| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 333 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
Өсвөр насны шүүгдэгч А.А , түүний хууль ёсны төлөөлөгч Д.Янжмаа,
Өсвөр насны шүүгдэгч Э.У , түүний хууль ёсны төлөөлөгч Т.Жаргалчимэг, тэдний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай, хялбаршуулсан журмаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч А.А , Э.У нарт холбогдох эрүүгийн 1806 08889 0253 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, А.А .
2. Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 529 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Э.У .
Холбогдсон хэргийн талаар
Өсвөр насны шүүгдэгч А.А , Э.У нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Баасанхүүгийн самсунг ж3 маркын гар утсыг хуурч залилан мэхлэн авч 174.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.У мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.А гийн хууль ёсны төлөөлөгч Д.Янжмаа мэдүүлэхдээ: “...Манай хүүхэд дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх үүднээс цаашид анхаарах болно. Солонгос явах гэж сургуулиасаа гарсан байсан. Сургуулиасаа гарсанаас хойш ажил хийж байгаад 9 сар алга болсон. Үүний дараагаар ийм хэрэгт холбогдсон байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.У гийн хууль ёсны төлөөлөгч Т.Жаргалчимэг мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр манай хүүхэд найзтайгаа уулзахаар гараад явсан. Энэ хоёр хүүхэд их нийлж хамт байгаад байдаггүй. Сургуулиасаа өөрөө алга болсон гэж багш нь сурагладаг байсан.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ш.Баасанхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-14/, иргэний нэхэмжлэгч С.Рэнцэндоржийн өгсөн мэдүүлэг /хх-18/, эд зүйлийн үнэлгээ /хх-27/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-16/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-50/, өсвөр насны шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49, 57/, шинээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг 1 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч А.А , Э.У нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Баасанхүүгийн самсунг ж3 маркын гар утсыг хуурч залилан мэхлэн авч 174.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Баасанхүүгийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчим өөрийн 33-01 УНН улсын дугаартай хонда фит загварын автомашинаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Ардын эрх”-ийн гаднаас 2 эмэгтэй хүн гар өргөхөөр нь авсан. Тэгээд тэр 2 эмэгтэй суугаад “Амгалан орно” гэж хэлсэн. Ингээд явах замдаа 100 айл орчимд нэг эмэгтэй нь “ахаа утсаа өгч байгаач хүн рүү ярихад өгье” гэж хэлээд миний самсунг ж3 загварын гар утсыг авсан. Миний гар утсаар Амгалан хүртэл ярьж явсан. Амгалан дээр ирээд нэг айлын гадаа ирээд “энэ айлаас куртик аваадая” гээд миний гар утсыг аваад буусан. Тэгээд тэр чигтээ алга болсон. Цг явсан охин нь “бие засаад ирье” гээд алга болсон.” /хх-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Рэнцэндоржийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын орой хэдэн цагийн үед сайн мэдэхгүй байна. Харанхуй болж байхад А.А над руу яриад “Баянзүрх дүүргийн Ботаникийн эцэс дээр уулзах уу” гэхээр нь би ойрхон явж байсан болохоор “тэгье” гээд 20 орчим минутын дараа очсон чинь А.А , Э.У хоёр байсан. “Мөнгөний хэрэг гараад байна гайгүй хямдхан утас авахгүй биз” гэхээр нь “за тэгье” гээд 30.000 төгрөг өгөөд авсан.” /хх-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Э.У гийн яллагдагчаар өгсөн: “...Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Хохирлоо бүрэн барагдуулна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй.” /хх-46/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Э.У гийн яллагдагчаар өгсөн: “...Зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэнэтийн байдлаас болоод энэ гэмт хэргийг үйлдсэн. Таксины жолооч ахын утсыг аваагүй” /хх-41/ гэх мэдүүлэг,
Эд мөрийн баримт хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-9-10/,
Хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-11/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-16/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-27-28/,
Нас тоолсон тэмдэглэл /хх-48, 56/,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-50-51/,
Өсвөр насны шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49, 57/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл өсвөр насны шүүгдэгч А.А , Э.У нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Баасанхүүгийн самсунг ж3 маркын гар утсыг хуурч залилан мэхлэн авч 174.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ш.Баасанхүү, иргэний нэхэмжлэгч С.Рэнцэндорж, өсвөр насны шүүгдэгч А.А , Э.У нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлэгээ, эд мөрийн баримтаар хураан авч хүлээлгэн өгсөн тухай баримт болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар өсвөр насны шүүгдэгч А.А , Э.У нар нь бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Хохирогч Ш.Баасанхүү, иргэний нэхэмжлэгч С.Рэнцэндорж нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг шүүхээс өсвөр насны шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч А.А д ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна гэж шийдвэрлэлээ.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Э.У д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “нийтэд тустай ажил хийлгэх ял”-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулахаар тогтов.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр шинжлэн судласан нотлох баримт болох Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн албан бичиг Э.У нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 529 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 108 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлтэй нь тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн нь бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтооно” гэж хуульчилсаны дагуу өсвөр насны шүүгдэгч Э.У д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн нийтгэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч А.А , Э.У нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А.А Э.У нарыг бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч А.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
3. Өсвөр насны шүүгдэгч Э.У д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Өсвөр насны шүүгдэгч Э.У д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 529 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 108 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 228 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч А.А , Э.У нар нь цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч А.А , Э.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч А.А , Э.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС