Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00156

 

 

 

 

 

 

       2024          01            17                                       210/МА2024/00156

 

 

 

Э.Д-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/02989 дугаар шийдвэртэй,

Э.Д-ий нэхэмжлэлтэй, "Э" ХК-д холбогдох,

Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах, гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу дахин тогтоолгох, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын шагналт цалинг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Э.Д- нь 2018 онд "Э" ХК-ийн захиргааны хэлтэс угтах үйлчилгээний ажилтнаар туршилтын хугацаагаар ажилд орсноор тухайн албан тушаалдаа үндсэн ажилтнаар ажилласан. Улмаар түүнийг 2021 онд ,, тоот тушаалаар Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтнээр томилсон. Уг албан тушаалд ажиллаж байхад тус байгууллагад онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ,, тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Э.Д-ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тушаалд нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй, тухайн хуулиас иш татсан зүйл байхгүй, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, тушаалд бүтэц орон тооны цомхотголд оруулаад чөлөөлж байгаа эсэх, эсхүл ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзээд чөлөөлсөн талаар тушаалын үндэслэл тодорхойгүй байдаг.

1.2. Ажлаас чөлөөлөгдсөний дараа тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Ж.Г нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ,, тоот ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал гаргасан. Уг тушаалын 1 дэх заалтаар төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан борлуулалтын төлөвлөгөөг амжилттай биелүүлж, "Э" ХК-д онцгой дэглэм тогтоосон хугацаанд компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, борлуулалтын орлогыг бүрэн биелүүлсэн тул 2022 оны жилийн ажлын ур дүнгийн урамшууллыг нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 6 сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцон салбарын ажилтнуудад олгосугай гэж, мөн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажилтнуудад шагналт цалин олгох тухай,,, тоот тушаал гаргаж, тус тушаалын 1 дэх заалтаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан борлуулалтын төлөвлөгөөг амжилттай биелүүлж, "Э" ХК-д онцгой дэглэм тогтоосон хугацаанд компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, компанийн борлуулалтын орлогыг бүрэн биелүүлсэн, түүнчлэн Уул, уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан "Э" ХК-ийн ажилтнуудад 2022 оны 13 дахь сарын шагналт цалинг хавсралтад заасны дагуу олгосугай гэж, 2022 онд "Э" ХК-д ажилласан ажилтнуудад үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын шагналт цалинг олгосон.

Иймд Э.Д-ийг Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу дахин тогтоолгох, үр дүнгийн урамшуулал болон шагналт цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор "Э" ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон бөгөөд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасны дагуу Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь онцгой дэглэм тогтоосон хугацаанд Засгийн газраас өөрт олгосон эрхийн хүрээнд компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Э.Д- нь тус компанид анх 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ,,, тоот тушаалаар Захиргааны хэлтсийн угтах үйлчилгээний ажилтнаар томилогдож, 2018 оны 11 дүгээр сард туслах референтээр, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/651 тоот тушаал болон 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ,, тоот тушаалаар Захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ,, тоот тушаалаар Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдсон. Түүний ажлын байрны тодорхойлолтод тусгагдсанаар гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажлын бэлтгэл, ажиллах орчныг хангах, уулзалтыг товын дагуу зохион байгуулах, байгууллагын бичиг баримтыг стандартын дагуу боловсруулах, архивын үйл ажиллагааг журмын дагуу хөтлөх, зочдод үйлчлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг байсан.

Захиргаа удирдлагын газарт Захиргааны хэлтэс, Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэс, Мэдээлэл, технологи, инновацын хэлтэс, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс багтдаг бөгөөд тус тусдаа хэлтсийн ахлах мэргэжилтэнтэй байхад дээрх хэлтсүүдэд харьяалагдахгүй Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн тус компанид шаардлагагүй гэж үзсэн. Түүнчлэн, Э.Д-ий ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг нь Захиргааны хэлтсийн мэргэжилтнүүдийн гүйцэтгэх чиг үүрэгтэй давхцалтай байсан бөгөөд компанийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээг давхар хэрэгжүүлж буй Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажлын бэлтгэл, ажиллах орчныг хангах, уулзалтыг товын дагуу зохион байгуулах тусдаа газрын ахлах мэргэжилтэн шаардлагагүй гэж үзсэн тул 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 болон Засгийн газрын 2022 оны ,,, дугаар тогтоолд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, богино хугацаанд оновчтой зохион байгуулалтыг хийж, ажил албан үүргийн давхардлыг арилгаж, компанийн үндсэн үйл ажиллагааг сайжруулах үүднээс Э.Д-ийг Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргах үндэслэлгүй.

