Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2018/0111/З |
Дугаар | 221/МА2019/0410 |
Огноо | 2019-08-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2019/0410
Д.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0277 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Монгол Улсын Засгийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0277 дугаар шийдвэрээр:
Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн /1994 он/ 16 дугаар зүйлийн 16.6, 16.7-д заасныг тус тус баримтлан Д.Б-ээс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасан нөхөх олговрыг олгоогүйгээс үүдэн учирсан хохирол болох амины орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хариуцагч Монгол Улсын Засгийн газраас хувь тэнцүүлэн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасан нөхөх олговрыг олгоогүйгээс үүдэн учирсан хохирол болох амины орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хувь тэнцүүлэн гаргуулах” шаардлага бүхий Д.Баасансүрэнгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Засгийн Газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор Чойжин ламын сүмийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн жагсаалтад оруулсан байдаг боловч энэ үед сүмийн газрын хэмжээ, заагийг тогтоолгүй орхигдуулсны улмаас иргэн Д.Б-д 2000 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаар захирамжаар газар олгосон. Нийслэлийн Засаг дарга нь иргэн Д.Б-д газар эзэмшүүлсэн дээрх захирамжаа 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дүгээр захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр газар ззэмших эрхтэй байх үедээ барилга байшин барьсан иргэдийн асуудлыг шийдвэрлээгүй болохыг Засгийн газар мэдэж байсан, энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолын хавсралт тэмдэглэлээр нотлогддог. Монгол улсын Засгийн газар нь 1998 онд 235 дугаар тогтоолоор Чойжин ламын сүмийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн жагсаалтад оруулсан атлаа 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсийг 2,0 га газар байхаар тогтоосноос үүдэн уг хамгаалалтын бүсэд хамаарах газарт иргэн Д.Б амины орон сууц барьж хохирсныг анхан шатны шүүх огт анхаарсангүй. 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолын хавсралт “Хуралдааны тэмдэглэл”-д уг тогтоол гарахаас өмнө баригдсан барилга байгууламжийн асуудлыг Нийслэлийн Засаг даргатай ярилцаж, шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Ц-д даалгасан боловч хуулиар хүлээсэн үүргээ Нийслэлийн Засаг дарга болон Засгийн газар нь бүтэн 17 жил хэрэгжүүлээгүй ирсэн бөгөөд эцэст нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/879 дүгээр захирамжаар иргэн Д.Б-ийн амины орон сууцыг албадан буулгаснаар 309,258,600 төгрөгийн хохирол учирсан юм. Гэтэл анхан шатны шүүх цаг хугацааны хувьд нөхөх олговор олгох хууль зүйн үндэслэп бүрдээгүй байна гэж дүгнэхдээ Засгийн газрын 96 дугаар тогтоолын хавсралт тэмдэглэлд үнэлэлт дүгнэлт өгөлгүй, зөвхөн нийслэлийн Засаг даргыг буруутгасан дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна. Газрын тухай хуулийн дагуу хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн иргэдийн асуудлыг Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга хамтран шийдвэрлэх хуулийн зохицуулалттай атал илэрхий нэг талыг зөвтгөсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Нэхэмжлэгч Д.Б-ийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан захиргааны үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй” гэж маргасан бөгөөд “хохирол болох амины орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 309.258.600 төгрөгийг гаргуулах" тухай шаардлагатай холбогдуулан төлбөр төлөх, төлбөрийн хэмжээг ихэсгэх, багасгах талаар маргаан үүсгээгүй, харин хохирлыг барагдуулахаас шууд татгалзаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Нэхэмжлэгч Д.Б нь нийслэлийн Засаг даргыг түүнд газар эзэмшүүлсэн 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаар захирамж хүчин төгөлдөр байх хугацаанд барилга барьсан учраас захиргааны байгууллага улсын тусгай хэрэгцээний газарт иргэнд газар эзэмшүүлсэн алдаатай захирамжаа засч, 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дүгээр захирамжаар өмнөх захирамжаа хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа тул захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас өөрт учирсан хохирлыг шаардаж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “... хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан иргэний үндсэн эрхийг захиргааны байгууллага зөрчиж, нэхэмжлэгч Д.Б-ийн амины орон сууцны асуудлыг огт шийдвэрлэлгүй 18 жил орхигдуулсны дараа албадан буулгаснаар их хэмжээний хохирол учирсан болох нь бүхий л нотлох баримтуудаар тогтоогдож байгааг анхааралдаа авахыг давж заалдах шатны шүүхээс хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Д.Б нь Нийслэлийн Засаг дарга, Монгол Улсын Засгийн газарт тус тус холбогдуулан “Газрын тухай хуульд заасан нөхөх олговрыг олгоогүйгээс үүдэн учирсан хохирол болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 309,258,600 төгрөгийг Нийслэлийн Засаг дарга болон Монгол Улсын Засгийн газраас хувь тэнцүүлэн гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Б нарын нэр бүхий 4 иргэнд Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-12 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гэрлэх ёслолын ордны баруун урд амины орон сууцны барилга барих зариулалтаар 0.36 га газрыг 2 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн боловч мөн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дүгээр захирамжаар Улсын хамгаалалтад байдаг түүх соёлын дурсгалт газар болох Чойжин ламын сүмийн барилгын цогцолборын сүр барааг хадгалах үүднээс Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний үндсэн зарчим болон Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр дээрх А-12 дугаар захирамжаа хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч нь захиргааны байгууллага өөрийн гаргасан хууль бус захиргааны актаа хүчингүй болгосноос учирсан хохирлоо шаардахдаа Нийслэлийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дүгээр захирамжтай маргаагүй, харин хохирлоо дангаар нэхэмжилж, захиргааны байгууллага хуульд заасан үүргээ гүйцэтгээгүйгээс хохирол учирсан гэж шаардлагаа үндэслэсэн байна.
