Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 597

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,  

Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдорж 6 дугаар гудамж 8 тоотод оршин суух Магсарын Мягмарсүрэнгийн хүсэлттэй нас тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга А.Солонго нарыг оролцуулав.            

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч М.Мягмарсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Төв аймгийн Жаргалант суманд 1960 оны 12 сарын 13-нд төрсөн. Би эхээс арван нэгүүлээ, айлын ганц эрэгтэй хүүхэд нь юм. Миний эгч М.Давхарцэцэг 1957 онд, дүү М.Даваасүрэн 1962 онд төрсөн. Би 9 настайдаа буюу  1969 онд 1 дүгээр ангид ороод 1977 онд 8 дугаар анги төгссөн. 1980 оны 06 сард цэргийн албанд татагдаж 1983 онд Дорноговь аймгийн Зүүнбаян сумын 136 дугаар ангид цэргийн алба хаасан, цэргээс халагдаад иргэний бүх бичиг баримтаа гээгдүүлсэн, тэр цагаас хойш бичиг баримтаа аваагүй. Одоо өндөр настай учраас надад бичиг баримт чухал болж бичиг баримтаа авах гэтэл намайг Улсын бүртгэлийн газраас Төв аймгийн Жаргалант суманд 1960 оны 12 сарын 13-нд төрсөн бүртгэл 1960-1964 онуудад төрөлт бүртгэлгүй байгаа гэх тул шүүхэд хандаж байна. Иймд намайг 1960 оны 12 сарын 13-нд төрсөн, 56 настай болохыг тогтоож иргэний үнэмлэхтэй болох хүсэлттэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан төрөлт бүртгэлгүй тухай лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, шинжээчийн дүгнэлт, гэрч М.Давхарцэцэг, М.Даваасүрэн нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинэчлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Магсарын Мягмарсүрэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг буюу нас  тогтоолгохоор хүсэлт гаргасан байна.   

М.Мягмарсүрэн нь Төв аймгийн Жаргалант суманд 1960 оны 12 сарын 13-ны өдөр төрсөн болох нь шүүх хуралдаанаар шинэчлэн хэлэлцсэн хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт бичгээр ирүүлсэн доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Үүнд:   

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Иргэний баримтын архивын хэлтсийн 2016 оны 03 сарын 18-ны өдрийн 102/004249 тоотод “Төрөлт бүртгэл гараагүй тухай лавлагаа Б”-д “... Магсарын Мягмарсүрэнг 1960 оны 12 сарын 13-нд Төв аймгийн Жаргалант сумын төрөхөд төрүүлсэн эх Бэгзийн Минжмаагийн 1960-1964 онуудад төрөлтийн бүртгэлд бүртгэгдээгүй” гэсэн баримт,

 

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 03 сарын 11-ний өдрийн 242/000854 тоотод Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанд “Монгол улсын иргэн Магсарын Мягмарсүрэн, РД:НШ68031169 Боржигон овгийн Балдандоржийн Оюунчимэг нар 1983 оны 01 сарын 15-нд гэр бүл болсныг 1986 оны 06 сарын 09-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байна” гэсэн бичилттэй  баримт, 

 

Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2016 оны 05 сарын 02-ны өдрийн 02/95 тоот албан бичигт “Магсарын Мягмарсүрэнд холбогдох хүн амын тооллогын 1989, 2000 онуудад холбогдох баримт байхгүй” гэх тодорхойлолт,

 

Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн №211 тоот дүгнэлтээр:

“Магсарын Мягмарсүрэн 1958-1963 оны хооронд төрсөн, 53-58 настай байх боломжтой” гэх баримт, 

 

Гэрч М.Давхарцэцэгийн “Миний бие 1957 оны 01 сарын 16-нд төрсөн, дүү Магсарын Мягмарсүрэн 1960 оны 12 сарын 13-нд төрсөн, дүү Магсарын Даваасүрэн 1962 оны 02 сарын 05-нд төрсөн юм” гэх мэдүүлэг,

-гэрч М.Даваасүрэнгийн “Миний ах Магсарын Мягмарсүрэн 1960 оны 12 сарын 13-нд төрсөн юм. Би М.Мягмарсүрэнгийн хамгийн отгон дүү нь юм” гэсэн тодорхойлолтууд тэдгээрийн иргэний цахим үнэмлэхийн хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Түүнчлэн нэхэмжлэгч нь өөртөө  эрх олгосон ямар нэгэн баримт бичиггүй байх тул бичиг баримтжуулахыг иргэний  бүртгэлийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг баримтлан Магсарын Мягмарсүрэнг Төв аймгийн Жаргалант суманд 1960 оны 12 сарын 13-ны өдөр төрсөн болохыг хууль ёсоор сэргээн тогтоож, түүнд иргэний бичиг баримт олгохыг Төв аймаг дахь Иргэний бүртгэлийн  байгууллагад даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч М.Мягмарсүрэн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ОЮУНЦЭЦЭГ