| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0063/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/61 |
| Огноо | 2019-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Хохирогч Д.Г-,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү, Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Б.Г-, Э.Б-, И.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-, Э.Б-, И.М- нарт холбогдох эрүүгийн 1938000530045 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Г-,
Монгол улсын иргэн, Э.Б-,
Монгол улсын иргэн, И.М-,
Шүүгдэгч Б.Г-, Э.Б-, И.М- нар нь бүлэглэж, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Х аймгийн М сумын - багт байрлах С сургууль доторхохирогч Д.Г-ыг сандлаар болон гараар цохих зэргээр зодож, няцрал, зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г-, Э.Б-, И.М- нар нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Х аймгийн М сумын - багт байрлах С сургууль доторхохирогч Д.Г-ыг сандлаар болон гараар цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун зовхи, баруун, зүүн хацар, дагзны хуйханд няцрал, дух, хамар, баруун зүүн хацарт цээжний ар гадаргууд зулгаралт, зүүн хацар, завьж, зүүн мөр, гуянд цус хуралт, 1 ширхэг араанд сулрал бүхий бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би С сургуульд жижүүрээр ажилладаг юм. ...Төгсөгч хэдэн банди нар ирээд “ахаа ангидаа ороод жаахан байж байгаад гаръя” гэхээр нь “тэг, тэг” гэж хэлэхэд тухайн хүүхдүүд 309 номерын ангид орсон. Хэсэг байж байтал нөгөө банди нар дуулалдаад байхаар нь би гартал зургаан банди архи тойруулаад уугаад сууж байсан. Тэгэхээр нь би “та нар одоо ингэж болохгүй, гар, одоо яв” гэсэн чинь “за” гэсэн. Би буугаад ирэх байх гэж бодоод доор очоод байж байтал дахиад дуулалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би ороод цонхнуудыг нь хаагаад “одоо гар, сургууль архи дарс хэрэглэж болохгүй” гэсэн чинь...Б.Г- босож ирэнгүүтээ “би энэ сургуулийг төгссөн шүү дээ, энд уух ёстой” гэж хэлэнгүүтээ намайг заамдаж аваад миний баруун талын шанаа руу нэг удаа цохисон. Тэр үед би түүнийг “яаж байгаа юм бэ” гээд түүнийг заамдаад авахад хажуу талаас намхан жижигхэн банди болон саарал юүдэнтэй цамцтай банди цохиж зодсон. Эд нар намайг зодоод унахаар нь би хойшоогоо булан руу наалдаад толгойгоо дараад сууж байхад нэг нь сандлаар нуруу руу маань цохисон. Хэн цохисон болохыг нь мэдэхгүй байна. Тэгээд тал, талаас өшиглөж цохисон. Эмчлүүлсэн 3.000.000 төгрөгийн хохирол гарснаас Б.Г- нь 1.467.000 төгрөг, И.М- 150.000 төгрөг төлсөн. 1.690.460 төгрөгийг Э.Б-, И.М- нарааснэхэмжилнэ гэв.
Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын дундуур байхаа /яг өдрийг нь сайн санахгүй байна/ ... орой 22 цагийн үед нөхөр Д.Г-ынхаа утас руу залгахад утсаа авахгүй салгаад байсан. Тэгээд би 23 цагийн үед нөхөр лүүгээ залгахад “би хүнд зодуулчихлаа, гялс цагдаа дууд” гэж хэлээд утсаа тасалсан...Нөхрийнхөө ажил дээр очиход нөхөр Д.Г- маань зодуулчихсан байдалтай байсан. Тэгээд надаас “сая чамтай хэдэн хүүхдүүд тааралдсан уу” гэж асуухаар нь “засмал зам өөд алхаад явж байна лээ” гэж хэлсэн. Д.Г- бид хоёр машинаа...гаргаж ирээд тэр хүмүүсийн араас хөөсөн...Тэгээд нөхөр бид хоёр тэндээсээ Шийдвэр гүйцэтгэлийн тийшээгээ явж байхад нөхрийг маань зодсон банди нарын нэг нь такси барих гээд зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/
