Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 164

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ядмаа хөтлөн

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч Б.М түүний өмгөөөлөгч Э.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1974 оны 5 дугаар сарын 07-нд Хэнтий аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 2, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12-39 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй,

2001 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 127-р зүйлийн 3-д зааснаар 3  жилийн хугацаагаар  хорих ял,

2007 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 06 сарын хугацаагаар хорих ял,

2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 сар 29 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Мыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон,  

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, /РД:СФ74050735/, Боржигон овгийн Бадамхандын М холбогдох 1705013370099 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрэн Плаза төвийн орчим иргэн Ц.Эаас ачаа ачуулах гэсэн юм гэж зохиомол байдал зориудаар бий болгон 450 000 төгрөг түр өгөөч хэмээн  хуурч 450 000 төгрөг авсан,

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнх төвд иргэн А.Баас 10000 төгрөгийн дэвсгэртийг 20000 төгрөгийн дэвсгэрт болгож өгөөч гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1.380.000 төгрөгийг залилан авсан,

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрээ дээд сургуулийн орчим иргэн А.Аыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 1.260.000 төгрөгийг залилан авсан,

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар төвийн орчим иргэн Н-н эзэмшлийн 37-20 УНУ улсын дугаартай Портер маркийн авто машинд сууж байх үедээ урд хайрцагнаас нь 560 000 төгрөгийг хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би гэм буруу дээр маргах зүйлгүй тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.Э мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 16 цагийн орчимд зуун айл дээр өөрийн 38-46 УНЧ дугаартай “мини кап” нэртэй жижиг оврын машинаар халтуур хийгээд зуун айлд машин дотроо банкны мөнгө хийх гээд тоолоод сууж байтал цонхон дээр нэг залуу ирээд ачаа ачих уу гээд асуухаар нь ачина гэж хэлээд тоолж байсан мөнгөө халаасандаа хийгээд нөгөө хүнийг машиндаа суулгаад явсан. Тэгээд нөгөө хүн гялгар торон дотор хоёр боодол 20000 төгрөгийн дэвсгэртүүд нэг боодол 10000  төгрөгийн дэвсгэртүүд хийчихсэн ах нь хорооллоос Улиастай хүртэл үнэтэй будагнууд ачих юм. Тэгээд гурван удаа нааш цааш зөөх байх гэж хэлээд хороолол руу явсан юм. Тэгээд хорооллын аркны урд байрлах Бүрэн плаза нэртэй дэлгүүрийн урд талд нь ирж зогсоод хажууд байрлах гражнуудын тэндээс юмаа ачна шүү одоо би хүүхдээ дуудчихлаа түлхүүр аваад гараад ирнэ гэхээр нь хүлээсэн юм. Тэгээд гражны урд талд нэг том Ланд зогсож байтал манай дүү нар ирээд зогсчихсон байна би эд нарт мөнгө өгөөд ачих гээд байгаа юм чи надад байгаа мөнгөө өгчих барааны мөнгө дутчихаад байна, би эд нарын дэргэд чамаас авч өгөлтэй биш чи надад байгаа мөнгөө өгчих гэхээр нь би бэлэн 250 000 төгрөг байна дансанд 200 000 төгрөг байгаа би маргааш банкны мөнгө өгөх гэж байгаа гэтэл одоо ачаагаа очоод буулгахдаа гэрээс мөнгийг чинь аваад өгье гэж хэлэхээр нь би Бүрэн плазагийн АТМ-с өөрийн Хаан банкны картнаасаа 200 000 төгрөг уншуулаад авч нийт 450 000 төгрөгийг тоолж тэр залууд өгсөн. Тэгээд нөгөө залуу нөгөө том Ланд машиныг холдуулахаар очиж холдуулчихаад намайг энэ граж руу машиныхаа бөгсөө хийгээд ухраадах би харж байя гэсэн юм тэгээд ухраагаад орчихоод нөгөө залууг хартал нөгөө залуу чинь машины ойр хавьд харагдахаа больчихоор нь ойр хавьд байсан настай эмэгтэйгээс асуутал доошоогоо их хурдан гүйгээд явчихсан гэж хэлсэн. /1хх-ийн 10-11/ гэх мэдүүлэг,

Сэжигтнээр Б.М мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 100 айлын тэнд явж байтал ачааны машин дотор нэг залуу мөнгө тоолоод сууж байхаар нь очоод ачаа ачих уу гээд асуутал нөгөөх залуу ачна гэхээр нь би машинд нь суугаад хороолол руу явна гээд хэлсэн юм. Тэгээд тэндээсээ би үнэтэй будаг зөөгөөд Улиастайд хүргэж өгнө гэсэн юм. Тэгээд нөгөөх залуугаас би картнаас нь 450.000 төгрөг аваад алга болчихсон. /1хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч А.Б мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ ирээд байж байхад үл таних хүн ирээд ахдаа энэ мөнгөнүүдийг бүхэлдээд өгөөч ах нь АТМ рүү хийх гэсэн юм. Ах нь хөдөөнөөс мах оруулж ирж зардаг хүн юм гэж хэлсэн. Тэр хүн надад нилээн хэдэн 10.000 төгрөгийн дэвсгэртүүдийг гартаа барьсан байж байгаад чамд надад өгөх хэдэн 20.000-тын дэвсгэрт байна уу гэсэн. Тэр үед би өөртөө байсан 20.000 төгрөгийн дэвсгэртүүдээс тоолоод тэр ахад өгсөн. Тэр үед би 1.700.000 төгрөгийг тоолж өгсөн юм. Мөн миний мөнгөний саванд байсан 100-т болон 50-тын дэвсгэртүүдийг тэр ах надад ахдаа наадахаа тоолоод өгчих би хөдөө явж мах авахад хэрэг болдог юм гэхээр нь мөн тоолоод 25 ширхэг байна гэж хэлсэн. Эхлээд миний өмнө нь өгсөн 20.000-тын дэвсгэртүүд буюу 1700.000 төгрөгийг аваад ах нь гаднаас мөнгө аваад ирье гэж хэлээд гарсан. Тэр ах гарахдаа энэ боолттой мөнгийг наанаа түр хийчэх гэж хэлээд надад өгсөн. Тэгээд тэр ах гараад 10 гаруй минут болоод орж ирэхгүй байхаар нь би тэр ахын үлдээсэн боолттой мөнгийг үзэхэд миний тэр ахад өгсөн 1700.000 төгрөгнөөс аваад үлдсэн 300 орчим мянган төгрөгийг аваад явсан байсан. нийт 1 380 000 төгрөг алдсан гэсэн үг. /1хх-ийн 108/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.М мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Багануурын хорих 427 дугаар ангиас дэглэм буурч өршөөлөөр суллагдсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Мөнх төвийн 1 давхарт ороод касс дээр байсан хүүхнийг ах нь экспрэсс банкаар мөнгө шилжүүлэх гэсэн юм гээд гартаа 700 орчим мянган төгрөг 10.000 дэвсгэртээр барьсан байсан бөгөөд мөнгөө бүхэл болгоод өгөөч гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй надад 20.000 төгрөгийн дэвсгэртийн мөнгө өгөхөөр нь уутанд хийж аваад ах нь гараад буцаад ороод ирье гэж хэлээд гараад явсан. Мөн өөрийнхөө гаргаж ирсэн мөнгөө буцаагаад уутанд хийгээд авсан. Тэр эмэгтэйгээс авсан мөнгө нийт 1.380.000 төгрөг орчим байсан. Миний мөнгөтэй нийлээд 2200000 орчим байсан. Тухайн эмэгтэйн 1380.000 төгрөгийн хохирлыг барагдуулах болно. /1хх-ийн 100/ гэх мэдүүлэг,

Хохирогч А.А мөрдөн байцаалтанд:  Би 2017 оны 11 дүгээр сарын 29-ний орой зурагтын дээд автобусны буудлын орчим машинтайгаа зогсож байтал үл таних хүн ирээд тамхи авъя гэж хэлээд, машинд суугаад Хүрээ дээд сургуулийн урд талын замын урд 5 давхар байрны орчим зогсоод тэр хүн надад би чамд 20 000 төгрөгийн дэвсгэртээр 2 сая төгрөг өгье чи задлаад 2 сая төгрөг өгчих би хүмүүст мөнгө өгөх гэсэн юм гэж хэлэхээр нь би 2 сая төгрөг өгсөн чинь миний мөнгийг тоолчихоод буцаагаад өгсөн. Надад тамхиа бэлдэж бай би ороод хүүхдээ гэрээсээ аваад ирье гэж хэлээд буугаад явсан. Тэгээд би юу билээ гээд мөнгөө тоолоод үзтэл 20 мянгатын дэвсгэртээс 63 ширхгийг авсан байсан. Нийт 1260.000 төгрөг миний орлогоос дутсан. /1хх-ийн 65/ гэх мэдүүлэг,

