Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 176

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багт оршин суудаг Цоохор овогт Д З нэхэмжлэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт оршин суудаг Хиа овогт Б А холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.З, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Наранжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.З нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.А 2008 онд гэр бүл болж 2009 оны 12 дугаар сарын 09-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан юм. Биднийг хамт амьдарч байх хугацаанд охин А.М 2010 оны 3 дугаар сарын 25-нд төрсөн. Нөхөр Б.А нь хамт амьдарч байх хугацаанд архи ууж агсам тавьж, намайг хардаж, зоддог байсан учраас 2015 оны 02 дугаар сараас тусдаа амьдарч байна. Цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж охин А.М миний асрамжинд үлдээж өгнө үү. Бид эд хөрөнгийн маргаан дээрээ эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

Хариуцагч Б.А нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.З 2008 онд гэр бүлж болж 2009 онд албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан юм. Охин А.М 2010 оны 3 дугаар сарын 25-нд төрсөн. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Б.А холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.З, хариуцагч Б.А нар нь 2008 оны 4 сараас гэр бүлж болж, 2009 оны 12 дугаар сарын 09-нд иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн ба тэдний дундаас 2010 оны 03 сарын 25-нд охин А.М төрсөн болох нь хэрэгт авагдсан №0354835 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Б.А нь архи ууж агсам тавьж, харддаг гэх шалтгааны улмаас гэрлэгчид 2015 оны 02 дугаар сараас тусдаа амьдарч байгаа ба зохигчид цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй гэсэн байх тул Д.З, Б.А нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

2010 оны 03 сарын 25-нд төрсөн охин А М нь бага настай, хариуцагч Б.А нь архи уудаг, одоо эх Д.З хамт амьдардаг болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх ба эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж охин А М эх Д.З асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар эцэг Б.А тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.А нь 2016 онд багтааж нэхэмжлэгч Д.З 2500000 төгрөг өгч, Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг, Алтангийн хэсэг 6-12 тоотод байрлах хашаа байшинг Б.А өмчлөлдөө авахаар харилцан тохиролцож эвлэрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Цоохор овогт Д З, Хиа овогт Б А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар баримтлан 2010 оны 03 сарын 25-нд төрсөн охин А.М эх Д.З асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар А.М 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.А тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.З даалгасугай.

4. Хариуцагч Б.А нь 2016 онд багтааж нэхэмжлэгч Д.З 2500000 төгрөг өгч, Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг, Алтангийн хэсэг 6-12 тоотод байрлах хашаа байшинг Б.А өмчлөлдөө авахаар харилцан тохиролцож эвлэрснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,63 дугаарзүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,аж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 98395 төгрөгийг гаргуулж, 70200 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, 28195 төгрөгийг Төрийн санд оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Нарангэрэлд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторЗавхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.ИХТАМИР