Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 248

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Лхамсүрэн хөтлөн,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ

шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Гт холбогдох эрүүгийн 1803010130072 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Л.Г нь  2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Зорчигчийн вагон депогийн сэлгээ, угаалгын цехээс Б.Э эзэмшлийн Самсунг Жи 7 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч бусдад 552.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Маш их гэмшиж харамсаж ичиж байна. Шүүхээс хөнгөн ял оноож өгнө үү гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Э мөрдөн байцаалтанд: “2018 оны 12 дугаар сарын 04-ний 12 цагийн үед даргаас бичиг авах гээд иртэл цайны цаг болсон байсан тул Зорчигчийн вагон депогийн Сэлгээ угаалгын цехийн хувцасны өрөөнд цайны цаг дуусахыг хүлээгээд сууж байсан тус өрөөнд манай цехийн 12 хүн тойрог хэлбэрээр 2 ширээ тойрч суугаад зарим нь цай уугаад зарим нь дулаацаад сууж байсан. Би гадуур хувцас цүнх гар утсаа үүдэн талд байх ширээн дээр тавьчихаад би өөрөө хойморт нь сууж байсан. Тэгтэл миний утас руу нэг танихгүй эрэгтэй хүн залгаад манай ээжийн утасны дугаарыг асуухаар нь хэлж өгчихөөд утсаа яг өөрийнхөө урд тавьсан. Би өглөө нь Төмөр замын төв эмнэлэгт шинжилгээ өгсөн байсан тул хариугаа авах гээд сэлгээний найруулагч Галбадрахын хамт өрөөнөөс гарахдаа хувцас цүнхээ аваад гарсан. Өрөөнөөс гараад 4-5 минутын дараа ширээн дээр утсаа тавьснаа санаад Галбадрахын утсаар өөрийнхөө утас руу залгатал холбогдох боломжгүй гэсэн хариу өгөхөөр нь сумчин хийдэг найз Ганхөлөг рүү залгаад миний утсыг аваад шүүгээ рүүгээ хийчих би төмөр замын эмнэлэг явж байна гэж хэлтэл ширээн дээр ямар ч утас байхгүй байна гэхээр нь сайн үзээрэй манайхан тоглосон бол аваад далд хийчихээрэй гэж хэлээд 20-иод минутын дараа буцаад ирэхэд өрөөнд хүн байхгүй байсан. Би өрөөнд байсан хүмүүсийн ажлын байран дээр нь очоод утсаа авъя гэж хэлэхэд зарим нь чамайг ямар утастай байсныг  чинь хараагүй гээд байсан. Харин утастай ойрхон сууж байсан сумчин Ганхөлөг вагон угаагч Бат-Энх, 1 давхарын үйлчлэгч эгч, өөр шинээр ажилд орсон 3 хүн миний утсыг сайн харсан байсан. Тэдгээр хүмүүс чиний утсыг дуугараад чамайг утсаар яриад бид нарын өмнө авчирч тавьсаныг харсан тэрнээс хойш хараагүй. Ширээн дээр ямар ч утас байгаагүй гээд байсан. Манай ажлынхан нэгнийхээ утсыг ил байхаар нь аваад нуучихаад маргааш нь гаргаад өгчихдөг, би өөрөө ч тэгэж тоглож байсан болохоор тоглоод аваад нуучихлаа гэж бодсон. Намайг өрөөнд байх хооронд өрөөнд байсан хүмүүс бараг бүгдээрээ ороод ирэхээр нь би утас гаргаад өгчих болохгүй бол цагдаа дуудъя гэж хэлсэн боловч ихэнх нь ээлжийн ажил хийдэг учраас зарим нь 15 цагаас буугаад зарим нь вагоноо услах гээд гараад явцгаачихсан учраас цагдаа дуудах ямар ч боломжгүй байсан. Би утсыг минь гаргаад өгчих болов уу гэж горьдож сууж байгаад 16 цагийн үед дуудлага өгсөн чинь цагдаагаас одоохон хүн явуулъя хүмүүс нь байгаа биздээ  гэж асуухаар нь би одоо 2-3 хүн л байна гэж хэлтэл тэгвэл маргааш өргөдлөө бичээд гар утасныхаа кодыг аваад төмөр замын цагдаа дээр хүрээд ирээрэй гэж хэлсэн боловч шинжилгээ өгч байсан  тул очиж чадаагүй. 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр манай ээж лизингээр 1 жил 6 сарын хугацаатай 829.000 төгрөгөөр авч өгсөн юм. /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Д.Наранчимэг мөрдөн байцаалтанд: Би Мобикомоос лизингээр 1 жил 6 сарын хугацаатай 829000 төгрөгөөр Самсунг Галакси J-7  маркийн гар утсыг авч өгсөн. Сар болгон 31.402 төгрөг төлдөг. Э утсаа ширээн дээр орхисон гэдгээ мэдээд хамт байсан хүн рүүгээ цааш нь хийгээрэй гээд хэлсэн юм. Гэтэл байхгүй байна гэхээр нь манайхан тоглоод цааш нь хийсэн байх гээд гаргаж өгөхийг хараад байтал байдаггүй гэж надад хэлсэн. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр М.Ганхөлөг мөрдөн байцаалтанд: Э Солонгос явах гээд тодорхойлолт авах гэсэн чинь нарийн бичиг цайндаа орсон байна гээд гаднаас орж ирсэн юм. Тухайн үед цайны цаг болсон байсан юм. Сэлгээ угаалгын өрөөнд 2 цехийн ажилчид нийлээд 10 гаруй хүн байсан байх. Э мастерын суудаг суудал дээр ганцаараа суусан байсан юм. Сэлгээ, угаалгын цехийн өрөөнд ээж рүүгээ залгаж байхыг нь харсан юм. Усан цэнхэр өнгөтэй утас байх шиг харагдсан. Төмөр замын нэгдсэн эмнэлэг орно гээд Галмандах гээд вагоны найруулагчтай хамт гараад явсан. Тэгээд нилээд удаж байгаад над руу залгаад миний гар утас ширээн дээр болон наагуур чинь байна уу гээд Галмандахын утаснаас залгахаар нь ширээн дээр харагдахгүй байна, өрөөнд ойр хавьд байсан хүмүүсээс асуугаад байхгүй гэж хэлсэн. Тэгээд би залгах уу гэж Эгаас асуухад би өөрөө залгаж үзлээ холбогдохгүй байна гэж хэлээд л утсаа салгасан. /хх-ийн 24/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр М.Бат-Энх мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 04-ний 13-14 цагийн орчим Э өрөөнд сууж байхдаа утсаар яриад байгаа харагдсан. Ээжтэйгээ ярьж байгаа гэж байсан. 13 цагийн үед Төмөр замын нэгдсэн эмнэлэг орно гээд Галмандах гээд вагоны найруулагчтай хамт гараад явсан. Тэгээд  гарч явсны дараа хэсэг байж байгаад Ганхөлөг рүү Галмандахын дугаараас залгаад би утсаа орхисон байна уу гэж асууж байх шиг байсан. Тэгээд өрөөнд байсан хүмүүс ойр хавиар нь хайгаад утас нь олдоогүй. Эгийн гар утас руу залгаж үзэхэд холбогдох боломжгүй байна гэсэн хариу өгсөн гэсэн. /хх-ийн 27/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Б.Галмандах мөрдөн байцаалтанд: Би тухайн өдөр сэлгээ угаалгын цехийн өрөөнд Төмөр замын нэгдсэн эмнэлэг орох гээд хувцасаа сольж багажаа тавих гээд орсон юм. Тэр өрөөнд цайны цаг байсан учраас нилээд олон хүн байсан юм. Би 13:20 цагт үзүүлэх цаг авсан байгаа гэж Э яаруулаад хамт гарсан. Цехийн  үүдэнд галт тэрэгний даргатай юм яриад хэсэг зогсож байгаад араас гүйцэж ирээд утсаа асуухад байхгүй байна гэсэн. Эд утас нь байхгүй байгаа талаар хэлэхэд миний утас руу залгаад үздээ гэхээр нь би залгаж үзтэл холбогдох боломжгүй байна гэсэн хариу өгсөн. /хх-ийн 31/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Э.Энхбаяр мөрдөн байцаалтанд: Тухайн үед би 13 цагийн үед цайны цаг гээд диспетчрийн өрөөнөөс бууж ирсэн. Тэр үед намайг орж ирэхэд сэлгээ угаалгын өрөөнд Галмандах, Ганхөлөг, Алимаа Э нар сууж байсан. Э нөгөө хэдээсээ арай тусдаа сууж байгаа харагдсан. ...Галмандах эмнэлэг явах гэж байгаа гэж хэлээд гарсан. Э машинд дайгдаж явах гэж байгаа гэж байсан. Би Эгийн сууж байсан сандал дээр зөрөөд суусан. Өрөөнд суусан Алимаа, Ганхөлөг нартай юм ярьж байгаад цайгаа уух гээд гарсан. Хажуугийн ажилчдын гуанз ороод эргээд цехийн өрөөнд ороод иртэл Эгийн гар утас алга болсон гэсэн. /хх-ийн 34/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Л.Г мөрдөн байцаалтад: 2018 оны 10 дугаар сараас Улаанбаатар төмөр замын вагон депод цэвэрлэгээ, цехийн үйлчлэгчээр ажиллаж байна. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2 дугаар давхрыг цэвэрлээд цагийг нь санахгүй байна ажилчдын амралтын өрөөнд хувцасаа тайлах гээд орсон чинь ширээн дээр нь гар утас байсан. Тэгэхээр нь тэр утсыг нь аваад өөрийн шүүгээндээ хийгээд нуучихсан. Тэгсэн манай ажлынхан гар утсаа алдсан. Цагдаа энэ тэр болоод явахаар нь яагаад байхаа мэдэхгүй тухайн гар утсыг аваад гэртээ харьсан. Гэртээ ирээд тухайн гар утсыг авдартаа хийсэн. Тэгсэн тэр үед манай том хүү Ганболор тухайн утсанд миний хуучин хэрэглэж байсан сим картыг хийчихсэн байсан. Би түүнийг тухайн утсанд сим карт хийсэн талаар мэдээгүй. Ингээд хэд хоногийн дараа манайх хоолгүй болчихоод тухайн утсыг 2 кг гурил, 1 кг будааны барьцаанд Оюука гээд таньдаг хүндээ өгчихсөн. Хэд хоногийн дараа цагдаагаас хүн утсаар яриад тухайн гар утсыг надаас асуухаар нь би болсон асуудлын талаар яриад тухайн гар утсыг надаас асуухаар нь би болсон асуудлын талаар хэлсэн. Би амралтын өрөөнд орохдоо Хүрэлчулуун гээд үйлчлэгчийн хамт орсон. Намайг амралтын өрөөнд ороход хүн байгаагүй. Тухайн гар утас өрөөний ширээн дээр нь байсан. Намайг тэр утсыг авахыг Хүрэлчулуун хараагүй. Би утас байсан талаар Хүрэлчулуунд хэлээгүй өөрөө аваад нуучихсан. /хх-ийн 66/ гэх мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 54-55/, гэрээний хуулбар /хх-ийн 69/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 88/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 90/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 91/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 92-94/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 95/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Л.Г нь  2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Зорчигчийн вагон депогийн сэлгээ, улаалгын цехийн өрөөнөөс Б.Э эзэмшлийн Самсунг Жи 7 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч бусдад 552.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Э”...өрөөнөөс гараад 4-5 минутын дараа ширээн дээр утсаа тавьснаа санаад Галбадрахын утсаар өөрийнхөө утас руу залгатал холбогдох боломжгүй гэсэн...”/хх-ийн 10/, гэрч М.Ганхөлөгийн”...над руу залгаад миний гар утас ширээн дээр болон наагуур чинь байна уу гээд Галмандахын утаснаас залгахаар нь ширээн дээр харагдахгүй байна, өрөөнд ойр хавьд байсан хүмүүсээс асуугаад байхгүй гэж хэлсэн...” /хх-ийн 24/, гэрчээр М.Бат-Энхийн”... Ганхөлөг рүү Галмандахын дугаараас залгаад би утсаа орхисон байна уу гэж асууж байх шиг байсан. Тэгээд өрөөнд байсан хүмүүс ойр хавиар нь хайгаад утас нь олдоогүй...” /хх-ийн 27/, гэрч Б.Галмандахын” ...Эд утас нь байхгүй байгаа талаар хэлэхэд миний утас руу залгаад үздээ гэхээр нь би залгаж үзтэл холбогдох боломжгүй байна гэсэн хариу өгсөн...” /хх-ийн 31/, гэрч Э.Энхбаярын”... Би Эгийн сууж байсан сандал дээр зөрөөд суусан...Эгийн гар утас алга болсон гэсэн...” /хх-ийн 34/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 54/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 72/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 75/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар яллагдагчаар Л.Гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... гар утас өрөөний ширээн дээр нь байсан. Намайг тэр утсыг авахыг Хүрэлчулуун хараагүй. Би утас байсан талаар Хүрэлчулуунд хэлээгүй өөрөө аваад нуучихсан...” /хх-ийн 66/ гэж мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Прокуророос Л.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Л.Гийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Л.Гийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Л.Г хулгайлах гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлсээ буцаан биет байдлаар өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Л.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Л.Г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо биет байдлаар буцаан өгсөн, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Мөн эдгээр нөхцөл байдлууд болон шүүгдэгч Л.Гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Шүүх, Л.Гт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэхээр тогтов. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.