Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 202/МА2024/00010

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

    2024           03            25                                        202/МА2024/00010                                     

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

Б.С нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ерөнхий А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 137/ШШ2024/00030 дугаар шийдвэртэй, 

нэхэмжлэгч: Дорноговь аймгийн * тоотод оршин суух, Ч овогт Б. С /РД: *, утас:*/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Дорноговь аймгийн Замын* тоотод оршин суух, Б овогт Г. Г /РД: *, утас: */-д холбогдох

зээлийн төлбөр 20,000,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг,

хариуцагч Г.Г гомдлыг үндэслэн  2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ү /зайнаас цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч Б.С нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга, тайлбартаа: “...миний бие өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5006576957 тоот данснаас Г.Г эзэмшлийн 5990124045 тоот дансанд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийг “sainaa” утгаар нь шилжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд буцааж өгөхгүй байгаа. Хариуцагч нь зээлсэн 20,000,000 төгрөгөө төлөхөөс, буцаан өгөхөөс зайлсхийж байгаа тул Г.Г 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч Г.Г татгалзал, тайлбарын агуулга, түүний үндэслэлийн агуулга:: “...Б.С зээл хэмээн нэхэмжилж байгаа энэхүү маргааны эх үүсэл нь танил Б.Н хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс үүдэлтэй, ...Б.Н нь 2021 оны 04 дүгээр сарын 05-аас 06-ны өдрүүдэд дансаа ашиглуулаач, данс руу чинь ах болон дүүгээс мөнгө орж ирнэ, тоглоом тоглоод мөнгө олоод нөгөө хүний чинь мөнгийг гаргаж өгье гэсэн тул итгэж өөрийн дансыг хэлж өгсөн. Миний ХААН банкны "5990124045" тоот данс руу 10,000,000 төгрөгөөр 2 удаа, 10,500,000 төгрөгөөр 1 удаа, нийт 30,500,000 төгрөгийг орж ирснийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000, 300,000, 700,000, 2,000,000, 10,000,000, 10,000,000, 18,000,000, 500,000 нийт 42,000,000 төгрөгийг бусдын буюу тоглоомын данс руу Понги гэх өөрийн хоч, нэрээр шилжүүлсэн. Энэ бүх гүйлгээнүүд нь мөнгө орж ирсэн даруй болж байгаа ба дээрхи мөнгөний захиран зарцуулалтыг Б.Н дур мэдэн хийсэн. ...2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр миний ХААН банкны "5990124045" тоот данс руу Хаан банкны "5006576957" данснаас 16 цаг 45 минутад 10,000,000 төгрөг "sainaa" гэх утгатай, 17 цаг 30 минутад 10,000,000 төгрөг "sainaa" гэх утгатай нийт 20,000,000 төгрөгийн орлого орж ирсэн ба Б.Н нь тухайн өдрөө "sainaa” гэх утгатай орж ирсэн эхний 10,000,000 төгрөгийг Хаан банкны "5400516105" Б.З гэх данс руу өөрийнх нь дууддаг нэр болох "Понги" гэх утгатай дараагийн мөнгийг миний тухайн өдрийн лимит хэтэрсэн байсан тул Б.Н нь картын дугаараар гүйлгээг хийж, нийт 20,000,000 төгрөгийг "Понги" гэх утгатайгаар мөрийтэй тоглоомын данс руу шилжүүлсэн...,нэхэмжлэгч Б.С миний бие 2021 оны 04 сарын 05-ны өдөр утсаар холбогдсон, уулзсан зүйл огт байхгүй, түүнтэй эрх зүйн болон эдийн засгийн харилцаанд орж байгаагүй тул шүүхэд илт худал тайлбарыг гаргасан байна. Харин Б.Н нь Б.С өөрөө утсаар холбогдож, миний дансаар мөнгө дамжуулан авсан болох нь тогтоогдоно. Б.С итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э  нь Б.Н гэр бүлийн хүн буюу эхнэр нь бөгөөд түүний бусдаас үндэслэлгүйгээр олж авч хохироосон мөнгийг надаас гаргуулах санаа зорилгоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан байна. Иймд хариуцагч Г.Г би Б.С зээл болон бусад зорилгоор бэлэн болон бэлэн бусаар авч байгаагүй, авахаар харилцан тохиролцож байгаагүй ба харин Б.Наранбат, Б.С нар нь хоорондоо харилцан тохиролцож 20,000,000 төгрөгийг өгч, авалцсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Г 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хадгалж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Г.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, шүүх нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлох эрхгүй бөгөөд ийнхүү тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Нэхэмжлэгч Б.С итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э ийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь иргэн Г.Г 20,000,000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээний зүйлийг буцаан гаргуулах тухай байдаг, хариуцагчийн зүгээс дээр дурдсан үйл баримтыг нотлох зорилгоор өөрөө олж авах боломжгүй, нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хүсэлтийг гаргаж байсан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлийг нотлох боломжийг хязгаарласан атлаа хариуцагчийг нотлох үүргээ үл биелүүлсэн гэх дүгнэлтийг хийсэн нь илэрхий хариуцагчийг буруутгах зорилготой байна. ...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэл, түүнийг нотлох баримтыг анхан шатны шүүх нь ямар үндэслэлээр үндэслэлгүй хэмээн үзэж, дүгнэж байгаа тухай дүгнэлтийг хийгээгүй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэв.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 30 дугаар шүүхийн шийдвэрийг бид бол бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэснийгээ хүчингүй болгож өгөөч ээ гэж гомдол гаргасныг бол дэмжиж өмгөөлөгчийн зүгээс оролцож байгаа гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр 10,10-аар орсон 20 сая төгрөг гээд байгаа нь гаалиар машинаа гаргаж татвараа төлчихөөд буцааж өгнө гэж авсан мөнгө байгаа. 2024 оны 2 сарын 5-ны 30 дугаар тогтоолыг болбол үнэн зөв гарсан гэж бодож байгаа гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г бүрэн өөрөө хариуцах ёстой. Даваадорж буюу бусад хүмүүсийг эзэмшлийн данс руу шилжүүлж байгаа нь өөрөө нэхэмжлэгчээс энэ үүргийг мэдүүлж өгөөч гэдэг хүсэл зоригийн илэрхийлэлтэй явагдаагүй юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага энэ зүйлүүдтэй нь дүйцэж анхан шатны шүүхийн шийдвэр дээр заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээж, хариуцагчаас гаргасан гомдлыг хангахгүй шийдвэрлэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн хариуцагч Г.Г гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.  

1. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Г.Г холбогдуулан зээлсэн 20,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа хаан банкны дансны хуулга /хх7/ нотлох баримтад үндэслэжээ.

Хариуцагч Г.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Б.С зээл авч байгаагүй, авахаар харилцан тохиролцоогүй ба харин Б.Наранбат, Б.С нар хоорондоо харилцан тохиролцож 20,000,000 төгрөгийг өгч, авалцсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байх ба энэхүү тайлбар, татгалзалдаа банкны дансны хуулга /хх33-35/-ыг хавсаргасан байна.  

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-т заасныг хэрэглэж, зохигчдын хооронд үндэслэлгүйгээр хөрөнгөжих харилцаа үүссэн гэж дүгнэж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, хариуцагч Г.Г эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргасан.

Гомдолдоо  “......хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэл, түүнийг нотлох баримтыг анхан шатны шүүх нь ямар үндэслэлээр үндэслэлгүй хэмээн үзэж, дүгнэж байгаа тухай дүгнэлтийг хийгээгүй, шийдвэрийг хүчингүй болгож, өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлийг дурдсан байна.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах дараах нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар хэрхэн тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнээгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, татгалзалтай холбоотой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

3.Нэхэмжлэгч Б.С “...танил Г.Г 2021.04.05-нд хэрэг болоод байна гээд 20,000,000 төгрөгийг зээлсэн, өнөөдрийг хүртэл хугацаанд буцааж өгөхгүй байгаа гаргуулж, өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ нь дор дурдсан нотлох баримтад дурдсан үйл баримтаас  өөр, зөрүүтэй байна.

Тухайлбал анхан шатны шүүх хуралдаанд  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд утсаар ярьсан ярианы бичлэгийг хуулбарласан СД-ийг хариуцагчийн хүсэлтээр шинжлэн судлахад нэхэмжлэгчээс “...угаасаа миний мөнгө биш, танай ачааны чинь мөнгийг нэхээд байхаар нь л би өгсөн ш дээ, өөрөө надаас мөнгө яг одоо өг гээд л нэхээд зандраад л байсан, ...та нар наад асуудлаа өөрсдөө шийд” гэж хэлсэн байна,

мөн хариуцагчийн хүсэлтээр Б.Наранбатыг гэрчээр асуусан тэмдэглэлд “...энэ 20,000,000 төгрөг 42,800,000 төгрөгт ямар ч хамааралгүй,... 20,000,000 төгрөг манай гэр бүлийн мөнгө, Гантуяа уг мөнгийг өгөхгүй байгаа тул С шүүхэд нэхэмжлэл гаргасан юм”  гэж мэдүүлсэн,

хариуцагч Г.Г “...2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Б.Золбаярын 5400516105 дугаар данс руу болон картын гүйлгээ/тус бүр 10,000,000 төгрөг/-г Б.Н миний дансаар нэхэмжлэгчээс авч, мөрийтэй тоглож, дуусгасан” /хх40/ гэж тайлбарлажээ.

Тиймээс маргаан бүхий мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэгчийнх эсэх эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч Б.Н нарын хөрөнгө эсэхийг тодруулж, нэхэмжлэгч Б.Сайнбаярыг, хариуцагч Г.Г 20,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргах эрх бүхий этгээд мөн эсэхийг эргэлзээгүй тогтоох нь  зүйтэй.

Мөн хариуцагчийн өөрийн татгалзлын үндэслэлээ нотлохоор мөнгө шилжүүлсэн этгээдүүдийн дансны мэдээллийг гаргуулах хүсэлт нь шүүхээс зохигчийн хооронд үүссэн маргааны талаарх бодит нөхцөл байдлыг тогтооход  хамаарал бүхий байж болзошгүй юм.

 

 

 

 

Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх учир дээр дурдсан эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулж,  холбогдох нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай дүгнэлт хийснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдах юм.  

 

4. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, тогтоосноор энэ нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт болох учиртай. Харин  анхан шатны шүүх хариуцагчаас гаргаж өгсөн СД-д үзлэг хийж, тэмдэглэл үйлдээгүй, илэрсэн нөхцөл байдлын талаар тогтоогоогүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцсэнгүй.

 

5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрчээс мэдүүлэг авсан атлаа гэрчийн мэдүүлэгт дурдсан ямар мэдээлэл нь хэрэгт ач холбогдолтой эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй байх ба энэ нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх нөхцөл бүрдээгүй мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 108 дугаар зүйлийн 108.1-т нийцээгүй гэж  тус тус үзнэ.

 

Иймд Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн “шийдвэрийг хүчингүй болгож, өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангаж,  гомдол гаргахад урьдчилсан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг түүнд буцаан олгох нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүүхэд буцааж байгаа учир маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168.1 дэх хэсгийн 1, +168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 137/ШШ2024/00030 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч Г.Г “шийдвэрийг хүчингүй болгож, өгнө үү” гэсэн давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Г.Г улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.