажиллаж байхдаа буюу 2015 онд өөрсдийн эрхлэх ажлын чиг үүргийн дагуу зээлдэгч Б.Г зээлээ төлж зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар уулзаж байсан. Тэр үед нэхэмжлэгч Б.Б.Г зээлээ төлөх санхүүгийн боломжгүй гэдгээ хэлж 200,000 төгрөгийг бэлнээр тушааж, өөрийн 2 ширхэг хөөргийг ЭС ЭС ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт тавьж 800,000 төгрөг авч банкны зээлийн төлөлтөө тушааж байсан. Энэ үед банкны захирал, эдийн засагч болох бидний зүгээс хамт явсан нь жилийн эцэст санхүүгийн тайлан бланс гарах болсон учир зээлдэгч нараас зээлийн үүргээ биелүүлэх талаар хамтран ажиллаж байсантай холбоотой. Иргэн Б.Г өөрийн зээлийн төлбөрөө төлөхөөр барьцаанд тавьсан хөөрөг нь ломбардаас хулгайд алдагдаж, эрүүгийн журмаар шалгагдаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаагдсан талаар нэхэмжлэлдээ дурдсан. Иймээс Б.Г учирсан хохирол ЭС ЭС ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын холбогдох албан тушаалтан буюу эзэн хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж, нэхэмжлэгч Б.Г 15,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424.1-д зааснаар хариуцагч Г.Д , Ч.У нараас үнэт эдлэл буюу 2 ширхэг цагаан өнгийн хаш хөөргөний үнэ 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б.Г олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 880,000 /найман зуун наян мянга/ төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д , Ч.У нараас 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

 

хариуцагч нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэхийг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

 

4.1 ...нэхэмжлэгч Б.Б.Г нь хариуцагч Г.Д , Ч.У нарт холбогдуулан үнэт эдлэлийн үнэ буюу 2 ширхэг цагаан хаш хөөргөний үнэ 15,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй. Учир нь Б.Б.Г нэхэмжлэлдээ хөөргөний болон үнэлгээний үнэ нийт 16,680,000 төгрөгөөс тэдний өөрсдийн 800,000 төгрөгийг хасч 15,880,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. Гэтэл шүүх хөөргөний болон үнэлгээний үнэ гэснийг ялгаж тодорхойлоогүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн,

 

4.2 ...нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарууд болон төрийн банкны Замын-Үүд салбарын ажилтан Д.Д ..манай эгчийн ломбардад хадгалуулъя ...гээд хамт очиж өгсөн гэх мэдүүлэг, Эс Эс ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Д.Д ..манай дүү над руу утсаар ярьж хөөргө 2, 3 хоног хадгалуулъя гээд ... хамт ирсэн. ...би аваад сейфэндээ хадгалсан... гэсэн мэдүүлэг, Хэрэг бүртгэлийн шатанд өгсөн хохирогч У.А, гэрч Д.Д, иргэний нэхэмжлэгч Б.Б.Г нарын мэдүүлгүүд зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдал, нотлох баримтад шүүх үнэн бодитой дүгнэлт хийлгүйгээр хадгалалтын гэрээ гэж дүгнэсэн мөртлөө хамтран хариуцагч татан оролцуулаагүй, хууль зөрчсөн мөн хариуцагч Г.Д , Ч.У , нэхэмжлэгч Б.Б.Г нар тухайн хөөргийг найдвартай хадгалах газар хайж байхад гэрч Д.Л эгчийнхээ ломбардыг санал болгож, эгч Д.Л утсаар ярьж тохиролцон 2, 3 хоног хадгалуулахаар тохиролцсон нөхцөл байдлууд тогтоогддог бөгөөд нэхэмжлэгч Б.Б.Г тогтоосон хугацаандаа хөөргөө ломбардаас аваагүй удааж, тэр хугацаанд ломбардад хулгай орж хөөрөг алдагдсан. Дээрх үйл баримтуудад шүүх тал бүрээс нь үнэн бодитой дүгнэлт хийж хуулийг оновчтой тайлбарлаж хэрэглээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн,

 

4.3 ....Анхан шатны шүүх хөөргөний диаметр зөрүүтэй, хууль зөрчиж үнэлгээ хийлгэсэн зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахгүй орхих боломжгүй юм гэж дүгнэсэн нь хариуцагч нарт ч мөн хуулиар олгосон эрх, ашиг гэж байдгийг орхигдуулсан буюу хэргийн оролцогч нарыг ялгаварласан хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн,

 

