| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 102/2023/02714/И |
| Дугаар | 210/МА2024/00106 |
| Огноо | 2024-01-08 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2024/00106
2024 01 08 210/МА2024/00106
Л.Г, Л.Ц, Ц.Н нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/03887 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Г, Л.Ц, Ц.Н нарын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Н-д холбогдох, 21,313,001 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч О.Н, хариуцагчийн өмгөөлөгч С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Бид Б дүүргийн **-р хороо, **-р байрны ** тоот 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нар юм. Бидний дүү Л.Г болон хариуцагч О.Н нар 2012 оноос хойш хамтран амьдарч байгаад дундаасаа 1 хүүхэдтэй болж, бидний орон сууцанд түр амьдарч байсан бөгөөд 2016 оны 06 сарын 10-ны өдрийн шүүхийн шийдвэрээр хамт амьдрахаа больж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хоёр тийшээ болсон. Энэ үеэс О.Н-г өөрсдийн өмчлөлийн байрыг чөлөөлж өгөхийг шаардаж эхэлсэн боловч уг байранд амьдарсаар байсан. Шүүхэд хандан орон сууц чөлөөлүүлэх шаардлага гаргасныг шүүх хангаж, шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж орон сууцыг чөлөөлсөн. Хариуцагч О.Н нь Л.Га-ээс салснаас хойш 2023 оны 01 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд бидний орон сууцанд амьдарсан. Энэ хугацаанд өөрсдийн орон сууцыг чөлөөлөн авч бусдад худалдах, түрээслэх зэрэг олон ажлыг амжуулах шаардлагатай байсан боловч хаалгаа онгойлгохгүй, утсаа авахгүй, эзэнгүй байлгах зэргээр бидний өмчлөх, эзэмших эрхийг удаа дараа зөрчсөн. Улмаар 2023 оны 01 сарын 06-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу О.Н нь 2023 оны 01 сарын 11-ний өдөр байрыг суллаж өгсөн. Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүдэж 2021 оны 02 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл нийт 23 сар уг орон сууцанд амьдарч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1-т тус тус заасан орон сууцаа эзэмшиж, ашиглах эрхийг зөрчсөн. Энэ хугацаанд бид бусдад түрээсэлж байсан бол 20,700,000 төгрөг олох байсан. Хариуцагч О.Н нь бидний орон сууцанд 2 жил амьдрах хугацаандаа дээрх үнийн дүнгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжиж амьдарсан. Мөн О.Н нь 23 сарын турш бидний орон сууцанд амьдарч байхдаа Батнэгдэл СӨХ-нд төлөх байсан 23 сарын төлбөр 557,060 төгрөг, 2023 оны 01 сарын 13-ны өдрийн цахилгааны төлбөр 9,020 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөр 46,921 төгрөг, нийт 613,001 төгрөг төлөөгүй. Иймд хариуцагчаас нийт 21,313,001 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Л.Га-тэй 2012 онд танилцан хамтран амьдарч эхлэх үед нэхэмжлэгчдийн төрсөн эцэг Б дүүргийн **-р хороо, **р байрны ** тоот 30 м.кв 2 өрөө орон сууцыг гэр бүлийн хэрэгцээнд зориулж бэлэглэж байсан. Мөн 2015 оны 08 сарын 28-ны өдөр охин Г.А төрж, өнөөдрийг хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байна. Түрээсэлнэ гэдэг нь түрээслэгч, түрээслүүлэгч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний гол нөхцөлүүдийг тодорхойлдог ба түрээслэгч нь түрээсэлсэн эд хөрөнгөө зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг нь хүртсэн байхыг шаарддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт байхгүй, нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхойгүй, үндэслэлгүйгээр төлбөр шаардаж буйг зөвшөөрөхгүй. Үнэн хэрэгтээ Л.Га нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох орон сууцыг хуваахгүй, алдахгүй гэсэндээ ах дүү нартайгаа хуйвалдаж Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.1-т заасныг зөрчин орон сууцыг ах дүү нарынхаа өмчлөлд шилжүүлсэн. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. Насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийнх нь хэн нэгний асрамжид үлдээж, нөгөө талаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж буй нь эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хуваарилж буй асуудал биш юм. Харин эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэн алинд нь хэвээр хадгалагддаг болно. Иймд Л.Г, Л.Ц, Ц.Н нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч О.Н-гээс 19,550,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Г, Л.Ц, Ц.Н нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,763,001 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 255,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Г, Л.Ц, Ц.Н нарт олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. 2021 оны 03 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Л.Ц болон Д.Ч нарын хооронд байгуулагдсан гэх түрээсийн гэрээг нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ анхнаасаа дурдаагүй, нэхэмжлэлдээ хавсаргаж өгөөгүй. Анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 05 сарын 18-ны өдрөөс хойш буюу 2023 оны 10 сарын 06-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл шүүх түрээсийн гэрээг байгуулагдсан, түрээсийн үнийг 850,000 төгрөг байхаар талууд тохиролцсон гэх зэргээр бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлтийг өгсөн. Тодруулбал 2020 оны 06 сарын 30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-нээс Б дүүргийн 12-р хороо, 19-р байрны 70 тоот хаягт байрлах орон сууц нь 3 өмчлөгчтэй байх боловч түрээсийн гэрээнд өмчлөгчдийн хэн нэгний гарын үсэг зурагдаагүй буюу Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээг байгуулсанд тооцох үндэслэлгүй байна.
4.2. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу олох байсан орлого нь бодитой байх буюу бичгийн болон өөр бусад баримтаар нотлогдож байх учиртай. Гэвч нэхэмжлэгч талын гаргаж өгсөн түрээсийн гэрээ бодит бус нөхцөл байдлыг үүсгэж, эргэлзээ төрүүлж байна. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/00340 дугаартай шийдвэрээр Л.Г, Л.Ц, Ц.Н нарын нэхэмжлэлтэй, О.Н-д холбогдох Олох байсан орлого 5,950,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан өөрийн шаардлагыг нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Үүнээс үзвэл, энэ удаад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хангуулахын тулд түрээсийн гэрээг хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн түрээсийн гэрээг шүүх нотлох баримтаар үнэлэх ёсгүй байсан болно.
4.3. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруу тодорхойлсон. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээ олох байсан орлого болох 20,700,000 төгрөг гэж тодорхойлсон байтал анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн утгаар шийдвэрлэсэн нь буруу. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдааны үеэр Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т заасныг нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж бичгээр болон амаар огт тайлбарлаагүй. О.Н миний бие нэхэмжлэгч нарын төрсөн дүү Л.Га-тэй хамтран амьдарч 2015 онд Г.А гэх охинтой болсон. Тухайн орон сууц Л.Га-ийн нэр дээр бүртгэлтэй байх үеэс бид гурав хамт амьдарч байсан бөгөөд үндэслэлгүйгээр тухайн орон сууцыг шилжүүлэн аваагүй, тухайн үеийн өмчлөгч Л.Гаийн зөвшөөрлөөр амьдарч байсан. Мөн Л.Га-ийн хувьд охин Г.А-г эрүүл аюулгүй орчинд амьдруулах талаарх эцгийн үүргийг биелүүлэх үүднээс орон сууцыг эзэмшүүлж байсан болно. Иймд орон сууцны эзэмшлийг үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан буюу үндэслэлгүйгээр олж авсан гэх тайлбар анхнаасаа үндэслэлгүй болно.
4.4. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн зохицуулалт нь зайлшгүй олох ёстой байсан орлого, үр шим байхыг шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах түрээсийн гэх орлогыг зайлшгүй олох ёстой байсан орлого, үр шимд хамааруулан үзэх боломжгүй болно.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Л.Г, Л.Ц, Ц.Н нар хариуцагч О.Н-д холбогдуулан олох байсан орлого 20,700,000 төгрөг, ашиглалтын зардал 613,001 төгрөг, нийт 21,313,001 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 19/
3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. Б дүүргийн **-р хороо, **-р бичил хороолол, **-р байрны ** тоот хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгч Л.Г, Л.Ц, Ц.Н нарын нэр дээр бүртгэлтэй. /хх 41/
3.2. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02909 дугаар шийдвэрээр дээрх орон сууцыг О.Н-н хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 15-ны өдрийн 171 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 сарын 29-ний өдрийн 001/ХТ2022/01173 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
/хх 43-44, 45-47, 48-50/
3.3. Улмаар хариуцагч О.Н нь дээрх орон сууцыг 2023 оны 01 сарын 11-ний өдөр чөлөөлж өгсөн. /хх 2, 19/
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул хариуцагч талын гаргасан ...нэхэмжлэгч нарын төрсөн дүү Л.Га-тай хамтран амьдарч, 2015 онд охин Г.А-г төрүүлсэн, Л.Га-ийн зөвшөөрснөөр тус орон сууцанд амьдарч байсан, Л.Га нь ах дүү нартайгаа хуйвалдаж маргаан бүхий орон сууцыг ах дүү нарынхаа өмчлөлд шилжүүлсэн... гэсэн агуулгатай татгалзал, давж заалдах гомдол хангах үндэслэлгүй.
5. Энэхүү магадлалын хянавал хэсгийн 3-т дурдагдсан үйл баримтаас үзвэл хариуцагч О.Н нь нэхэмжлэгч Л.Г, Л.Ц, Ц.Н нарын өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг 2020 оны 10 сарын 06-ны өдрөөс 2023 оны 01 сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд хууль бусаар эзэмшил, ашиглалтдаа байлгасан гэж дүгнэхээр байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцыг аливаа гэрээ, хэлцэлгүйгээр эзэмшиж, ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д тус тус зааснаар олох байсан орлогыг шаардах эрхтэй.
6.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлын үндэслэлээ нотлох зорилгоор Д.Ч-тэй байгуулсан гэх 2021 оны 03 сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ-г нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. /хх 61-63/
Дээрх гэрээний 2.1-д маргаан бүхий орон сууцны нэг сарын түрээсийн төлбөрийг 850,000 төгрөг гэж тодорхойлсон байх ба хариуцагч тал уг дүнг баримтаар няцааж чадаагүй.
Нэхэмжлэгч нар 2021 оны 01 сараас хойшхи хугацааны олох байсан орлогыг шаардсан тул хариуцагч талын гаргасан ...Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/00340 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Л.Г, Л.Ц, Ц.Н нарын шаардсан олох байсан орлого 5,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон... гэсэн татгалзал үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар дээрх шүүхийн шийдвэрт дурдагдсанаас хойшхи хугацааны олох байсан орлогыг шаардаж байна.
Иймд энэ талаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагчаас олох байсан орлогоо шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн боловч хэрэгт авагдсан Түрээсийн гэрээ-ний хугацаа, уг гэрээнд дурдагдсан үнийн дүнг харгалзан үзэлгүйгээр хариуцагчаас нийт 19,550,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ. /хх 61-63/
Дээр дурдагдсан Түрээсийн гэрээ нь 10 сарын хугацаатай байгуулагдсан, нэг сарын түрээсийн төлбөр 850,000 төгрөг байх тул нийт 8,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, хэргийн баримтаар нэхэмжлэгч нар 23 сарын түрээсийн төлбөр шаардсан нь үндэслэлгүй буюу 2022 оны 03 сарын 15-ны өдрөөс хойшхи хугацаанд мараан бүхий орон сууцыг бусдад түрээслүүлж орлого олох байсан гэж үзэх боломжгүй юм.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/03887 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...19,550,000... гэснийг ...8,500,000... гэж, ...1,763,001... гэснийг ...12,813,001... гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...255,700... гэснийг ...150,950... гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч О.Н-гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 255,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.НЯМБАЗАР