Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00171

 

 

 

 

 

 

      2024          01           22                                         210/МА2024/00171

 

 

Н.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/03848 дугаар шийдвэртэй

Н.Эы нэхэмжлэлтэй, С.Эд холбогдох

Автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн,

84,360,000 төгрөг гаргуулах, ,,,, улсын дугаарыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч О.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1.Нэхэмжлэгч нь урт цагааны гудамжид алт, мөнгөний арилжаа эрхэлдэг бөгөөд ажил хэргийн хүрээнд Э.Б гэж хүнтэй харилцдаг байсан. Э.Б нь “автомашинаа зээлийн барьцаанд алдах гээд байна, чөлөөлөөд авчих гэж гуйсны дагуу 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 106,780,000 төгрөгийг нэхэмжлэгч нь"Б" ХХК-д төлж, өөрийн танил Ш.А гэж хүний нэр дээр ,,,, улсын дугаартай, тоёота ланд круйзер 200 маркийн суудлын автомашиныг шилжүүлсэн. Дараа нь нэхэмжлэгч автомашиныг өөрийн нэр дээр өмчлөлдөө шилжүүлж авсан.

1.2. Зээл чөлөөлсний дараа Э.Б нь нэхэмжлэгчид түр унаатай болтол автомашиныг хэд хоног унаад өгье гэхээр нь зөвшөөрсөн боловч удалгүй нэхэмжлэгч нь Э.Б руу холбогдож автомашинаа авъя гэхэд тэрээр С.Э гэх хүнд өр төлбөртэй байсан тул тэр хүн автомашиныг барьцаалж авчихаад өгөхгүй байна гэсэн. Нэхэмжлэгч хариуцагч С.Э руу утсаар ярьж автомашинаа авъя гэхэд өгөөгүй. Нэхэмжлэгч нь маргаан бүхий автомашины хууль ёсны өмчлөгч тул автомашиныг хууль бусаар эзэмшиж байгаа С.Ээс шаардах эрхтэй.

Иймд маргаан бүхий тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, эд хөрөнгөө ашиглах боломжийг хариуцагч хааж байгаа тул ,,, улсын дугаартай, тоёота ланд круйзер 200 маркийн суудлын автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Би 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн төрсөн хүү Э.Згийн хадгаламжийн данснаас 24,000 ам.долларыг гаргуулан авч, төрсөн дүү с.эийн хамт Автотээврийн үйлчилгээний төв дээр очиж Э.Бд хүлээлгэн өгч, тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг худалдан авсан. Улмаар би Э.Бтай олон жилийн хугацаанд дотно найз нөхдийн харилцаатай байсан тул түүнд итгэж машин худалдсан иргэн болох Г.Бгаас Э.Бгийн нэр дээр шилжүүлүүлэх зөвшөөрөл өгсөн. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Э.Б өөрийн биеэр над дээр ирж автомашиныг хадгалуулж байя гэж хэлээд автомашиныг надад хүлээлгэн өгөхдөө 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “тодорхойлолт” гэсэн албан бичиг хийсэн. Харин Э.Б уг тээврийн хэрэгслийг бусдад дамжуулсан болохыг нэхэмжлэгч Н.Э гэх хүн над руу утсаар ярих үед мэдсэн.

2.2. Би ,,,, улсын дугаартай Ланд-200 маркийн автомашины анхны өмчлөгч гэж үзэж байна. Учир нь би уг автомашиныг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 24,000 ам.доллараар худалдан авсан болохоо нотолдог. Н.Э надаас машиныг шаардаж нэхэмжлэл гаргахад би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст хандаж “Э.Бд 24,000 ам.долларын үнэлгээтэй, ланд круйзер маркийн тээврийн хэрэгслээ зээлээр өгч, залилуулсан” гэх агуулгатай гомдол гаргасан бөгөөд уг гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Э ,,,, улсын дугаартай Ланд 200 маркийн автомашиныг Э.Бгийн бусдад төлөх 106,780,000 төгрөгийн зээл төлөлтийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр"Б" ХХК-д шилжүүлж, автомашины өөрийн нэр шилжүүлж авсан гэж тайлбарладаг. Н.Э өөрт учирсан дээрх хохирлоо Э.Бгаас шаардах эрх нь нээлттэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Н.Эы шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримталсан агуулгатай. Хариуцагч С.Э Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т заасан үндэслэл журмын дагуу маргаан бүхий ,,,, улсын дугаартай, тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныгГ.Бгаас худалдан авахдаа машины үнэ болох 24,000 ам.долларыг бүрэн төлсөн. С.Э нь тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг худалдаж авсан учраас түүнээс тээврийн хэрэгслийн үнийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан. Энэ үүднээс уг автомашиныг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш би аливаа хадлагаас хамгаалж, өөрийн харуул хамгаалалтад байлгаж байна.

3.2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэгт өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэж заасан. Би Э.Бтай олон жилийн туршид дотно найз нөхдийн харилцаатай байсан учраас түүнд маш их итгэж машин худалдаж авах мөнгө өгч, мөн өмнөх өмчлөгчГ.Бгаас шууд Э.Бгийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн. Улмаар Э.Б уг машиныг худалдаж авсан машинаа өөрөө унах боломжтой гэж бодож өөрийн төрсөн дүү с.эийн эзэмшилд байсан ,,, улсын дугаартай приус 20 маркийн авто машины дугаараар солих хүсэлт гаргаж 2 автомашины улсын дугаарыг хооронд нь сольсон. Тухайн үедГ.Бн нэр дээр байсан тоёота ланд круйзер 200 маркын автомашин 20-11 УБП гэсэн улсын дугаартай байсан. Дээрх нөхцөл байдлуудаас би машины үнэ болох 24,000 ам доллар буюу 84,360,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Мөн уг тоёота ланд круйзер 200 маркийн автомашинд зүүсэн байгаа ,,, улсын дугаарыг буцаан шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүсэх бөгөөд мөн хуулийн 187.2 дахь хэсэгт гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд энэ хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсч болно гэж тус тус заасан. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийг харахад иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүдийг заасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд С.Э болон Н.Э нарын хооронд Иргэний хуулийн 8.1.1-8.1.8 дахь хэсгүүдэд заасан ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй. Н.Эгийн хувьд С.Этэй ямар нэгэн мөнгөн төгрөгийн харилцаанд ороогүй, төлбөр төлөх үүрэг үүсээгүй.

Иймд автомашины төлбөрийг нэхэмжлэгч хариуцахгүй. Харин машиныг шилжүүлж авахад ,,, дугаар Э.Бгийн өмчлөлд байсан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2008 онд үйлдвэрлэгдсэн, ,,,, улсын дугаартай, тоёота ланд круйзер 200 /Toyota land cruiser 200/ маркийн суудлын автомашиныг хариуцагч С.Эийн хууль бус эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч Ц.Эд олгож,

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ц.Э холбогдох, 84,360,000 төгрөг гаргуулах, ,,,, улсын дугаарыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай хариуцагч С.Эийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас төлсөн 649,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг, улсын орлогоос 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч О.Мгийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Э.Б нь нэхэмжлэгч Ц.Этай зээл чөлөөлүүлэх, үүний хариуд өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа автомашины өмчлөлийг шилжүүлэх, тодорхой төлбөрийг тохирсон хугацаанд буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөл Ц.Эд үлдэхээр хэлцэл хийсэн ба ийнхүү тохирсон явдал нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1,189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдтэй харшлаагүй. 2008 онд үйлдвэрлэгдсэн ,,,, улсын дутаартай тоёота ланд круйзер маркийн суудлын автомашины өмчлөл болон бодит эзэмшил нэхэмжлэгч Ц.Эд эхэлж үүссэн гэх дүгнэлт илтэд үндэслэл муутай болсон.

Учир нь хэргийн баримтуудаар С.Ээс 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн төрсөн хүү Э.Згийн хадгаламжийн данснаас 24,000 ам.долларыг авч өөрийн төрсөн дүү с.эээр дамжуулан Э.Бд хүлээлгэн өгч, улмаар маргаан бүхий ,,,, улсын дугаартай тоёота ланд круйзер автомашиныг худалдаж авсан. Гэрч C Эрдэнэчимэгийн шүүхэд өгсөн мэдүүлгээр миний төрсөн ах С.Э “...дүү нь хүнд мөнгө өгнө, хамт оч, миний машин тул 0101 УБЛ дугаараа тавьчихаа найдвартай” гэж хэлсэн гэх мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар 0101 УБЛ улсын дугаартай приус-20 маркийн авто машины улсын дугаарыг хооронд нь сольсон болох нь нотлогдоно. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ц.Эгаас 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр цагдаад мэдүүлэг өгөхдөө “...Э.Б ,,,, улсын дугаартай автомашиныг биетээр надад хүлээлгэж өгөөгүй, би ,,,, улсын дугаартай автомашиныг хэрэглэж үзээгүй гэж мэдүүлсэн.

Мөн Э.Б 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн биеэр С.Эд “таньд машины мөнгийг өгөх хүртэл энэ тоёота ланд 200  автомашиныг хадгалуулж байя” гэснээр авотмашины бодит эзэмшлийг хариуцагч талд хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан түүний тодорхойлолтоор давхар нотлогдож байхад шүүх хэт нэг талыг барьж илт хууль бус дүгнэлт хийсэн. Хариуцагч С.Ээс 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр маргаан бүхий автомашины үнийгГ.Бд бүрэн төлснөөр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.6 дахь хэсэгт зааснаар машины өмчлөгч болсон. Харин Э.Бгийн хувьд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасан “...өмчлөгч бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглоно...” гэснийг ноцтой зөрчиж машиныг Ц.Эд шилжүүлсэн үйлдэл нь хууль бус юм. Тухайн үед Э.Б нь Сэлэнгэ аймагт алтны уурхайтай, уг алтны уурхайд түр ашиглах машин хэрэгтэй байна гэсэн тул С.Э машин худалдан авч түүнд өгч, улмаар машиныг буцааж авсан нөхцөл байдал тогтоогдож байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн.

6.2. Хэрэгт авагдсан гэрч, холбогдогч, хохирогч нарын цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Ц.Э, Э.Б нар хоорондоо зээлийн харилцаатай байсан байх ба Э.Б "Б" ХХК-д маргаан бүхий автомашиныг барьцаалан зээл авсан байсан. Уг зээлээ төлөхийн тулд Ц.Эаас мөнгө зээлэх замаар зээлээ хаалгасан ба ингэхдээ маргаан бүхий автомашиныг Ц.Эд шилжүүлж өгсөн үйл баримт нотлогдоно. Э.Б нэхэмжлэгч Ц.Эаас авсан зээлээ буцаан төлж автомашиныг буцааж авах гол нөхцөлийг амаар тохиролцсон. Энэ байдал нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний харилцаа тэдний хооронд үүссэн байхад шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, шаардах эрхийн хууль зүйн үндэлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийн талаар зохицуулсан ба нэхэмжлэгч өмчлөх эрхийг олж авахдаа гэрээ хэлцэлийн үндсэн дээр эсхүл хуульд заасан үндэслэлийн алинаар нь олж авсан болохыг баримтаар нотолж чадаагүй. Харин фидуцийн гэрээний үндсэн дээр маргаан бүхий автомашины гэрчилгээ Ц.Эы нэр дээр шилжсэн болохоос машины ашиглалт, хадгалалт нь хариуцагч талд байгаа ба энэ талаар бид маргахгүй байна.