4.4 ....зохигчдын хооронд ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд Б.Г төрийн банк дахь зээлийн тухайн сарын төлбөрийн үлдэгдэл 800,000 төгрөгийг Г.Д , Ч.У нараас авч зээлээ төлсөн, үүний барьцаанд 2 ширхэг хөөргө өгсөн харилцаа үүссэн. Үүнийг хадгалалтын гэрээ гэж дүгнэсэн нь эргэлзээтэй. Хадгалалтын гэрээний харилцаа нь Иргэний хуульд зааснаар онцгой харилцаа бөгөөд төлбөртэй хадгалалт бол гэрээг бичгээр хийгдсэн байхыг шаарддаг зохицуулалттай, Анхан шатны шүүх хэрэг шийдвэрлэхдээ хуульд заасан журам зөрчиж гаргасан гж дүгнэж буй шинжээчийн дүгнэлт мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй эд зүйлийн шинж чанар зөрүүтэй байгаа зэргийг харгалзан үзэлгүйгээр мөн жишиг үнээр дүгнэсэн гэж байгаа боловч уг үнэ нь зах зээлийн үнэ биш олон талын үнэ судалгаа аваагүй зэргээр хэт нэг талыг барьж хэрэг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Т давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...Анхан шатны шүүх хэрэг шийдвэрлэхдээ жишиг үнэ гэж гаргаж ирсэн. Жишиг нь ямар үнэлгээний дүгнэлттэй байсан гэхээр Вендо ХХК-аас 2016 болон 2023 онд гаргасан үнэлгээний дүгнэлтэд хөөргийг 22, 27 гэсэн диаметртэй байсан. Хөөрөг бол диаметрээр үнэлэгддэг. Тэгэхэд нэхэмжлэгч Б.Г 23, 28 гэсэн эд зүйлийг нэхдэг. Өөрийнх нь иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг дээр байдаг. Тэгэхээр хариуцагч нарын гаргаж өгсөн болон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хөөргөний диаметр зөрүүтэй байдаг. Давж заалдах шатны шүүх үнэлэх боломжгүй гэдэг шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх мөн хууль зөрчиж нотлох баримт цуглуулсан гэж үзсэн. Хоёр өөр диаметртэй хөөргөний үнэлгээг жишээд нэг болгоод шүүх өөрөө үнэлгээ гаргасан. Энэ бол байж болохгүй алдаа гэж үзэж байна. Тодорхой харилцааг зохицуулаагүй бол төсөөтэй хэрэглэж болно гэж байгаа. Тэгэхээр шүүх төсөөтэй биш жишиж хэрэглэж байгаа нь боломжгүй. Энэ хөөргийг үнэлэх боломжгүй гээд 2, 3 газар дүгнэлт хийсэн байгаа. Ийм учраас нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийнхээ шаардлагыг тогтоож өгч чадахгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд үнэн зөв үнэлэлт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, үзээд дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, шийдвэрлэлээ.

 

1.Анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.4-д тус тус хамаарч байна.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх ба энэхүү шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно.

 

Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилох бөгөөд хуваарийн дагуу томилогдсон шүүгч тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг томилох ёстой байтал Б.Г нэхэмжлэлтэй энэхүү иргэний хэрэгт Ерөнхий шүүгчийн түр эзгүйд албан үүргийг орлон гүйцэтгэх шүүгч томилох тухай захирамж/2хх 107/-аас өөрөөр хэргийг хянан шийдвэрлэх шүүгч томилсон захирамжгүй байна.

 

3. Давж заалдах шатны шүүхээс 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Б.Г нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шийдвэрлэсэн 110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр буцаасан.

 

Харин анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу хүчингүй болсон хэргийг урьд шийдсэн шүүгчид дахин хуваарилсан талаарх баримт хэрэгт авагдаагүй буюу хэргийг шийдвэрлэх шүүгчийн томилсон эрхийн акт, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолгүйгээр шүүгч Цэдэнпэлжээ хэргийг хянан, шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.

 

4. Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд энэ хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх хугацааг хуульд тодорхой заажээ.

 

Тийм ч учраас хугацаа дууссан бол уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлодог. Гэвч анхан шатны шүүх дахин шийдвэрлүүлэхээр буцаасан иргэний хэргийг хугацааг хэтрүүлэн шийдвэрлэхдээ хэргийн хугацааг сунгасан шүүгчдийн зөвлөгөөний тогтоолгүй, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэх захирамж гаргалгүйгээр хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

 

5. Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 21 дугаар магадлал/2хх 98/-д анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлээ ...нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн гүйцэд эргэлзээгүй талаас нь тогтоож, тодорхойлоогүй нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн.

 

Магадлалд дурдсаны дагуу анхан шатны шүүхээс маргаан бүхий 2 хаш хөөргөний үнэлгээг тогтоолгохоор шүүгчийн захирамж гаргасан.

 

Гэвч шүүгчийн захирамж биелэгдээгүй байх ба энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй мөн нэхэмжлэгчээс хөрөнгийн үнэлгээ гаргуулах тухайн хүсэлтээсээ татгалзсан тухай баримтгүй байхад үнэлгээг дахин гаргуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэжээ.

 

Хөрөнгийн үнэлгээ нь хэрэгт хамааралтай бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзал буюу зохигчийн хооронд үүссэн маргаантай холбоотой бодит байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатайн зэрэгцээ шүүхээс хууль зүйн дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой юм.

 

Иймд эдгээр дурдсан үндэслэл болон хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх боломжгүйгээс маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт хийх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гомдол гаргахад төлсөн, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 137/ШШ2023/00110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Э.Т нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч нарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

 

ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ

 

Н.БОЛОРМАА