Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00210

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2024            01           26                                       210/МА2024/00210

 

 

 

"А" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/03444 дугаар шийдвэртэй

"А" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Мд холбогдох,

4,602,203 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

"А" ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг наадамчдын зам гудамж, Ханбогд хорооллын 201-205, 301-305 дугаар байрны нийт 1,109 айл өрхтэй цэвэр ус, дулаанаар хангуулах, бохир ус татан зайлуулах ашиглалтын гэрээ байгуулан ажилладаг. Хариуцагч Б.М нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 303 байр, ,,тоот орон сууцны хэрэглээний халуун хүйтэн ус, дулаан, бохир ус шахан зайлуулсны төлбөр тооцоогоо 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл, 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 6 дугаар сар хүртэл төлөөгүй. Иймд хариуцагч Б.М нь дээрх хугацаанд төлөгдөөгүй үнийн дүн болох 3,141,633 төгрөг, алданги 1,460,570 төгрөг, нийт 4,602,203 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Монгол улсын Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т хүн амын хэрэглэж байгаа ундны болон ахуйн усны чанар, аюулгүй байдалд тухайн нутаг дэвсгэрийн төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамж хариуцсан байгууллага, албан тушаалтан холбогдох стандарт, дүрмийн дагуу хяналт, шинжилгээ хийж, усны чанарыг сайжруулах арга хэмжээг авах гэж заасан. Гэтэл "А" ХХК нь энэ үүргээ биелүүлээгүйгээс манай хотхоны ус байнга зэвтэй гарч, үүнийг засах талаар оршин суугчдаас гаргасан хүсэлтийг хүлээн авдаггүй. Хариуцагч нь зэвтэй усыг ундандаа болон ахуйдаа хэрэглэх боломжгүй тул дандаа зөөврийн ус хэрэглэж байгаа бөгөөд их хэмжээний зардал гаргасан. Түүнчлэн, хариуцагч нь “хотхоны группт ажлаа хиймээр байна, халуун ус дандаа зэвтэй, тостой гарч байна, алчуур угаагаад мушгихад хар тос гарч ирж байна, хүний эрүүл ахуйд нийцэхгүй ус дамжуулж байна” гэсэн агуулга бүхий пост бичдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Мгаас 3,141,633 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "А" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,460,570 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 65,216 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "А" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Б.Мгаас надад хуульд заасны дагуу итгэмжлэл олгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өмгөөлөгч Ц.Мтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Харин 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүх хурал зарлагдаж өмгөөлөгч хурал давхацсан шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаснаар дараагийн хурал 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр товлогдсон. Гэтэл уг хуралдаанд өмгөөлөгч өвчтэй байсан тул миний бие шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлт, нотлох баримтын хамт гаргасан байхад шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн мэтгэлцэх зарчим, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг тус тус хангаагүй.

4.2. Хавтас хэрэгт авагдсан 2019 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарыг хүртэл мэдээлэл илгээсэн түүхийг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бөгөөд уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

4.3. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дахь хэсэгт хэрэглэгч гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг, 3.1.14 дэх хэсэгт хангагч гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг гэж тус тус заасан. Хариуцагч "А" ХХК-ийн тухайд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-т заасан үйлчилгээг эрхлэн явуулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд юм. Мөн тус хуулийн 10 дугаар зүйлд Зохицуулах хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, 10.1.5 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлд маргаан шийдвэрлэх гэж, 22.2 дахь хэсэгт энэ хуулийн 22.1-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо шийдвэрлэнэ гэж, 22.3 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь энэ хуулийн 22.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасан.

Гэтэл "А" ХХК-ийн тухайд тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага атлаа хэрэглэгчтэй үүссэн маргаанаа Зохицуулах хороондоо хандаж шийдвэрлүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Анхан шатны шүүх хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь хуульд заасан журмыг баримтлаагүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 168 дугаар зүйлийн 168.1.2, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Шүүхийн процессыг би сайн мэдэхгүй. Б.М буюу үл хөдлөх хөрөнгийн эзэн 2019 оны 09 дүгээр сараас хойш ашиглалтын зардлаа төлөөгүй. Миний ойлгосноор Б.М явцын дунд хүнээс үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан байсан. Б.Мгийн нэр дээр тухайн хөрөнгийг шилжүүлсэн улсын бүртгэгч нь орон сууцны ашиглалтын зардлыг төлөөгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн. Засгийн газрын 211 дүгээр тогтоолоор төр цэвэр ус, дулааны төлбөрийг төлсөн гэдгийг утсаар болон мессежээр мэдээллийг өгч байсан. Анхан шатны шүүх Банкны тухай хууль болон гэрээнд заасны дагуу алдангийг танайх төл гэх шийдвэр гаргасан.

