Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 209

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

улсын яллагч Л.Соёмбо,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг улсын өмгөөлөгчөөр оролцон тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн шүүгдэгч:

Эад холбогдох эрүүгийн 1805046630035 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” пабад иргэн Б.Оын толгойн тус газар нь архины шилээр цохиж хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид 5.580.000 төгрөг өгсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогчоор Б.О мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “Цэ” паб руу барилгачдын баяр тэмдэглэхээр орсон. Тэнд караокед орсон. 23 цагийн үед өндөрлөхөөр болж явах  явах чиглэлээр эхнээсээ хүмүүс такси бариад явсан. Би Бунд ах, найз Хуланбаяр, Алтангэрэл нарын хамт гараад “Цэ” пабын үүдэнд тамхилаад зогсож байхад толгойн дагз хэсэг рүү танихгүй эрэгтэй хүн цохисон. Эргээд харахын завдалгүй 3-4 эрэгтэй намайг зодсон. Нүүрээ дараад тонгойход тэд 3-4 хүн нүүр толгой, гар хөл рүү гараараа цохиод байсан. Тэгээд зодуулж байхад дундуур нь цагаан подволктой жинсэн яактай 2 эрэгтэй хүн архины шилээр толгой руу цохиод би ухаан алдсан. Би манараад орон гаран байж байгаад нэг мэдэхэд ГССҮТ-д ирсэн. Тэр хүмүүс нь намайг цохиод бүгд яваад өгсөн. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Б.Отгонбаяр мөрдөн байцаалтанд: “2018 оны 9 дүгээр сарын 08-нд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дакогийн 10б байрны 2 а тоотод гэртээ унтаж байтал дүү Оын эхнэр Гантуяа унтлагын өрөөнд орж ирээд О хүнд зодуулаад нүүр ам руугаа шилээр цохиулаад гэмтлийн эмнэлэгт очсон байна гэж ажлынх нь хүн хэлж байна гэхээр нь би Гантуяаг дагуулаад гэмтлийн эмнэлэг дээр очтол О хүлээн авах дээр ажлынхаа 2-3 залуу болон 2-3 эмэгтэйтэй байсан. Өөрөөс нь яасан гэж асуутал пабын гадна намайг цохиод дотогшоо орж бас маргалдаад шилээр толгойруугаа цохиулаад олон хүмүүст пойлдуулж зодуулаад ухарч пабаас гарсан гэсэн. Толгойдоо оёдол тавиулсан гээд толгой нь боолттой баруун нүд нь хөхрөөд нүдрүү нь цус хурсан байсан...хамт явсан хүмүүсээс нь асуухад цагаан өнгийн цамцтай эрэгтэй нь намайг 3 залуу Оыг 4 залуу зодож байсныг би харсан гэсэн.” /хх-ийн 18/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Д.Бунд мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр барилгачдын баяр болоод Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” пабад 20 цагийн үед манай компанийн ажилчид болох 21 хүн орж баяр тэмдэглээд 00 цагийн үед гарч ирсэн. Намайг гараад  ирэхэд манай компанийн хөөс наадаг ажилтан Оыг үл таних 3 залуу бариад авчихсан тархийг нь хагалаад цус нөжтэй нь хольсон байсан. Би очоод салгахад цаад талаас нь дахиад 3 залуу гарч ирээд намайг газар унагаагаад дээрээс дэвсээд өшиглөсөн. “Фаяар” баарны хамгаалагч гарч ирээд бид нарыг салгасан. ..Оын толгойноос баруун урд хэсгээс нь цус гарсан байсан. Цагаан подволктой цагаан пүүзтэй залуу архины шилний хагархай барьсан зогсож байсан. Тэнд 3 залуу байсан Уламбаяр бид хоёр салгахад дахиад 3 залуу ирээд намайг газар унагаагаад толгой руу цохисон. /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Б.Гүррагчаа мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айс” караокед барилгачдын баяр тэмдэглээд бригадаараа орсон. Ороод 2 шил 1,75 гр архи пиво аваад хувааж ууцгаасан. Би дүү Баярмагнайтай тамхилах гээд гарсан. Хаалган дээр 7-8 залуучууд гаргахгүй “ална шүү шаана шүү” гээд байсан би өөдөөс нь “тэг л дээ чадах уу” гэж хэлсэн. Над руу тэр залуучууд бөөнөөрөө дайраад байсан. Нэг мэдсэн бөөн зодоон болсон байсан. Би согтуу байсан болохоор сайн мэдэхгүй. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Б.Очирхуяг мөрдөн байцаалтанд: ...“Цэ” пабын хажуу талын караокед хамт ажилладаг Буяндэлгэр, Гүррагчаа, Э, Бямбаням, Баярмагнай, Очирхуяг, Энхтөр нарын хамт караокед суусан. Бид нар караокед 1 шил 2 литрийн архи, 0.5 граммтай нийслэл пиво ууцгаасан. Би машин барьж байгаа болохоор архинаас уугаагүй. Би 21 цаг өнгөрч байхад ганцаараа түрүүлж гараад машинаа асаагаад буцаад ирэхэд Гүррагчааг хэдэн залуучууд газар унагааж дээрээс нь цохиж байгаа харагдахаар нь би очиж салгаад караокед оруулаад буцаад гарах гэтэл цагдаа өөдөөс орж ирээд Гүррагчааг аваад явсан. /хх-ийн 70/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Э.Бямбаням мөрдөн байцаалтанд: “...“Цэ” пабын хажуу талын караокед хамт ажилладаг найз нарын хамт караокед суусан. Бид нар караокед 1 шил  архи, 0,5 гр пиво хүн тус бүр уугаад дуулсан. Энэ үед бид нар 22 цагийн үед бөөнөөрөө караокеноос гарч харихаар баарны гадна тамхи татаад зогсож байтал Гүррагчаа баруун тийшээ Цэ пабын зүг рүү Баярмагнайгийн хамт явсан. Тэгээд 3-4 минутын дараа Гүррагчаа баахан хүмүүсийн дунд орсон хэдэн залуучууд араас нь цохиж зодох гээд бөөнөөрөө бид нарын зүг рүү ирсэн. Тэгтэл Гүррагчааг газар унагаад дээрээс нь өшиглөхөөр нь Буяндэлгэртэй хамт очоод газраас Гүррагчааг босгож салгаж авсан ба тэр үед 5-6  залуучууд гартаа архи, пивоны шил барьсан явж байсан. Тухайн үед бүгд л согтуу байсан нэг харахад Эыг нэг залуу цохиод Э эргүүлээд тэр залуугийн гарт байсан пиво юмуу архины шил барьж байсныг булааж аваад толгой руу нь цохисон. Э, О гэх залуугийн толгой руу нэг залуугийн гартаа барьж явсан архины шилээр 1 удаа цохих үед би наана нь явж байгаад харсан” /хх-ийн 73/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Ч.Баярмагнай мөрдөн байцаалтанд:”...найз нарын хамт караокед суусан...21 цагийн үед Очирхуяг машин асаахаар түрүүлээд гарсан. Араас нь бид нар харихаар гарсан. Би баарны гадаа гарч ирээд Гүррагчаа ахтайгаа цуг гарч харихаар явж байтал баарны үүдэнд хэдэн залуучууд зогсож байснаа Гүррагчаа ах руу юундаа над руу муухай хараад байгаа юм гэж нэг залуу хэлсэн. Тэгтэл Гүррагчаа ах муухай харахаар яадаг юм бэ гэж хэлтэл Гүррагчаа ах руу юу гэнээ гээд нөгөө залуу дайрч ирээд тэр хоёр барилцаж авсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороод манай ах согтуу байна больё гээд зогсож байтал караокеноос Бямбаням, Буяндэлгэр, Энхтөр, Э, Баярмагнай нар гарч ирээд бид нарыг хараад хүрээд ирсэн. Тэгтэл нөгөө залуучуудтай явж байсан залуучууд Гүррагчаа ах болон хамт явж байсан залуучуудтай барилцаж аваад бөөн бужигнаан болсон. Ингээд тэд нараас Гүррагчаа ахыг салгаж аваад бид нар орж байсан караокед орж  хэсэг болж байгаад би машинаа асаагаад Гүррагчаа ахыг авах гээд иртэл ахыг цагдаа нар аваад явсан байсан. /хх-ийн 76/