2.2. Нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу тогтоолгохоор мөн нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлтэй гэж үзээд тэтгэмжийг зохих журмын дагуу тогтоолгохоор нэхэмжилж байгаа гэж ойлгогдож байна. Нэхэмжлэгчийн гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу дахин тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэлийн үндэслэл болон бусад шаардлагатайгаа зөрчилдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангахгүй байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасны дагуу нэхэмжлэлийг уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах боломжтой.

2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэртэй холбоотойгоор хуульд заасан шаардлагыг хангуулж, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандаагүй, шийдвэрлүүлээгүй. Хэрэг маргаан үүсээд  хагас жилийн дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2-д заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзнэ. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын шагналт цалинг олгосон тул гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ,,,, тоот тушаалаар батлагдсан Компанийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам-ын 3.1, 3.15-д заасны дагуу компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан ажилтнуудад гүйцэтгэх захирлын тушаалаар олгохоор зохицуулсан болно.

Түүнчлэн, "Э" ХК-ийн ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журам-ын 1.2-т заасны дагуу компанийн болон нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтот түвшний үзүүлэлт, ажилтан тус бүрийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, шагналт цалин, үр дүнгийн урамшуулал олгоход дагаж мөрдөнө гэж заасны дагуу Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн ,,,,,, тоот тушаалаар "Э" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, борлуулалтын орлогыг бүрэн биелүүлсэн гэсэн зорилтот түвшний үзүүлэлтээр, газар нэгж, ажилтан бүрийн тайлан үнэлэн, ялгавартайгаар 4-6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын шагналт цалин олгохоор шийдвэрлэсэн. Дээрх 2 тушаал гарах үед нэхэмжлэгч Э.Д- нь үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан бөгөөд "Э" ХК-ийн ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журмын хавсралтаар баталсан ажилтны ажил дүгнэх заавар заасан үзүүлэлтээр холбогдох ажлын тайлан, ажлын төлөвлөгөөний биелэлт дүгнэгдээгүй тул түүнд олгохгүй гэж шийдвэрлэсэн.

Иймд Э.Д-ийг Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу дахин тогтоолгох, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын шагналт цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Д-ийг Э ХК-ийн Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Э ХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 44,277,640 төгрөг, урамшуулал 25,284,030 төгрөг, 13 дах сарын цалин 4,467,844 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Д-д олгож, гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу тооцож гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч "Э" ХК-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч "Э" ХК-аас тэмдэгтийн хураамж 528,098 төгрөг гаргуулан улсын орлогод олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх маргаанд хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Учир нь "Э" ХК-д онцгой дэглэм тогтоогдсон. Энэ нь 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Засгийн газарт эрх олгох тухай хууль болон түүнийг үндэслэн гарсан Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд заасан арга хэмжээ болох талаар, мөн шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоох эрх хэмжээ Засгийн газарт олгогдсон компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгасан талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тодорхой тайлбарласан атлаа хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл, мөн ажилтны болон ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлийн талаар Хөдөлмөрийн тухай хуульд тухайлан зохицуулсан... талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийг баримталж, уг хуулийг үндэслэн бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ,,, тоот тогтоолд заасан эрхийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлгүй...” гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн. 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Засгийн газрын 2022 оны ,,, дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн аль алинд нь ажилтныг томилж, чөлөөлөх асуудлыг зохицуулсан хэдий ч онцгой дэглэмийн хугацаанд үүссэн тус харилцааг эрх олгох тухай хууль болон Засгийн газрын тогтоолын хүрээнд тайлбарлаж, хэрэглэх ёстой бөгөөд онцгой дэглэм тогтоогдсон хугацаанд нийтлэг баримтлагддаг хууль буюу Хөдөлмөрийн тухай хууль хэрэглэгдэхгүй талаар эрх олгох тухай хуульд тодорхой заасан.

4.2. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ,, дугаар тогтоолоор компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцийг баталсан бөгөөд энэ тогтоолд гүйцэтгэх захирлын туслах гэсэн орон тоо байдаггүй. Э.Д- нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн,,,тоот тушаалаар Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдсон. Гэтэл туслах референтээр томилогдсоноос хойш Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн хүртэл ажил үүргээ хийж гүйцэтгэхдээ гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажлын бэлтгэл, ажиллах орчныг хангах, уулзалтыг товын дагуу зохион байгуулах, байгууллагын бичиг баримтыг стандартын дагуу боловсруулах, архивын үйл ажиллагааг журмын дагуу хөтлөх зочдод үйлчлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг байсан.