“Газрын тухай хуульд заасан нөхөх олговрыг олгоогүйгээс үүдэн учирсан хохирол болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 309,258,600 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас хувь тэнцүүлэн гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаар тогтоолоор улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад Чойжин ламын сүмийг хамааруулан баталж, Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсийг 2 га байхаар тогтоосон байх ба ийнхүү хамгаалалтын бүсийг тогтоохоос өмнө нэхэмжлэгч Д.Б нарт газар ашиглах эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон тул Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан нөхөх олговортой холбоотой эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхгүй.
Иймд Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааны 27 дугаар тэмдэглэлд “...тогтоол гарахаас өмнө баригдсан барилга байгууламжийн асуудлыг зохицуулах талаар Нийслэлийн Засаг даргатай ярилцаж шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Ц-д даалгав” гэсэн нь нэхэмжлэгчид хамааралгүй, Нийслэлийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дүгээр захирамж нь энэхүү Засгийн газрын тогтоолд үндэслэж гараагүй байна.
Түүнчлэн, Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай /1994/ хуулийн 16 дугаар зүйлийн 6-д “Эртний хот, суурины үлдэгдэл, байшин барилга, цогцолбор зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор эргэн тойронд нь 0,1-З км-ийн хамгаалалтын бүсийг Засгийн газар тогтоож болно...” гэж заасан нь Засгийн Газарт эрх олгосон заалт тул 1998 оны 235 дугаар тогтоолоор Чойжин ламын сүмийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн жагсаалтад оруулахдаа хамгаалалтын бүсийг тогтоох үүрэгтэй гэж үзэхгүй, газрын хэмжээ, заагийг тогтоолгүй орхигдуулсны улмаас иргэн Д.Баасансүрэнд хохирол учирсан гэх үндэслэлгүй.
Анхан шатны шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн “Засгийн Газар Чойжин ламын сүмийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн жагсаалтад оруулсан атлаа 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсийг 2,0 га газар байхаар тогтоосноос үүдэн уг хамгаалалтын бүсэд хамаарах газарт иргэн Д.Б амины орон сууц барьж хохирсон” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
“Газрын тухай хуульд заасан нөхөх олговрыг олгоогүйгээс үүдэн учирсан хохирол болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 309,258,600 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас хувь тэнцүүлэн гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасан “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” шийдвэрийг гаргахдаа 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасныг шалгах шаардлагатай.
Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуульд хохиролтой холбоотой маргааныг хянан шийдвэрлэх журмыг зохицуулахдаа 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно”, 102.2-т “Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзвэл иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах урьдчилсан нөхцөл нь тухайн хохирол учруулсан гэх захиргааны хууль бус үйл ажиллагаатай хамт хохирлоо шаардсан байхыг, шаардаж буй хохирлын хэмжээ ямар нэгэн маргаангүй байхыг ойлгохоор байна.
Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлж, хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй бол иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхдээ зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.
Маргаан бүхий энэ тохиолдолд захиргааны хууль бус үйл ажиллагаатай хамт хохирол нэхэмжилсэн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нөхөх олговор олгоогүйгээс учирсан хохирол гэж тодорхойлсон тохиолдолд ч захиргааны хэргийн шүүх хохирлын маргааныг дангаар шийдвэрлэх боломжгүй, хариуцагч тал хохирлыг барагдуулахаас шууд татгалзсан нь хохирлын хэмжээн дээр маргаагүй гэж үзэх үндэслэл болохгүй, амины орон сууц барьсантай холбоотой учирсан хохирлоо шаардсаныг ямар нэгэн маргаангүй хохирол шаардсан гэж дүгнэх нь бодит байдалд нийцэхгүй.
Тодруулбал, амины орон сууц барьсантай холбоотой учирсан хохирлыг захиргааны хэргийн шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлж хэмжээг тодорхойлох боломжгүй, харин учирсан хохирлоо нотлох баримтаар өөрөө нотлох, баримтаа гаргаж өгөх зарчмаар хохирлын хэмжээг тогтоох боломжтой юм.
Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасантай нийцэж байх тул “захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас өөрт учирсан хохирлыг шаардаж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдлыг хангахгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд харин захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа атлаа А-12 дугаар захирамж хүчинтэй байсан 8 сарын хугацаанд тухайн газарт барилга баригдсан байсан нь нотлогдож байгаа талаар дүгнэлт хийсэн нь буруу, энэхүү үйл баримтыг иргэний хэргийн шүүх тогтоох эрхтэйг тусгайлан дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН