Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00211

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2024          01           26                                       210/МА2024/00211

 

 

 

Э.Б, Г.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/03430 дугаар шийдвэртэй

Э.Б, Г.Д нарын нэхэмжлэлтэй, НШШГГт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Э.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, гуравдагч этгээдийн төлөөлөгч К.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “У ХХК” ХХК-ийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0 дугаар шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1658 дугаар магадлалаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үүрэг гүйцэтгэгч Э.Б, Г.Д нараас нийт 566,657,046 төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох нэхэмжлэгч нарын өмчлөлийн ,,,,,, улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Будда Виста хотхоны 0 дугаар байр, ,,, тоотод хаягт байрлах 152 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2. НШШГГт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нарын өмчлөлийн ,,,,,, улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Будда Виста хотхоны 0 дүгээр  байр, ,,, тоот хаягт байрлах, 152 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бид 2,000,000,000 төгрөгөөр үнэлж, тус саналаа НШШГГт албан бичгээр хүргүүлсэн. Улмаар тус үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр “"Ф" ХХКийг шинжээчээр томилсон бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 955,610,000 төгрөгөөр тогтоосон. Нэхэмжлэгч нарын дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 1 гару     н жилийн өмнө буюу 2022 онд 1,500,000,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулахаар тохиролцож байсан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цаашид өсөх хандлагатай байсан тул уг тохиролцоог цуцалж, үл хөдлөх эд хөрөнгийг авч үлдсэн.

Иймд шинжээч “"Ф" ХХКийн хийсэн үнэлгээ манай үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг илтэд бууруулсан дүгнэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, дахин үнэлгээ хийлгэж өгнө үү гэжээ.    

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01395 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 210/MA2022/01658 дугаар магадлалаар Э.Б, Г.Д нараас 563,680,693 төгрөгийг гаргуулж “УлУ ХХКБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23290002 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Э.Б, Г.Д нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын ,,,,,, дугаарт бүртгэлтэй, Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 0 дүгээр байр, ,,, тоот хаягт байршилтай, 152 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2023 оны      1 дүгээр сарын 26-ны өдрийн 23290002/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 23290002/04 дугаар тогтоолоор хураасан.

Талуудад үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэж төлбөр төлөгч Э.Б, Г.Д нар 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үнийн саналаа 2,000,000,000 төгрөгөөр үнэлэн хариу мэдэгдсэн, төлбөр авагч “УлУ ХХКБ” ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр үнийн саналаа 800,000,000 төгрөгөөр тус тус үнэлэн хариу мэдэгдсэн. Улмаар талууд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 2/108 дугаар тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 955,610,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайланг ирүүлсэн. Төлбөр төлөгч нарт хөрөнгийг 955,610,000 үнэлсэн тухай 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4-222/6715 дугаар албан бичгээр үнэлгээний тайлангийн хамт төлбөр төлөгч Э.Б, Г.Д нарын хаягаар очиж гардуулж өгөн мэдэгдэл дээр гарын үсэг зуруулж тэмдэглэлээр баталгаажуулсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар НШШГГт холбогдох дахин үнэлгээ тогтоолгох тухай Э.Б, Г.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч Э.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл мөн зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон эсэх нь тодорхойгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, эсхүл хангасан эсэх талаар дүгнэлт өгөөгүй, тогтоох хэсэгт энэ талаар шийдвэрлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д “... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, зармыг нь хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон эсэхийг тусгахаар заасантай нийцээгүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэж заасан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт уг хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримт болон үйл баримтын талаар заагаагүй. Шийдвэрт уг хэрэгт хамааралгүй “"М" ХХК, Э.О нар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мэтээр дүгнэж, улмаар “Х-д төлбөр төлөх үүргээ гүйцэтгэвэл маргаан бүхий эд хөрөнгийн битүүмжлэл, хураан авсан ажиллагаа дуусгавар болно гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Э.Б, Г.Д тэдний охин Б.Э нарын өмчлөлд бүртгэлтэй бөгөөд гуравдагч этгээд “УлУ ХХКБ” ХХК-ийн зээлийн гэрээний барьцаанд тавигдсан бөгөөд “Х-тай ямар нэгэн хамааралгүй. Дээрх хэрэгт хамааралгүй этгээдүүд болох “"М" ХХК, Э.О, “Х нарын талаар дүгнэснээр ямар хэргийг шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй болсон.

4.2. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч тухайн хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль зүйн ямар үндэслэлээр шийдвэрлэж байгаа талаар болон гомдол гаргах эрхтэй эсэх талаар тайлбарлаж өгөөгүй. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар бүрэн дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан. Мөн маргааны гол үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ үндэслэлтэй эсэхийг дүгнээгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0 дугаар шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01658 дугаар магадлалаар Э.Б, Г.Д нараас 563,680,693 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,976,353 төгрөгийг тус тус гаргуулж, “УлУ ХХКБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Манайхаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн. Уг үүргээ биелүүлээгүй тул Э.Б Г.Д нараас санал авахад зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнэлгээ өгсөн. Харин төлбөр авагчаас шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул үл хөдлөх хөрөнгө дээр шинжээч томилуулж ажиллуулсан гэжээ.

 

            6. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгч үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл дахин үнэлгээн дээр дүгнэлт өгсөн, үнэлгээ хүчингүй болгуулах дээр дүгнэлт өгөөгүй гэж тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэрийн сүүлийн хэсэгт НШШГГт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэх тухай Э.Б, Г.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Хэрэгт хамааралгүй “"М" ХХК, Э.О нарыг маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч мэтээр дүгнэсэн гэж гомдол гаргасан. Шүүхийн шийдвэрт техникийн алдаа байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ “"М" ХХК, Э.О нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Будда Виста зайсан гудамж, 0 байр, ,,, тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргасан. Уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж, Э.Б, Г.Д нар НШШГГт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх шийдвэртээ уг байрны өмчлөгч нь Э.Б, Г.Д нар гэдгийг тодорхой дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, маргааны гол үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ үндэслэлтэй эсэхийг дүгнээгүй гэж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд үнэлгээний компани өөр байрыг үнэлээгүй, Будда вистагийн 5 байрыг үнэлсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байсан. Гэтэл шинжээч томилуулах эрхийг хангаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргах нь үндэслэлгүй.

6.2. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг зөрчсөн. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд үнэлэх боломжгүй эд хөрөнгийн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг байгаа. Үнэлгээн дээр маргаж байгаа бол 955,000,000 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийг бодож төлөх ёстой байсан. Нэхэмжлэгч нар зээл аваад 4 жил, шүүхийн шийдвэр гараад 2 жил, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 1 жил түдгэлзүүлсэн. Төлбөр авагч мөнгө, цаг хугацаагаараа хохирч байна.  Тус үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний компани 955,000,000 төгрөгөөр үнэлсэн. Адилхан 5 байрыг үнэлэхэд м.кв-г нь 5,900,000-6,557,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл бидний маргаан бүхий орон сууцыг 6,286,000 төгрөгөөр үнэлсэн байхад өндөр үнийн дүнгээр үнэлэх байсан гэж маргадаг. Хамгийн сүүлд Э.Бтай уулзахад давж заалдах гомдол гаргахгүй гэж хэлсэн атлаа 70,200 төгрөг төлөөд давж заалдах гомдол гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллага дэс дарааллаар нь ажиллагаа хийж, үнэлгээ гаргасан. Үнэлгээн дээр гуравдагч этгээд ч гомдол гаргаагүй, өөрсдөө үнэлгээн дээр гомдол гаргаад цаг хугацаа авч байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Э.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Э.Б, Г.Д нар нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Зохигчдын хооронд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнэ ханшаас доогуур хийгдсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг тогтоогоогүйгээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

4.а. Нэхэмжлэгч Э.Бгаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1397 дугаар шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 639,136,946 төгрөг гаргуулж УлУ ХХКБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэр эс биелүүлбэл барьцааны зүйл болох Э.Б, Г.Д, Б.Э нарын өмчлөлийн  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж 0 дүгээр байрны ,,, тоот хаягт байршилтай, 152 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан.

 

4.б. Гэтэл анхан шатны шүүх “НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, эд хөрөнгөд шинжээч томилж, “"М" ХХК Э.Огийн өмчлөлийн ... үл эд хөдлөх хөрөнгөд үнэлгээ гаргасан...” дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь хэрэгт байхгүй баримтын талаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

4.в. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн      үнэлгээг хүчингүй болгуулах талаарх гомдол гаргасан байтал шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дахин үнэлгээ хийлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй бөгөөд уг шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

5. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шинжээч томилуулах тухай” хүсэлтийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/03430 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЗОЛЗАЯА

 

                                       ШҮҮГЧИД                                     Т.БАДРАХ

 

                                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