Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0089/З |
Дугаар | 001/ХТ2016/0012 |
Огноо | 2016-01-11 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2016/0012
ЧЛС музейн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Ц.Сумъяа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 513 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 527 дугаар магадлалтай, ЧЛС музейн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч ЧЛС музейн захирал Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЧЛС музей нь XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор бүтээл болохыг хүлээн зөвшөөрч 1994 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар Монгол Улсын Засгийн Газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 тоот тогтоолоор “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл” мөн болохыг нь тогтоосон байна. Улмаар түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл болох ЧЛС музейн хашааны газар болон хашааны эргэн тойрны 6 метр хүртэлх буюу 2 /хоёр/ га газарт Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор хамгаалалтын бүс тогтоож, хамгаалалтын бүс дэх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг Нийслэлийн Засаг даргад даалгасан болно.
ЧЛС музейн Хамгаалалтын бүсийн газрыг “Бусдын эзэмшил ашиглалтад олгохгүй байх болон барилга байгууламж барихыг хориглосон газрын жагсаалт”-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор оруулсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан.
ЧЛС музейн хамгаалалтын бүсийн баруун хойд талд “АМТ” ХХК гэх хаягтай 4 давхар барилга байрладаг болно. Энэхүү барилга нь манай музейн хамгаалалтын бүсийн газартай давхацсан байж болзошгүй гэж үзээд энэ асуудлыг тодруулахаар Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гарган хандсан болно. Манай хүсэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар судалж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02-04-130/1687 тоот дүгнэлт үйлдэж, үүгээр газрууд давхацсан болохыг тогтоож, “ЧЛС музейн эзэмшил газартай давхцуулан “Ар Монгол” ХХК-д газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн байна” гэж дүгнэжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын дүгнэлтээр ЧЛС музей болон “АМТ” ХХК-ийн газрууд давхацсан болохыг мэдсэн.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 356, 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 257 дугаар захирамжууд нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, Соёлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгүүдэд заасныг зөрчиж байх тул “АМТ” ХХК-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтын хэвийн нөхцөлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ар Монгол травел” ХХК нь 2001 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газарт /хуучин нэрээр/ хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 356 дугаар захирамжаар “АМТ” ХХК-д конторын барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Чойжин ламын сүмийн баруун хойд талд байрлуулан 0.069 га газрыг 2 жилийн хугацаатайгаар ашиглуулах эрх олгосон.
Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар Нийслэлийн газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2004 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны дүгнэлтийг үндэслэн, конторын зориулалттай 616 м2 газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатайгаар “АМТ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 257 дугаар захирамжаар Нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн, конторын зориулалттай 616 м.кв газар эзэмших эрхийг “АМТ” ХХК-д 5 жилийн хугацаатай олгохоор болсон байна.
Монгол Улсын Засгийн Газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Хамгаалалтын бүс”-ийг үндэслэн ЧЛС музейд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаар 20.000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай музейн зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Газрын кадастрын мэдээллийн сангийн зургаас харахад “АМТ” ХХК-д конторын зориулалттай олгогдсон кадастрын зураг нь ЧЛС музейн кадастрын зурагтай давхацсан болно.
“АМТ” ХХК нь эзэмшил газар дээрээ 4 давхар конторын зориулалттай барилга барьж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. ЧЛС музейн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд харин кадастрын зургийн давхардсан хэсгийг хүчингүй болгох боломжтой гэжээ.
Гуравдагч этгээд “АМТ” ХХК-ийн захирал Т.Батжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Манай “АМТ” ХХК нь 2002 онд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагад хүсэлтээ гарган Нийслэлийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 365 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.069 га газар ашиглах эрх авсан болно. Тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж улмаар эзэмшихээр олгож өгөх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэн улмаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжаар тус газрын эзэмшлийг 5 жилийн хугацаагаар сунгасан болно. Улмаар 2004 онд газар эзэмшигчийн эрхийн хүрээнд өөрийн эзэмшил газрын зориулалтын дагуу тухайн газар дээр өөрийн компанийн конторын 4 давхар барилгыг холбогдох байгууллагын зөвшөөрлийн дагуу барьж ашиглалтад оруулан Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд компанийн өмчлөлөөр бүртгүүлж одоо болтол ашиглаж байна.
Тухайн газрын эзэмших эрхийн хугацааг шаардлагатай баримт материалыг бүрдүүлэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 сарын 09-ний өдрийн 257 дугаар захирамжаар сунгуулсан. Бидний зүгээс газрын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн өмч, газрын харилцааны албатай гэрээ байгуулан хууль болон тухайн гэрээнд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлж бусдын эзэмшил ашиглалтад саад учруулахгүйгээр газраа зориулалтын дагуу шударгаар эзэмшиж холбогдох төлбөрийг төлж байгаа болно.
Тухайн нэхэмжлэлийн шаардлага нь эцсийн бүлэгт өмчлөгчийн эд хөрөнгөө өмчлөх эрхэд халдахад хүргэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалтыг зөрчиж байгаа бөгөөд дээрх хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж заасан.
ЧЛС музей нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны 781 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олж авсан байдаг. Тухайн захирамжаар “АМТ” ХХК-ийн хууль ёсоор, зохих журмын дагуу эзэмшиж, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байсан газартай давхцуулан “ЧЛС музей”-д газар олгосон байдаг. Дээрх захирамж нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага болох 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг өөрөө зөрчсөн байна. Иймд тус шүүхэд гаргасан ЧЛС музейн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ЧЛС музей нь өөрийн эзэмшлийн 10855 м.кв хэмжээ бүхий газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаар 20.000 м.кв болгон нэмэгдүүлж авсан болох нь шинээр мэдэгдсэн болно.
Нийслэлийн Засаг дарга дээрх захирамжаараа ЧЛС музейн эзэмшил газрыг үндэслэлгүйгээр томруулахдаа манай компанийн эзэмшил газартай давхцуулж олгосон байна. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3- т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор “эзэмшил, ашиглалтад олгохыг хориглосон” байршилд ЧЛС музейд газар олгохоор шийдвэрлэсэн нь тус тогтоолыг бүрэн зөрчсөн хууль бус үйл ажиллагаа болсон байна.
Иймд, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 781 дүгээр захирамж нь “АМТ” ХХК-ийн хууль ёсны эрх, ашгийг зөрчиж байх тул дээрх захирамжийн ЧЛС музейд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсад түүх соёлын дурсгалт зүйлийн орчны газар хийгээд хамгаалалтын бүсийн талаарх зохицуулалтыг 1994 оны 5 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль, түүнээс хойш 2 удаа шинэчлэн найруулсан хууль болон 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулж ирсэн байна. Монгол Улс ийнхүү нийтийн эрх зүйн хүрээнд хамаарах хуулиар Түүх, соёлын дурсгалт зүйлээ хамгаалж байгаа нь бусад улс үндэстнээс ялгарах өөрийн түүх, удам судартай болохыг илэрхийлэх түүхийн баримт, үнэт өвөө хадгалан хамгаалах үндсэн дээр бие даасан тусгаар улс гэдгээ илэрхийлэх зорилгыг агуулж байгаа хэрэг юм.
Тиймээс түүхийн нэгэн өв болох ЧЛС музейн хамгаалалтын буюу эзэмшил газрыг зөвхөн Газрын тухай хуулийн зохицуулалтын хүрээнд авч үзэж болохгүй.
Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль 1994 оны 5 дугаар сарын 24-ний өдөр батлагдсанаас хойш ЧЛС музей дөнгөж 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаар Засгийн газрын тогтоолоор улсын хамгаалалтад байх үл хөдлөх дурсгалын жагсаалтад орж, мөн 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар Засгийн газрын тогтоолоор хамгаалалтын бүсийг 2 га хэмжээтэй байхаар тогтоосон байна.
Хэдийгээр ЧЛС музей нь “АМТ” ХХК-д газар олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийн он цагийн дарааллыг харвал 2010 оны 781 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн мэт харагдаж болно. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын 781 дүгээр захирамж нь 2001 оны Засгийн Газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан боловч гарах ёстой хугацаандаа гараагүй байна. Иймээс газрын маргаан гарах үндэс болсон.
