Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 206

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

улсын яллагч Н.Дамбадаржаа

насанд хүрээгүй хохирогч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч эцэг Р.Б,

өсвөр насны шүүгдэгч О.Б,  түүний хууль ёсны төлөөлөгч эцэг Ж.Отгонбаяр,  өмгөөлөгч Д.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Бт холбогдох эрүүгийн 1805058260072 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Өсвөр насны шүүгдэгч О.Б нь  2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт “муухай харлаа” гэсэн шалтгаанаар Б.Тийн цээжин тус газар өшиглөх, нүүр рүү нь өвдөглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Өсвөр насны шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Би Тийг зодсон нь үнэн. Би шүүхэд мэдүүлэх зүйлгүй гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Т /15 нас 6 сар 3 хоногтой/ шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны  11 дүгээр сарын 10-нд Нармандах бид хоёр уулзаад Кибер ПС тоглоомын газар 2 цаг тоглоод шатны доор дуу сонсонгоо тамхи татаад зогсож байхад Б, Баянбилэг нар хажуугаар явж өнгөрсөн. Б эргэж хараад “муухай хараад байна уу” гэхээр нь “үгүй” гэхэд уулзаадах уу гээд миний шанаа руу гараараа цохисон. Тэгээд намайг унахад нүүр рүү 2-3 удаа цохисон ба босгож ирээд өвдөглөсөн. Баянбилэг нь явъя гээд Бийг аваад явсан. Би буйландаа 3 оёдол тавиулсан, хамраа эмчлүүлнэ гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: Манай хүүхдийн хамрын таславч тасарсан. Үүнийг насанд хүрсний дараа хагалгаанд оруулдаг гэж Гэмтлийн эмнэлэг болон Эх нялхасын эмч нар хэлсэн. Насанд хүрсний дараа хийлгэх эмчилгээний зардлыг авах хүсэлтэй байна. Хүүгийнхээ хамрыг нь янзлуулчихвал гомдол гэх зүйл байхгүй гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: Өнөөдрийг хүртэл манай хүүхэд надад хүн зодоогүй гэж хэлсэн. Би хүүдээ итгэсэн. Гэтэл одоо шүүх хурал дээр зодсон гэж хэлж байна. Түүний хийсэн зүйл нь тодорхой байна. Уг нь манай хүүхэд чих зөөлөнтэй, эцэг эхийнхээ үгэнд ордог, дүүгээ зөөдөг, дэмий тэнээд байдаггүй юм. Би хөдөө ажилладаг. Надад хүүхдээ өмөөрөх зүйл байхгүй. Манай хүүхэд хүн зодсон учраас хохирол төлбөрийг төлнө гэв.

Хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Б.Т мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 13.30 цагийн үед найз Нармандахтай хорооллын эцсийн Емарт худалдааны төвийн гадна уулзаад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кибер нэртэй РС тоглоомын газарт орж 2 цаг тоглоод гарсан. Уг газрын үүдний доод хэсэгт шат байдаг юм. Уг шатан дээр Нармандах суугаад би хажууд нь зогсоод утасныхаа чихэвчээр дуу донсоод зогсож байтал хажуугаар хөх өнгийн хүрэмтэй өндөр болон хар өнгийн хүрэмтэй намхан хоёр хүүхэд зөрөхдөө хөх өнгийн хүрэмтэй хүүхэд нь хараад байна уу гэхээр нь би үгүй гэтэл РС рүү орох гэж үүдэнд очоод оролгүй эргэж бид хоёр дээр  ирээд хөх өнгийн хүрэмтэй хүүхэд нь миний хажууд ирээд уулзаадах уу гэхээр нь яахын гэтэл гараараа миний баруун талын шанаа руу нэг удаа цохитол би шатны хажуу тал руу хойшоо саваад газар нуруугаараа унасан. Тэгтэл дээрээс үсэрч бууж ирээд цээж рүү хөлөөрөө 4-5 удаа өшиглөөд цаашаа яваад Нармандахыг жийж өшиглөж унагаад нүүр рүү нь гараараа 2 удаа цохиж байсан. Буцаад над дээр ирээд намайг босоод ир гээд хүрэмний хойд талаас татаж босгоод нүүр рүү нэг удаа өвдөглөтөл би дахиад газар унасан. Тэгтэл миний хамраас цус гарсан чинь хамт явж байсан намхан хүүхэд нь явъя гээд дагуулаад явсан. Уг гэмтлийг хөх өнгийн хүрэмтэй хүүхэд миний  нүүр рүү өвдөглөж учруулсан. Одоогоор ямар нэг эмчилгээ хийлгэж чадаагүй байгаа. Хамрын хагалгаанд орж янзлуулах шаардлагатай гэсэн. Хагалгаа нь 1800000-2000000 төгрөг болно. /хх-ийн 12-13/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Нармандах мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 13 цаг 30 минутын үед Т бид хоёр РС тоглоомын газар орж 2 цаг тоглоод гарсан. РС-ны үүдэнд дуу сонсоод сууж байтал 11 дүгээр ангид сурдаг бололтой хоёр хүүхэд РС рүү орох гэж явснаа хөх өнгийн хүрэмтэй хүүхэд нь бид хоёр руу эргэж хараад “хараад байна уу” гэтэл Т үгүй гэсэн чинь РС рүү орчихсон. Удалгүй хөх өнгийн хүрэмтэй хүүхэд нь эргэж гарч ирээд Тийн урд зогсоод юм ярьчих уу гэтэл Т яахын гэтэл хөх өнгийн хүрэмтэй хүүхэд Тийн нүүр рүү гараараа цохиод шатан дээрээс хойшоо савуулаад газар унагасан. Дахиж миний гэдэс рүү хөлөөрөө жийж өшиглөхөд би бас газар унасан. Миний толгой руу хөлөөрөө хоёр удаа өшиглөөд Т дээр очоод татаж босгоод нүүр рүү нь өвдөглөөд толгой руу нь цохиод байсан. Тухайн үед миний хамраас цус гартал Тийг зодохоо болиод хамт явж байсан намхан хүүхэдтэйгээ явсан. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Г.Баянбилэг мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр...Б бид хоёр буцаад хамт РС тоглоомын газар руу очиход шатны хажуу талд өндөр нам хоёр хүүхэд тамхи татаад зогсож байсан. Би хажуугаар нь Бийн урд гараад зөрөөд явтал Б араас муухай хараад байна гэхээр нь би хая хая гэтэл тоглоомын газар руу орох гэж байснаа Б болиод нөгөө хоёр хүүхэд рүү юугаа харсан юм гээд арай өндөр хүүхэдтэй нь юм яриад зогсож байгаад нүүр рүү нь гараараа цохичихсон. Хажууд нь шатан дээр зогсож байсан хүүхдийн цээж хэсэг рүү нь өшиглөөд шатнаас унагачихсан. Б эхэлж цохисон хүүхдийн нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиж байгаад орхиод жийж унагасан хүүхэд дээр очоод нүүр рүү нь гараараа цохих шиг болтол хамраас нь цус гарсан. Буцаж буугаад анх цохисон хүүхэд нь газар хэвтэж байхад бос гэж татаж босгоод нүүр рүү нь гараараа татаж босгоод нүүр рүү  нь гараараа нэг цохиод доошоо тонгойход нь өвдгөөрөө нэг удаа нүүр рүү нь өвдөглөөд намайг явъя гээд бид хоёр 10 дугаар хорооллын чиглэлтэй явж байгаад салаад явсан. ...Б над руу яриад би нөгөө хүүхдийг чинь шүүхэд өгчихсөн байгаа гэхээр нь яагаад өгч байгаан чи бид хоёрын буруу ш дээ гэтэл Б камерын бичлэг байхгүй учир нэр хүндэд халдсан гээд шүүхэд өгсөн гэсэн. Тухайн үед би ээж аав энэ асуудлыг мэдээд бөөн юм болвол би бүх үнэнийг  хэлнэ шүү гэтэл зүгээрээ гээд байсан...нүүр рүүгээ өвдөглүүлсэн хүүхдийн хамраас нь цус гараад хэвтэж байсан. Мөн хамт явж байсан хүүхдийн хамраас нь цус гараад хэвтэж байсан...Би Бтэй багаасаа нэг байранд өссөн хүүхдүүд байгаа юм. 2 жилийн өмнөөс Алтай хотхон руу гэр нь нүүж явсанаас хойш нээх уулзахаа больсон. Өөрөө хааяа манай байран дээр ирж хүүхдүүдтэй сагс тоглож бид нартай уулздаг юм. 2018 оны зун Бэгдү хотхоны саадан дотор Б бид 2 суугаад тоглож байхад Б миний нүд рүү цохиж гэмтэл учруулж байсан. Би тухайн үед цагдаад өргөдөл өгөөд гомдолгүй гээд өргөдлөө буцааж авсан юм. /хх-ийн 16-17/ гэх мэдүүлэг,   

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13518 дугаартай дүгнэлтэд: Б.Тийн биед хамар ясны хугарал дээд уруулд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. /хх-ийн 20/ гэжээ.

