Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00121

 

 

 

 

 

 

 

          2024         01          12                                         210/МА2024/00121

 

 

 

"М" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/03136 дугаар шийдвэртэй,

"М" ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Ц, Б.А нарт холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 5,855,191 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч С.Ц, хариуцагчийн өмгөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. "М" ХХК-ийн захирал Г.Д нь Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Bellа”s choice” дэлгүүрийн С.Цтэй хамтран ажиллахаар тохиролцон 2020 оны 5 дугаар  сарын 04-ний өдөр 20,998,587 төгрөгийн бараа, 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 3,752,293 төгрөгийн гоо сайханы барааг тус тус хүлээлгэн өгсөн. Бид тухайн барааг зараад олсон мөнгөний 20 хувийг С.Ц авах, үлдсэн 80 хувийг Г.Д авахаар харилцан тохиролцсон.

1.2. С.Цд барааг хүлээлгэн өгөхөөс өмнө хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах гэж очиход гэрээний загварыг миний цахим хаяг руу явуулсан, би тухайн үед өөрийнх нь хажууд сууж байгаад хамтран ажиллах гэрээтэй танилцаад тус гэрээнд санал, өөрчлөлт оруулан гэрээгээ байгуулах гэтэл ажилтай болчихлоо барааг хүлээлцэхдээ  больё гэсэн. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бараа хүлээлцэхдээ гэрээ байгуулах гэтэл засвар хийж байна дараа больё гээд хойшлуулсан. С.Цгээс удаа дараа хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулахыг шаардсан боловч “би ажил дээрээ очоогүй, гадуур явж байна” гэж шалтаг тоочсоор өнөөдрийг хүрсэн.

1.3. 2021 оны 3 дугаар сарын байдлаар нийт 7,318,989 төгрөгийн бараа зарагдсан байхад оногдох хувь болох 5,855,191 төгрөгийг өгөөгүй. 2020 оны 7 дугаар сарын 20-ны үед С.Цгээс мөнгөө нэхэхэд манайх татан буугдаж байна бараагаа ав гэсэн. 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр С.Ц руу залгахад утсаа аваагүй тул маргааш 10.00 цагт очвол болох уу, таныг байлцуулан бараагаа тоолж хүлээн авмаар байна гэж мессэж бичихэд “би байх шаардлагагүй хүн байлгаж байя” гэж хариу ирсэн. Улмаар 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өөрийн биеэр очиж тооллого хийж үлдэгдэл бараагаа буцаан авсан.

1.4. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасан. С.Ц бидний хооронд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан С.Ц нь уг гэрээний үүргээс чөлөөлөгдөх боломжгүй. 2020 оны 9 дүгээр сард Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан гомдол гаргахад иргэд хооронд хийгдсэн хэлцэл байна гэж үзэн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоол гаргасан. Иймд С.Ц, Б.А нараас хамтран ажиллах гэрээний үүрэгт 5,855,191 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч С.Цгийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч нь бодит байдлаас зөрүүтэй, үндэслэлгүй, худал тайлбар гаргасан. Би "М" ХХК-ийн захирал Г.Дтай хамтран ажиллахаар тохиролцоогүй, хамтарч ажиллаагүй. Нэхэмжлэгч нь намайг Б дэлгүүрийг ажиллуулж байсан мэтээр бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би дэлгүүр ажиллуулж байгаагүй. Урьд нь Г.Дтай хэд хэдэн удаа тааралдсан манай орон сууцны В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг байсан бүсгүйтэй төлбөр тооцооны авлагатай гэж байсан. В1 давхарт үйл ажиллагаа явуулж байсан бүсгүй үйл ажиллагаагаа зогсоогоод явахдаа хүн ирж авна гэж хэлээд зарим бараа бүтээгдхүүнийг үлдээсэн боловч удалгүй хүмүүс ирж зарим бараа бүтээгдэхүүнийг аваад явсан. Миний хувьд хүний өмнөөс төлбөр тооцоо төлөх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.Аын тайлбар, татгалзлын агуулга:

