Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Иргэн Боролдой овогт Батжаргалын Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан үргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирт холбогдох,

     Гуравдагч этгээд: Иргэн Шангас овогт Сайнжаргалын Дэлгэрномин,

      “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/34 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Мөнхзаяа, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн дарга Ц.Дэжидмаа, гуравдагч этгээд С.Дэлгэрномин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

      Нэхэмжлэгч Б.Мөнхзаяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2013 оны 06 дугаар сард төрийн албаны шалгалт зарлагдахад Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд бүртгүүлж, улмаар зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалтанд нэгдүгээрт жагсаж, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэст мэргэжилтнээр томилогдож, ажилдаа идэвх чармайлалттай ажиллаж хамт олны дунд нэр хүндтэй ажиллаж ирсэн. Гэтэл Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж шинээр нэгдэж бий болж буй Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн. Миний бие 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс жирэмсэний амралт авах эрх үүсч амралтаа авсан. Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын Б/34 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж тушаал гаргасан. Иймд Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд 2016 оны 11 дүгээр сарын 25 нд гомдол гаргасан ба 2016 оны 12 сарын 07-ны өдөр “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б.Мөнхзаяаг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчсөн болох, мөн ажилд нь эргүүлэн авах нь зүйтэй байна” гэсэн албан хариуг бичгээр ирүүлсэн. Төрийн албаны зөвлөлөөс гарсан шийдвэр нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын Б/34 тоот тушаалыг хүчингүй болгох тухай дурьдагдаагүй тул Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгааг хүлээн авч нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгч Б.Мөнхзаяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 2013 оноос эхлэн Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтэс хоёр нэгдсэнээр орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Би 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс жирэмсний амралт авах эрх үүсч амралтаа авсан байсан. Намайг хүүхдээ төрүүлээд гэртээ байхад буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа ирж ав гэсний дагуу тушаалаа гардаж авсан. Намайг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн. Хариуцагч талаас намайг ажлын туршлагагүй, ажиллаж байх хугацаандаа хариуцаж байсан ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг байдлаар тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Төрийн албанд чин үнэнчээр зүтгэж ажиллаж ирсэн. Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, мөн ажлаас чөлөөлсөн захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч анх 2013 онд Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажилд орсон. Б.Мөнхзаяа ажиллаж байх хугацаандаа төрийн албан хаагчийн чиг үүргийг хангалттай биелүүлсэн талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаандаа ажилдаа хайнга хандсан, ёс зүйгүй гэж тайлбарласан. Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтэс хоёр нэгдэж Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар бий болсон боловч 4 мэргэжилтнийг нэг болгож орон тоо нь цөөрсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалыг үндэслэж чөлөөлсөн. Тухайн үед нэхэмжлэгчийн хувьд жирэмсэн байсан. Одоо 4 сартай хүүхэдтэй. Тэгэхээр нэхэмжлэгч ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэдийгээр Төрийн албаны хуулиар зохицуулагдаагүй ч гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан Б.Мөнхзаяагийн эрхийг хөндсөн. Тэгээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас дээд шатны байгууллага буюу Төрийн албаны салбар зөвлөлд хандаад дараа нь шүүхэд хандсан. Хариуцагчийн тайлбарт дурдаад байгаа, мөн өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яригдсан ажилдаа хайнга хандсан, зөрчил гаргасан гэх тайлбарыг үгүйсгэж миний үйлчлүүлэгч өмнөх шүүх хуралдаан дээр нотлох баримт гаргаж байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “миний талаас хариуцлага алдаагүй, эрх бүхий албан тушаалтны дарамт, хамт олны байдлаас болсон. Би санаачилж зөрчил гаргаагүй” гэж тайлбарласан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан эрх ашгийг хангаж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсмээр байна. Б.Мөнхзаяа төрийн захиргааны албан хаагч. Төрийн албаны тухай хуулинд төрийн жинхэнэ албан хаагчийг нэмэгдэл баталгаагаар хангадаг хуулийн зохицуулалт бий. Иймд төрийн жинхэнэ албан хаагчийг нэмэгдэл баталгааг хангаж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

      Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/45 дугаар тушаал илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд, захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тодорхой заасан ба уг зүйлд зааснаар илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн захиргааны акт нь ажлаас чөлөөлсөн тухай биш ажлаас чөлөөлөгдсөн иргэнд тэтгэлэг авах эрх үүсгэж байгаа хууль зүйн үйлчлэлтэй, хуулийн хүчин төгөлдөр акт юм. Нэхэмжлэгч нь захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн бөгөөд чухам ямар үндэслэлээр тухайн актыг илт хууль бусад тооцуулахыг хүсэж байгаагаа тодорхой тайлбарлаагүй байна. Б.Мөнхзаяа нь энэ эрх зүйн актыг үндэслэн 1710375 төгрөгний тэтгэлэг авсан нь тухайн субьектэд боломж олгож, тэтгэлэг авах эрх үүсгэсэн шийдвэр юм. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/34 дугаар тушаалыг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шаардлагыг байгууллагын зүгээс хангах боломжгүй гэж үзэж байна.

         Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Зоригтбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 тоот тушаалаар Б.Мөнхзаяаг тус ажлаас нь чөлөөлж, шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь 52 орон тоотой байхаар батлагдаж ирсэн бөгөөд Хөдөлмөрийн хэлтсийг таван орон тоотой байхаар тогтоосон байна. Хөдөлмөрийн хэлтэс нь 25 орон тоотой ажил үүрэг гүйцэтгэж байсан ба даруй 20 ажлын байр хасагдсан. Хөдөлмөрийн хэлтэст төсөл хөтөлбөр хариуцсан дөрвөн мэргэжилтэн ажиллаж байсан гэтэл бүтэц орон тоогоор нэг мэргэжилтэн үлдэх боломжтой. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/21 дүгээр тушаалаар баталсан бүтэц, орон тооны дээд хязгаарт багтааж ажлын байрны шаардлагыг хэн илүү сайн хангаж байгаа, ажилласан жил, ажлын дадлага, туршлага, зөрчил, дутагдал гаргасан байдал, сахилгын шийтгэл хүлээсэн эсэх, ажилдаа хандаж байгаа хандлага зэргийг харгалзан томилон ажиллуулж байна. Намайг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ирэхэд бүтцийн өөрчлөлтөд орсон хүмүүст албан ёсоор мэдэгдэл өгөөгүй байсан. Хоёр хэлтэс татан буугдсаны улмаас ажлын байр нь хасагдсан, цөөрсөн ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж байгаа зохицуулалтыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийн тулд бүтцийн өөрчлөлтөөр орон тоо нь хасагдсан, цөөрсний улмаас цомхотголд орсон ажилтнуудад хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлж, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж, байгууллагаас олгох тэтгэмжийн асуудлыг холбогдох дээд газарт тавьж шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүнээс өөрөөр 85 ажлын байранд ажиллаж байсан ажилтнуудыг 52 ажлын байранд томилж ажиллуулах боломж, эрх зүйн үндэслэл байхгүй тул тухайн үеийн хэлтсийн цалингийн санд багтааж 45 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлсэн. Энэ арга хэмжээний үр дүнд байгууллагаас 33 хүнд олгох 44104841 төгрөгийн тэтгэмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нэмэлт санхүүжилтийн журмаар шийдвэрлүүлсэн.

       Б.Мөнхзаяа нь 2013 оны 08 сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн албаны Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил олгогчийг дэмжих хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр туршилтын хугацаагаар 4 сар ажиллаж байгаад 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 05 дугаар сарын 27-ны хооронд жирэмсэн, амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байсан байна. Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаар баталсан бүтцээр орон тоо хасагдсаны улмаас төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлөгдөж, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Улаангом сум хариуцсан мэргэжилтнээр, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/127 дугаар тушаалыг үндэслэсэн Хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Улаангом сум хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/17 тоот тушаалыг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс "Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ төсөл, хүнсний ногоо тариалах, борлуулалтын цэг болон түрээсийн  хөнгөлөлт арга хэмжээг хариуцсан” мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд ажлын байр нь тухай бүр өөрчлөгдөн нэг ажил дээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаагүй харагдсан.

       Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоо нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болон 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус тус өөрчлөгдөж байсан ба тухай бүрд ажлын байрны нэр, үндсэн зорилго, чиг үүрэг нь өөрчлөгдсөн байдаг.

      Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 тоот тушаалаар батлагдсан бүтцээр Б.Мөнхзаяа, М.Уранзаяа, Б.Бямбажав, С.Дэлгэрномин нарын гүйцэтгэж байсан ажил үүрэг нэгдэж, орон тоо нэг болж батлагдаж ирсэн тул тухайн чиг үүргийг биелүүлэхэд шаардлагатай мэргэжил, туршлага, ур чадвар, ажлын туршлагыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасны дагуу энэ дөрвөн мэргэжилтнээс мэдлэг ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа гэдэг сонголтоор С.Дэлгэрноминг тухайн албан тушаалд томилсон болно.

      С.Дэлгэрномин нь Монгол Улсын Их сургуулийн харьяа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн, хөдөлмөрийн салбарт 2011 оноос хойш төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр одоог хүртэл 6 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа ажил мэргэжлээрээ мэргэших сургалтуудад хамрагдаж 2014-2015 онуудад 3 үе шаттай "РгоJесt meneger" сургалтад хамрагдаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх мэргэшсэн менежер болсон байна. Энэхүү ажлын байрны үндсэн зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэхэд ажлын туршлага, ур чадвар, гүйцэтгэл өндөр түвшинд тавигдах шаардлагатай болохыг тухайн ажлын байрны зорилго, чиг үүргээс тодорхой харж болно. Төрийн байгууллага батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд өөрийн чиг үүргийг хуулийн дагуу гүйцэтгэх ёстой. Хэлтэс татан буугдсанаар ажилгүй болсон хүн нэг бүрийг ажлын байраар хангах эрх хэмжээ нь манай байгууллагад байхгүй бөгөөд төрийн бодлого, шийдвэрийг биелүүлж ажиллах нь төрийн байгууллага, иргэн бүрийн үүрэг болохыг ухамсарлах шаардлагатай байна.

      Б.Мөнхзаяаг төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилохоос дараах үндэслэлээр татгалзсан болно.

     Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан.

      Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сараас жирэмсний амралт авах эрх үүссэн талаар дурджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар "Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх настай хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5 -д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно" гэж заасан байна. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад хууль тогтоогч нь жирэмсэн эмэгтэйг дээрх гурван тохиолдолд ажлаас халах зохицуулалтыг хуульд заасан байна. Б.Мөнхзаяагийн хувьд Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан тул түүнийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан аж ахуй нэгж байгууллага татан буугдсан тохиолдолд хамаарч байх тул түүнийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй юм.

        Ажил хүлээн авах, хөрөнгө нэгтгэх явцад Б.Мөнхзаяаг тухайн албан тушаалд томилох боломжгүй нь баримтаар тогтоогдсон. Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр жил орчим ажилласан энэ ажлыг цаашид хийж гүйцэтгэх мэргэжил, ур чадвар, дадлага туршлага дутагдсан нь доорхи зөрчлөөс харагдаж байгаагийн дээр төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн. Хөдөлмөрийн хэлтэст 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс төсөл, арга хэмжээ хариуцан ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдан төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй хуурамч анхан шатны бичиг баримтад өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран баталгаажуулсан нь бусдад хөрөнгө завших боломжийг олгосон байна гэж үзсэн. Үүнд:

      "Увс Ханхөхий" ХХК-ийн №01 тоот гэрээний "Нийтлэг үндэслэл" хэсэгт тусгагдсан "Центр хаус" төвийн 57.6 мкв талбайг ашиглахаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс гэрээ хийж 12 сарын түрээсийн төлбөр 7200000 төгрөг шилжүүлсэн боловч түрээслэгч Л.Төгсжаргал, Ж.Жавзанхорлоо нарын гаргасан тайлбарт 2016 оны 05 сар, 07 сар, 10 сар, 11 сар, 12 сард ажиллаагүйг нотолж байгаа тул ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөр 5600000=3000000 төгрөг;

        "Азийн цахиур" ХХК-ний №02 тоот гэрээний "Нийтлэг үндэслэл" хэсэгт тусгагдсан "Хүүхдийн ертөнц" төвийн 2 давхарт 90 мкв талбай түрээслүүлэхээр гэрээ байгуулсан боловч 57 мкв талбай түрээслүүлсэн ЗЗ мкв зөрүү 2639736 төгрөг, түрээсийн байрыг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээг үндэслэн 7200000 төгрөг шилжүүлсэн бөгөөд худалдагч Ц.Цэцэгмаагийн бичгээр өгсөн тайлбарт 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарын хооронд ашиглаагүй 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шилжин орсныг нотолж байгаа тул талбайн түрээсийн төлбөр 3.600.000=1.800.000 төгрөг, "Борлуулалтын цэг" ажиллуулах арга хэмжээнд нийт 7439736 төгрөг бусдад ашиглуулсан байна. Хүнсний ногоо тариалах арга хэмжээний хүрээнд бэлтгэсэн хөрөнгө 9840000 төгрөгийн үнэтэй 3*8 буюу 24 мкв хэмжээтэй гурван ширхэг хүлэмжийг 2016 онд тухайн арга хэмжээ хэрэгжиж дуусах шатанд хүлэмж худалдан авалт хийснээр тендерийн бичиг баримт бүрдүүлэхэд тухайн нийлүүлэгчийг сонгох саналаа өгч гарын үсэг зурж баталгаажуулсан мөртлөө тухайн тендерийн зар мэдээг олон нийтэд хүргээгүй, цахим болон бусад ямар нэгэн хэлбэрээр байршуулаагүй ашиг сонирхол үүсгэн тухайн хөрөнгийн нийлүүлэлт, ашиглалт, хадгалалтад ажил хариуцсан ажилтны хувьд санаачлага гаргаагүй нь хоёр байгууллага нэгдэж хөрөнгө нэгтгэх тооллого хийхэд хаана байгаа нь мэдэгдэхгүй уг хөрөнгө дутагдаж байсан нь хуурамч бичиг баримт бүрдүүлснийг гэрчилж байна. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд хамрагдсан 15 ахмад урамшууллаа аваагүй мэдээг 2016 оны 10 дугаар сард гарган Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдээлсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хяналтаар Ц.Оюунгэрэл, Ц.Гончиг гэсэн хоёр ахмад мэргэжилтэн зөвлөгөө, мэдээлэл өгсөн тухай гэрээ хийгдээгүй гүйцэтгэлийн ямар нэг тайлан ирүүлээгүй байхад тус бүр 200.0 мянган төгрөг нийт 400.0 мянган төгрөгний урамшуулал олгохоор өр үүсгэн мэдээлсэн нь тогдоогдсон байна. Гүйцэтгэж байсан ажилдаа хайнга, ёс зүйгүй хандаж ажилладаг нь нотлогдож байгаа тул тухайн албанд Б.Мөнхзаяаг эргүүлэн томилж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байна гэжээ.

       Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн дарга Ц.Дэжидмаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Мөнхзаяа нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б.Мөнхзаяад тэтгэлэг олгох тухай Б/34 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохыг шаардсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан, аймгийн Засаг даргын эрхлэх ажлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг нутгийн захиргааны байгууллага гэдэг утгаараа төрийн захиргааны байгууллага юм. Төрийн захиргааны байгууллагаас гаргаж байгаа акт бол эрх зүйн үйлчлэлтэй акт гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. 2016 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдөж байгаа Захиргааны ерөнхий хуулинд илт хууль бус актын үндэслэлүүдийг зааж өгсөн. Тус үндэслэлүүдийг аваад үзэхэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын гаргасан Б.Мөнхзаяад тэтгэлэг олгох тухай актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь утга агуулгын хувьд алдаатай акт биш. Байгууллага татан буугаад, шинэ байгууллага үүсэн байгуулагдаж бүтэц орон тоо өөрчлөгдсөн. Ажлын байр дөрөв байснаас төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн нэг болсонтой холбоотой гурван мэргэжилтэн ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөн гурван мэргэжилтэнд тэтгэлэг олгох тухай акт учраас утга агуулгын хувьд алдаатай гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй. Уг актыг бичгээр гарсан эзэн нь тодорхойгүй бол илт хууль бус гэж үндэслэлтэй. Бичгээр гарсан актыг баталсан эзэн нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамын сайдын тушаалаар томилогдсон Д.Цогт-Очир хуулийн дагуу эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа эрх бүхий албан тушаалтан баталсан. Өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар уг акт гарсан бол илт хууль бус гэж үзэж болно. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоо батлагдаад ирэхэд орон тоо нь цөөрч ирсэн. Эдгээр ажилтнууд нь цаашид хөдөлмөрийн харилцаа, ажил үүрэг нь дуусгавар болж байгаа учраас эрх ашгийг хамгаалах, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэлэг олгох, ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг нь хангаж ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийг хамгаалсан шийдвэр гаргасан учраас өөрийн чиг үүрэгт хамаарсан гэж үзэж байна. Дараагийн үндэслэл нь захиргааны акт гүйцэтгэх этгээд нь тодорхой бус бол илт хууль бус гэж үзнэ. Гэтэл гүйцэтгэх эзэн нь тодорхой байгаа тул энэ үндэслэлээр хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэх нь учир дутагдалтай байна. Мөн Б.Мөнхзаяагаас ямар нэгэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан акт биш. Харин ч Б.Мөнхзаяагийн эрх ашиг нь хөндөгдсөн учраас хуульд заасан тэтгэлгийг хуулинд заасан журмаар олгосон акт байгаа. Бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн акт байдаг. Тус акт нь биелээд үүргээ гүйцэтгэсэн эрх зүйн үйлчлэлтэй акт гэж үзэж байгаа. Төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гарсан актыг илт хууль бус болох гэж тооцох үндэслэлгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулинд зааснаар илт хууль бус акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй гэж заасан. Гэтэл уг акт нь эрх зүйн үйлчлэлтэй байсан. Нэхэмжлэгч Б.Мөнхзаяагийн гаргасан нэхэмжлэлд ямар үндэслэлээр илт хууль бус болох юм бэ гэсэн тайлбарыг өмнөх шүүх хурал болон одоо хэлж буй тайлбартаа тодорхой тайлбарлахгүй байна.

         Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай байгаа. Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан төсөл хөтөлбөр хариуцсан 3 мэргэжилтэн нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан тушаалтан байсан. Ажил мэргэжлийн хувьд бүгд энэ ажлын байранд ажиллаж байсан мэргэжил нэгтэй, цаашид ажиллах боломжтой байсан. Гэвч орон тоо цөөрсөн болохоор гурван мэргэжилтэнд мэдэгдэл өгсөн.  Энэ хугацаанд ажлын байрны тодорхойлолт боловсруулж нэг л мэргэжилтэн үлдэх учраас зарчмын хувьд гурван мэргэжилтний ажиллаж байсан ажлыг нийлүүлж ажлын байрны тодорхойлолт боловсруулсан. Тухайн нэг мэргэжилтнээс ажлын ачаалал, ур чадвар, мэдлэг, ажлын дадлага туршлага шаардагдах ёстой. Шаардлагын үүднээс хоёр хэлтсийн хөрөнгийг нэгтгэх, тоолох, хаалтын баланс гаргах явцад нэлээд олон зөрчил илэрсэн. Зөрчлийн хүрээнд Б.Мөнхзаяа өөрийнх нь хариуцаж байгаа хоёр хөтөлбөр, нэг төслийн хүрээнд алдаа гаргасан гэж үзэж байгаа. Яагаад алдаа гаргасан бэ гэвэл, хууль тогтоомж зөрчсөн удаа дараагийн зөрчлүүд илэрсэн учраас Б.Мөнхзаяа төсөл хөтөлбөрийг цаашид хариуцан ажиллах боломжгүй гэж ажил олгогч захиргааны байгууллагын зүгээс үзэж ажлаас чөлөөлөн тэтгэмж олгосон. Ер нь төсөл хөтөлбөр хариуцсан ажил нь хэл ам дагуулсан, аж ахуйн нэгж байгууллагуудтай ажилладаг, ажилтнаас ур чадвар шаардсан, хуулийн хүрээнд үнэн зөв ажиллаж чадах зэргийг тухайн мэргэжилтнээс шаарддаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг дурдсан нь Б.Мөнхзаяад хамааралгүй зүйл заалт гэж үзэж байна. Яагаад гэвэл, Б.Мөнхзаяагийн ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан байгаа. Төрийн албаны зөвлөлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс өгсөн зөвлөмж нь хууль зүйн үндэслэлгүй юм.