Сэжигтнээр Б.М мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Зурагтын эцэс дээр байж байгаад нэг залуу дэлгүүр рүү тамхи зөөж байхаар нь тэр залуутай уулзаад би хоёр төрлийн вест тамхи 500.000 төгрөгөнд авъя гэж хэлээд тэр залуугийн унаж байсан жижиг суудлын машинтай хамт яваад Хүрээ дээд сургуулийн орчимд ирээд хүн дуудаад ирье гэж хэлээд машинаас буухад өмнө мөнгө задлуулъя гээд бэлэн 20.000 төгрөгийн дэвсгэрт гаргаж ирэхэд тэр залуу мөнгө байна гээд 20.000 төгрөгийн дэвсгэртэй мөнгө гаргаж өгөхөөр нь би тэрнээс тоолж байгаад буцаагаад өгсөн. Тэр хооронд дундаас нь нилээд их 20000 төгрөгийн дэвсгэрт сугалаад авсан. /1хх-ийн 68/ гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Нмөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би 12 цагийн орчим Гандангийн Маамуу дэлгүүрт ороход 40 гаруй насны эрэгтэй хүн бараа зөөгөөд өгөөч Барс зах дээр лангуутай юм гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд уг залуутай хамт хэсэг явсан. Тэгээд тэр ах надад ахдаа итгээрэй хамт яваад барааг чинь зөөлцөөд өгье ах нь чамайг хуурахгүй гээд өөртөө байсан боодолтой мөнгөө надад үзүүлээд байсан. Тэр ахад 20.000 төгрөгийн дэвсгэртээр 2 боодол мөнгө байсан. Би тэр ахыг мөнгөтэй байхаар нь итгэсэн юм. Тэгээд би эрт тарах учраас хурдан барааг нь зөөгөөд өгье гэж бодоод явж байгаад Баянгол дүүргийн 17 дугаар хороо 7 дугаар төвийн ойролцоо машинаа зогсоогоод ганцаараа буугаад дэлгүүр ороод бараагаа тараагаад буцаад гараад ирэхэд нөгөө ах машинд байгаагүй. Тэр үед машиндаа суугаад урд хайрцагаа нээж үзэхэд уг хайрцаганд байсан 560.000 төгрөг алга болсон байсан. /1хх-ийн 122/ гэх мэдүүлэг,

Сэжигтнээр Б.М мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13 цагийн орчим гандангийн урд талд жижиг цагаан өнгийн бүрхүүлтэй машины жолооч бараа өгөөд байж байхад нь би очоод чи ачаагаа буулгаад дуусгасны дараа надтай хамт яваад бараа зөөгөөд өгөөч хэж хэлсэн. Тэгэхдээ энгэрийн халааснаасаа мөнгө гаргаж ирээд тэр залууд харуулсан юм. Тэр хүний бараагаа зарсан мөнгө болох 560.000 төгрөгийг би тэр залууг дэлгүүр орох хооронд машины урд талын хайрцагнаас нь аваад яваад өгсөн. /1хх-ийн 139/ гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор

Б.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 14б/ тал, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 283 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 152-156/,

2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 452 дугаартай магадлал /1хх-ийн 201-205/

2007 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 153 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 161-162/

2001 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 261 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1хх-ийн 159-160/

2012 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 401 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 163/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.М 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрэн Плаза” төвийн орчим иргэн Ц.Эаас “ачаа ачуулах гэсэн юм” гэж худал хэлж хуурч 450.000 төгрөг авсан,

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх” төвд иргэн А.Баас “10000 төгрөгийн дэвсгэртийг 20000 төгрөгийн дэвсгэрт болгож өгөөч” гэж хуурч 1.380.000 төгрөг авсан,

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрээ” дээд сургуулийн орчим иргэн А.Аыг хуурч 1.260.000 төгрөг авсан,

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар төвийн орчим иргэн Н-н эзэмшлийн 37-20 УНУ улсын дугаартай Портер маркийн авто машинд сууж байх үедээ тус автомашины урд хайрцагнаас нь 560.000 төгрөгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч Ц.Эын”...АТМ-с өөрийн Хаан банкны картнаасаа 200 000 төгрөг уншуулаад авч нийт 450 000 төгрөгийг тоолж тэр залууд өгсөн...” /1хх-ийн 10-11/ , сэжигтнээр Б.Мын”...тэгээд нөгөөх залуугаас би картнаас нь 450.000 төгрөг аваад алга болчихсон...”/1хх-ийн 13/, хохирогч А.Аын”... би юу билээ гээд мөнгөө тоолоод үзтэл 20 мянгатын дэвсгэртээс 63 ширхгийг авсан байсан. Нийт 1260.000 төгрөг миний орлогоос дутсан...” /1хх-ийн 65/, сэжигтнээр Б.Мын”...дундаас нь нилээд их 20000 төгрөгийн дэвсгэрт сугалаад авсан...” /1хх-ийн 68/, хохирогч А.Бын” ... би тэр ахын үлдээсэн боолттой мөнгийг үзэхэд миний тэр ахад өгсөн 1700.000 төгрөгнөөс аваад үлдсэн 300 орчим мянган төгрөгийг аваад явсан байсан. нийт 1 380 000 төгрөг алдсан гэсэн үг...” /1хх-ийн 108/, сэжигтнээр Б.Мын”...тэр эмэгтэйгээс авсан мөнгө нийт 1.380.000 төгрөг орчим байсан. Миний мөнгөтэй нийлээд 2200000 орчим байсан. Тухайн эмэгтэйн 1380.000 төгрөгийн хохиролыг барагдуулах болно...”/1хх-ийн 100/, хохирогч Н-н”... машинаа зогсоогоод ганцаараа буугаад дэлгүүр ороод бараагаа тараагаад буцаад гараад ирэхэд нөгөө ах машинд байгаагүй. Тэр үед машиндаа суугаад урд хайрцгаа нээж үзэхэд уг хайрцганд байсан 560.000 төгрөг алга болсон байсан...” /1хх-ийн 122/, сэжигтнээр Б.Мын “...тэр хүний бараагаа зарсан мөнгө болох 560.000 төгрөгийг би тэр залууг дэлгүүр орох хооронд машиных нь урд талын хайрцагнаас нь аваад яваад өгсөн...” /1хх-ийн 139/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Энэ хэрэгт хамаарал бүхий дээрхи нэр бүхий хохирогч нарын хэргийн үйл баримтыг нотолсон мэдүүлгүүд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүргийг хуулиар хүлээгээгүй Б.Мын мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгтэй хоорондоо зөрүүгүй нийцэж байх бөгөөд тэдгээрийн мэдүүлгүүдээр давхар батлагдаж нотлогдсон тул Б.Мын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Мын үйлдсэн хохирогч Ц.Э, А.Б, А.А нарт худал хэлж, хуурч мэхэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж  Ц.Эаас 450.000 төгрөг, А.Баас 1.380.000 төгрөг, А.Ааас 1.260.000 төгрөг тус тус авсан нь  “Залилах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг,  мөн  хохирогч Н-н эзэмшлийн автомашины урд хайрцагнаас нь 560.000 төгрөгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна. 

 

Иймд  улсын яллагчаас шүүгдэгч Б.Мыг залилах болон хулгайлах гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч М.Мыг дээрх гэмт хэргүүдэд тус тус гэм буруутайд тооцов.

 

Энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Маас нийт 3.650.000 төгрөг гаргуулж  хохирогч Ц.Эт 450.000 төгрөг, хохирогч А.Ат 1260.000 төгрөг, хохирогч А.Бд 1380.000 төгрөг, хохирогч Э.Н-д 560.000 төгрөг  тус тус олгохоор шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Мыг бусдыг хуурч мэхэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүхээс удаа дараа ял шийтгэгдсэн хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.   

 

Б.М урьд нь шүүхээр удаа дараа ял шийтгэгдэж байсан байх бөгөөд хамгийн сүүлд буюу 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.   

 

 

 

Иймд  шүүхээс шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан дээр өмнөх 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг  2 /хоёр/ жил  7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож, түүний нийт цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь  оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурьдаж байна.