С.Цгийн байранд сар гаран тавилгуудаа тавиад ажилласан. Хариуцагч бараа зардаг хүн биш, харин сошиал маркетинг, нүүр будалт сургалт явуулдаг. С.Цгийн байранд байхдаа зарж байгаа барааг нь сурталчилсан. Хүмүүс С.Цгээс бараа авч байсан. Түүнээс биш барааг хүлээн аваад зараад ашиг олсон зүйл байхгүй. С.Ц бараа зарна, Б.А барааг сурталчилж өгөх тохиролцоотой орсон байсан. С.Ц, Б.А нар муудалцаад дотор нь байсан бүх зүйлийг түгжээд өгөөгүй тул нүүсэн. "М" ХХК-аас Б.А нэг ч бараа авч зараагүй, барааг зөвхөн сурталчилж өгсөн. Б.Аыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй, "М" ХХК, С.Ц нар хамтран ажиллаж байсан. Тухайн дэлгүүрийн нэр Б болохоос биш С.Цгийн дэлгүүр байсан. Б.А нүүр будалт, гоо сайхны сурталчилгаа л хийж байсан тул энэ хэрэгт хамааралгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "М" ХХК-ийн хариуцагч С.Ц, Б.А нарт холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт 5,855,191 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч "М" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,700 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхээс хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нарт бараа бүтээгдэхүүн худалдан борлуулахаар хүлээлгэж өгсөн нь тогтоогдож байна гэж үзсэн атлаа ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар хамтын үйл ажиллагаа байсан болох нь тодорхойгүй гэж дүгнэсэн. Мөн гэрч Ч.М, Б.Д нарын мэдүүлгээр хариуцагч нар бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж, бүтээгдэхүүний сурталчилгаа хийх үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж байсан гэж дүгнэсэн зэргээс үзэхэд талуудын хооронд бараа материал шилжүүлэн өгч заруулахтай холбоотой харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Тус хэргийн гэрч болох Ч.Мын гэрчийн мэдүүлэгт бараа хүлээлцсэн тухай баримтад гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч, улмаар хэний өмнөөс энэ үйлдлийг хийж бараа хүлээлгэж өгсөн, авсан тухайгаа мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 он оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хүлээлгэн өгсөн барааны нэр төрөл, тоо хэмжээ, суутгах хувь зэрэг хүлээн авах үеийн үлдэгдэл тоо зэргийг тодорхой тусгасан байх бөгөөд түүнд мөн буцаан хүлээн авах үеийн тоо ширхэгийг тэмдэглэж, Г.Д, Ч.М нар гарын үсгээ зурсан. Дээрх баримтаас харвал хэн, хэзээ, хэдэн ширхэг, ямар бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгөөд хэдэн төгрөг суутгуулахаа тодорхой тусгасан. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй байдлаас нь үнэлэх ёстой боловч бараа бүтээгдэхүүн хүлээлцсэн тухай баримтыг нэхэмжлэгч дангаараа үйлдсэн гэж дүгнэх нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаас харахад шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

5.2. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч гэрээний харилцаа үүссэн бөгөөд шүүхээс дүгнэхдээ зохигч талууд ашиг хуваарилахаар буюу борлуулагдсан бараанаас 20 хувь, 80 хувиар ашиг хуваарилахаар хариуцагч нартай харилцан тохиролцсон, хамтран ажилласан буюу хамтын үйл ажиллагаа байсан болох нь тогтоогдохгүй байна гэж үндэслэлгүй дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Ч.Мтай бараа бүтээгдэхүүн тоолж хүлээлгэн өгсөн, авсан тухай баримтад суутгах хувийг тодорхой тусгасан байдаг бөгөөд гэрч Ч.М хариуцагч нарын үйл ажиллагаа явуулж байсан дэлгүүрт ажилладаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлснийг хариуцагч нар үгүйсгэдэггүй. Хариуцагч С.Цгийн зүгээс бараа материал хүлээн аваагүй, хамтран ажиллаагүй, Б.А авсан гэж маргадаг боловч хавтаст хэрэгт байгаа баримтуудаас харахад тухайн харилцаанд өөрөө болон өөр этгээдээр өөрийгөө төлөөлүүлэн оролцуулсан үйл баримт илэрхий байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр байх хуулийн шаардлага хангасан. Нэхэмжлэгч хөрөнгийг хэнд шилжүүлж өгсөн, хэдэн төгрөг авах ёстой болох нь тодорхойгүй. С.Ц ямар нэгэн байдлаар Б.Д эсхүл н.н.маар өөрийгөө төлөөлүүлнэ гэдэг байдлаар итгэмжлэл олгож байгаагүй. Б.А онлайнаар бараа бүтээгдэхүүн сурталчилдаг, "М" ХХК-ийн бараа бүтээгдэхүүнээ заруулах гэж холбогдож байсан. Өөрөөр хэлбэл С.Ц, "М" ХХК нарын хооронд бараа бүтээгдэхүүн авах тохиролцоо байхгүй. С.Ц нь "М" ХХК-ийг мэдэхгүй байж 20,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авах боломжгүй.