Ажлын байрны тодорхойлолтуудаас харахад туслах референт, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн нь албан тушаал өөр боловч ажлын байрны тодорхойлолт нь адилхан буюу бодит байдал дээр гүйцэтгэх захирлын туслахын чиг үүргийг гүйцэтгэх захирлын туслах гэсэн орон тоогүй байхад хэрэгжүүлдэг, түүнд тохируулж ажлын байрны тодорхойлолт гаргасан нөхцөл байдал илэрсэн. Энэ нь ажилтны буруу биш ч Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3.1-д Компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх эрх хэмжээний хүрээнд Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолыг бодит нөхцөлд байдалд нийцүүлэх, зөрчсөн, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох шаардлагын хүрээнд хийгдсэн ажиллагаа. Энэхүү маргааны хувьд тухайн харилцааг буюу онцгой дэглэм тогтоосон харилцаанд нарийвчлан зохицуулсан хууль буюу хэрэглэх ёстой хууль нь Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хууль, түүнийг үндэслэн гарсан Засгийн газрын 385 дугаар тогтоол бөгөөд энэхүү хууль тогтоомж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Түүнийг Засгийн газраас томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч дагаж мөрдөх, хэрэгжүүлэх үүрэгтэй болохыг шүүх анхаараагүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль хэрэгжих эрэмбэ, дараалал, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд энэ хууль болон бусад хууль хэрэгжинэ гэж заасан. Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа хууль нь бусад хуульд хамаарч байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн дараагаар хэрэгжих ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэж заасан. Энэ хоёр хуулийн Хөдөлмөрийн тухай хууль нь ажилтанд ашигтай байдал үүсгэнэ. Хуулиуд хороондоо зөрчилдвөл нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглэх, сүүлд батлагдсан хуулийг хэрэглэх онолын асуудал байдаг тул Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх ёстой. Хэрэв шүүх бүрэлдэхүүн 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг баримтлах ёстой гэж дүгнэвэл өмгөөлөгчийн хувьд хууль хэрэглээний хувьд алдаа гарсан гэж үзэж байна.

5.2. Э.Д-ийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатны удирдах ажилтныг томилох гэж заасан. Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ,,, дугаар тогтоолын 3.1-т компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх шаардлагатай бол гэж заасан. Уг хуулийг хэрэглэх ёстой гэж Засгийн газар үзсэн боловч хэрэглэх урьдчилсан нөхцөлийг тогтоол дээр дурдаж өгсөн. Зохион байгуулалтыг шинэчлэх шаардлагатай бол гэдэг урьдчилсан нөхцөл хангагдаагүй. Захиргаа удирдлагын ахлах мэргэжилтнийг чөлөөлөх ёстой эсхүл "Э" ХК-д захиргаа удирдлагын ахлах мэргэжилтэн байх шаардлагагүй гэх урьдчилсан нөхцөлийг тогтоогоогүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар асуухад манай бүрэн эрхт төлөөлөгч бодсон гэж хариулдаг. Бодол өөрөө нотолгооны хэрэгсэл биш. Тушаалын 1 дүгээр зүйлд Засгийн газрын онцгой дэглэм бүхий компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоох, шинэчлэх шаардлагаар Э.Д-ийг ажлаас чөлөөллөө гэж тусгасан.

Тушаал дээр шаардлагаа дурдсан ч шаардлагаа юугаар нотолж байгаа вэ гэхэд энэ талаар нотолж чаддаггүй. Шаардлагагүй байсан гэдгийг ажил олгогч дараа, дараагийнхаа үйлдэлээр нотолдог. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ,,, дугаартай төв офиссын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай тушаал гаргасан. Бүтэц орон тооны тушаал дээр захиргаа удирдлагын ахлах мэргэжилтэн гэх орон тоог үлдээсэн. Энэ орон тоог үлдээж байгаа нь "Э" ХК-д энэ орон тоо зайлшгүй байх ёстой юм байна гэж үзсэн учраас орон тоог цөөрүүлээгүй. Хөдөлмөрийн харилцааны маргаан үүсээд явж байхад 2023 оны 05 дугаар сард тус орон тоон дээр н.Онгонцэцэг гэж хүнийг туршилтын хугацаагаар томилж, дараа нь 8 сард тус орон тоон дээр үндсэн ажилтнаар томилсон. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хэрэглэх ёстой гэж үзвэл шаардлагатай гэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулав. 

