Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 227

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

хохирогч- шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

хохирогч-шүүгдэгч Ш.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Э.

 

Д нарт холбогдох эрүүгийн 1805060840175 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх прокурорын саналтайгаар 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ирүүлснийг хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хар Хорин худалдааны төвийн орчим маргааны улмаас Ш.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

Ш.Д нь  2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хар Хорин худалдааны төвийн орчим маргааны улмаас Ц.Эийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгчээр Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын ялын саналыг зөвшөөрч байгаа гэв.

Шүүгдэгчээр Ш.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын ялын саналыг зөвшөөрч байгаа гэв.

Хохирогчоор Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт:  Би Дтай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогчоор Ш.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Миний хавирга далд хугарсан. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй. Одоо эрүүл мэндийн байдал зүгээр болсон. Эөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Этэй сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.Э мөрдөн байцаалтанд: Би Хархорин худалдааны төв дээр худалдаа хийдэг юм. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бараагаа дэлгээд байж байхад манай хажууд наймаа хийдэг Д гэх залуу эхнэртэйгээ бараагаа дэлгэж байсан. Тэгээд тэдний бараа зөөдөг тэрэг нь манай барааны хажууд юм зөөхөд төвөг болоод байхаар нь холдуулаад тавьтал эхнэр нь уурлаад хүний юманд дураараа хүрлээ гээд хэрүүл маргаан хийгээд байсан. Хэрүүл дундаа манай гэр бүлд хандаад  та нарыг нар үзүүлэхгүй хараана ерөөнө гээд байсан. Тэгээд би чи адилхан эр хүн байж хүнийг тэгж хэлж болдог  юм уу гэж хэлсэн. Тэгээд би айлгах гээд эхнэр нь болох Баттуяа руу гараараа далайтал Д гээд нөхөр намайг ирээд нүүр рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би тэврээд авсан, тэгээд би давхаралдаад боржур дээр уначихсан. Тэгээд намайг доороос хоёр гараараа цохиод байсан. Тэр үед эхнэр нь ирээд миний мөр рүү 2 удаа өшиглөсөн тэгээд байж байхад манай тэнд наймаа хийдэг Хангай гэх залуу эхнэрийн хамт ирээд салгасан. Тэр үед миний нүүрнээс цус гараад байсан. /хх-ийн 22/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ш.Д мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 30-нд өглөө эхнэр Баттуяагийн хамт бараагаа дэлгэж байхад манай бараа зөөдөг тэргийг хажууд наймаа хийдэг Э гэнэт аваад шидэхээр нь манай эхнэр уурлаад тэрэг эвдлээ гэсэн чинь хариуд нь Э юун сүртэй юм гэж уурлаад чи урьд нь манайхаас бараагаа гуйдаг тамхи, чихэр зардаг байсан гээд хэл амаар доромжлоод байсан. Харин манай эхнэр чи миний хажууд гуйж зогсоо биз дээ гэсэн тэгээд чиний наад ам чинь хоёр хүүхдэд чинь муу даа гэсэн тэгээд миний хойгуур Э тойрч ирээд эхнэрийн цээж рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би цааш түлхтэл намайг тэвэрч аваад газар унагахаар нь би өөдөөс нь толгой хэсэг рүү нь хоёроос гурван удаа цохиод байж байтал Хангай ирээд бид нарыг салгасан. /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Баттуяа мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 30-нд 11 цагийн үед Хархорин худалдааны төвийн гадаа наймаа хийдэг юм. Тэгээд бараагаа дэлгээд байж байтал манай хажууд наймаа хийдэг хэдэн хүн шалтгаангүй миний барааны тэрэг болон барааг шидээд байхаар нь наадах чинь чамд ямар гай болоод байгаа юм гэтэл  наадах чинь эрээнд биеэ үнэлдэг гээд байсан тэгэхээр нь би ганц нэг үг хэлээд байж байсан чинь Мөнхөө гэх наймаа хийдэг эрэгтэй надруу гараараа далайгаад цохих гээд байснаа гэнэт өшиглөсөн тэгсэн чинь манай нөхөр Д уурлаад босож ирээд бариад автал нөгөө хоёр хоорондоо ноцолдоод байсан тэгээд тэр үед тэр хавьд наймаа хийдэг хэсэг хүмүүс тэр хоёрыг салгаад би эхнэртэй нь жаахан ам мурийсан тэгээд удаагүй манай нөхөр дээр ирээд нүүрнээс цус гараад байна чи гэмтэл цуг яв гээд дээрэлхээд байсан тэгээд Хангай гэх залуу салгасан.  /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Отгонсүрэн мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 30-нд Хархорин захын гадаа бараагаа янзалж байгаад манай нөхөр Э хажууд наймаа хийдэг Даваа гэх залуугийн бараа зөөдөг тэргийг хажуу тийш нь болгоод тавиурын нөгөө талд нь гаргаж тавьтал Баттуяа уурлаад хүний юманд юундаа дураараа хүрээд байгаа юм  гээд уурласан. Тэгтэл манай хүн тэрэг нааш цааш болгоход юун сүртэй юм гэтэл хоёр хүүхэд чинь нар үзэхгүй гэх зэргээр дайрч муудаад элдвээр 10 минут орчим болсон тэгээд хоёр хүүхэд нар үзүүлэхгүй гэтэл манай нөхөр Мөнхөө уурлаад гар далайтал Баттуяа гэх тэр хүүхний нөхөр Д, Эийг заамдаж аваад баруун нүднийх нь доод хэсэг рүү бөгжтэй гараараа цохиод авсан. Тэгээд Мөнхөөгийн шанаанаас цус гараад зөрүүлээд барьцалдаад автал тэр хоёр унаад зууралдаад байсан. Тэгээд хажууд наймаа хийдэг Хангай гэдэг залуу эхнэртэйгээ ирээд тэндээсээ бид нар Эийн цусыг арилгаад  гэмтэл явсан.  /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Энхтуяа мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 30-нд 12 цагийн үед бид нар бараагаа дэлгээд байж байтал Э болон Даавка  нар юунаас болсныг мэдээгүй зодолдоод эхэлсэн. Тэгээд тэр хоёр газар унасан байх үед намайг салгах гээд очтол Даавкагийн эхнэр Эийн толгой руу өшиглөсөн. Тэгэхээр нь би эрэгтэй хүний толгой руу яаж байгаа юм бэ гэтэл намайг та нар бөөнөөрөө нийлж дээрэлхэлээ гээд цохиод авсан. Тэгээд би салгах гээд зууралдаад байж байтал манай тэнд наймаа хийдэг нэг хүн хүрч ирээд салгасан. Би бараан дээрээ очоод эргээд хартал Эийн нүүрнээс нь цус гарсан харагдаж байсан.  /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 72 дугаартай дүгнэлтэд: Ш.Д-н биед баруун 9 дүгээр хавирганы хөндлөн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 32/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14267 дугаартай дүгнэлтэд: Ц.Эийн биед баруун шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 35/,

 

Яллагдагчаар Ш.Д мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өглөө 11 цагийн үед Хархорин захын гадаа зогсоол дээр наймаа хийдэг юм. Тэгээд бараагаа дэлгээд байж байхад манай хажууд наймаа хийдэг Э эхнэртэйгээ бараа дэлгэж байсан. Миний бараа зөөдөг тэргийг аваад газар шидэх шиг болохоор нь манай эхнэр уурлаад хэрүүл маргаан үүссэн. Тэгээд байж байгаад Э манай эхнэрийг цохиод авах шиг болохоор нь би очоод зүүн шанаа руу нь гараараа цохиод авсан. Тэгсэн чинь Э намайг нуруугаар тэврээд авсан тэгээд бид хоёр газар унаад тэндээ хэсэг ноцолдож байх үед хүмүүс бид хоёрыг салгасан. Тухайн үед бид хоёр босоод ирэхэд Эийн зүүн шанаанаас жаахан цус гарсан байдалтай байсан. Тэгээд миний цээжний зүүн хэсгээр хатгуулж хөндүүрлээд өвчин орсон байсан. ...Э далайхаар нь би эхнэр цохичихлоо гэж бодоод гараараа нүүрнийх нь зүүн хэсэгт Эийг гараараа цохиод авах үед манай эхнэр цочиж татганасан. Тэрнээс биш  цохисон зүйл байхгүй. /хх-ийн 46/ гэх мэдүүлэг, 

 

Яллагдагчаар Ц.Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 30-нд Хархорин төвд бараагаа дэлгээд байж байтал манай хажууд наймаа хийдэг Д гэх залуу Баттуяагийн хамт бараагаа дэлгэж байсан тэгээд тэдний бараа зөөдөг тэрэг нь манай барааны хажууд юм зөөхөд төвөг болоод байхаар нь холдуулаад тавьтал эхнэр нь уурлаад хэрүүл маргаан хийсэн. Хэрүүл дундаа манай гэр бүлд хандаад хоёр хүүхэд чинь нар үзэхгүй тар  нарыг нар үзүүлэхгүй хараана ерөөнө гээд хэлсэн тэгээд хэл амаа олохгүй байхаар  нь би айлгах гээд эхнэр рүү нь гараараа далайтал Д намайг ирээд нүүр рүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би тэврээд давхаралдаад боржур дээр унасан. Тэгтэл намайг доороос хоёр гараараа цохиод байсан тэр үед миний нүүрнээс цус гараад байсан. Тэгэхээр нь би Дд гэмтэл орж үзүүлье гэтэл Д явна гэж байснаа дараа нь эхнэр нь уурлаад явуулаагүй...тэгээд намайг цохиод авахаар нь тэвэрч аваад газар унагаасан унах үедээ замын хашлага маягийн боржур дээр Д миний доор дээшээ хараад унасан би дээр нь гараад унасан. Намайг миний доороос цохиод байхаар нь би хоёр гарыг нь барьж авах гээд амжаагүй тэр үед манай тэнд байдаг хүмүүс салгасан. /хх-ийн 53/ гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Ц.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 58/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 59/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 61/,

Ш.Д-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 67/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 68/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 71/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 72/  зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хар Хорин худалдааны төвийн гаднах талбай дээр худалдаа эрхэлдэг Ш.Д,  Ц.Э  нар нь хоорондоо маргалдсаны улмаас харилцан зодолдож Ш.Д нь Ц.Эийн эрүүл мэндэд, Ц.Э нь  Ш.Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Эийн”...Д гээд нөхөр намайг ирээд нүүр рүү гараараа нэг удаа цохиод авсан. ...Тэгээд намайг доороос хоёр гараараа цохиод байсан...” /хх-ийн 22/, хохирогч Ш.Д-н”...би цааш түлхтэл намайг тэвэрч аваад газар унасан...”/хх-ийн 26/, гэрч Ш.Баттуяагийн”...Д уурлаад босож ирээд бариад автал нөгөө хоёр хоорондоо ноцолдоод байсан...”  /хх-ийн 10/, гэрч Т.Отгонсүрэнгийн”...манай нөхөр Мөнхөө уурлаад гар далайтал Баттуяа гэх тэр хүүхний нөхөр Д Эийг заамдаж аваад баруун нүднийх нь доод хэсэг рүү бөгжтэй гараараа цохиод авсан тэгээд Мөнхөөгийн шанаанаас цус гараад зөрүүлээд барьцалдаад автал тэр хоёр унаад зууралдаад байсан...” /хх-ийн 12/, гэрч Б.Энхтуяагийн”...Э болон Даавка  нар юунаас болсныг мэдээгүй зодолдоод эхэлсэн...” /хх-ийн 13/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 72 дугаартай дүгнэлт /хх-ийн 32/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14267 дугаартай дүгнэлт /хх-ийн 35/, компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 36/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн баримтуудаар яллагдагчаар Ш.Д, Ц.Э нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь давхар батлагдаж нотлогдсон гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ц.Э, Ш.Д нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Э, Ш.Д нар нь харилцан бие биедээ хохирогч, шүүгдэгч байх бөгөөд тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Э, Ш.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “Ц.Э, Ш.Д нар сайн дураараа хоорондоо эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтүүд, шүүгдэгч нарын хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох саналыг Ц.Э, Ш.Д нарт танилцуулсныг тэдгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Э, Ш.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ц.Э, Ш.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Э, Ш.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.                                  

 

     

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