Хэрэв бараа бүтээгдэхүүний мөнгөн төлбөр нэхэмжилж байгаа бол Б.Ааас нэхэмжлэх ёстой. Нөгөөтэйгүүр бараа бүтээгдэхүүн шилжүүлж өгч, хамтын үйл ажиллагаатай байсан гэж байгаа бол тэр талаараа нэхэмжлэгч өөрөө нотлох ёстой. Би ямар нэгэн бараа бүтээгдэхүүн аж ахуй нэгж, байгууллагаас авч зардаггүй. Харин ковид-19 цар тахлын дараа 2 сарын хугацаанд Б.А /Вella/ гэдэг хүний салоны тавилгыг би өөрийн хамаарал бүхий зоорийн давхарт тавиулсан. Тэр үед Б.Аыг Б.Д, н.н.м нар дагаж ирсэн. Би Б.А болон "М" ХХК-тай хамтарч ажиллах талаар гэрээ байгуулж, мөнгө авч байгаагүй. Б.А нь хамаг юмаа хаяад явсан учраас "М" ХХК үл хөдлөх эд хөрөнгийн эзэн гэдгээр надаас нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.            

 

2. Нэхэмжлэгч "М" ХХК нь хариуцагч С.Ц, Б.А нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 5,855,191 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь “хариуцагч нартай хамтран ажиллахаар тохирч, ашиг орлогыг 80:20 хувиар хуваахаар тохирсон” гэж, хариуцагч нар нь “нэхэмжлэгчтэй хамтран ажиллахаар тохироогүй, мөн хэн аль нь гоо сайханы барааг хүлээн аваагүй, худалдан борлуулаагүй, ашиг орлого хуваахаар тохиролцоогүй” гэж тус тус тайлбарлан, маргасан байна.

 

3.а.Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэх, "М" ХХК-аас С.Ц, Б.А нар гоо сайхны бараа бүтээгдэхүүн хүлээн авсан эсэх, хэрэв уг барааг хүлээн авсан бол худалдан борлуулж ашиг орлого хуваахаар тохиролцсон эсэх нь маргааны зүйл болжээ.

 

3.б. Хариуцагч С.Ц, Б.А нар гоо сайхны бараа бүтээгдэхүүний сурталчилгаа хийж, бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах зэрэг үйл ажиллагааг хамтран явуулсан болох нь гэрч Б.Ц, Ч.М, Б.Д нарын мэдүүлэг, фейсбүүкийн м пейж хуудсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх-ийн 84-89, 119-122, 197-201/

 

3.в. Нэхэмжлэгч "М" ХХК нь “Д” гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг 2020 оны 05 дугаар сарын 04,  2020 оны 6 дугаар сарын 06-ны өдрүүдэд хариуцагч нарын ажиллуулж байсан Б дэлгүүрт хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 15-17, 29-35 дугаар талд авагдсан зарлагын баримт, "М" ХХК нь “Д” гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг Б дэлгүүрт бараа хүлээлгэн өгсөн баримт болон талуудын тайлбараар тус тус тогтоогджээ.

 

3.г. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр худалдан борлуулахаар хүлээлгэн өгсөн гэх дээрх “Д” гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг тооллого хийж баримт үйлдэн буцаан авсан байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

 

3.д. Талуудын тайлбар болон гэрч Б.Ц, Ч.М, Б.Д нарын мэдүүлэг, мпейж хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2020 оны 05 дугаар сарын 04,  2020 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн зарлагын баримт, бараа хүлээлгэн өгсөн баримт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл зохигчид  Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажилласан, ашиг орлогоо 80:20 хуваахаар тохирсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

3.е. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээгээр ашиг орлогыг 80:20 хувиар хуваахаар  хариуцагч нартай тохиролцсон гэх нэхэмжлэл болон тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул ногдох ашиг гэх 5,855,191 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэгч шаардах эрхгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь  заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасныг зөрчөөгүй. Шүүх хариуцагч С.Ц, Б.А нараас хамтран ажиллах гэрээний үүрэгт 5,855,191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "М" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/03136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

 

                                        ШҮҮГЧИД                                   Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