Өнөөдрийн байдлаар банкны алданги нь 1,696,000 төгрөг болсон. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар  "А" ХХК дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөлтэй. Ус сувгийн удирдах газар 110 метрийн гүний худгаас ус олборлож, ариутгаад, шугамаар түгээгээд хороолол руу аваачдаг. Б.М цоргоор нь шар ус гарч байгаа талаар орон сууцны конторт нэг ч удаа дуудлага өгөөгүй. Нийт хорооллын айлуудаас зэвтэй ус гарсан гэхээр нь тэр усан сангаас тэжээгддэг конторуудаас хамгийн түрүүнд 44,000,000 төгрөгийн зэв баригч тавьсан. Манай нэхэмжилсэн смарт контор программ 2 банкны дата билл дээр өгч байгаа нэхэмжлэхийг албан ёсны гэж үзэхгүй юм бол бусад 4,000 айл өрх яаж мөнгөө төлөөд байгааг ойлгохгүй байна гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч "А" ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан орон сууц ашиглалтын зардалд 3,141,633 төгрөг, алданги 1,460,570 төгрөг, нийт 4,602,203 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлаа “...халаалтын мөнгийг бол төлнө, харин бохир цэвэр усны мөнгийг төлөхгүй...” гэж тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор хэргийн 4-6 дугаар тал дахь “2019 оны 9-р сараас 2023 оны 6-р сарыг хүртэл мэдээлэл илгээсэн түүх” гэх баримтыг шүүхэд гаргажээ.

 

4.а. Дээрх баримт латин үсгээр бичигдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

4.б. Түүнчлэн, уг баримт хаана үйлдэгдсэн, ямар эх сурвалжтай мөн цахим болон бичмэл нотлох баримт болох нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

4.в. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 6 төрлийн төлбөрийн тооцоон дээр маргажээ.

 

Үүнээс дулаантай холбоотой төлбөр тооцоо дээр ковид-19 цар тахлын үед Засгийн газраас хөнгөлсөн үнийг хассан эсэх, бохир цэвэр усны төлбөр төлөгдөөгүй талаарх тооцоо тодорхой бус, мөн устай холбоотой тооцоонд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хуульд заасан дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаана.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан бусад гомдлын тухайд:

 

5.а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, талуудыг мэтгэлцэх зарчмыг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

5.б. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2023/18307 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өмгөөлөгч авах” хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл хугацаагаар, мөн хариуцагчийн өмгөөлөгчийн “шүүх хуралдаан давхацсан” үндэслэлээр хурал хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2023/18744 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 30 минут хүртэл хугацаагаар тус тус хойшлуулсан. /хх-ийн 22, 28/

 

5.в. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн “эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлтийг шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2023/19683 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/243 тоот тушаалаар хамтран баталсан “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-ын 4.5-д эмнэлгийн магадлагаа нь засваргүй, ойлгомжтой тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан эмнэлгийн магадлагаанд ерөнхий эмч гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь дээрх журамд нийцээгүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн зөв байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

6.а. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т ...хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо шийдвэрлэнэ, 22.3-т ...22.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж зохицуулжээ.

 

6.б. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах хороо нь тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй гэж тодорхойлсон бөгөөд 14 дүгээр зүйлийн 14.1.2-т хэрэглэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хангагч гэрээг цуцлах, учирсан хохирлоо төлүүлэхийг шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

 

Хэдийгээр хэрэглэгч, хангагчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо шийдвэрлэхээр хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан боловч нэхэмжлэгчийн шаардлага нь Зохицуулах хорооны чиг үүрэгт шууд хамаарахгүй байхаас гадна нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний үүрэгтэй холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргийг шаардаж шүүхэд хандсан байна.

6.в. Гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэгч иргэний шүүхэд хандсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/03444 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 65,217 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЗОЛЗАЯА

 

                                       ШҮҮГЧИД                                     Т.БАДРАХ

 

                                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