Харин “АМТ” ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2002 оны 365, 2004 оны 164, 2010 оны 247 дугаар захирамжууд нь 2001 оны Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтуудад заасан хориглосон заалт, Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн байх тул гуравдагч этгээд нь бие даасан шаардлага гаргах эрхгүй байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 180 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2010 оны 781 дүгээр захирамж нь хууль болон Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан актууд болно. Харин ч Нийслэлийн Засаг дарга 2010 оны 781 дүгээр захирамжаар ЧЛС музейн эзэмшил газрыг баталгаажуулахдаа 2002 оны 356 дугаар захирамжийн “АМТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд “АМТ” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн Газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Хамгаалалтын бүс”-ийг үндэслэн ЧЛС музейд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаар 20.000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай музейн зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Газрын кадастрын мэдээллийн сангийн зургаас харахад “АМТ” ХХК-д конторын зориулалттай олгогдсон кадастрын зураг нь ЧЛС музейн кадастрын зурагтай давхацсан болно.
Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар газрын давхцалыг арилган захирамждаа өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 513 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Соёлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 43 дугаар зүйлийн 43.1.6, 45 дугаар зүйлийн 45.3.3-т заасныг тус тус баримтлан ЧЛС музейн “Нийслэлийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 356, 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 257 дугаар захирамжуудын “АМТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 257 дүгээр захирамжуудын “АМТ” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж,
Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ маргаан бүхий газарт очиж нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулж, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын кадастрын зураглалын мэдээллийн улсын бүртгэлд бүртгүүлсний үндсэн дээр маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 257 дугаар захирамжуудын “АМТ” ХХК-д холбогдох хэсэгт ЧЛС музейн газартай давхацсан хэсгээр буюу “АМТ” ХХК-ийн газрын хэмжээнээс 227 м.кв-ыг хасч газрын хэмжээтэй холбоотой захирамжуудад өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж,
Гуравдагч этгээд “АМТ” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжийн ЧЛС музейд холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэсэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 527 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн. "АМТ" ХХК нь 2004 оны Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмшиж тус газартаа 2004 оноос барилгын ажил эхлүүлэн улмаар 2006 онд ашиглалтанд оруулж тус барилгадаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан.
ЧЛС музей нь Нийслэлийн Засаг даргын 2002 оны 356 тоот “Газар ашиглуулах" захирамжаас хойш 13 жил, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 тоот “Газар эзэмшүүлэх" захирамжаас хойш 11 жил, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 257 тоот “Газар эзэмших эрхийн хугацаа сунгах" захирамжаас хойш 5 жилийн дараа нэхэмжлэл гаргаж нэхэмжлэл гаргах хугацааг зөрчжээ.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д заасны дагуу ЧЛС музей соёлын өвийг хамгаалах чиг үүргийг хуулиар хүлээсэн тул тус байгууллага "мэдсэн байх" үүрэгтэй тул мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Тухайн газар нь бусад этгээдийн эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй буюу газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан байсан бөгөөд үүнийг харгалзан Нийслэлийн Засаг даргаас захирамжуудаараа тус байршилд "АМТ" ХХК-д газар ашиглуулах, эзэмшүүлэх, эзэмших эрхийг сунгах шийдвэрүүдийг гаргаж байсан байна.
Шүүхээс цаг хугацааны ялгаатай байдал, Нийслэлийн Засаг даргын шийдвэр гаргах үеийн нөхцөл, газар эзэмшлийн байдал зэргийг харгалзалгүй, логик зөрчил бүхий "Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164, 2010 оны 257 дугаар захирамжууд нь Газрын тухай хуулийн 31.3-д заасныг зөрчсөн" гэх дүгнэлт хийж нзхэмжлэлийг хангаж, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Түүх соёлын үл хөдлөх дурсгал болон түүнтэй холбоотой асуудлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар зохицуулж байхад өөр харилцааг зохицуулсан хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.
Иймд газар эзэмшил, ашиглалттай холбогдсон бүхий л харилцааг гагцхүү Газрын тухай хуулиар зохицуулна. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг", 3.1.4. "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг" хэлнэ гэх хууль зүй тодорхойлолтуудаас авч үзэхэд иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага нь газар өмчлөгч болон түүний төлөөний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийн үндсэн дээр түүнтэй гэрээ байгуулан өөрийн эрх мэдлийн хүрээнд байлгаж, хэрэглэхийг заажээ. ЧЛС музей ТББ-ыг хувьд 2010 оны 11 сар хүртэл дээрхийн алинаар ч газар эзэмших, ашиглах эрх үүсээгүй болно.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж маргаан бүхий захиргааны актын биелэлтийг шинэ захиргааны акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасныг үндэслэсэн.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.7-д заасныг "захиргааны байгууллага албан тушаалтан өөрийн шинэ шийдвэр, үйл ажиллагаагаар тухайн маргаантай харилцааг шийдвэрлэх боломжтой" нехцөл байдлын үед хэрэглэдэг. Энэ тохиолдолд шүүх тийнхүү байдлаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж шийдвэрлэсэн мэт боловч "гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ" шинэ захиргааны акт гаргах захиргааны байгууллагад шийдвэр гаргах эрх хэмжээ олгосонгүй.