Гэрч Л.Г-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ..Манай багийн Б.Г-, И.М-, Зулбадрах, Алтаншагай, Э.Б- бид 6 ууж сууж байгаад Зулбадрах найз охин нь дуудаад түрүүлээд явсан. Удалгүй жижүүр ах орж ирээд архи ууж байхыг хараад “Одоо ахын дүү нар гараарай” гээд хэлчихээд гараад явсан. Жижүүр ах Д.Г- 20-30 минутын дараа дахиж орж ирээд архи булааж аваад Б.Г-тай маргалдаад зодолдож эхэлсэн. Жижүүр ах Д.Г- Б.Г-ыг сандлаар цохихоор нь И.М-, Э.Б- хоёр Б.Г-ыг өмөөрч Д.Г- ахыг цохиж, өшиглөсөн. Би Б.Г-, Д.Г- ах хоёрыг салгах гээд дийлээгүй юм. Тэгээд жижүүр ах Д.Г- найз Б.Г- хоёр зодолдохоо болиод гадаа гараад хоорондоо юм яриад байсан. ... Б.Г-ыг Д.Г- ахтай барилцаж авсан байхад И.М- жижүүр ахын нуруу руу нь гараараа цохисон. Э.Б- нь урдаас нь цээж рүү өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/
Гэрч Л.А-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: …Тэгээд бид зургаа “архи ууя” гэж ярилцсан. Уух газар олдохгүй болохоор нь “сургууль дотор ууя” гэж яриад жижүүр ах Д.Г-аас гуйж гурван давхарт нэг ангид орсон. Дараа нь Б.Г-, И.М- хоёр гараад дэлгүүрээс 0.75 литрийн Экс нэртэй архи хоёр ширхэг, 2 литрийн хэмжээтэй нэг ширхэг Сэнгүр нэртэй пиво аваад цүнхэндээ хийж оруулж ирсэн. Тэгээд ууж эхлээд хоёр ширхэг 0,75 литрийн хэмжээтэй Экс дуусаж байхад жижүүр ах Д.Г- орж ирээд “Ахын дүү нар одоо гараарай, дуулаад чанга байна шүү” гэхээр нь “За уучлаарай агаа, одоохон гарлаа” гэж бид нар хэлсэн чинь жижүүр ах гараад явсан. Миний дотор муухай оргиод байсан болхоор би 00 орох гээд нэг давхарт байдаг 00 руу яваад 30 минут болсон байх. Тэгээд орж ирсэн чинь Зулбадрах, Э.Б- хоёр “Хаашаа явчихсан юм бэ, ямар удаан алга болдог юм” гэж хэлээд урдаас гарч ирсэн. Би дээшээ өгсөөд ууж байсан ангидаа орсон чинь Д.Г- ах, Б.Г- хоёр заамдалцаад зогсож байсан. Би Э.Б-, Ганхөлөг хоёрт “Би хөдлөх тэнхээ алга Б.Г-ыг аваад гараарай, Д.Г- ахыг арай хэтэрхий зодсон юм биш үү” гэж хэлээд Зулбадрахтай түрүүлээд сургуулийн хашааны гадаа гарсан. Зулбадрах намайг “наадуулаа хая, одоо хоёулаа явъя” гэж хэлэхэд нь “Үгүй ээ. Адилхан уучихаад нэгийгээ орхиод явж яах юм бэ” гэж хэлээд тэнд зогсож үлдээд Зулбадрах яваад өгсөн. Тухайн үед ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 29- 30-р тал/
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 48 дугаартай: Д.Г-ын биед баруун зовхи, баруун, зүүн хацар, дагзны хуйханд няцрал, дух, хамар, баруун зүүн хацарт цээжний ар гадаргууд зулгаралт, зүүн хацар, завьж, зүүн мөр, гуянд цус хуралт, 1 ширхэг араанд сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. Д.Г-ын биед гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 33-р тал/
Шүүгдэгч Б.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: …Бид нар сууж.байтал 20 орчим минутын дараа жижүүр ах дахиж орж ирээд “одоо гар” гэснээ шууд архи булаагаад авчихсан. Тэгэхээр нь би очоод барьцалдаад авсан. Би түрүүлээд тэр ахын нүүр лүү цохисон. Тэгсэн тэр ах сандал барьж аваад миний нуруу руу цохихоор нь би очоод наалдсан чинь хажууд байсан И.М- босч ирээд жижүүр ахын нүүр лүү цохисон. Э.Б- хажуугаас ороод тэр ахыг өшиглөсөн. Би жижүүр ахын сандлыг булааж аваад буцаагаад нуруу руу нь нэг удаа цохисон. Харсан чинь тэр ахын нүд нь тагларчихсан байсан.Жижүүр ахын утас нь уначихсан байхаар нь би “цагдаа дуудчихна” гэж бодоод утсыг цнь авчихсан. Тэгээд бид нар хүн зодчихлоо гэж айгаад гарцгаасан...Би Д.Г- гэдэг хүнээс уучлалт гуйсан. Энэ асуудал бол миний буруугаас болж үүссэн...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54, 61-62-р тал/