 

2. Нэхэмжлэгч Э.Д- нь хариуцагч "Э" ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах, гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу тогтоолгох, үр дүнгийн урамшуулал болон шагналт цалинг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор "Э" ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, тус хугацаанд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Гыг томилж, түүнд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг даалгасан байна. /хх-ийн 20-22/

 

3.а. Үүний дагуу Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ,, тоот тушаалаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ,,, дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн Засгийн газрын онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Э.Д-ийг  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 30/

 

4. Ажил олгогчийн зүгээс ажилтан Э.Д-ийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль баримталсныг давж заалдах шатны шүүхээс буруутгахгүй боловч тушаалд дурдагдсан үндэслэл нотлогдсон байхыг шаардана.

 

4.а. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ,, тоот тушаалд “компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох шаардлагаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон” гэжээ.

 

4.б. Аливаа компанийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн гэдэгт түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн байхыг ойлгоно.

 

4.в. Хэргийн баримтаар Захиргаа, удирдлагын ахлах мэргэжилтний орон тоо цөөрсөн, эсхүл хасагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Гын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ,,, дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газраас "Э" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулж, татан буулгах алба, нэгжийн нэр, орон тооны жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, шилжүүлэх ажлын байрны нэрсийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан байх бөгөөд Захиргаа, удирдлагын газрын ахлах шинжээчийн ажлын байр хасагдаагүй болох нь хэргийн 72-75, 78-80, 150, 152-156 дугаар тал дахь баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

4.г. Түүнчлэн, тухайн албан тушаалд өөр этгээдийг авч ажиллуулсан үйл баримт хэрэгт авагдсан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ,,, тоот тушаалаар нотлогдож байна. Иймд “... нэхэмжлэгч гүйцэтгэх захирлын туслахын чиг үүргийг хэрэгжүүлж байсан...” гэх агуулга бүхий хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Д-ийг "Э" ХК-ийн Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч "Э" ХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 44,277,640 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн зөв байна. Иймд шүүх “... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн...” гэх агуулга бүхий хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

6. Харин шүүх хариуцагчаас урамшуулал 25,284,030 төгрөг, 13 дахь сарын цалин 4,467,844 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь, "Э" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ,, тоот тушаалаар ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал,,,, тоот тушаалаар ажилтнуудад шагналт цалинг олгохоор тус тус шийдвэрлэхдээ тус компанид онцгой дэглэм тогтоосон хугацаанд компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, борлуулалтын орлогыг бүрэн биелүүлсэн гэх үндэслэлийг заажээ. /хх-ийн 123-124/

 

6.а. "Э" ХК-ийн ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журмын 4.1.1-д улирлын шагналт цалин, 4.1.12-т жилийн үр дүнгийн урамшуулалыг ажлын үзүүлэлтийн дүнг үндэслэн болгоно, 5.1.1-д “... гүйцэтгэлийг сар, улирал, жилээр ажилтан тус бүрээр дүгнэх, 5.1.2-т “... тайлант хугацаанд тогтмол дүгнэж, үзүүлэлтийг улирал, жилийн шагналт цалин, урамшуулал олгоход суурь үзүүлэлт болгоно гэжээ. Мөн ажилтны ажил дүгнэх зааврын 3.1.2-т жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг тухайн ажилтны оноонд харгалзуулан хувь хэмжээгээр олгоно, 3.2.2-т жилийн ажлын тайлан хамгаалаагүй бол шагнал, урамшуулал олгохгүй гэжээ. /хх-ийн 123-130/

 

6.б. Нэхэмжлэгч Э.Д- нь бодитоор ажиллаагүй буюу "Э" ХК-ийн ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журамд заасан болзол шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл болсон ажлын тайланг дүгнүүлээгүй нөхцөлд түүний жилийн үр дүнгийн урамшуулал болон шагналт цалинг гаргуулах боломжгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас “гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу дахин тогтоолгох” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

 

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн “БНМАУ-ын” гэснийг орхигдуулсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний буюу хуулийн нэршлийг залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/02989 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн ,,, дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Д-ийг "Э" ХК-ийн Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч "Э" ХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 44,277,640 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу дахин тогтоолгох, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын шагналт цалинг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Э" ХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 528,098 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР

 

                                       ШҮҮГЧИД                                       М.БАЯСГАЛАН

 

                                                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