Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 020/2013/0336/з |
Дугаар | 001/ХТ2016/0183 |
Огноо | 2016-05-23 |
Маргааны төрөл | Тендер, Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2016/0183
“АНОМА” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “АНОМА” ХХК-ийн захирал Т.Ганбат, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхсайхан, өмгөөлөгч А.Эрдэнэцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэмэхбаяр, Ш.Нарангарав, өмгөөлөгч А.Нарантуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 777 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 157 дугаар магадлалтай, “АНОМА” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “АНОМА” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани “Шинэ урт цагаан төсөл”-ийн 2 ба 3 дугаар корпусыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргын санаачилсан “Худалдааны гудамж-2005” төслийн хүрээнд зарласан “Түрээсээр эзэмшүүлэх хувийн эзэмшлийн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” тендерт өрсөлдөн ялагчаар тодорсны үндсэн дээр Нийслэлийн Өмчийн газартай түрээсийн гэрээ болон дээрх 2, 3 дугаар блокод хөрөнгө оруулалт, их засвар хийлгэх гэрээг тус тус байгуулан, тухайн үеийн ханшаар нийтдээ 477,304,107 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, өнөөг хүртэл эзэмшиж үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч бидний 10 гаруй жил хөрөнгө оруулж, хүч хөдөлмөрөө зориулан одоо эзэмшиж байгаа Урт цагааны 2 болон 3 дугаар корпусыг бидэнд мэдэгдэлгүйгээр гэнэт “Шинэ урт цагаан” төсөл болгон “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх”, “Зураг төсөл боловсруулах-барих- өмчлөх-ашиглах” төрлөөр гүйцэтгэх концесс олгох уралдаанд шалгаруулалтаар бусдын өмчлөлд шилжүүлэхээр 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/341 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн нь хууль бус төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1 дүгээрт “Шинэ урт цагаан төсөл” гэж заасан байна. Уг 6/25 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад шинэ урт цагаан төслийн концессын зүйлийн тодорхойлолт гэж байгаа. Энэ тодорхойлолт бүхэлдээ бодит байдалд нийцэхгүй бөгөөд хууль зөрчсөн тодорхойлолт болсон. Учир нь тодорхойлолтод: “Бөх батын чанар хангаагүй, газар хөдлөлтөд тэсвэрлэхгүй” гээд барилгыг буулгах шийдвэр гаргасан. Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Барилга ашиглалтын төлөв байдлын тухай” 07-4/358 дугаар дүгнэлтэд барилгын үндсэн хийц бүтээцэд өөрчлөлтгүй, ноцтой эвдрэл гэмтэлгүй, барилга болон цахилгааны дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээ, шингэрүүлсэн шатдаг хий чиглэлээр илэрсэн зөрчлүүдийг арилгаж, их засвар хийснээр цаашид ашиглах боломжтой байна гэсэн дүгнэлт гарч байснаас бус урт цагааны барилгын бөх батын чанар хангаагүй, газар хөдлөлтөд тэсвэрлэхгүй гэсэн мэргэжлийн байгууллагын техникийн дүгнэлт огт гараагүй байхад 6/25 дугаар тогтоолын тодорхойлолтод “бөх батын чанар хангаагүй, газар хөдлөлтөд тэсвэрлэхгүй” гэсэн нь үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй. Нийслэлийн Засаг дарга концессын зүйлийн талаар судалгаа хийх үүргээ биелүүлээгүй байхад хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал урт цагаан худалдаа үйлчилгээний төвийг концессын зүйлийн жагсаалтад нэмж оруулан 6/25 тоот тогтоолоо батлан урт цагааныг концессоор оруулахаар шийдвэрлэсэн нь Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон. Судалгаа хийсэн талаарх ямар ч нотлох баримтууд хавтаст хэрэгт байхгүй, Концессын зүйлийн талаар санал боловсруулах эрх, үүргээ Нийслэлийн Засаг дарга бүрэн гүйцэд, зохих ёсоор хэрэгжүүлээгүй байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал урт цагааныг концессын зүйлийн жагсаалтад нэмж оруулсан энэхүү тогтоолоор концесс олгохоор шийдвэрлэсэн нь Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг зөрчсөн хууль бус шийдвэр болсны зэрэгцээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу “энэ хуулийн 28.3-т заасан түрээсийн давуу эрх” болон Нийслэлийн Өмчийн харилцааны газартай 1997 оноос хойш байгуулсан бүх түрээсийн гэрээнд заасан давуу эрхийг шууд ноцтойгоор зөрчсөн шийдвэр болсон. ...Иймд, Нийслэлийн Засаг даргын “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/341 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын “Шинэ урт цагаан төсөл” гэсний “Анома” ХХК-д хамаарах хэсгээр хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргаас 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тутмын хэвлэлээр зарласан УБ2012/6-25-4 дугаар бүхий Монгол Улсын болон гадаадын этгээд, түүний нэгдлийг “Шинэ урт цагаан төсөл”-ийн “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх”, “Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” төрлөөр гүйцэтгэх концесс олгох уралдаант шалгаруулалт зарлах тухай шийдвэр буюу зарыг хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” 6/25 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын “Шинэ урт цагаан төсөл” гэсний “Анома” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулах, “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хувьчлах асуудлаар холбогдох шийдвэр гаргуулахыг хүсч үндэслэл бүхий өргөдөл, хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг “Анома” ХХК-ийн эрхийг хангасны үндсэн дээр хувьчлах арга, хэлбэрийг тодорхойлсон шийдвэр гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах, “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хувьчлах ажлыг хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдэр гарснаас хойш 3 сарын дотор “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хувьчлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хувьчлалын жагсаалтаас хасах тухай” 13/49 дүгээр тогтоолын “Хувьчлалын жагсаалтаас хасах аж ахуйн нэгж, барилга байгууламжуудын жагсаалт”-д “Урт цагаан үйлчилгээний төв” гэснийг “Анома” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 21/31 дүгээр тогтоолын “Тус тогтоол батлагдсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай” гэсний “Анома” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21/31 тоот тогтоолын хавсралтын 1-д буй “Шинэ урт цагаан төсөл” гэсэн хэсгийг “Анома” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” А/91 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын Нийслэлийн өмчийн концессын зүйлүүдийн төслүүд гэсний А-д Барилга байгууламж, орон сууцны салбар гэсний 1-д буй “Шинэ урт цагаан төсөл” гэснийг Анома ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” А/91 дүгээр захирамжийн 4 дэх хэсгийн “Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай” гэсний “Анома” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус тус гаргаж байна” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэж 6/25 дугаар тогтоолыг баталсан дээрх тогтоолыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3, Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтыг үндэслэн Газар хөдлөлтөд тэсвэрлэхгүй хуучин барилгыг буулгаж орчин үеийн шийдэл бүхий оффис-үйлчилгээний зориулалттай барилга барих зорилгоор “Шинэ урт цагаан төсөл”-ийг орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулан гуравдугаар хавсралтаар баталсан байна. Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан болно. Нийт 7500 м.кв бүхий Урт цагаан үйлчилгээний барилга нь 1962 оны барилга бөгөөд 53 жил ашиглагдаж байгаа бөгөөд 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Онцгой байдлын ерөнхий газрын дүгнэлтүүд тус тус гарсан ба 2013 оны Урт цагааны оношлонгоо гэсэн дүгнэлтэд “барилгын модон хучилт бүрэн эвдрэлд орсон, барилгын ханын зуурмаг барилгын шаардлагыг хангахгүй, газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн 16 үзүүлтээс 7 үзүүлэлт нормын шаардлагыг хангаагүй” талаар дурдсан байдаг. “Анома” ХХК нь Урт цагаан үйлчилгээний төвийн 1089 м.кв талбайг түрээслэн эзэмшдэг ба 2 болон 3 дугаар блокод 477 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. “Анома” ХХК нь өмчилж авах шаардлагыг хангаагүй ба 2008 оноос хойш ямар нэг түрээсийн гэрээ байгуулаагүй, хууль бусаар нийслэлийн өмчийг ашиглаж байна” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга нь нийслэлийн өмч бөгөөд 1962 онд ашиглалтанд орсон, өнөөдрийн байдлаар газар хөдлөлтөнд тэсвэрлэхгүй, хүн ажиллах нөхцөл боломж муутай болсон зэргийг харгалзан тус барилгыг буулгаж шинэ орчин үеийн шийдэл бүхий барилга бариулж, тодорхой хэсгийг буюу одоо байгаа 7000 гаруй м.кв ажлын талбайг бууруулахгүйгээр Нийслэлийн өмчид буцаан авч ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн ажиллах таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/25 дугаар тогтоолоор концессоор хэрэгжүүлэх ажлын жагсаалтанд орж батлагдсан болно. Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлд нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг заасан ба Нийслэлийн Засаг дарга нь концессын зүйлийн жагсаалтыг гаргаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах, гарсан тогтоолыг хэрэгжүүлэхээр хуульчилсан. ...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хүн амаа төлөөлж өмчлөгч нь байхаар заасан ба Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг хувьчлах шийдвэр гаргаагүй, концессын гэрээгээр хувийн хэвшлийн компаниар бариулан нийслэлийн өмчийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан тул “Анома” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 777 дугаар шийдвэрээр, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 9 дүгээр зүйлийн 9.6, 9.7, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З, 4, 6, 16 дугаар зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан
1.1. “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант комисс байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/341 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 2-т буй “Шинэ урт цагаан төсөл” гэснийг “Анома” ХХК-д хамаарах хэсгээр, Нийслэлийн Засаг даргаас 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тутмын хэвлэлээр зарласан УБ2012/6-25-4 дугаар бүхий Монгол Улсын болон гадаадын этгээд, түүний нэгдлийг “Шинэ урт цагаан төсөл”-ийн “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх”, “Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” төрлөөр гүйцэтгэх концесс олгох уралдаант шалгаруулалт зарлах тухай шийдвэр буюу зарыг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1 дүгээрт буй “Шинэ урт цагаан төсөл” гэсэн хэсгийг “Анома” ХХК-д холбогдох хэсгээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хувьчлалын жагсаалтаас хасах тухай” 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 дүгээр тогтоолын хавсралт болох “Хувьчлалын жагсаалтаас хасах аж ахуйн нэгж, барилга байгууламжуудын жагсаалт”-ын хоёрын 3-т буй Урт цагаан үйлчилгээний төв гэснийг “Анома” ХХК-д холбогдох хэсгээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21/31 дүгээр тогтоолын 4 дэх заалтын “Тус тогтоол батлагдсантай холбогдуулан” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ...2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25, ... дугаар тогтоолуудыг ... хүчингүй болсонд тооцсугай” гэснийг “Анома” ХХК-д холбогдох хэсгээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 21/31 дүгээр тогтоолын хавсралтын 1-д буй “Шинэ урт цагаан төсөл” гэсэн хэсгийг “Анома” ХХК-д холбогдох хэсгээр, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” А/91 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын Нийслэлийн өмчийн концессын зүйлүүдийн төслүүд гэсний А-д Барилга байгууламж, орон сууцны салбар гэсний 1-д буй “Шинэ урт цагаан төсөл” гэснийг “Анома” ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” А/91 дүгээр захирамжийн 4 дэх хэсгийн “Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай” гэснийг “Анома” ХХК-д холбогдох хэсгээр тус тус хүчингүй болгон,
1.2. “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хувьчлах асуудлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад хандан нэхэмжлэгчийн зүгээс холбогдох шийдвэр гаргуулахыг үндэслэл бүхий өргөдөл, хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг “Анома” ХХК-ийн хуульд заасан эрхийг нь хангасны үндсэн дээр тус компанид хувьчлах арга хэлбэрийг тодорхойлсон шийдвэр гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгаж,
1.3 “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хувьчлах ажлыг хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж,
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг баримтлан “шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдэр гарснаас хойш 3 сарын дотор “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг “Анома” ХХК-д хувьчлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 157 дугаар магадлалаар, дээрх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1, 3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.2, Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг баримтлан “Анома” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант комисс байгуулах тухай” А/341 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтад “Шинэ урт цагаан төсөл” гэснийг “Анома” ХХК-д хамаарах хэсгээр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тутмын хэвлэлээр зарласан УБ2012/6-25-4 дугаар бүхий “Шинэ урт цагаан төсөл”-ийн “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх”, “Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” төрлөөр гүйцэтгэх концесс олгох уралдаант шалгаруулалт зарлах тухай зар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” А/91 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын Нийслэлийн өмчийн концессын зүйлүүдийн төслүүд гэсний А-д “Шинэ урт цагаан төсөл” гэснийг “Анома” ХХК-д холбогдох хэсгээр, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” А/91 дүгээр захирамжийн 4 дэх хэсгийн “Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай” гэснийг “Анома” ХХК-д хамаарах хэсгээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 21/31 дүгээр тогтоолын 4 дэх заалтын “Тус тогтоол батлагдсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ...2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25, ... дугаар