Тус хоёр байгууллагаас харилцан бие биедээ газар эзэмших эрх олгосон захиргааны акттай холбогдон маргаж байхад нэг байгууллагын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нөгөө байгууллагын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэнээр захиргааны байгууллагад "АМТ" ХХК-д эзэмших эрх олгосон газрын хэмжээнээс хасаж шийдвэрлэхээс өөр боломж үлдээгүй. Энэ байдлаараа гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан.
Шүүхийн зүгээс маргаантай асуудлаар захиргаанд шийдвэрлэх эрх олгож шийдвэрлэж байгаа бол үндсэн нэхэмжлэл болон бие даасан шаардлагын аль алийн ЗХХШТХ-ын 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасны дагуу шийдвэрлэж "түдгэлзүүлж" байх хуулийн тус заалт биелэлээ олох боломжтой байсан.
Шүүх шийдвэрээрээ "захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгон шийдэх бус давхар” "өмчлөгчийн өмчлөх эрхэд" халдах, хохирол учруулахүйц шийдвэр гаргажээ.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэл тус бүрээр хяналтын шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийж, гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
“Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 781 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт нэхэмжлэгч “ЧЛС Музей”-н эзэмшиж байгаа 20000 м.кв газар болон мөн Засаг даргын 2002 оны 356, 2004 оны 164, 2010 оны 257 дугаар захирамжаар гуравдагч этгээд “АМТ” ХХК-ийн эзэмшиж байгаа 616 м.кв газар нь зарим хэсгээрээ буюу 227 м.кв-аар давхцалтай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, давхцалын тухайд хэргийн оролцогчид маргаагүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гол үндэслэл нь “газар давхацсан” гэх бөгөөд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшил газар нь тодорхой хэмжээгээр давхацсан болохыг мэдсэнийг “... эрх зөрчигдсөнөө мэдсэн үе” хэмээн тодорхойлж, хөөн хэлэлцэх хугацааг энэ үйл баримттай холбож, “... хэтрээгүй ...” гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “... мэдсэнээс хойш ...” гэх шаардлагад нийцжээ.
Мөн “Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль” /1994 оны/ -ийн 16 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор “ЧЛС Музей”-г “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл“ болохыг тогтоож, 2001 оны 96 дугаар тогтоолоор музейн хамгаалалтын бүсийг 2.0 га байхаар тогтоосон байна.
Үүнээс үзвэл “АМТ” ХХК-д анх 616 м.кв газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2002 оны 356 дугаар захирамж нь хамгаалалтын бүсэд барилга барихыг хориглосон “Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль”-ийн /1994 он/ 16 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн, эрх бүхий этгээд шийдвэр гаргахдаа бусдын газар эзэмших, ашиглахтай холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх талаарх Газрын тухай хууль /1994/-ийн 33 дугаар зүйлийн 2-ын 5 дахь заалтыг анхаараагүйг хоёр шатны шүүхийн шийдвэрт тодорхой заажээ.
“АМТ” ХХК-ийн газар эзэмших эрхийг нь баталгаажуулсан, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан 2010 оны 257 дугаар захирамжууд нь түүнд анх 2002 онд газар эзэмшүүлсэн дээрх 356 дугаар захирамжтай холбоотой тул эдгээрийн эрх зүйн үндэслэлийг шүүх тусад нь өөрөөр дүгнэх шаардлагагүй юм.
Дээр дурдсанаар маргаж буй байршилд “АМТ” ХХК-д 2002 онд газар эзэмшүүлэх шийдвэр гарахаас өмнө тухайн газрын тодорхой хэсэг нь түүх соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсээр тогтоогдсон, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 781 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч “ЧЛС Музей”-н газар эзэмших эрхийг баталгаажуулсан нь хууль ёсны байна.
