Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1374

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХХ” ХК-д холбогдох,

 

Шинэ бүтээлийн патент ашигласны төлбөр 3 031 485 150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ХХХХ” ХК-д 1997-2012 онд гидро геологич инженерээр ажиллаж байхдаа 2006 оноос бүтээлээ туршин улмаар 2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “шүүрүүлэх шуудуу” нэртэй шинэ бүтээлийн патент авсан. Патент авсны дараа тухайн үед “ХХХХ” ХК-ийн захиргаанд лицензийн гэрээ байгуулах төслөө танилцуулж гэрээ хийх санал тавьсан боловч хүлээж аваагүй. Иймд 2007-2015 онуудад миний бүтээлийг ашиглаж олсон орлогын 2 хувь болох 3 031 485 150 төгрөгийг “ХХХХ” ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ХХХХ” ХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь анх 1978 онд Төвийн эрчим хүчний системийн харъяа дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зориулалтаар байгуулагдан одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Уурхайн технологи үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор 1980 оноос эхлэн ил болон далд аргаар ус шүүрүүлтийн ажлыг явуулж эхэлсэн.

2015 оны байдлаар 68-70 ширхэг гүний цооног, 1 ширхэг ил зумфээр жилд 4,0-4,8 сая шоо метр ус зайлуулан ажиллаж байна. Ил аргаар ус зайлуулахдаа карьерын ус илэрсэн түвшинд ус цуглуулах цөөрөм буюу зумф ухаж насосоор усыг соруулж зайлуулан усны түвшинг доошлуулан нүүрсийг хуурайшуулан олборлодог. Ус зайлуулахдаа ил зумфыг зогсолтгүй ажиллуулах зорилгоор шаардлагатай үед шуудуу ухаж холбодог. Энэ арга нь 1980 оноос эхлэн одоог хүртэл ашиглагдаж байна.

“ХХХХ” ХК-нь нэхэмжлэгчийн “Шүүрүүлэх шуудуу” нэртэй шинэ бүтээлийн томъёолол /Шүүрэлтийн итгэлцүүр нь 5м /хоногоос бага, усжсан чулуулагтай нүүрсний үеийн усны үеэс доош 4 м.кв огтлолтой, 2 метрээс гүн уртааш суваг ухаж нарийн хайргаар дүүргэж халаалт хийх шүүрүүлэх шуудуу болгож ашиглана/ бүхий патентыг ашиглаж байгаагүй болно. Иймд нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна .

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “ХХХХ” ХК-д лицензийн гэрээ байгуулахаар хүсэлт тавихад хүлээн аваагүй гэж ярьдаг. Гэвч “ХХХХ” ХК-ийн 2007-2016 оны өргөдөл гомдлын хавтас болон архивын материалыг шүүхэд ХХХгоос ирсэн ямар нэгэн өргөдөл гомдол байхгүй, албан ёсны хүсэлт тавьж байгаагүй. Гидеро геологичийн ажлын байрны зорилго нь гүний усны түвшинг уулын ажлын технологид хүндрэл учруулахгүй хэмжээнд хүртэл бууруулахын тулд эдийн засгийн үр ашигтай, технологийн оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Уг ажлыг гүйцэтгэхдээ ажлын байрны зорилгын хүрээнд өөрийн хийх ёстой ажил үүргийн хуваарийн дагуу хийж гүйцэтгэсэн.

Шинэ бүтээлийн гол томъёолол нь шүүрүүлэлтийн итгэлцүүр нь 5 метр хоногоос бага байх, устсан чулуулаг буюу ус давхарга бүхий ашигт малтмалын ордны усыг богино хугацаанд зайлуулж усны түвшинг доошлуулахын тулд шүүрүүлэлтийн итгэлцүүрийг зохиомлоор нэмэгдүүлэх шинэ шийдэл. Патентаас харахад “Шүүрүүлэхийн шуудуу” гэсэн нэртэй боловч Оюуны өмчийн газраас ирсэн нотлох баримт дээр хэвтээ хатаалтын хайрганд хүрэх шуудуу гэсэн нэрээр анх хүсэлт тавьж байсан байдаг. ШУТИС-ийн шинжээчийн дүгнэлтээр 2007, 2008, 2011 онуудад “Шүүрүүлэхийн шуудуу”-г “ХХХХ” ХК ашигласан байна гэж гарсан боловч уулын ажлын төлөвлөгөө тайлан дээр үндэслээд “Шүүрүүлэхийн шуудуу” гэсэн үндсэн нэршлээр шинэ бүтээлээ гаргаж ирсэн байдаг.

“Шүүрүүлэхийн шуудуу” гэдэг ерөнхий нэршлийн хувьд уг зүйлийг “ХХХХ” ХК өмнө ашиглаж байсан, одоо ч ашигласаар байгаа. Нэхэмжлэгчийн хувьд мөхлөгтэй хайрга гэдэг зүйлийг ярьдаг. “ХХХХ” ХК-иас нэмэлт шинжээч томилуулж Мишээл-Од аудитын дүгнэлтэд 2958 тоот патентийг “ХХХХ” ХК ашигласан нь тогтоогдохгүй байна гэж гарсан. Нэхэмжлэгч ХХХ нь лицензийн гэрээ байгуулахаар албан ёсны хүсэлтийг “ХХХХ” ХК-д тавиагүй мөн 2958 тоот патентийг томъёололын дагуу ашиглаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ гүйцэтгэсэн. Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3 дахь хэсгүүдийг зааснаар хэсгүүдийг зөрчиж байгаа тул нэхэмжлэгчийн шаардсан мөнгийг “ХХХХ” ХК олгох боломжгүй байна. Шүүрүүлэх шуудуу патентийг ашигласан эсэх нь нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1,19.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ХХХХ” ХК-д холбогдох патент ашигласны төлбөр 3 031 485 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар хариуцагч “ХХХХ” ХК-ийг ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн шинжээчдийн зардал 2 824 550 төгрөгийг Голомт банкны 8115007020 дансанд тушаахыг үүрэг болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхээс миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Патентын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.6 дахь заалтуудыг баримтлан шийдвэрлэжээ. Гэтэл дээрх хуулийн 19.1 дэх заалтад “сонирхогч этгээд патент олгосон шинэ бүтээл, ... гэрчилгээ эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулна.” гэж заасан байдаг. Мөн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч намайг “ХХХХ” ХК-тай гэрээ байгуулаагүй байна гэж шүүх хуралдааны явцад буруутгаж, шийдвэрийн үндэслэх хэсэгт “гэрээ байгуулах боломжтой байсан ч эрхээ хэрэгжүүлээгүй, лицензийн гэрээ байгуулаагүй нь “ХХХХ” ХК-ийн буруутай үйлдлээс болсон гэх баримт байхгүй байна” гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалтыг эсрэгээр нь эгүүлэн хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хуулийн уг заалт нь патентын эрх авсан бүтээлийг ашиглахаар сонирхсон этгээд нь өөрөө тухайн эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулна гэж тодорхой заасан байна. Гэрээ байгуулаагүй нь миний буруу биш, хүний юмийг дураараа ашигласан “ХХХХ” ХК-ийн буруу гэж энэ хуулиас иргэн би ойлгож байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-т зааснаар төлбөр авах эрхтэй хэдий ч лицензийн гэрээг бичгээр үйлдэж Оюуны өмчийн газарт бүртгүүлээгүй тул хуульд заасны дагуу төлбөр авах эрхгүй гэжээ. Дээр дурдсанаар гэрээг би биш хүний юмийг ашиглах гээд байгаа нөгөө тал /сонирхогч этгээд/ байгуулах ёстой. Нэгэнт зохих эрх бүхий байгууллагад нь бүртгүүлээд өөрийн нэр дээр эрхээ авчихсан бүтээлийг минь бусад хэн нэгэн этгээд ашигласан тохиолдолд олсон орлогын зохих хувийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Тухайн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилж удаа дараа дүгнэлт гаргуулсан. Эхний дүгнэлтээр миний бүтээлийг 2007, 2008, 2011 онуудад Багануур ХК нь ашигласан байна гэж гаргасан. Хамгийн сүүлд гаргасан дүгнэлтэнд "Мишээл Од" гэгч аудитын компани нь уг бүтээлийг ашигласан эсэхийг тогтоох боломжгүй байна гэсэн утга бүхий, шүүхээс шинжээчид тавьсан асуултад огт хамаагүй “ХХХХ” ХК-д илт ашигтай дүгнэлтийг гаргаж ирүүлсэн.

Шүүх хуралдаанд миний бие энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, илт “ХХХХ” ХК-д үйлчилсэн байна гэж хэлсэн боловч түүнийг хүлээн аваагүй бөгөөд шийдвэр гаргахдаа зөвхөн тэр дүгнэлтийг үнэлэн үзсэн. Өмнө нь гаргасан ядаж л 3 жил ашигласан байна /бүтээлийг Багануур ХК нь байнга ашиглаж байгаа/ гэх шинжзэчийн дүгнэлтийг ямар үндэслэл шалтгаанаар үнэлээгүй тухайгаа шийдвэрт огт тусгаагүй байгаа нь шүүгч хууль зөрчиж, хэргийн баримтуудыг бүгдийг тэгш байдлаар судлаж шинжлэхгүйгээр зөвхөн “ХХХХ” ХК-д ашигтай баримтыг үнэлж хариуцагчийн талд үйлчилсэн гэж үзэхэд хүргэж байна. Иймд эдгээр байдлуудыг анхааран үзэж анхан шатны шүүхээс гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч ХХХ хариуцагч “ХХХХ” ХК-д холбогдуулж шинэ бүтээлийн патент ашигласны төлбөр 3 031 485 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч “ХХХХ” ХК нь нэхэмжлэгчийн “шүүрүүлэх шуудуу” шинэ бүтээлийн томъёолол бүхий патентийг ашиглаж байгаагүй, харин ил болон далд шүүрүүлэлтийн аргаар ус зайлуулах ажлыг 1980 оноос хойш одоог хүртэл хийж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

            Нэхэмжлэгч ХХХ нь “ХХХХ” ХК-д 1997 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Үйлдвэр, технологийн хэлтсийн гидрогеологич инженерээр ажиллаж байсан бөгөөд 2007 онд 2958 дугаартай “Шүүрүүлэх шуудуу” шинэ бүтээлийн патентийг Монгол Улсын  нутаг дэвсгэрт 20 жилийн хугацаанд хүчинтэй байхаар Оюуны өмчийн газраас баталгаажуулан авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

            Нэхэмжлэгч нь дээрх патентаар баталгаажсан “шүүрүүлэх шуудуу” технологийг хариуцагч “ХХХХ” ХК  нүүрс олборлохдоо ашиглаж 2007-2015 онд нийт 151 574 257 500 төгрөгийн орлого олсон, үүний 2 хувиар тооцож 3 031 485 150 төгрөгийг патент ашигласны төлбөрт нэхэмжилнэ гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр шүүхээс томилсон шинжээч буюу “Мишээл-Од Аудит”-ын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтээр дээрх патентийг ашигласан гэх нотолгоо олдохгүй гэж дүгнэжээ. 

            Дээрхээс хариуцагч “ХХХХ” ХК -ийг Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар патент эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулж, гэрчилгээ бүхий шинэ бүтээлийг ашиглах үүрэгтэй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Түүнчлэн, нэхэмжлэгч ХХХ нь 2007 онд “ХХХХ” ХК-ийн захирал ХХХ-тэй уулзаж, лицензийн гэрээ байгуулах талаарх саналыг амаар гаргасан ч саналыг хүлээж аваагүй, зөвшөөрөлгүйгээр патентийг ашигласан гэх боловч лицензийн гэрээ байгуулахаас хариуцагч байгууллага үндэслэлгүйгээр татгалзсан тухай болон, патентаар баталгаажсан шинэ бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа тухай гомдол, мэдээллийг зохих эрх бүхий этгээдэд хуульд заасан журмын дагуу тавьж шийдвэрлүүлээгүй, лицензийн гэрээ байгуулах тухай шаардлагыг хариуцагч “ХХХХ” ХК-д гаргаж байсан талаарх баримтгүй байна.

            Дээрхээс үзвэл хариуцагч буюу ажил олгогч “ХХХХ” ХК нь нэхэмжлэгчтэй патент  ашиглахаар гэрээ байгуулаагүй бөгөөд Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт заасан гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй юм.

            Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр зөв боловч шүүх төлбөр хариуцуулахаар шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй, лицензийн гэрээ байгуулах журмыг тогтоосон Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.6 дахь заалтыг шийдвэрт баримталсан нь буруу байх тул Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт заасан гэрээний төлбөр шаардах эрх үүсээгүй талаар тогтоох хэсэгт өөрчлөлт оруулна.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 220 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “19 дүгээр зүйлийн 19.1, 19.6 дахь хэсэгт тус тус зааснаар” гэснийг “16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч ХХХ давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