 

Яллагдагчаар Ц.Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр барилгачдын баяр тэмдэглээд ажлынхаа хүмүүсийн хамт хороололд байрлах “Цэ” баарны хажуу талд байдаг караоке бааранд 19 цагийн орчим ороод 2 литрийн Соёмбо архи аваад түүнийгээ хувааж ууж дуулж байгаад тамхи татах гээд 22-23 цагийн үед гадаа гарсан. Тэгтэл нэг залуу Гүррагчаа руу танихгүй хэдэн залуучууд маргаан өдөж дайрсан. Гүррагчааг цохиод манай дүү Энхтөрийг нэг залуу цохиод авахаар нь бид нар эсэргүүцэж зодолдсон. Нэг залуу гартаа архины шил барьсан явж байхаар нь би архины шилийг араас нь булааж аваад толгой руу нь цохисон. Би О гэх залууг танихгүй тухайн үед Гүррагчааг согтуу хэдэн залуучууд маргаан өдөж улмаар маргалдаад бид нар зодолдсон ба хохирогч бас 4-5 лаа явж байсан. Гүррагчаа хажуугаар нь зөрөх гэхэд нь ална шүү, шаана шүү гэж хэлээд тэгтэл тэг л дээ гээд түүнээс болоод маргаан болсон...Би архины шилээр нэгнийх  нь толгойг цохьсон хэнийг нь яаж байхад цохисоноо бол мэдэхгүй байна. /хх-ийн 84/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11049 дугаартай дүгнэлтэд: Б.Оын биед баруун суурь ясны их далавч, дух, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, баруун нүдний дээд, доод, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт,

 

Хохирлын баримтууд /хх-ийн 32-36/, хохирлын мөнгө шилжүүлсэн Хаан банкны баримт /хх-ийн 29, 30/, хохирогч Б.Ооос цагдаад гаргасан ”би Эаас хохиролд 6000000 төгрөг авсан одоо дахин нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн бичгийн хүсэлт /хх-ийн 55/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 49/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 51/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг шинжлэн судалсан болно. /хх-ийн 86, 87/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Ц.Э  2018 оны 9 дүгээр сарын 08-нд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” пабад иргэн Б.Оын толгойн тус газар нь архины шилээр цохиж хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Оын”...толгойн дагз хэсэг рүү танихгүй эрэгтэй хүн цохисон...архины шил байх дөрвөлжин хар өнгийн шил байсан...” /хх-ийн 14/, гэрч Д.Бундын”...Оын толгойноос баруун урд хэсгээс нь цус гарсан байсан. Цагаан подволктой цагаан пүүзтэй залуу архины шилний хагархай барьсан зогсож байсан...” /хх-ийн 20/, гэрч Б.Гүррагчаагийн”...нэг мэдсэн бөөн зодоон болсон байсан...” /хх-ийн 21/, гэрч Э.Бямбанямын”... нэг харахад Эыг нэг залуу цохиод Э эргүүлээд тэр залуугийн гарт байсан пиво юмуу архины шил барьж байсныг булааж аваад толгой руу цохисон... “/хх-ийн 73/ гэж мэдүүлсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон бусад гэрчүүдийн мэдүүлэг, хохирлын  баримтууд /хх-ийн 32-36/, хохирлын мөнгө шилжүүлсэн Хаан банкны баримт /хх-ийн 29, 30/, хохирогч Б.Ооос цагдаад гаргасан ”би Эаас хохиролд 6000000 төгрөг авсан одоо дахин нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн бичгийн хүсэлт /хх-ийн 55/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар яллагдагчаар Ц.Эын үйлдсэн хэргээ хүлээн”... нэг залуу архины шил барьсан явж байхаар нь гараас нь булааж авсан тэгтэл ард хүмүүс бужигналдаад зодолдоод эхлэхээр нь би архины шилээр нэгнийх  нь толгойг цохисон хэнийг нь яаж байхад цохисоноо бол мэдэхгүй байна...”/хх-ийн 84/ гэж мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.

 

Хяналтын прокуророос Ц.Эад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Ц.Эыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Ц.Эыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирогч Б.О “эмчилгээний зардлаа Ц.Эаас бүрэн гаргуулж авсан тул гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй...шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлснийг үндэслэн Ц.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 62/

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ц.Эыг Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Ц.Эад торгох ял оногдуулах санал гаргасан өмгөөлөгчийн санал дүгнэлтийг шүүх хүлээн авч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал,  мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүхээс Ц.Эад торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурьдаж байна.