Шүүгдэгч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэгээд бид нар архи пивоо ууцгаагаад дуулаад сууж байтал 00:00 цагийн орчимд жижүүр ах гаднаас орж ирээд “одоо гараарай чанга байгаад байна шүү цонхнуудаа онгойлгоорой гэхээр нь гэхээр нь бид нар уучлаарай ахаа одоо гарлаа гээд цонхнуудаа онгойлгосон жижүүр ах гараад явсан. Зулбадрах “найз охин дуудаад байна, хамт гаръя гэхээр нь сургуулийн гадна гарсан. Зулбадрахыг явуулчихаад буцаад орсон чинь Алтаншагай “би нолийн өрөөнд унтчихсан юм шиг байна” гээд шатан дээр явж байсан. Тэгээд бид хоёр хамт ангид орсон чинь жижүүр ах Б.Г-тай барилцаад зогсож байсан. Алтаншагай “хувцасаа өмс, явъя” гэхээр нь хувцасаа өмсөж байсан чинь Алтаншагай “андаа очоод салгаач” гэхээр нь би очоод салгасан чинь жижүүр ах сандлаар Б.Г-ыг цохичих шиг болохоор нь Б.Г- тэр ахыг бариад авсан. Тэр хоёр зодолдож байхад нь би жижүүр ахыг хажуугаас нь нэг удаа жийж өшиглөөд Б.Г-ы хувцсыг авч өгөөд хамт гарцгаасан....гэх мэдүүлэг /хх-ин 67-69-р тал/
Шүүгдэгч И.М-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тал шил архи үлдчихсэн байсан тэрийгээ дуусгах гээд сууж байтал 20 орчим минутын дараа жижүүр ах дахиж орж ирээд Б.Г-тай архиа булаацалдаад нэг мэдсэн чинь зодоон эхэлчихсэн байсан. Жижүүр ах Б.Г-ыг нуруу руу нь сандлаар саваад цохиж харагдхаар нь би “чи миний найзыг яаж байгаа юм бэ” гээд нүүр лүү нь нэг удаа цохисон. Яг хаашаа цохисоныг нь мэдэхгүй байна. Би орж гараад хальт, хальт санаад байгаа юм. Нэг мэдэхэд гадаа гарчихсан байсан. Зулбадрах, Аптаншагай бид гурав хашааны гадаа зогсож байсан. Б.Г- жижүүр ахтай сургуулийн гадна эвлэрээд байх шиг байсан, Бид гурав хүлээж байгаад хамт явцгаасан.Бид нар алхаад такси дуудаад Хан-Уул дэлгүүрийн урд ирэхээр болоод явж байтал Хан-уул дэлгүүрийн урд нэг машин зогсож байсан. Яваад очтол нэг эгч гарч ирснээ бариад авсан. Тэгээд “машинд суу” гэхээр нь би “яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь жижүүр ах машинаас бууж ирсэн. Би “машинд суухгүй” гээд тэр эгчтэй зууралдаад гудамж руу орсон. Б.Г- ирж намайг тэр эгчээс салгаж аваад бид нар зугтаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-66-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Г-, Э.Б-, И.М- нар нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Х аймгийн М сумын - багт байрлах С сургууль дотор хохирогч Д.Г-ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Б.Г-, Э.Б-, И.М- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Г-, Э.Б-, И.М- нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Б.Г- нь хохирогч Д.Г-тай харилцан тохиролцож, уучлалт гуйж эвлэрсэн тухай 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн эвлэрлийн гэрээ, хохирогчийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Б.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Хохирогч Д.Г- нь шүүгдэгч Э.Б-, И.М- нараас 1.690.460 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байх боловч нотлох баримтын хэмжээнд 1.183.300 төгрөгийн баримтыг үнэлж, шүүгдэгч Э.Б-, И.М- нараас тус бүр 591.650 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Харин хохирогч Д.Г- нь цаашид гарах эмчилгээний зардал болох 507.160 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Э.Б-, И.М- нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Эрүүгийн 1938000530045 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г-, Э.Б-, И.М- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-, Э.Б-, И.М- нарт тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн 1938000530045 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Г- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-, И.М- нараас тус бүр 591.650 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Г-т олгож, хохирогч Д.Г- нь цаашид гарах эмчилгээний зардал болох 507.160 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Э.Б-, И.М- нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР