Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баттулга хөтлөн,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

хохирогч Б.О,

шүүгдэгч М.М,  түүний өмгөөлөгч улсын өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Мд холбогдох эрүүгийн 1905004550128 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.М нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номуун” зочид буудалд иргэн Б.Оын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: Би Оыг гараараа 2 удаа цохисон. Архины шилээр цохиогүй. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэв.

Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн зочид буудалд болсон маргааны улмаас М  намайг архины шилээр зүүн нүд хэсэгт цохисон. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Одоо хүртэл миний нүд эдгээгүй байна. Томографи болон хамрын эмчилгээний зардал гарсан. Эмнэлэгээр явах гэхээр мөнгөгүй болсон тул эмчилгээ хийлгээгүй байна. Тиймээс цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Тухайн үед шүүгдэгчтэй уулзсан. Намайг хохиролгүй болгож өгнө гэсэн боловч өөрөө 5 хоног алга болсон. Цаг хожиж байсан. Энэ гэмтлийн улмаас эмчилгээний зардал 250.000 төгрөг гарсан. Би сард 1.200.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг, энэ асуудлаас болж би ажлаа хийж чадаагүй.  Би Мөөс нийт 1.063.000 төгрөг нэхэмжилж байна. Намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.О мөрдөн байцаалтанд:2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн үед манай найз Хасчулуун залгаад Модны 2-ын “Сэвен” пабад байна хүрээд  ир гэхээр нь яваад очиход манай найз Хасчулуун зүс таних Чинзоо, Насаа, М нарын хамт дөрвүүлээ пиво уугаад сууж байсан тэндээсээ гараад 7 дугаар төвийн урд талд байдаг Номуун  зочид буудалд 406 тоот өрөөнд очиход Уугаа гэх зүс таних ах байсан тэгээд бид нар 6-лаа 0,5 литрийн 1 шил архи пиво ундаа ус ууцгаасан. Тэгэхэд хажуу талын өрөөнд хөдөөнөөс таньдаг Үйтүмэн гэх ах ирсэн амарч байсан. Тэгээд би ганцаараа хажуу өрөөнд орж Түмээ ахтай уулзаад хүний нэг нэг шил пиво захиалж юм ярьж суусан. Тэгээд орой 23 цагийн үед буцаад хажуу өрөөндөө ороход нөгөө хэд 1 шил 0,75 литрийн архи ууж байсан. Тэгээд түрүүлээд Насаа ах, Уугаа ах хоёр харилаа гээд явсан. Тэр өрөөнд Чинзориг, Хасчулуун, М бид дөрөв үлдсэн. Би тэр архинаас уугаагүй. Тэр гурав хувааж уусан. Тэгэхэд М намайг дээрэлхсэн байдалтай харьцаад намайг тамхи асаа, архи хий, ус аваад өг гэх зэргээр харьцаад байсан. Тэгээд Чинзориг хажуу өрөө рүү гараад явсан. Тэгээд Хасчулуун бид 2 явъя гээд босоход хажуу талаас М архины шил аваад цохиод унагасан...тухайн үед ямар шалтгаанаар намайг зодсоныг би мэдээгүй. Зүгээр сууж байгаад явах гэтэл ширээн дээр байсан архины шил аваад миний зүүн нүдний хэсэг рүү нэг удаа цохисон.  /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Хасчулуун мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн үед ...М нилээд муудсан бусад нь гайгүй байсан. Тэгээд цаг орой болоод О бид хоёр явах болоод би 00-ын өрөөнд утсаар ярьж байхад өрөөнд пид пад, хөөё гэх чимээ гарахаар нь би 00-ын өрөөнөөс гараад ирэхэд О газар унасан хажууд нь М гартаа архины шил барьсан зогсож байсан. /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Чинзориг мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн үед гадуур явж байхад манай найз Насаа залгаад Модны-2-ын  пабад байна гэхээр нь яваад очиход Насаа, М, Хасчулуун нар байсан. Гаднаас О бид хоёр орсон. Тэгээд пабад тэд нар пиво уугаад дуусч байхаар нь авч гараад Номуун нэртэй зочид буудлын 406, 407 тоот өрөөнд орсон. Тэгээд бид нар буудалд 6-лаа 2 шил 1 литрийн архи ундаа ус ууцгаасан. Тэгэхэд манай хуурай дүү О надтай үг зөрөөд маргалдах гээд байсан. Тэгээд О, М 2 маргалдаад хэрэлдээд О, М, Хасчулуун нар гараад явсан. Тухайн үед би нэлээд муудсан орж гараад зарим юмаа сайн санахгүй байгаа. Тэгээд гаднаас О, М, Хасчулуун нар буцаж орж ирэхэд Оын зүүн шанаа нь хавдсан байдалтай Хасчулуун надад танай найз чинь манай найзыг цохичихлоо гээд  дайраад байхаар нь найзыгаа аваад яв гэсэн. /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Лханаажав мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлстийн Тайшир 113 чиглэлийн хөдөлгөөнт авто эргүүлд цагдаагийн ахлах ахлагч н.Энхбаярын хамт Баянгол дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд Тайшир 10-с 00:20 цагт Номуун зочид буудалд зодоон болоод байна гэсэн дуудлага хүлээн аваад очиж шалгахад уг буудлын гадаа 2 хамгаалагч, 4 залуугийн хамт хүлээгээд зогсож байсан. Юу болсон талаар асуухад хохирогч гэх 25 орчим насны залуу намайг таньдаг ах маань зодчихлоо гээд тэнд зогсож байсан өндөр гэзэгтэй залууг зааж байсан...тухайн үед зодуулсан гэх залуугийн зүүн нүд нь хавдаж, зүүн шанаа хэсэг нь хавдсан харагдсан. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1513 дугаартай: Б.Оын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, дух зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүүний зүүн булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний дотор булан, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн  нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн боломжтой. /хх-ийн 18/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр М.М мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн үед өөрийн найз Энхтулга, Насанжаргал, Үйтүмэн, Байгаль-Эрдэнэ нарын хамт Номуун зочид буудалд уулзаж 2, 3 шил архи ууж юм ярьж сууцгаасан. Тэгээд буудалд манай найзуудын найз гээд нэг залуу ирсэн. Тэгээд Насанжаргал сүүлд ирсэн танихгүй залуу бид орой буудлаас гараад Модны 2-ын пабад орж пиво ууцгаасан. Тэгээд тэнд Насанжаргалтай Чинзо яриад Одонбаа гэх залуутай хамт пабад ирсэн. Тэгээд бид нар пиво ууцгаасан. Тухайн үед би буудалд нэлээд уусан байсан болохоор пабад ороод ууж сууж байгаад тасарсан. Тэгээд нэг сэрсэн буудалдаа буцаад ирсэн байсан. Тэгээд би нэг сэрэхэд Чинзо, Үйтүмэн түүний найз эмэгтэй, Одонбаа нөгөө танихгүй залуу байсан. Тэгээд бид нар дахиад 1 шил архи ууж байгаад хоорондоо юм ярьж сууж байгаад Одонбаа, Чинзо, Үйтүмэн хоёртой маргалдаж согтуурхаад байсан. Тэгээд би ахын дүү боль олон  нийтийн газар агсам тавиад болохгүй гэхэд Одонбаа босч ирээд намайг хальт алгадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд босч ирээд Одонбааг зүүн нүд рүү нь гараараа 2 удаа цохисон.  /хх-ийн 26/ гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

М.Мий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 42/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 

 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

М.М нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номуун” зочид буудалд иргэн Б.Оын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Оын”...хажуу талаас М архины шил аваад цохиод унагасан...” /хх-ийн 8/,  гэрч Г.Хасчулууны”...О газар унасан хажууд нь М гартаа архины шил барьсан зогсож байсан...”/хх-ийн 10/, гэрч Б.Чинзоригийн “...Оын зүүн шанаа нь хавдсан байдалтай Хасчулуун надад танай найз чинь манай найзыг цохичихлоо гээд  дайраад байхаар нь найзыгаа аваад яв гэсэн..”. /хх-ийн 12/, гэрч Э.Лханаажавын”...хохирогч гэх 25 орчим насны залуу намайг таньдаг ах маань зодчихлоо гээд тэнд зогсож байсан өндөр гэзэгтэй залууг зааж байсан. ...тухайн үед зодуулсан гэх залуугийн зүүн нүд нь хавдаж, зүүн шанаа хэсэг нь хавдсан харагдсан...” /хх-ийн 14/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1513 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/, компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 24/, хохирлын баримт /хх-ийн 25/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүргийг хуулиар хүлээгээгүй М.М мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... би зөрүүлээд босч ирээд Одонбааг зүүн нүд рүү нь гараараа 2 удаа цохисон...”  /хх-ийн 26/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Хяналтын прокуророос М.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч М.Мийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас М.Мийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэрэгт хохиролтой холбогдох 245.000 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул 245.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.От олгож, харин Б.О өөрт учирсан хохиролтой холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч М.Мийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Түүнчлэн М.Мий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. М.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шүүгдэгч М.Мөөс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар 245.000 төгрөг гаргуулж хохирогч Б.От олгосугай.  

 

  1. Хохирогч Б.О өөрт учирсан хохиролтой холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