           Иймд Б.Мөнхзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

       Гуравдагч этгээд С.Дэлгэрномин шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2011 онд зарлагдсан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2011 оны 07 сарын 6-ны өдрийн Б/17 тоот тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан гэрээт ажилтнаар, 2011 оны 10 сарын 3-ны өдрийн Б/22 тоот тушаалаар тус хэлтэст Сургалт, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажилласан. 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. 2013 оны 12 сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс татан буугдаж, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс болж хоёр хуваагдсан. Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 01 сарын 30-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажилд томилогдон 2016 оны 08 сарын 19-ны хүртэл ажилласан. Хөдөлмөр, халамжийн үйчилгээний газрын даргын 2016 оны 10 сарын 26-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. Миний бие 2011 оноос хойш төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр одоог хүртэл 6 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа ажил мэргэжлээрээ мэргэших сургалтуудад хамрагдсан, 2011 онд Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамнаас зохион байгуулсан "Ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө өгөх сургалт", 2012 онд Чадамжинд суурилсан сургалтанд үнэлгээ хийх сургалт, 2013 онд Хөдөлмөрийн салбарын ажилтны чадавхийг бэхжүүлэх сургалт, 2014 онд Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөрийн судалгааны институтаас зохион байгуулсан 3 үе шаттай "Ргоjесt meneger" сургалтанд хамрагдаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх мэргэшсэн менежер болсон.  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалаар батлагдсан бүтцээр Б.Мөнхзаяа, М.Уранзаяа, Б.Бямбажав, С.Дэлгэрномин бид нарын гүйцэтгэж байсан ажил үүрэг нэгдэж орон тоо нэгтгэгдэн нэг орон тоо болж батлагдаж ирсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл 27.2.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн чиг үүргийг биелүүлэхэд шаардлагатай мэргэжил, ур чадвар, ажлын туршлага, ажилласан жилийг харгалзан Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа тул С.Дэлгэрномин намайг тухайн ажлын байранд томилсон гэж үзэж байна. Б.Мөнхзаяа нь 2013 оны 08 сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны Хөгжпийн бэрхшээлтэй иргэн, ажил олгогчийг дэмжих хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр туршилтын хугацаагаар дөрвөн сар ажиллаж байгаад 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 05 дугаар сарын 27-ны хооронд зургаан сарын хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан. Хөдөлмөрийн сайдын 2014  оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаар батлагдсан бүтцээр орон тоо хасагдсаны улмаас төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлөгдөж, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Улаангом сум хариуцсан мэргэжилтэнээр, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/127 дугаар тушаалаар батлагдсан бүтцээр Хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Улаангом сум хариуцсан мэргэжилтэнээр томилогдон ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/17 дугаар тушаалаар батлагдсан бүтэцэд сум хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан тул 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс "Ахмад мэргэжилтэний зөвлөх үйлчилгээ төсөл, хүнсний ногоо тариалах, борлуулалтын цэг болон түрээсийн хөнгөлөлт арга хэмжээг хариуцсан мэргэжилтнээр 7 сарын хугацаанд ажиллаж нийт Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр 11 сар ажилласан бөгөөд ажлын байр нь тухай бүр өөрчлөгдөн нэг ажил дээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаагүй байна. Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоо нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болон 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус тус өөрчлөгдөж байсан ба тухай бүрд ажлын байрны нэр, үндсэн зорилго, чиг үүрэг нь өөрчлөгдөж байсан нь Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллах шаардлага хангасан мэргэжилтэн гэж үзэх нь учир дутагдалтай харагдаж байна. Энэ байдлаас үзэхэд Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг миний бие мэргэжил, ур чадвар, ажлын дадлага, туршлага мэргэжшсэн байдал, ажилласан жил нь илүү хангаж байгааг Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх анхаарч үзэхийг хүсье гэжээ.

       Гуравдагч этгээд С.Дэлгэрномин шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын батлагдсан бүтцээр намайг сонгон шалгаруулж авахдаа ажилласан жил, мэргэшсэн байдал, үр дүнгийн гэрээний биелэлт зэргийг харгалзан үзэж сонгон шалгаруулж авсан байх гэж бодож байна. Нэхэмжлэгчийн хувьд 2013 оны 08 дугаар сарын 08-нд ажил олгогчийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр шалгалт өгч нэгдүгээрт жагсаж Хөдөлмөрийн хэлтэст ажилд орсон. 2014 онд  батлагдсан Хөдөлмөрийн хэлтсийн бүтцээр тухайн ажиллаж байсан орон тоо нь байхгүй болсон. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн хэлтсийн шинэчилсэн бүтцээр сум хариуцсан мэргэжилтэн тав байсныг дөрөв болгож цомогтохсон байгаа. Тухайн үед манай Хөдөлмөрийн хэлтэст харьяалагддаг байсан таван сум тус бүр нэг мэргэжилтэнтэй байсан. Улаангом сум, Тэс сум, Тариалан сум, Ховд сум, Сагил сум гэсэн таван сум байсан. Гэтэл дахин Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц өөрчлөгдөж дөрвөн суманд мэргэжилтэн ажиллахаар болсон байгаа. Тухайн үед Хөдөлмөрийн хэлтсийн дарга Улаангом сум хариуцсан мэргэжилтэнг байхгүй болгоод үлдсэн дөрвөн суманд нь Хөдөлмөрийн асуудал, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн байхаар тогтоосон байдаг. Дараа нь Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц шинэчлэгдэж ирэх үед Б.Мөнхзаяаг төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр авч ажиллуулсан. 2016 онд төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн хоёр байсныг гурав болгож өөрчилсөн. Миний хувьд аж ахуй эрхлэлт, бичил бизнес эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, ахмад мэргэжилтний  зөвлөх үйлчилгээ төсөл гэсэн хоёр хөтөлбөр, нэг төслийг хариуцан ажиллаж байсан. 2016 онд Б.Мөнхзаяа төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилогдож, миний хийж байсан ажил болох ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ төслийг Б.Мөнхзаяад шилжүүлсэн. Мөн аж ахуй эрхлэлт бичил бизнес эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд таван арга хэмжээ явуулж байсан. Уг таван арга хэмжээнээс борлуулалтын болон түрээсийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ, бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалах арга хэмжээ гэсэн хоёр арга хэмжээг Б.Мөнхзаяад шилжүүлсэн. Би төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр таван жил зургаан сар ажиллаж байна. Харин Б.Мөнхзаяа 11 сар ажилласан байдаг. Бид аль болох хуулийн хүрээнд ажиллахыг эрмэлзэж байсан. Бид бүхэн ажлаа явуулахад Төрийн албаны тухай хуулийг мөрдөж ажиллах ёстой гэж үзэж байна. Хэн нэгэн дарга удирдлагаас ирсэн дарамт шахалт бидний ажилд нөлөөлөх ёсгүй гэв.

        Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 3 дугаар тогтоолоор[1] Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүтэц орон тооны дээд хязгаарыг баталсан бол мөн өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолын[2] нэгдүгээр хавсралтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд өөрчлөн зохион байгуулагдаж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг байгуулсан ба мөн Засгийн газрын 2016 оны 8 сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолын[3] 4-д аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хэрэгжүүлэгч агентлаг байхаар заажээ.

         Улмаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 сарын 1-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаалын[4] хавсралтаар Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталж, ингэхдээ тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний орон тоо-1 байхаар заажээ. Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс хэмээн хоёр хэрэгжүүлэгч агентлаг ажиллаж байсныг 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн Газраас дээрх тогтоолуудыг гаргаж, санхүү төсөв, бүтэц, орон тоо, эд хөрөнгийн хувьд гэхчлэнгээр нэгтгэн тэдгээр байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлж, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг өөрчлөн зохион байгуулж, эрх бүхий албан тушаалтнаас нь уг газрын бүтэц, орон тоог баталж хэрэгжүүлжээ.

       Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан нэр бүхий төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг 2016 оны 8 сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, цалингийн сангийн хамт шинээр /нийлүүлж/ байгуулагдсан Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлж, Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” Б/07 дугаар тушаал[5] гарчээ. Уг тушаалын хавсралтын 15-рт: Б.Мөнхзаяа /нэхэмжлэгч/ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн, 4-рт: С.Дэлгэрномин /гуравдагч этгээд/ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн, 5-рт: Б.Бямбажав Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн  гэж тус тус бичигдсэн байна.

       Ийнхүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтэн хэмээх ажлын байрны зорилго, хэрэгжүүлэх чиг үүрэг ижилхэн ажлын байрны гурван орон тоог цөөрүүлж нэг болгожээ.

       Захиргаа буюу шинэчлэн зохион байгуулагдсан газрын удирдлагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д: “... аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэснээр Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан бүх ажилтнуудад ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж баримт[6] үйлдсэн байна.

      Мэдэгдэлд заасан хугацаанд буюу 2016 оны 11 сарын 3-ны өдөр хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс  “Б.Мөнхзаяад тэтгэлэг олгох тухай” Б/34 дүгээр тушаалыг гаргасан ба нэхэмжлэгч нь уг тушаалыг илт хууль бус захиргааны акт[7] гэж тодорхойлон, “орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлөх үед би жирэмсний амралтаа авч хүүхдээ төрүүлээд гэртээ байсан. Ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тавьж, дээрх захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

       Хариуцагч захиргааны байгууллага нь Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн зохицуулалт нэхэмжлэгчид хамаарахгүй, мэргэжилтнүүдийг шилж сонгох явцад нэхэмжлэгч тухайн албан тушаалыг үргэлжлүүлэн хаших, итгэл үзүүлэх боломжгүй нь харагдсан, зөрчил гаргасан байсан ийм учраас тухайн ажлын байранд тавигдах шаардлагуудыг хэн нь илүү хангаж байна гэдгийг сонгон ажиллуулах нь байгууллагын даргын бүрэн эрхийн асуудал байх тул хамгийн олон жил төсөл, хөтөлбөрийг хариуцан ажиллаж байсан хүнийг томилсон гэжээ.

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл 27.2.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн чиг үүргийг биелүүлэхэд шаардлагатай мэргэжил, ур чадвар, ажлын туршлага, ажилласан жилийг харгалзан Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа тул С.Дэлгэрномин намайг тухайн ажлын байранд томилсон гэж байр сууриа илэрхийлж байна.

      Захиргааны актын агуулгаас харахад нэр нь “тэтгэлэг олгох тухай” гэж байгаа боловч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэхээр байна. Захиргааны байгууллага захиргааны актыг[8] гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Засгийн Газрын 2016 оны 8 сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2016 оны 319 дүгээр тушаалын 7 дугаар хавсралтын 3.2, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2016 оны 9 сарын 1-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаалыг тус тус үндэслэжээ. Уг захиргааны актын хууль зүйн үндэслэлийг авч үзвэл;

        Захиргааны байгууллага “орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхдөө хамгийн гол нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д: “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

        Хуулийн энэ хэсэгт заасан орон тоо цөөрсөн гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15-д: Энэ хэсэгт заасан “... орон тоо цөөрсөн...”, мөн зүйлийн 27.2.4-т заасан “... орон тоо хасагдсан...” гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно” гэжээ. Тэгвэл Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.1.1-т: “...орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно”, мөн тогтоолын 15.1.2-т: “... орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж тайлбарлажээ.

      Тэгэхээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний гурван орон тоотойгоор ажиллаж байсан аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь аймгийн Нийгмийн халамжийн хэлтэстэй нийлж, өөрчлөн зохион байгуулагдсанаар уг орон тоо цөөрч нэг болсон гэдэг дээр талууд маргаангүй ба харин тэрхүү гурван мэргэжилтнээс шалгаруулалт хийхдээ эрх бүхий албан тушаалтан хэрхэн хандсан нь тодорхойгүй боловч нэхэмжлэгч нь шалгаруулалт явагдсан эсэх, үнэн зөв шударга шалгаруулалт болсон эсэх, өөрийгөө заавал маргаан бүхий ажлын байран дээр үргэлжлүүлэн ажиллах ёстой байсан талаар маргахгүй харин жирэмсний амралтын хугацаа дуусаж хүүхдээ төрүүлсэн байхад Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчиж ажил албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргасан гэж илүүтэй үзэж байна.

      Нэг. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн “Б.Мөнхзаяад тэтгэлэг олгох тухай” Б/34 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагын хувьд:

       Нэхэмжлэгч нь захиргааны акт илт хууль бус гарсан гэдгийг үндэслэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д: "Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх настай хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 -д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн гэж тайлбарлан, 2016 оны 11 сарын 29-ний өдөр төрүүлсөн хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг[9] нотлох баримтаар гаргаж өгчээ.

       Хариуцагч нь дээрх хуулийн заалт нь “аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан” буюу нэхэмжлэгчин ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан тул энэ хориглолтонд хамаарахгүй гэж маргаж байна.

       Хэрэв төрийн байгууллага татан буугдсан бол Төрийн албаны тухай хуулийн 27 зүйлийн 27.2.4-д заасан төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих ... эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг тухайн байгууллагаас олгоно гэсний дагуу тэтгэлэг олгох сонголтыг захиргаа хийх боломжтой байж. Гэвч нэхэмжлэгчийн ажиллаж байсан төрийн байгууллага болох аймгийн Хөдөлмөрийн хэлтсийг татан буугдсан гэж үзэх боломжгүй юм. Учир нь шүүхийн практикт Төрийн албаны тухай хуулийн 27 зүйлийн 27.2.4-д заасан “төрийн байгууллага татан буугдсан ...” гэдгийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу ойлгож хэрэглэдэг бөгөөд аливаа хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарч, татан буулгах ажлыг шийдвэр гаргасан байгууллагаас томилогдсон комисс эрхлэн гүйцэтгэж, бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухай нийтэд мэдээлснээр тухайн байгууллагыг татан буугдсанд тооцдог байна. Гэтэл Хөдөлмөрийн хэлтсийн эрхэлж байсан үйл ажиллагаа дуусгавар болоогүй, харин аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй үйл ажиллгаа, эрх үүргийг нь нийлүүлэх замаар өөрчлөн байгуулж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг бий болгожээ.

      Төрийн албаны тухай хуульд өөрт нь жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эхийн хөдөлмөрийн харилцаатай асуудлыг нарийвчлан зохицуулаагүй боловч мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан төрийн албан хааагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж хуульчилсан тул маргаан бүхий асуудлаар гаргаж буй “намайг жирэмсэн байхад ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй өөрөөр хэлбэл, хуулийн шууд хориглосон заалтыг ажил олгогч буюу захиргаа зөрчсөн, үүгээрээ нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг шууд зогсоосон буруутай байна гэж шүүх үзлээ.

         Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл байхгүй, түүнчлэн илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Гэтэл уг актын дагуу нэхэмжлэгч нь 1710375 төгрөгний тэтгэлэг авсан, чөлөөлөгдсөн байсан учраас тэтгэлэг олгох, ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг нь үүсгэсэн, боломж олгосон эрх бүхий албан тушаалтнаас гаргасан акт гэж тайлбарлаж байна. Шүүх ажлаас чөлөөлөгдсөн байхад түүний үр дагаврыг шийдвэрлэж тэтгэлэг олгож байгаа акт гэж үзэж буй нь өөрөө илт хууль бус актын шинжийг агуулсан тодруулбал, захиргааны актыг гаргахдаа үндэслэл болгосон хуулийн заалтууд нь өөр хоорондоо зөрчилтэй байна гэж дүгнэлээ.

         Хариуцагч захиргааны байгууллага нь төрийн тухайн албан тушаал буюу маргаан бүхий ажлын байр бүрмөсөн алга болоогүй байхад Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д: “төрийн жинхэнэ албан хаагч ... , тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэсэн заалтыг захиргааны актынхаа нэг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байх эрхийг шууд хязгаарласан гэж үзэхээр байна.

        Хоёр. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын хувьд:

        Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-ыг хэрэгжүүлэхдээ ажлын байрны орон тоо цөөрч байгаа ажилтнуудын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар хэнд нь илүү байна гэдгийг тогтоох ёстой аж. Нөгөө талаас хуулийн энэ хэсэгт заасан “... шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ.” хэмээн тайлбарласан дээр дурдсан тогтоол бүхий Улсын Дээд шүүхээс гаргасан тайлбарыг эх сурвалж болгон авч үзвэл, захиргааны байгууллага нь тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилсон этгээд хамгийн сайн нь байсан гэдгийг батлах шаардлагатай байна.

      Хариуцагч нь нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын татгалзлаа тайлбарлахдаа үндсэн хоёр асуудалд анхаарал хандуулсныг дурдаж байна. Үүнд, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байх хугацаанд бүтэц шинэчлэгдэх тухай бүр ажлын байр нь өөрчлөгдөж, өөр өөр ажлын байр дамжиж ажилласан, маргаан бүхий ажлын байран дээр ажиллаж байхдаа зөрчил дутагдал гаргасан, төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүй зөрчсөн гэжээ.

        Нэхэмжлэгч Б.Мөнхзаяа нь анх Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн[10]-ээр ажилд орж, улмаар Улаангом сумын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн[11] -ээр хамгийн сүүлд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн[12]-ээр 2016 оны 1 сарын 2-ны өдрөөс эхлэн томилогдон ажилласан болох нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тогтоогдож байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ажлын байр өөрчлөгдөж байсан нь дан ганц ажилтныг /нэхэмжлэгч/ буруутгаж, түүнийг тогтвор суурьшилтай ажиллаагүй гэж дүгнэхэд учир дутагдалтай байна. Гэвч гуравдагч этгээд С.Дэлгэрномин нь маргаан бүхий ажлын байранд тасралтгүй ажиллаж ирсэн байх бөгөөд ажилласан жил, ажлын дадлага, туршлагын хувьд гуравдагч этгээдийг илүү гэж үзсэн гэх хариуцагчийн сонголт хийсэн үндэслэлийг буруутгах боломжгүй байна.

         Зөрчлийн хувьд Б.Мөнхзаяа өөрийнх нь хариуцаж байгаа хоёр хөтөлбөр, нэг төслийн хүрээнд алдаа  гаргасан гэж хариуцагч үзэж, хууль тогтоомж зөрчсөн удаа дараагийн зөрчлүүд илэрсэн болохыг тайлбартаа дурдаж,  мөн шүүх хуралдаан дээр дэмжиж, нэхэмжлэгчийг төсөл хөтөлбөрийг цаашид хариуцан ажиллах боломжгүй гэж ажил олгогч захиргааны байгууллагын зүгээс үзсэн гэжээ. Тэгэхээр нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбар болон шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж байгаа тайлбар, нотлох баримтыг шууд няцааж чадахгүй, харин тухайн үед хамтран ажиллаж байсан дарга, удирдлагын дарамттай байдал нөлөөлж байсан гэж байна. Гэрч Ч.Оюунхүү, гэрч Д.Зоригтбаатар, гэрч О.Гэрэлмаа нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас[13] аваад үзэхэд ажлаа бүрэн дүүрэн мэдэхгүй, зөвхөн дарга хэлсэн учир гүйцэтгэсэн, нэг үйл баримтын талаар буюу Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажилгүй иргэдээр хүнсний ногоо тариулах зорилгоор хүлэмж худалдан авах асуудал дээр зарим гэрчүүд түүнийг хариуцлагатай сайн ажиллаж байсан гэж байхад өөрөө өөрийгөө үгүйсгэж, уг үйл баримтын талаар өөр байр суурьтай байж, уг хүлэмжийг худалдан авах тухай үнэлгээний хорооны хуралдаанд[14] оролцож тэмдэглэл хөтөлж байгаагүй, гарын үсгийг нөхөж зуруулсан хэмээн өөрт байгаа гарын үсэггүй хувийг шүүх хуралдаан дээр гаргаж өгч байна.

       Иймд хариуцагчийн тайлбарласанчлан зөрчил дутагдал гаргасан гэдгийг нотлох ямар нэгэн эрх бүхий улсын байцаагчийн акт, удирдлагаас тогтоосон шийдвэр байхгүй байгаа боловч нэхэмжлэгчийг ажлаа бүрэн гүйцэд хэрэгжүүлж байгаагүй гэх эргэлзээг шүүхэд төрүүлж, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шууд ханган шийдвэрлэх нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөс гадна захиргааны байгууллага маргаан бүхий ажлын байран дээр мэргэшсэн байдал, ажлын дадлага, ур чадвар, туршлага зэргийг харгалзан сонгон шалгаруулж авсан гэх итгэл үнэмшлийг бий болгож, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх тарийн албаны үндсэн зарчмыг хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлсэн гэж шүүх үзэж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

         Нэгэнт нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг шүүхээс хангаагүй, харин эхний шаардлага болох захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэж байгаа тул ийнхүү шийдвэрлэсний үр дагаврыг шийдвэрлэж, нөгөө талаас шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинжийг харгалзаж, захиргааны байгууллага хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох үүрэгтэй гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д: “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэснийг хэрэглэж, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшингийн ажлын байранд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

        Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д: “Улсын иэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчдод хуваарилах асуудлыг энэ хуулийн 41 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна” гэснийг хэрэглэж мөн 47 дугаар зүйлийн 47.2-д: “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэсний дагуу тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан зарчмыг баримтлан хариуцагчийн ажиллаж буй байгууллагын санхүүгээс тэмдэгтийн хураамжийн нөхөн төлөх төлбөрийг төлүүлэх нь зүйтэй байна.

       Шүүх маргаантай асуудалд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнд өгсөн нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, шийдвэрийн үндэслэл болсон холбогдох хууль тогтоомжийн хэм хэмжээг тайлбарлан дээр дурдсан байдлаар дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

         1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар  зүйлийн 100.1, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мөнхзаяагийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн “Б.Мөнхзаяад тэтгэлэг олгох тухай” Б/34 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Мөнхзаяаг тус газарт адил чанарын ажил албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /ХХҮГ-ын санхүү/-аас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхзаяад буцаан олгосугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      У.БАДАМСҮРЭН