Өсвөр насны О.Б сэжигтнээр мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 12-13 цагийн хооронд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сайбер нэртэй РС тоглоомын газар ороход найз Эрдэнэсүх, Пүрэвхүү, Чингисбаяр нар байсан. 2 цаг аваад тоглосон. Тоглож байхад Баянбилэг ирсэн. Цаг дууссаны дараа нэмж нэг цаг аваад тоглосон.15 цаг өнгөрөөгөөд РС тоглоомын газраас бид нар гарцгаасан. Баянбилэг бид хоёроос бусад нь гэр рүүгээ ороод бид хоёр Бэгдү хотхон дотор юм ярьж сууж байхад Төмөр гэрээсээ гарч ирээд араас дуудаад бид гурав уулзаад сууж байтал Баянбилэгийн ээж нь залгаад гурвуулаа салаад гэр гэр рүүгээ орсон. Би 17-18 цагийн хооронд гэр рүүгээ орсон. 2018 оны 12 дугаар сарын 5, 6-ны үеэр эх Энхжаргал надад фэйсбүүкэд намайг Сайбер РС тоглоомын газар руу ороод гарч байгаа бичлэгийг үзүүлээд энэ чи мөн үү гэж асуусан. Уг бичлэг дээр Баянбилэг бид хоёр байсан. Энэ 2 хүүхдийг таних уу манай хүүхдийг муухай харсан байна гээд зодсон байна таньж мэдэх хүн байна уу шагналтай гэсэн байсан. Би Тийн биед гэмтэл учруулсанаа зөвшөөрөхгүй байна. Би Т гэх хүүхдийг зодоогүй. /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

Дахин байцаалтаар О.Б “...Би Т гэх хүүхдийг зодоогүй учир хохирогчтой нүүрэлдэн байцаалт өгөхийг хүсч байна...” /хх-ийн 43/ гэх мэдүүлэг,

Компьютерт томографийн хуулбар /хх-ийн 19/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 56-57/

Насанд хүрээгүй хохирогч Б.Тийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 7/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Бийн хувийн байдалтай холбоотойгоор: ял шалгах хуудас /хх-ийн 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 31/, сурагчийн тодорхойлолт /хх-ийн 32/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 33/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Насанд хүрээгүй буюу өсвөр насны шүүгдэгч О.Б нь  2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт “муухай харлаа” гэх шалтгаанаар Б.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: 

насанд хүрээгүй хохирогч Б.Тийн”...хөх өнгийн хүрэмтэй хүүхэд нь ...миний баруун талын шанаа руу нэг удаа цохитол би шатны хажуу тал руу хойшоо саваад газар нуруугаараа унасан. Тэгтэл дээрээс үсэрч бууж ирээд цээж рүү хөлөөрөө 4-5 удаа өшиглөсөн...хүрэмний хойд талаас татаж босгоод нүүр рүү нэг удаа өвдөглөтөл би дахиад газар унасан...” /хх-ийн 13/, насанд хүрээгүй гэрч Г.Нармандахын”...хөх өнгийн хүрэмтэй хүүхэд Тийн нүүр рүү гараараа цохиод шатан дээрээс хойшоо савуулаад газар унагасан... Т дээр очоод татаж босгоод нүүр рүү нь өвдөглөөд толгой руу нь цохиод байсан...” /хх-ийн 14/, насанд хүрээгүй гэрч Г.Баянбилэгийн”...Б ...нүүр рүү нь гараараа цохичихсон. Хажууд нь шатан дээр зогсож байсан хүүхдийн цээж хэсэг рүү нь өшиглөөд шатнаас унагачихсан. Б эхэлж цохисон. Хүүхдийн нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиж байгаад орхиод жийж унагасан хүүхэд дээр очоод нүүр рүү нь гараараа цохих шиг болтол хамраас нь цус гарсан. Буцаж буугаад анх цохисон хүүхэд нь газар хэвтэж байхад бос гэж татаж босгоод нүүр рүү нь гараараа татаж босгоод нүүр рүү  нь гараараа нэг цохиод доошоо тонгойход нь өвдгөөрөө нэг удаа нүүр рүү нь өвдөглөсөн...”/хх-ийн 16/, компьютерт томографийн хуулбар /хх-ийн 19/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 56-57/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13518 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

О.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 7 сар 10 хоногтой байсан болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн субъект болно.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч О.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас О.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.   

 

 

 

Хохирол төлбөрийн тухайд:

О.Б нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан “насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна” гэсэн хуулийн зохицуулалтанд хамаарах ба насанд хүрээгүй шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эх, харгалзан дэмжигч Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5, 503.6-д заасан үндэслэл, журмын дагуу хариуцан арилгана.

 

Хавтаст хэрэгт Б.Тийн эрүүл мэнд, эмчилгээтэй холбогдуулан нэхэмжилсэн баримт авагдаагүй байна.

Харин насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлыг түүний хууль ёсны төлөөлөгч нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон О.Бт шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан,  мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял” О.Бт оногдуулахгүйгээр түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Бт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаатай холбоотойгоор түүнд гэм бурууг нь ухамсарлуулах, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.