Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 104/2022/00675/И |
Дугаар | 210/МА2024/00230 |
Огноо | 2024-01-29 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/00230
2024 01 29 210/МА2024/00230
Ч.Э-ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 104/ШШ2023/00527 дугаар шийдвэртэй,
Ч.Э-ы нэхэмжлэлтэй, “Л” ХХК, “М” ХХК, Б.Г, Г.Г нарт холбогдох,
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 114,564,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.У, хариуцагч Б.Г, Г.Г, хариуцагч Г.Г-ын өмгөөлөгч Б.Ч, хариуцагч “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 08 дугаар хороо, Жанцангийн зүүн талын уулзварын гэрлэн дохион дээр зогсож байтал Хово маркийн .... УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж, зам тээврийн осол гаргасан. Жолооч Б.Г нь замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг зөрчин бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан. Б.Г-ийн гэм буруутай үйлдэл Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдсон. Улмаар хохирлын хэмжээнээс үл шалтгаалан хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулаагүй, хүн нас бараагүй тул зам тээврийн ослын гэмт хэрэгт тооцохгүй гэсэн үндэслэлээр Б.Г-ийг цагаатгасан шийдвэр гаргахдаа надад учирсан хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шийдвэрт тусгасан.
1.2. Миний машинд “В” ХХК-ийн үнэлгээгээр 114,564,750 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Тухайн ослоор Ч.Э миний биед хөнгөн гэмтэл учирсан. Эд хөрөнгийн хохирлыг Б.Г болон бусад иргэний хариуцагч нар бүрэн төлөхөөр баталгаа гаргасан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.
1.3. “Т” ХХК-тай байгуулсан гэрээгээр тээвэрлэлтийг “Л” ХХК хариуцаж, тээвэрлэлттэй холбоотой замын хөдөлгөөнд оролцуулах, жолооч нарын даатгалд хамруулах, замын хөдөлгөөнд бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл оролцуулах болон ачаа даацыг тохируулах, мөн тээвэрлэлттэй холбоотой бүхий л дүрэм журмыг сахин биелүүлэх үүргийг “Л” ХХК хүлээсэн. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол хуульд зааснаар болон гэрээний дагуу хариуцлагыг хүлээнэ гэсэн хуулийн зохицуулалттай.
Иймд хариуцагч “М” ХХК, “Л” ХХК, Б.Г, Г.Г нараас тус бүр 28,641,187 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Г-ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Тухайн хэргээс болж 11 машин гэмтсэн бөгөөд 9 машины хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэг хүний хохирол үлдсэн боловч төлж чадаагүй. Би хүний бүрэн бус техник барьж авто тээврийн хөдөлгөөнд орж осол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний бүх эд зүйлийг битүүмжилсэн. Ээжээс минь үлдсэн ганц эд хөрөнгө болох хашаа байшингаа зараад энэ бүх хүний төлбөрийг барагдуулсан. Ч.Э-ийн тухайд машинаа үнэлгээгээр орууллаа гэх үед нь үнэлгээний зардалд 400,000 төгрөгийг өөрөөсөө гаргаж төлсөн. Нэхэмжлэгч намайг эмчилгээний төлбөрт 1,000,000 төгрөг өг гэсэн тул 700,000 төгрөгөөр нэг удаа, дараа нь 300,000 төгрөгийг явуулсан. Сүүлд нэхэмжлэгчийн хүүхэд залгаад аавын бие муу байна гэсэн тул нэхэмжлэгчийн дансанд дахин 300,000 төгрөг шилжүүлснээс хойш мөнгө өгөөгүй.
2.2. Г.Г бид хоёрын дунд бичгээр хийсэн гэрээ байхгүй, цалин хөлс тохиролцоогүй. Г.Г нь “намайг өмнө барьж байсан жолооч архи уугаад байна, чи хэд хоног яваад өгөөч” гэж гуйсан. Түүний машины эвдрэл гэмтлийг би хариуцахгүй. Тухайн тээврийн хэрэгсэл урд өдөр тоормозны хий алдаад байна, янзлуулахгүй бол би маргааш ажилд гарахгүй гэж хэлсэн боловч “Л” ХХК-ийн н.Б гэгч залгаад ажилдаа гарвал гар, гарахгүй бол тооцоо хийхгүй гэж хэлсэн. Г.Г намайг “чи аргалаад яваад өгөхгүй бол маргааш тооцоо хийхгүй гээд байна” гэж хэлсэн. Би Г.Г-д хий алдаад байгаа машиныг яах юм бэ гэхэд замаараа сэлбэгийн дэлгүүр ороод авчих гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь н.Б эгч залгаад нэг рейсэндээ яв гэж хэлсэн тул би явахаар болсон.
2.3. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Тухайн тээврийн хэрэгсэл миний дээр байдаггүй, өмчлөгч нь би биш юм. Техникийн хувьд бүрэн бүтэн л гэж ойлгон хүлээн авсан боловч тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн биш, ачааг хэтрүүлсэн талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Би зөвхөн жолоог барьж ачааг хүргэх үүрэгтэй байсан тул нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ хэрэгт бусад хариуцагч нар буруутай гэжээ.
3. Хариуцагч Г.Г-ын татгалзал, хариу тайлбарын агуулга:
3.1. Нэхэмжлэлийн шаардлага болох 114,567,750 төгрөгийг нэхэмжилсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан хохирлоос илүүтэйгээр бичигдсэн байх тул хохирол бодит бус, хэт өндөр үнэлгээгээр нэхэмжилсэн байна.
3.2. Тухайн осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгч нь тусдаа байсан. Өөрийнх нь ажилтан алдаа гаргаснаар хохирол төлөх ёстой байдлаар тодорхойлсон боловч уг тээврийн хэрэгсэл нь ББСБ-ын нэр дээр байсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй заасан бөгөөд хуулийн дагуу авто машины эзэмшигч нь ББСБ байсан.
3.3. Бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд гэм буруутай байх шинжийг заавал байхыг шаарддаг бөгөөд хэргийн материалд байгаа материалуудаас Г.Г-ыг гэм буруутайд тооцсон зүйл байхгүй бөгөөд зөвхөн Б.Г-той холбоотой үйлдэл гэмт хэргийн шинжтэй хэмээн шалгагдаж байсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн нийтлэг ерөнхий заалтад хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан байх, үйлдэл хохирол хоёр нь шалтгаант холбоотой байхыг шаарддаг. Г.Г нь машин түрээсэлж ажил хийдэг бөгөөд өмнө нь мөн адил машинаа түрээсэлж, ашиг орлогоо олж, амьдралаа болгодог байсан. Хуульд буюу гэрээнд заасан ямар үүргээ зөрчсөн байна гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл шилжүүлээгүй бөгөөд өмчлөгч өөрийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангана гэсэн агуулгатай тайлбар хэлсэн. Гэтэл Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд механикжсан тээврийн хэрэгсэл ямар байх, жолооч ямар үүрэгтэй байх, ямар тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглахгүй байх, тээврийн хэрэгслийн зөрчлийн жагсаалтад маш тодорхой дүрэм журмаар зохицуулж өгсөн. Тухайн үед Хово маркийн авто машиныг Б.Ганзориг жолоодож байсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад зааснаар жолооч эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, мөн тухайн авто машины гэмтэл, бүрэн бүтэн байдлыг хэн нь хангах вэ гэдэг дээр маргаан байгаа. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал гэдгийг жолооч эвдрэл гэмтэлтэй машиныг ашиглахыг хориглосон заалт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан байдаг. Тухайн машиныг Г.Г биш Б.Г эвдрэл гэмтэлтэй гэдгийг мэдсээр байж унаж явж байгаад бусдад хохирол учруулсан тул Б.Г хариуцна. Эзэмшигч гэдэг нь шууд болон шууд бус эзэмшигч гэж хуульд заасан байгаа. Шууд эзэмшигч буюу тухайн үед Б.Гбайсан бөгөөд тухайн авто машиныг жолоодож байсан. Шууд бус эзэмшигч бол тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр албан ёсоор нэр бичигдсэн “Т” гэх ББСБ юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хариуцагч “Л” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
4.1. Нэхэмжлэгч Ч.Э нь гурван хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа нэхэмжлэлийн агуулгыг харвал дөрвөн хариуцагчаас дээрх хохирлыг шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тэрээр ямар хариуцагчаас, ямар ундэслэлээр, ямар хэмжээний хохирол гаргуулахаар шаардсан тухайгаа нэхэмжлэлдээ дурдаагүй. Тиймээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй.
4.2. “Л” ХХК нь нэхэмжлэгч Ч.Э-д ямар нэгэн хохирол, хор уршиг учруулаагүй учраас энэхүү иргэний хэргийн жинхэнэ хариуцагч биш болно. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. Энэ заалт нь “Л” ХХК-д хамааралгүй. Тодруулбал, “Л” ХХК гэрээнд заасны дагуу хариуцагч Г.Г-тай амаар харилцан тохиролцож, тээвэрлүүлэхээр болсон. Б.Г-ийг танихгүй, мөн ажил гүйцэтгүүлэхээр тохиролцож байгаагүй тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Г, Б.Г нар “Л” ХХК-д хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилдаггүй, үүрэг хүлээгээгүй. Тиймээс хариуцагч Г.Г, Б.Г нарын бусдад учруулсан гэм хорыг “Л” ХХК хариуцах хууль зүйн үндэслэлгүй.
4.3. Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээ байгуулсан эсвэл байгуулагдаагүй, эсвэл тус гэрээнд “Л” ХХК оролцсон эсвэл оролцоогүйгээс үл хамааран “Л” ХХК-иас гэм хорын хохирол шаардаж байгаа бол “Л” ХХК нэхэмжлэгч Ч.Э-д бодитойгоор гэм хорын хохирол учруулсан байхыг хуулиар шаардана. Гэтэл “Л” ХХК санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гийн улмаас нэхэмжлэгч Ч.Э-д хохирол учраагүй. Хэрэв учруулсан гэж үзэж байгаа бол тус Хово маркийн авто машины өмчлөгч нь “Л” ХХК байх, эсвэл “Л” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр жолооч, албан тушаал хашдаг, ажилладаг ажилтан тус тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч байхыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан заалтаар шаарддаг. Тус хуулийн зохицуулалтын дагуу шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй тул “Л” ХХК нь нэхэмжлэгч Ч.Э-д учирсан гэм хорыг хариуцах үндэслэлгүй.
4.4. “Л” ХХК хариуцагч Г.Г-аар тээвэрлүүлэхээр болсон нь буруутгах үндэслэлгүй. Тус гэрээнд гуравдагч этгээдэд хохирол учруулсан тохиолдолд тээвэрлэгч “Л” ХХК хариуцан арилгана гэсэн заалт байхгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар “Л” ХХК уг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч биш байх, мөн Б.Г-т тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгснөөр хариуцлагыг “Л” ХХК хариуцах агуулгатайгаар хуульчлагдсан байдаг.
Иймд дээрх хуулийн зохицуулалтуудад заасны дагуу “Л” ХХК-д гэм хорын хохирол хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас “Л” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч “М” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Манай компанийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Бид энэ талаар мэтгэлцэж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Л” ХХК, Б.Г, Г.Г нараас тус бүр эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 38,188,250 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Э-д олгож, хариуцагч “М” ХХК-аас хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагч “Л” ХХК, Б.Г, Г.Г нараас тус бүр 243,591 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
7. Хариуцагч “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
7.1. Шүүх гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй бөгөөд талуудын хоорондох эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй.
Зам тээврийн ослын улмаас хохирсон этгээд өөрт учирсан гэм хорыг арилгуулах шаардлагыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасан үндэслэлээр автомашиныг жолоодож явсан этгээдэд холбогдуулан гаргах, эсхүл мөн зүйлийн 499.3, 499.4-т зааснаар тээврийн хэрэгслийн ашиглагч болон өмчлөгч, эзэмшигчээс шаардах боломжтой. Өөрөөр хэлбэл, осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүн нь хариуцагч Б.Г, жолоодож яваагүй боловч ашиглах боломж олгосон, ашиглагчийг өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн хүн нь Г.Г байх ба эдгээр нь хариуцлага хүлээхийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан байхад шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй.
7.2. “Л” ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар Ч.Э-ы эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан зүйл байхгүй ба энэ тухай талууд маргаагүй. Гэвч шүүх “Л” ХХК-аас хохирол гаргуулж шийдвэрлэхдээ 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээнд тээвэрлэгчээр “Л” ХХК оролцсон учраас нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцах учиртай гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Г.Г өөрийн Хово маркийн тээврийн хэрэгслийг Б.Г-т шилжүүлсэн, Б.Г тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөний улмаас Ч.Э-ны эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт тогтоогддог.
Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн а) энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон зэрэг зөрчлийг хариуцагч Г.Г болон Б.Г нар гаргасан. Тээврийн хэрэгсэл нь уг эвдрэл гэмтэлтэй байсныг мэдэж байсан талаар Г.Г, Б.Г нар шүүх хуралдааны явцад тайлбарладаг бөгөөд энэ нь Б.Г-т холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөдөлбөргүй байдлаар тогтоогдсон. Хэрэв Г.Г болон Б.Г нар тээврийн хэрэгслийг эвдрэлтэй байсныг мэдсэн атлаа тээвэрлэлт хийгээгүй бол уг осол гарахгүй байсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, техникийн зөрчилтэй, осол гарах бүрэн боломжгой талаар мэдсэн, түүнийгээ ухамсарласан атлаа нуун дарагдуулж тээвэрлэлтэд явснаас болж осол гарсан. Тэдгээрийн замын хөдөлгөөний дүрмээ чанд сахин биелүүлэлгүй, дүрэм зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасанчлан санаатай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ үндэслэлээр хариуцагч Б.Г, Г.Г нар хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Шүүх нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учруулсан осолд “М” ХХК-ийг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж дүгнэн хохирлоос чөлөөлсөн. Гэвч тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ даац хэтрүүлсэн буюу тогтоосон хэмжээнээс илүү ачаа ачсан учраас осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн үйлдэл нь жолооч Б.Г болон хариуцагч “М” ХХК нартай шууд хамаатай үйлдэл гэдгийг шүүх өөрийн үзэмжээр няцаасан. Учир нь “М” ХХК нь ачаа ачиж өгсөн ба тогтоосон хэмжээнээс илүү ачаа ачсан түүний үйлдэл, Б.Г нь даац хэтрүүлэн ачаа ачсаныг мэдсээр байж замын хөдөлгөөнд оролцсон, мөн энэ талаар “Л ХХК-аас нуусан зэрэг үйлдлүүд нь нэхэмжлэгч Ч.Э-ы эд хөрөнгөд хохирол учирсантай шууд шалтгаант холбоотой. Иймд ”М” ХХК-ийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй.
7.3. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсгийг үндэслэсэн боловч уг зүйл заалт нь маргаан бүхий үйл баримтад хэрхэн хамаарч байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Иргэний хуулийн 497 дүгаар зүйлийн 497.3-т гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан ба нэхэмжлэгч Ч.Э-ны эд хөрөнгөнд гэм хор учирхад “Л” ХХК нь шууд гэм хор учруулсан, гэм хор учруулсан этгээдийг уруу татсан, дэмжин тусалсан, гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан болох нь тогтоогдоогүйн зэрэгцээ шүүх энэ талаарх бодитой дүгнэлтийг хийгээгүй атлаа энэхүү хууль зүйн үндэслэлээр “Л” ХХК-ийг буруутгаж буйг хүлээн зөвшөөрөхгүй.
7.4. Шүүх хариуцагч Г.Г 17-65 УБЗ улсын дугаартай автомашиныг “Т” ХХК-аас олгосон зээлээр худалдан авсан бөгөөд үүргийн гүйцэтгэлд тухайн автомашиныг зээл олгогчийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн гэж тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч хэн байсан болохыг баримтад тулгуурлан дүгнэсэн атлаа осол болох үед автомашины өмчлөгч, эзэмшигч байсан этгээд гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөхгүй байх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Ингэснээр тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэхгүйгээр, өмчлөгч буюу эзэмшигч бус этгээд болох “Л” ХХК-аас хохирол гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсгийг үндэслэж хариуцагч Б.Г, Г.Г, “Л” ХХК-аас тус бүр 38,188,250 тегрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь тус хуульд зааснаар гэм хор учруулахад буюу Б.Г-ийн жолоодож явсан Хово маркийн автомашин нь нэхэмжлэгчийн автомашиныг мөргөж осол гаргахад “Л” ХХК-ийн ямар нэгэн бодитой оролцоо байгаагүй. Хууль зүйн хувьд “Л” ХХК нь нэхэмжпэгч Ч.Э-д хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй байхгүй тул Иргэний хуулийн 497.1, 497.3 дахь заалтууд хамаарахгүй тул гэм хорын хохирол 38,188,250 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул “Л” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн 38,188,250 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлох баримтыг бүх талаас нь шинжлэн судалсны үндсэн дээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг болон холбогдох бусад зүйл заалтыг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Хэргийн 12-15 дугаар талд Сайжруулсан шахмал түлш нийлүүлэх гэрээний 1.3-д тухайн тээврийг ачих, тээвэрлэх, буулгах, хүлээлгэн өгөх ажлыг “Л” ХХК хариуцна. Мөн тээврийн хэрэгслийн аюулгүй бүрэн бүтэн байдал, жолоочийн хариуцлагын даатгал, холбогдох даатгалыг тээвэрлэгч тал бүрэн хариуцна. Энэ нь тээвэрлэгчийн гэрээнд заасан үүрэг юм. Тус үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэрээ, хууль тогтоомжид заасны дагуу хариуцна гэж заасан. Дээрх зохицуулалт нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн гэм хорын зохицуулалттай уялддаг. Өөрөөр хэлбэл, “Л” ХХК хуульд заасны дагуу бүрэн бүтэн байдлыг хангаж тээвэрлэлтэд гаргасан бол тус хохирол гарахгүй байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд ачих ачааны хэмжээг 2 дахин хэтрүүлсэн. Үүний улмаас тормоз ажиллагаагүй болсон, тормозлоод зогсоогүй гэдэг нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. “Л” ХХК-ийн эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд хариуцагч Г.Г-ын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар нь үндэслэлтэй. Учир нь “Л” ХХК тээвэрлэлтийг хариуцсан компани юм. Өөрөөр хэлбэл, тээвэрлэлтийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй байсан. Үйл ажиллагаагаа явуулахдаа Г.Г-тай хамтарч ажилласан. Иймд Ч.Э-д учирсан хохиролд “Л” ХХК нь хамааралтай бөгөөд энэ нь нотлох баримтын хүрээнд тогтоогдсон. Гурвалсан гэрээнд “М” ХХК байдаггүй. Тээвэрлэлтийн ачилтын хоорондын харилцаанд “М” ХХК байгаагүй. “Т” ХХК-аас Г.Г-д шилжсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Иймд энэ талаарх гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч “Л” ХХК, “М” ХХК, Б.Г, Г.Г нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд хариуцагч тус бүрээс 28,641,187 төгрөг буюу нийт 114,564,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, шүүхийн цагаатгах тогтоол, магадлал, тогтоол, хөрөнгийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Хариуцагч Б.Г нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Жанцангийн уулзварын зүүнээс баруун чиглэлд Хово /Howo/ маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа нэхэмжлэгч Ч.Э-ны жолоодон явсан Тоёота ланд круйзер 200 /Тоyota land cruiser 200/ маркийн ..... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан.
3.2. Уг зам тээврийн осол нь жолооч Б.Г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 12.3, 24.1-д заасныг зөрчиж ачааны жинг хэмжээнээс хэтрүүлж, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож, аюул тохиолдох үед зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас гарсан.
3.3. Тус зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Ч.Э-ы эд хөрөнгөд 114,564,750 төгрөгийн хохирол учирсан.
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбарт үндэслэн зөв тогтоож, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлж, хариуцагч “Л” ХХК, Б.Г, Г.Г нараас тус бүр 38,188,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Э-д олгож, хариуцагч “М” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтад тус тус нийцжээ.
Ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч Ч.Э, хариуцагч Б.Г, Г.Г нар давж заалдах гомдол гаргаагүй.
5. Хариуцагч “Л” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
5.1. Хариуцагч Б.Г-ийн жолоодож явсан Хово /Howo/ маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осол гарах үед “Т” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь “Автотээврийн үндэсний төв”-ийн лавлагаагаар тогтоогдсон.
“Т” ХХК нь дээрх тээврийн хэрэгслийг хариуцагч Г.Г-тай байгуулсан фидуцийн гэрээний үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн өмчлөлд бүртгүүлсэн байх тул “Т” ХХК-ийг тээврийн хэрэгслийн бодит өмчлөгч гэж үзэхгүй, улмаар түүнд гэм хорын хариуцлагыг хариуцуулах үндэслэлгүй.
Иймд хариуцагч “Л” ХХК-ийн гаргасан “...тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс гэм хорын хохирлыг шаардах боломжтой...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй.
5.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасан.
Тээвэрлэгч “Л” ХХК нь техникийн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр, тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй ачаа тээвэрлэх үүргийг зөрчсөн гэм буруутайн улмаас зам тээврийн осол гарч, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байх тул хариуцагч “Л” ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Тодруулбал, “Т” ХХК болон “Л” ХХК-ийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээ”-ний 6.1-д “ажлын даалгавар, захиалгын дагуу үйлдвэрээс гарч байгаа технологийн хуудас, зарлагын баримт бүхий сайжруулсан шахмал түлшийг нийлүүлэгчээс хүлээн авч ачих, тээвэрлэх буулгах ажлыг тээвэрлэгч бүрэн хариуцна” гэж, 6.5-д “машин тоног төхөөрөмж, ачигч нарыг бэлэн байлгаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж болон замын хөдөлгөөний дүрэм журмыг мөрдөж ажиллах үүргийг тээвэрлэгч хүлээнэ” гэж тус тус заасан байх ба тээвэрлэгч “Л” ХХК нь хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
5.3. Анхан шатны шүүхийн хийсэн “...хариуцагч ”Л” ХХК нь бүрэн бус тээврийн хэрэгслээр тогтоосон хэмжээнээс илүү буюу 10,000 тонн ачих техникийн үзүүлэлттэй тээврийн хэрэгсэлд 30,000 тонн ачаа ачиж, даацыг 2 дахин хэтрүүлсэн нөхцөл байдалд захиалагчийн хувьд хяналт тавиагүй...” гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Иймд “...нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан явдалд “Л” ХХК-ийн шууд болон шууд бус гэм буруу байхгүй...” гэсэн агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Л” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 104/ШШ2023/00527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Л” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 348,892 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