| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0070/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/66 |
| Огноо | 2019-03-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Н-т холбогдох эрүүгийн 1938000330071 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Н-,
Шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны орчим - гэх газартзохих зөвшөөрөлгүйгээр 15.9 м3 мод бэлтгэж ойн санд 3,894,480 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны орчим - гэх газартзохих зөвшөөрөлгүйгээр 15.9 м3 мод бэлтгэж ойн санд 3,894,480 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэдээс ирсэн дуудлага мэдээллийн дагуу Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг Цэцүүхийн амны Бүргэдийн өвөр гэх газарт Тамгын газрын жолооч Буянхишиг, Байгаль орчны улсын байцаагч Б.Пүрэвсүрэн нарын хамт хяналт шалгалт хийхэд Бүргэдийн өвөр гэх газарт модны захад 4 метр орчим урттай 60 орчим ширхэг хуурай дүнз мод бэлтгэж хураасан байсан. Мөн түүний хажууд модон дотор 19 ширхэг нойтон дүнз модыг унагаж цагаалалгүй орхисон байсан тайраа ч үгүй зөвхөн унагаад орхисон байсан...Бид анх тус багийн “Ганболд гэдэг хүн зөвшөөрөлгүй мод бэлтгэлээ” гэсэн мэдээллээр очиж шалгасан юм. Тэгээд Ганболдтой уулзах гэхэд гэртээ байхгүй байсан. Маргааш нь сумын төвд Ганболд, Б.Н- гэдэг хоёр хүнийг дуудуулсан юм. Дуудуудсан учир нь Ганболдтой зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн асуудлаар уулзах гэж, харин Б.Н-тай болохоор нөгөө бэлтгэсэн мод гэрийнх нь хаяанд байсан учраас тэр модыг хариуцуулах гэж дуудсан юм. Тэгсэн чинь Ганболд ирээд “би тэр модыг бэлтгээгүй, би уулын оройд хэдэн хуурай дүнз бэлтгэсэн, түүнийгээ цагаалаагүй тэнд унагаад бөөгнүүлсэн байгаа, харин энэ модыг Б.Н- бэлтгэсэн юм” гээд Б.Н-ыг дагуулаад ороод ирсэн юм...Нөхөн төлбөрөө төлүүлэхийг хүсэж байна. Энэ мод бэлтгэсэн асуудлын улмаас сум дундын ойн ангийн дүгнэлтээс харахад байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээрээ 3.894.000 төгрөгийн хохирол гарсан байна... гэх мэдүүлэг /хх-ийн 33- р тал/,
Гэрч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:…Би байгаль хамгаалагч Батчулуунаас ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авч тэр өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Засаг даргын тамгын газрын жолооч болон байгаль хамгаалагч Батчулуун нарын хамт мод бэлтгэсэн
гэх газарт очиж хяналт шалгалт хийхэд тус сумын 2 дугаар багийн нутаг Цэцүүхийн амны Бүргэдийн өвөр гэх газарт босоо нойтон мод унагасан ул мөр болон хожуул, унагасан дүнз мод зэрэг нь газар дээрээ байсан. Мөн 60 ширхэг 4 метр урттай хуурай дүнз модны хаяанд цагаалж хураасан байсан....Тэр моднууд бол газар дээрээ уртаараа байсан. Зарим нэг модыг 4 метрээр тайрсан байсан...Энэ модыг тус багийн иргэн Б.Н- бэлтгэсэн байсан. Б.Н- энэ модыг бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан... Тухайн үед Б.Н- нь ойгоос мод унагаагаад хөрөөгөөр хуваагаад унагаасан газартаа ямар нэг хөдөлгөөнгүй орхисон байсан. Тэгээд бид нарыг хэмжихэд 18-22 метрийн урттай 22 ширхэг мод байсан. Мөн би өмнө нь энэ модыг тоолохдоо 19 гэж дутуу тоолсон байна лээ. Нэг модыг мод унагааж байхдаа унагааж байсан модоороо цохиж хугалсан юм шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,
Гэрч Г.Ө-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Эхлээд газар дээр нь очиж хэмжилт хийсэн байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нар модонд нарийн сайн хэмжилт хийгээгүй байсан. Харин сүүлд миний бие шинжээчийн тогтоолын дагуу Жаргалант сумын байгаль орчны байгаль хамгаалагч, байгаль хамгаалагч нартай хамт хэргийн газарт очиж модыг хэмжиж үзэхэд 18-22 метрийн урттай моднуудыг ойгоос зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсан учир дунджаар 20 метрийн урттай мод гэж дүгнэлтэндээ тусгасан. Иргэн Б.Н-ыг өөрийг нь байлгаж хэмжилт хийх гэсэн боловч малдаа явсан гээд байхгүй байсан...Модны хэмжилтэд ямар нэгэн алдаа байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/
Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1 дугаартай “...Жаргалант сумын 2 дугаар багийн Бүргэдийн өвөр гэх газарт байх зөвшөөрөлгүй бэлтгэсэн модонд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Өнөрсайхан, Жаргалант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Пүрэвсүрэн, байгаль хамгаалагч Б.Батчулуун, Э.Пүрэвдорж нарын хэмжилтээр 22 ширхэг нарийн үзүүрийн диаметр 8-14 см, 20 метрийн дундаж урттай 8.4 м[1] хэмжээтэй нойтон /цаашид амьдрах чадвартай/ шинэс мод, 4 метр урттай 18 см-ийн дундаж диаметртэй 60 ширхэг хуурай /цаашид ургах чадваргүй болсон/ 7.5 м3 хэмжээтэй шинэс мод нийт 15.9 м3 хэмжээтэй шинэс мод байгаа нь тогтоогдов. 2.Экологи эдийн засгийн үнэлгээ 3,894,480 /гурван сая найман зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун ная/ төгрөг 00 мөнгөний үнэлгээ бүхий шинэс мод байна...гэх дүгнэлт, хавсралт /хх-ийн 48-50-р тал/
Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
2018 оны 12 дугаар сарын 20-ний орчимд би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг Цэцүүхийн ам, Бүргэдийн өвөр гэх газраас үхрийн хашаа болон төлийн пүнз барихаар босоо нойтон мод 19 ширхэг, хуурай босоо мод 30 ширхэгийг унагаагаад хуурай модоо 4 метрийн хэмжээтэй тайрч, нарийн үзүүрийг нь үлдээгээд нийт 60 ширхэг 4 метрийн урттай мод болгоод цагаалж хураасан байсан. Харин босоо, нойтон 19 ширхэг модоо 4 метрийн урттай тайраад газар дээр нь унагаасан чигт нь орхисон байсан....Би ойгоос мод бэлтгэхэд эрхийн бичиг авдаг талаар мэдээгүй. Би модыг ганцаараа бэлтгээд хуурайг нь цагаалсан. Мод бэлтгэхдээ хятад хөрөө ашиглаж бэлтгэсэн...Байгаль орчинд учруулсан хохирлоо төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 38-р тал/
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-17-р тал/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18-р тал/
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 19-р тал/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21-р тал/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 22-23-р тал/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 25-26-р тал/
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 54-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны орчим - гэх газартзохих зөвшөөрөлгүйгээр 15.9 м3 мод бэлтгэж ойн санд 3,894,480 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт тусгагдсан шинжээчийн дүгнэлт, болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Н-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь хохирол 3.894.480 төгрөгийг төлж барагдуулсан баримт, эвлэрлийн гэрээ /хх-ийн 74-75-р тал/ зэрэг байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, мөн цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн дружба хөрөө 1 ширхэг, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 4 метрийн урттай, 60 ширхэг шинэсэн дүнз мод, 19 ширхэг нойтон дүнз мод зэргийг тус тус улсын төсөвт шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Н-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн дружба хөрөө 1 ширхэг, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 4 метрийн урттай, 60 ширхэг шинэсэн дүнз мод, 19 ширхэг нойтон дүнз мод зэргийг тус тус улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1938000330071 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР