Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2016/00342/и |
Дугаар | 00433 |
Огноо | 2016-07-01 |
Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 00433
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багт оршин суух, 1946 онд төрсөн, эрэгтэй, Борлууд овогтой Таравын Дорлигийн,
Нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Дорлиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Дорлиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт 1946 оны 8 дугаар сарын 15-нд Борлууд овгийн Таравын 2 дугаар хүү болон төрснийг тогтоож өгнө үү. Иргэний үнэмлэх авах шаардлага гарсан тул төрсөн он зөвтгүүлэх шаардлагатай байна. Надад хуучин улаан паспорт байсан ба он зөрүүтэй байна гээд шинэ иргэний үнэмлэх олгоогүй. Намайг 1951 онд төрсөн гэж бүртгэсэн байх ба манай аав ээж миний төрсөн оныг зөрүүтэй бүртгүүлсэн тул ийм зөрүү гарсан” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Дорлиг нас тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
- Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03-2/1332 тоот лавлагаанд: “Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 50 дугаар хуудсанд өрхийн тэргүүн Бандийн Тарав эрэгтэй, 40 настай, Дөчингийн Жавзан эхнэр, 33 настай, Бандийн Тамсүрэн эгч, 52 настай, Таравын Лхангаа хүү, 12 настай, Таравын Дорлиг хүү, 10 настай гэж бүртгэгдсэн байна” гэжээ.
- Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 288 тоот дүгнэлтэд: “Үзүүлэгч Т.Дорлиг нь 65-75 настай байх боломжтой байна” гэжээ.
- Т.Дорлигийн 00042353 тоот эрүүл мэндийн даатгалын дэвтэрт түүнийг 1946 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн гэж тэмдэглэгдсэн,
- Гэрч М.Лхамжавын мэдүүлэгт: “Т.Дорлиг бид хоёр айл хөрш байсан нэгнээ сайн мэднэ. Манайхан Увс аймгийн Тэс сумын Туулайн булан гэх газар байдаг байсан. Т.Дорлигийн аавыг Б.Тарав гэж хүн Тэс сумын сургуульд модон кабинтай машин барьдаг хүн байсан. Дорлиг нь айлын 3 дахь хүүхэд, том нь эмэгтэй Т.Сэржим, дараагийнх нь эрэгтэй Т.Лхангаа гэх хүмүүс байсан, одоо өөд болцгоосон. Т.Дорлиг 1946 онд төрсөн, ах нь Т.Дорлигоос 2 насаар ах хүн байсан. Эгч нь ээжийг нь дагаж ирсэн. Би түүний төрсөн оныг нь сайн мэдэхгүй байна. Манайхан айл саахалт байдаг байсан тул би Т.Дорлигийн аавын машиныг сонирхож тоглож наадаж тэднийд их байдаг байсан учраас сайн мэдэж байна. Бидний аав, ээж “Та нар 14 насны зөрүүтэй хүмүүс” гэдэг байсан. Т.Дорлиг, Т.Лхангаа бид гурав тоглож наадан, үхэр тугалаа хамтдаа хариулдаг байсан” гэж,
- Гэрч М.Замбалын мэдүүлэгт: “Т.Дорлигийн аав Б.Тарав ахынх манайхтай айл хошоо байсан ба Тэс сумын төвийн дэргэд Туулайн булан гэдэг газар байдаг байсан. Б.Тарав гуай Тэс сумын сургуульд модон кабинтай машин барьдаг байсан. Т.Дорлиг нь айлын 3 дахь хүүхэд бөгөөд том эгчийг нь Т.Сэржим, дараагийн ахыг нь Т.Лхангаа гэдэг байсан. Одоо тэд өөд болцгоосон. Т.Дорлиг 1946 онд төрсөн ба Т.Лхангаа нь түүнээс 2 насаар ах байсан. Харин бид хоёр 4 насны зөрүүтэй хүмүүс юм” гэж тус тус мэдүүлсэн баримтууд хэрэгт авагджээ.
Дээрх гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар Т.Дорлигийн нас зөрүүтэй бүртгэгдсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү бүртгэлийн зөрүүгээс үүдэн Т.Дорлиг нь өнөөг хүртэл шинэ иргэний үнэмлэхээ авч чадаагүй байна.
Иймд гэрч М.Замбал, М.Лхамжав нарын мэдүүлэг, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03-2/1332 тоот лавлагаа, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 288 тоот дүгнэлт, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тус тус үндэслэн Т.Дорлигийг 1946 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн буюу одоо 69 настай болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Дорлигийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Борлууд овогтой Таравын Дорлигийг 1946 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, одоо 69 настай болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Дорлигийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА