Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1373

 

ХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/00027 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч ХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5689 дүгээр шийдвэрээр ХХХ, ХХХ нараас 104 114 725 төгрөгийг гаргуулан ХХХХ-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ХХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХ дугаар хороолол, ХХХХХХХХХ тоот орон сууцыг 105 218 800 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнэлгээнээс хэт багаар тооцож дуудлага худалдаанд оруулж байна.

Төлбөр төлөгчийн зүгээс 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ХХХХ-д хандан шинжээчийн үнэлгээ хэт бага байгаа нь миний эрхийг зөрчиж байгаа тухай мэдэгдэж дахин үнэлгээчин томилуулах тухай хүсэлт гаргасан хэдий ч 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3/111 тоот албан бичгээр татгалзсан хариу ирүүлсэн. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХХХ шүүхэд болон түүний  итгэмжпэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хүралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5689 дүгээр шийдвэрээр ХХХХ, ХХХ, ХХХ  нараас 103 350 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 764 725 төгрөгийг тус тус гаргуулж ХХХХ-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн ХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо ХХ дугаар хороололын ХХХХХХХХХ тоот 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 161/01 тоот битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 161/02 тоот хураах тогтоолоор хураан авсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад ХХХХос 165 000 000 төгрөгөөр, ХХХ 520 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Төлбөр төлөгч ХХХаас үнийн санал авахаар удаа дараа оршин суух хаягаар очсон боловч төлбөр төлөгч үнийн санал өгөхөөс зайлсхийж хаалгаа тайлдаггүй байсан тул 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3/1973 тоот мэдэгдлээр 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирж үнийн саналаа өгөхийг мэдэгдсэн боловч дурдсан хугацаанд ирж үнийн саналаа өгөөгүй болно.

Төлбөр авагч ХХХХ-аас мөн хуулийн дагуу үнийн санал авахад хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч "ХХХХХХ" ХХК-д үнэлгээг тогтоолгохыг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр даалгасан.

Дээрх хөрөнгийг хөндлөнгийн шинжээч "ХХХХХХ" ХХК нь 105 218 800 төгрөгөөр тогтоож талуудад шинжээчийн тогтоосон үнэлгээг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 3/3872, 3/3871 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу анхны албадан дуудлага худалдаанд 105 218 000 төгрөгийн 70 хувь буюу 73 653 160 төгрөгөөр 2015 оны 2 дугаар сарын 19-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 105 218 000 төгрөгийн 50 хувь буюу 52 609 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу нэхэмжлэгч ХХХ нь үнэлгээний талаарх гомдлоо хуулийн хугацаанд гаргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд ХХХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ хуульд заасны дагуу ажиллагаа явуулсан ба барьцааны орон сууцыг төлбөр төлөгч ХХХХ 165 000 000 төгрөгөөр, ХХХ 520 000 000 төгрөгөөр тус тус үнэлж саналаа өгсөн.

Төлбөр төлөгч ХХХ үнийн саналаа огт өгдөггүй, удаа дараа үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч үнийн саналаа өгөөгүй. ХХХ-ын зүгээс хуулийн дагуу үнийн санал авахад талууд тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Шинжээч орон сууцны зах зээлийн үнийг 105 218 800 төгрөгөөр тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, орон сууцыг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй. Нэхэмжлэгч ХХХ нь үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар ХХХ-ын ХХХХ-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 11201 дүгээр захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар хэргийн зохигч нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтийн хамт шүүхэд хүргүүлж болохоор заасан. ХХХ би хурал зарлагдсан өдөр өвчтэй шалтгааны улмаас шүүх хуралдаанд биеэр очих боломжгүй байгаа тухайгаа эмчийн актаар баталгаажуулан шүүхэд хүргүүлсэн.

Гэтэл шүүхээс хүндэтгэн үзэх шатлгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйл 100.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь миний Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг илтэд зөрчиж байна. Өвчтэй гэсэн нотлох баримтаа шүүхэд хүргүүлсээр байтал шүүх хурал хийж байгаа нь мэтгэлцэх боломж олгоогүй, хүн дуртай үедээ өвддөггүй, гэтэл шүүгч хэргийг миний эзгүйд шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

             Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч ХХХ нь үнэлгээтэй холбоотой гомдлоо хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5689 дүгээр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хариуцагч ХХХХ нь нэхэмжлэгч ХХХ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. /хх35-37/

            Хариуцагч ХХХХ нь нэхэмжлэгч ХХХд төлбөрөө сайн дураар төлөхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул барьцаа эд хөрөнгийг битүүмжилж, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч ХХХд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа өгөхийг мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзаж, шинжээч томилж барьцаа эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргажээ./хх 43-45, 62/

            Дээрх хүсэлтийн дагуу хариуцагч байгууллагаас “ХХХХХ” ХХК-ийг үнэлгээчнээр томилон, ХХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХ дугаар хороолол, ХХХХХХХХ тоот орон сууцад  үнэлгээ хийлгэж, уг үнэлгээний дүгнэлт гарсан талаар төлбөр төлөгч ХХХд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 3/3872, 3/3871 тоот мэдэгдлээр мэдэгдсэн байна. /хх 68/

            Үнэлгээний мэдэгдлийг хүлээн авснаас хойш нэхэмжлэгч ХХХ нь үнэлгээг зөвшөөрөхгүй тухай гомдлоо 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасныг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгээр тогтоосон журмын дагуу гаргасан гомдол гэж үзэх боломжгүй.

Иймд хариуцагч ХХХХ орон сууцыг үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь буюу 73 653 160  төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, энэ талаар төлбөр төлөгч буюу ХХХд мэдэгдсэн байх тул шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

            Шүүх нэхэмжлэгч ХХХд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, үүргийг танилцуулсан байхад шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах, шүүх хуралдаанд бэлтгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг сахих үүргээ биелүүлээгүйн улмаас 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр товлогдсон шүүх хуралдаан нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй үндэслэлээр, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах хүсэлтээр хойшилсноос үзвэл шүүх нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрхээ эдлэх хугацаа боломжоор хангасан болно./хх 98,107-109/

Түүнчлэн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө биечлэн оролцох боломжгүй бол бусдаар төлөөлүүлэх эрх нь нээлттэй, уг эрхээ эдлэх боломжит хугацааг шүүхээс олгосон байх тул шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх түүний гомдлыг хүлээн авах боломжгүй, нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахыг хүссэн хариуцагчийн хүсэлтийг харгалзан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2 дахь хэсгийн зөрчөөгүй гэж үзнэ.

            Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/00027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