6.3. Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд нэхэмжлэл гаргахдаа автомашин банк бус санхүүгийн зээлийн барьцаанд байсанг мэдсэн агуулгатай тайлбарлаж Э.Бгийн зээлийг төлж машиныг шилжүүлж авснаа зөвшөөрдөг ба хариуцагч С.Э шүүхэд гаргасан тайлбартаа Ц.Эг танихгүй, тэрээр өөрийнхөө өмчийг л Э.Бгаас авсан болохоос Ц.Эы эрх ашгийг хохироосон зүйл байхгүй гэж хэлдэг. Талуудын дээрх тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан “... эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй...” гэж хууль тогтоогч хуульчилжээ. Ц.Эы гаргасан нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд Э.Б автомашины өмчлөгч биш гэдгийг тухайн үед мэдэж байсан, автомашины өмчлөх эрх хууль ёсны байгаа эсэх, бусад этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг мэдэх боломжтой байсан учраас өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар нотлогдохгүй байна.

6.4. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан ба мөн хуулийн 89.3 дахь хэсэгт “...өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд шууд эзэмшигч байна...” гэж, мөн хуулийн 90 дугаар зүйлийн 90.1 дэх хэсэгт “...хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ..” гэж, хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж хуульд заасан байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг тухайн маргааны хүрээнд зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч С.Эийн хувьд маргаан бүхий автомашиныг өөрийн 24,000 ам.доллараарГ.Бгаас 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр худалдаж авсан, улмаар дээр дурьдсан Э.Бгийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолтоор хууль ёсоор эзэмшиж байгаа этгээд нь байх тул түүнээс шаардах эрхгүй гэж хариуцагч тал үзэж байна.

6.5. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч Ц.Эыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр автомашины үнэ болох 24,000 ам.доллар буюу 84,360,000 төгрөг гаргуулахаар шаардсан байхад шүүх талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргахдаа зохигчийн хооронд үүрэг үүсээгүй үндэслэлээр автомашиныг үнийг гаргуулахаар шаардсан ба автомашиныг авна гэж байгаа бол үнийг нь төлүүлнэ гэх агуулгаар буюу үүрэг үүсээгүй үндэслэлээр автомашины үнийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

6.6. Хариуцагч С.Ээс шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасантай холбогдуулан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авхуулах хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг шүүх хүлээн авалгүйгээр шууд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн явдал нь шүүх хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэлэл болсон.

6.7. Хариуцагч С.Эийн хувьд тухайн иргэний хэргийн хариуцагч биш гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч Ц.Э эд хөрөнгөөр хохирсон гэж үзэж байгаа тохиолдолд Э.Бд холбогдуулж шаардлага гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хэн нь хэнээсээ юу шаардах эрхтэй болох талаар шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хэргийн хүрээнд хийж чадаагүйг шийдвэр хууль ёсны байх хуульд заасан шаардлагыг хангаагүй.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгон үндсэн нэхэмжлэлйг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч С.Эд холбогдуулан ,,,, улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 /Тоyota land cruiser 200/ маркийн тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 84,360,000 төгрөг гаргуулах, ,,,, улсын дугаарыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Талууд маргаж буй автомашины өмчлөгч мөн эсэх, эзэмшил нь хууль ёсных эсэх, өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

3.1. Хариуцагч С.Э татгалзлаа “маргаж буй тээврийн хэрэгслийг хүү Б.Замилангийн хадгаламжаас 24,000 ам.доллар авч төлөөдГ.Бгаас шууд Э.Бгийн нэр дээр шилжүүлж түүнд зээлээр худалдсан, гэтэл мөнгийг төлөөгүй байж миний хөрөнгийг өөр хүний нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлсэн байна” гэж тайлбарласан.

 

3.2. Хэргийн 118 дугаар тал дахь Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаас үзвэл Э.З нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн ам.долларын хадгаламжаас 24.000 ам.доллар авсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 118/

 

3.3. Гэрч с.э шүүхэд “...ах С.Эийн хүү Э.З хүнд мөнгө өгнө гэхээр очсон мөнгөө өгсөн... С.Э машин дээрээ дугаараа хадгалчих гэхээр нь өөр хүний нэр дээр юм биш үү гэтэл найдвартай гэсэн...тухайн үед өөрийнхөө машиныг зарсан өөрийнхөө дугаарыг авч үлдэхийн тулд саарал өнгийн Ланд 200 маркийн машинд тавьсан, Э.Бгийн нэр дээр байсан......” гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ. /хх-ийн 91-93/

 

3.4. Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн түүхчилсэн лавлагаагаар маргаж буй ,,,, улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 /Тоyota land cruiser 200/ маркийн тээврийн хэрэгсэл 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөрГ.Бгаас Э.Бгийн нэр дээр, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Э.Бгаас "Б" ХХК-ийн нэр дээр, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр "Б" ХХК-иас Ш.Аын нэр дээр, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Н.Эы нэр дээр шилжиж бүртгэгдсэн үйл баримтууд тогтоогдсон байна. /хх-ийн 35-49/

 

3.5. Дээрх гэрч с.эийн мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, талуудын тайлбараар С.Э нь өөрийн мөнгөн хөрөнгөөр дээрх тээврийн хэрэгслийг худалдан авч, Э.Бд зээлээр худалдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Учир нь гэрч с.эийн мэдүүлэг болон хүү Э.Згийн хадгаламжаас ам.доллар авсан нь эргэлзээгүйгээр тээврийн хэрэгсэл худалдан авахад захиран зарцуулсан гэж үзэхгүйгээс гадна хариуцагч С.Э нь маргаж буй тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр зохих газарт бүртгүүлээгүйгээс түүнийг тээврийн хэрэгслийн эзэмшигч байсан гэж үзэх үндэслэлгүй.

 

3.6. Нэхэмжлэгч Н.Э нь ХААН банк дахь өөрийн 5400021485 тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ХААН банк дахь "Б" ХХК-ийн 5057553384 тоот дансанд 106,780,000 төгрөгийг “,,,” утгатайгаар шилжүүлж улмаар Э.Бгийн зээлийг хааснаар ,,,, улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг Ш.Аын нэр дээр, Ш.Ааас өөрийн нэр дээр шилжүүлэн авч бүртгэл хийлгэснээр тус тээврийн хэрэгслийн эзэмшигч болжээ. /хх-ийн 6, 35-49/

 

3.7. "Б" ХХК-д Э.Бгийн төлөх зээлийг Н.Э төлж тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг шилжүүлсэн үеэс Э.Бгийн эзэмших эрх дуусгавар болж Н.Эд шилжсэн тул Э.Бг уг тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж үзэхгүй.

 

3.8. Хэргийн баримтаар нэхэмжлэгч Н.Эыг тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг хууль болон гэрээг зөрчиж олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Харин тээврийн хэрэгслийг Э.Бгийн төлөх төлбөртөө С.Эийн эзэмшилд байлгаж байгаа нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч гэж үзэхгүй. Иймд хариуцагч С.Эийн уг тээврийн хэрэгслийг эзэмшилдээ байлгаж байгааг хууль буюу гэрээний үндсэн дээр олж авсан гэж үзэхгүй тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

 

Дээрхээс дүгнэвэл ,,,, улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 /Тоyota land cruiser 200/ маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь нэхэмжлэгч Н.Э байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Эээс тээврийн хэрэгслийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

4. Хариуцагч нь маргаан бүхий тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар бусад баримтаар нотлоогүй байна.

 

5. Анхан шатны шүүх ,,,, улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч С.Эийн хууль бус эзэмшлээс гаргуулан нэхэмжлэгч Н.Эд олгуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд хариуцагчийн өмгөөлөгч “... шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэгчийг шударга эзэмшигч гэж үзэхгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Хариуцагч С.Э нь нэхэмжлэгч Н.Эд холбогдуулан 84,360,000 төгрөг гаргуулах, ,,,, улсын дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 111-112/

 

6.1. Талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс автомашины үнэд 84,360,000 төгрөгийг шаардах эрхгүй. Мөн улсын дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлагыг хариуцвал зохих этгээд нь нэхэмжлэгч гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй боломжгүй.

 

7. Түүнчлэн, шүүгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцагчийн “шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авхуулах” тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/03848 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч О.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 649,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.БАЯСГАЛАН

 

                                    ШҮҮГЧИД                                     С.ЭНХБАЯР

 

                                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