Маргааны гол үндэслэл болж байгаа газрын давхцалын асуудал нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1994 оны Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулиар зохицуулагдах тул “... шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг буруу тайлбарласан ..., “ЧЛС Музей”-д 2010 оны 781 дүгээр захирамжаар газар олгохдоо энэ хуулийг зөрчсөн ..., түүх соёлын үл хөдлөх дурсгалтай холбоотой асуудал нь “Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар зохицуулагдана”” гэх гомдол үндэслэлгүй.
Үүнээс гадна хамгаалалтын бүсэд нэгэнт байшин, барилга барихыг дээрх хуулиар хориглосон бөгөөд хуульд нийцээгүй захиргааны байгууллагын шийдвэрээс үүсэх үр дагавар нь түүнийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэгдэх бөгөөд энэ нь холбогдох хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын хэлбэр болох шийтгэлээс өөр харилцаа юм.
Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн дагуу захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас шүүхэд хандсан этгээдийн холбогдох хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг хянах үүрэгтэй.
Тодруулбал, энэ маргаан нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэж, шийтгэл ногдуулах асуудалтай хамааралгүй.
Иймд “... шүүх хамгаалалтын бүс, эзэмшил газрын тухай ойлголтыг ялгаатай авч үзээгүй, ... холбогдох хуулийг зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байхад зөрчлийн үр дагаврыг өөр байдлаар буюу газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь буруу ...” гэх гомдол мөн үндэслэлгүй.
Түүнчлэн хуульд нийцсэн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь хэсэгт заасан шийдвэрийн агуулгад нийцэхгүй учраас “... нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад хамаарах захиргааны актын аль алиных нь биелэлтийг түдгэлзүүлснээр тухайн хуулийн заалт биеллээ олно ...” гэх гуравдагч этгээдийн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй.
Шүүхүүд хэрэгт цугларсан нотлох баримтууд болон өөрийн буруутай ажиллагааг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн тайлбарт үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагын дагуу маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болголгүйгээр, зөвхөн захиргааны байгууллагад нөхцөл байдлыг дахин шалгаж, тухайн актыг залруулж, зөвтгөх боломжийг олгож, тэдгээрийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагад дахин шинэ акт гаргахыг даалгах агуулга бүхий шийдвэр гаргаж байгаа атлаа 70 дугаар зүйлийн 70.2.8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон “нэхэмжлэлийн шаардлагыг хангаж” хэмээн агуулгын зөрчилтэй дүгнэлт хийсэн нь буруу юм.
Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдлаар маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн боловч, анхан шатны шүүх захиргааны акт гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тухайн харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болон улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ огт хууль хэрэглээгүй зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөөгүй нь шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэл болно.
Захиргааны байгууллага нөхцөл байдлыг дахин судалж, алдаатай захиргааны актыг зөвтгөх нь “АМТ” ХХК-д газар олгосон нэхэмжлэлийн шаардлагад буй захирамжуудад бүгдэд хамааралтай тул Нийслэлийн Засаг даргын 2002 оны 356 дугаар захирамжийн тухайд шүүхээс 2004 оны 164 дүгээр захирамжаар хүчингүй болсныг шийдвэртээ заасан байгааг буруутгах үндэслэлгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурдсан бүгдийг нэгтгэн, анхан шатны шүүхийн шийдвэрт удирдлага болгож буй хуулийг зөвтгөж, 1, 3 дугаар заалтуудыг нэгтгэх, улсын тэмдэгтийн хураамжийг холбогдох хуулийг баримтлан шийдвэрлэх байдлаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 513 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 527 дугаар магадлалд доорх өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:
1.1 Шүүхийн шийдвэрийн “Удирдлага” хэсгээс “... 70.2.8 ...” гэснийг хасах,
1.2 Тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтуудыг нэгтгэж, 1 дэх заалт болгон “Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль”-ийн /1994 он/ 16 дугаар зүйлийн 6, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164, 2010 оны 257 дугаар захирамжуудын “АМТ” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал түдгэлзүүлж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжийн “ЧЛС Музей”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээд “АМТ” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шийдвэрийн 4, 5 гэсэн заалтын дугаарыг 3, 4 болгон өөрчилж, 3 дугаар заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3” гэж нэмж оруулсугай.
3. Шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