тогтоолуудыг ... хүчингүй болсонд тооцсугай” гэснийг “Анома” ХХК-д хамаарах хэсгээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21/31 дүгээр тогтоолын хавсралтад “Шинэ урт цагаан төсөл” гэснийг “Анома” ХХК-д хамаарах хэсгээр тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25 тоот тогтоолын 3 дугаар хавсралтын 1 дүгээрт буй “Шинэ урт цагаан төсөл” гэснийг “Анома” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хувьчлалын жагсаалтаас хасах тухай” 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 дүгээр тогтоолын хавсралт “Хувьчлалын жагсаалтаас хасах аж ахуйн нэгж, барилга байгууламжуудын жагсаалт”-ын 2 дахь хэсэгт “Урт цагаан үйлчилгээний төв” гэснийг “Анома” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулах, “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хувьчлах асуудлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад хандан нэхэмжлэгчийн зүгээс холбогдох шийдвэр гаргуулахыг хүсч үндэслэл бүхий өргөдөл, хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг “Анома” ХХК-ийн хуульд заасан эрхийг нь хангасны үндсэн дээр тус компанид хувьчлах арга хэлбэрийг тодорхойлсон шийдвэр гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах, “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг “Анома” ХХК-д хувьчлах ажлыг хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг “Анома” ХХК-д хувьчлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтын “хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Анома” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн үндэслэл бүхий 777 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагуудыг ханган шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлүүдийг няцаах ганц ч үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хуулийн холбогдох зүйл, заалтыг дураар хэсэгчлэн авч утга санааг алдагдуулан, мугуйдлан тайлбарлах замаар өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1 дүгээрт буй Шинэ урт цагаан төсөл гэсэн нь хууль бус байх тул “Анома” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулж, улмаар “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хувьчлах асуудлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад хандан нэхэмжлэгчийн зүгээс холбогдох шийдвэр гаргуулахыг хүсч үндэслэл бүхий өргөдөл, хүсэлтийг удаа дараа гаргасан боловч огт хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг “Анома” ХХК-ийн хуульд заасан эрхийг нь хангасны үндсэн дээр тус компанид хувьчлах арга, хэлбэрийг тодорхойлсон шийдвэр гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хувьчлалын жагсаалтаас хасах аж ахуйн нэгж, барилга байгууламжуудын жагсаалт”-ын Хоёрын 3-т буй Урт цагаан үйлчилгээний төв гэснийг “Анома” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулах”, мөн “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг “Анома” ХХК-д хувьчлах ажлыг хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай шийдвэрт тус бүр өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүхийн хэт нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гэж үзэн нэхэмжлэгч тал гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн 777 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагуудыг ханган шийдвэрлэхдээ үндэслэл болгосон нотлох баримт, түүнийг үнэлж дүгнэсэн байдлыг үгүйсгэн няцаах ганц ч үндэслэл бүхий гаргалаа хийлгүйгээр, хэт нэг талыг барьж, дур зоргоор авирласанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдлоор энэ хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэр, түүний хууль зүйн үндэслэгээ, нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдлыг авч үзэлгүйгээр харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг шууд анхан шатны шүүхийн байр сууриас авч үзэн өрөөсгөл дүгнэлт хийн хуулийг дур зоргоор тайлбарлах замаар анхан шатны шүүхийн үндэслэл бүхий шийдвэрийг өөрчлөн, нэхэмжлэгчийн дээр дурьдсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэт нэг талыг барин үндэслэлгүй шийдвэр гаргасан гэдгийг харуулж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн шаардлагуудын нэг ижил нөхцөлд өөр өөр дүгнэлт өгч, харилцан адилгүй шийдвэр гаргасан нь уг шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж дүгнэхэд хүргэв. Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хуралдаан даргалагч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг үг хэлүүлэхгүй, үгийг таслан зогсоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
“АНОМА” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй, харин шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан тул энэ гомдлын хүрээнд хэргийг хянах нь зүйтэй гэж үзэв.
Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” 29 дүгээр тогтоолоор “Урт цагаан” АҮТ-ийг Нийслэлийн өмчид шилжүүлсэн ба Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна” гэж заасны дагуу маргаан бүхий “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусын /цаашид “Урт цагаан” үйлчилгээний төв гэх/ өмчлөгч нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал юм.
Өмчийн хэлбэрээс үл хамааран өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй болохыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан бөгөөд энэ тохиолдолд, орон нутгийн өмчийн эд хөрөнгө “Урт цагаан” үйлчилгээний төвийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байна.
Энэхүү төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг хувийн өмчид шилжүүлэх /хувьчлах/, худалдах зэрэг захиран зарцуулах харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, харин өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийн харилцааг Концессын тухай хуулиар тус тус зохицуулсан ба эдгээр харилцаанаас сонгон хэрэгжүүлэх эрх гагцхүү өмчлөгчид хадгалагдана.
“АНОМА” ХХК-иас “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 11/65 дугаар тогтоолоор “Урт цагаан” үйлчилгээний төвийг хувьчлахаар шийдвэрлэсний дагуу тухайн хөрөнгийг хувьчлахад давуу эрхтэй авахаар байхад үндэслэлгүйгээр концессын зүйлийн жагсаалтад оруулсан” гэж маргажээ.
Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж заасан нь өмчийн эзэн буюу өмчлөгч тухайн хөрөнгийг худалдах /хувьчлах/ тохиолдолд л үйлчлэх эрх зүйн зохицуулалт болохоос өмчлөгчөөс тухайн хөрөнгийг хувьчлахыг шаардах эрх биш юм.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Төрийн өмчийн хорооны 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоолоор “Урт цагаан” үйлчилгээний төвийг хувьчлах хөрөнгийн жагсаалтад оруулсан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмын дагуу хувьчлах үйл ажиллагаа явагдаагүй, хувьчлах зүйлийн жагсаалтад орсноор хөрөнгийг хувьчлагдсан гэж үзэхгүй тул “Урт цагаан” үйлчилгээний төвийг тэргүүн ээлжинд авах давуу эрх “АНОМА” ХХК-ийн хувьд үүсээгүй байна.
Нөгөөтэйгүүр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” 6/25 дугаар тогтоолд “Шинэ урт цагаан төсөл”-ийг концессын зүйлийн жагсаалтад тусгасан нь Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчийн концессын зүйлийн хувьд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 7.2.1. орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй шийдвэр болно.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т “орон нутгийн өмчийг хувьчлах бодлого, чиглэл, хувьчилж үл болох орон нутгийн өмчийн жагсаалтыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэж батлах, түүнд өөрчлөлт оруулах” бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хувьчлалын жагсаалтаас хасах тухай” 13/49 дүгээр тогтоолоор “Урт цагаан” үйлчилгээний төвийг хувьчлалын жагсаалтаас хасахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв юм.
Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчийн концессын зүйлийн хувьд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 7.2.1. орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах” гэж зааснаар концессын зүйлийн жагсаалтад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрчлөлт оруулах эрхтэй боловч уг захиргааны хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жгсаалтад өөрчлөлт оруулах тухай” 6/25 дугаар тогтоолын “Шинэ урт цагаан төсөл” гэсэн хэсгийн биелэлтийг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байхад уг тогтоолыг хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 21/31 дүгээр тогтоолоор хүчингүй болгон, жагсаалтад өөрчлөлт оруулсан нь буруу байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Харин уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Хувьчлалын жагсаалтаас хасах тухай” 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 дүгээр тогтоол, “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21/31 дүгээр тогтоолыг тус тус гаргасан байх бөгөөд эдгээрээс “Хувьчлалын жагсаалтаас хасах тухай” 13/49 дүгээр тогтоол нь урьдах 2007 оны 11/65 дугаар тогтоолын хувьчлалын жагсаалтад өөрчлөлт оруулсан захиргааны акт байна. Энэхүү 2007 оны 11/65 дугаар тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байхгүйгээс гадна нэг захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актын нэгний биелэлтийг түдгэлзүүлснээр нөгөөгийнх бас түдгэлзэх ёстой гэж хийсвэрлэн дүгнэх боломжгүй тул нэхэмжлэгчийн “давж заалдах шатны шүүх ижил нөхцөл байдалд зөрүүтэй дүгнэлт хийсэн” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй юм.
Давж заалдах шатны шүүх Концессын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байх тул магадлалыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 157 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН