| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/04615/И |
| Дугаар | 210/МА2024/00103 |
| Огноо | 2024-01-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2024/00103
2024 01 08 210/МА2024/00103
О.У-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
О.Уын нэхэмжлэлтэй, К.Нд холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,130,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр К.Нтай өөрийн эзэмшлийн тоёота раум маркийн ,,,, улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгөтэй машиныг н.Энхзулын эзэмшлийн тоёота альфард-10 маркийн цагаан өнгийн машинаар солихоор тохиролцон өөрийн машиныг 2,000,000 төгрөгөөр, К.Н нь альфард маркийн машиныг 9,000,000 төгрөгөөр үнэлж, үлдэх 7,000,000 төгрөгийг би 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр болсон. Уг машиныг авсан өдрөө би эзэн гэх н.Энхзулын дансанд 300,000 төгрөгийг шилжүүлсэн.
1.2. К.Ноос авсан машинд 2,100,000 төгрөгийн сэлбэг болон сервис үйлчилгээ хийсэн. Тайхар авто сервис дээр 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тос, масло солих үйлчилгээнд 160,000 төгрөг, урд купер 695,000 төгрөг, под криллан 60,000 төгрөг, гэрэл зэрэг нийт 915,000 төгрөгийн сервис үйлчилгээ болон сэлбэг авч тавьсан. Сутай буянт захаас 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр агаар шүүгч 15,000 төгрөг, салоны шүүгч 15,000 төгрөг, урд наклад 35,000 төгрөг, хойд наклад 35,000 төгрөгөөр тус тус солиулж нийт хөлс 100,000 төгрөг, UB auto center дээр тус бүрийн үнэ 52,500 төгрөгийн үнэтэй 4 ширхэг сэвчээг 210,000 төгрөгөөр, тагны жийрэг 25,000 төгрөг, коллектор цэвэрлэгээ 38,500 төгрөг, агаар шүүгч 18,500 төгрөг, ажлын хөлс 58,500 төгрөг, хөргөлтийн шингэнийг 32,000 төгрөг болон 21,000 төгрөгөөр тус тус 2 удаа хийж нийт 42,000 төгрөг болсон. Мөн автомашинд хийгдсэн бүх зүйлийг нэг бүрчлэн бичээгүй тул хариуцагчаас 2,130,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Маргаан бүхий машинд нэхэмжлэгч засвар үйлчилгээ хийгээгүй, харин бид өөрсдөө 6,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн боловч одоо хүртэл бүрэн засагдаагүй цахилгаан мотор эвдрэлтэй, батерей нурсан. Хавтаст хэргийн 4-7 дугаар талд авагдсан дансны хуулгыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Дараа нь гаргаж өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан боловч ямар засвар үйлчилгээ хийгдсэн талаар тодорхойгүй байна. 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ю Би авто центр газраас үйлчлүүлсэн гэх зарлагын баримтууд сэлбэг худалдан авсан баримт байна.
Мөн банкны дансны хуулгаас харахад Ю Би авто центр руу мөнгө орсон гэх хуулга харагдахгүй байхаас гадна хөргөлтийн шингэнийг Ю Би авто центрээс авсан гэх баримт автомашинд хийгдсэн биш, худалдагч Гэрэлмаа гэсэн гарын үсэгтэй зарлагын падан байна. Сутай буянт газрын 100,000 төгрөгийн баримт нь ямар сэлбэг худалдаж авсан нь тодорхойгүй, маргаан бүхий автомашины дугаар, гэрчилгээ нь хэрэгт авагдаагүй. Мөн Тайхар авто сервис гэх газраас 915,000 төгрөгийн зарлагын баримт хэрэгт авагдсан боловч тухайн хэрэгслийг ямар машинд худалдан авч хийгдсэн нь тодорхойгүй. Дээрх баримтуудыг хаанаас ямар журмаар гаргаж ирснийг мэдэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагатай нийцэхгүй, дансны хуулгатайгаа уялдахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан З.Ноос 1,372,200 төгрөгийг гаргуулж О.Ут олгож, нэхэмжлэлээс үлдэх 757,800 төгрөгийн шаардлага хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 36,905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шүүх нэхэмжлэлийн дүнгээс нэхэмжлэгчийн дансны хуулгаар Сутайн буяа гэх 17,000 төгрөг, Сутайн буяа гэх 31,000 төгрөг, Сутайн буяа гэх 15,000 төгрөг, Сутайн буяа гэх 3,000 төгрөг, Сутайн буяа гэх 41,000 төгрөг, Сутайн буяа гэх 15,000 төгрөг, хайбрид серви гэх утгатай 695,000 төгрөг, 160,000 төгрөг, ЮБИ автоцэнтр гэх утгатай, 353,000 төгрөг 21,000 төгрөг, 21,000 төгрөг, нийт 1,372,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байна гэж дүгнэжээ.
Гэтэл дээрх нотлох баримтуудыг нэхэмжлэгч засвар үйлчилгээ хийсэн гэх цаг хугацаанд аваагүй бөгөөд сүүлд гүйлгээний утгаар нь хөөн засварын газруудаар нөхөн бичүүлж авсан нь хэлэлцүүлгээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, дээрх нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй маргаж байгаа маргааны зүйлд нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн. Мөн нэхэмжлэгч нь ямар улсын дугаартай, хэний эзэмшлийн автомашинд зарцуулснаа тодорхойлж чаддаггүй, нотлох баримтаар үнэлсэн нотлох баримтууд нь уг автомашинд зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй, уг автомашин хэрэг шийдвэрлэх явцад хэний эзэмшилд байсан зэргийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Хариуцагч нь тухайн автомашины сервер дугаарыг тодорхой дурдаагүй гэж маргасан. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаас хойш ви чат буюу цахим орчноос бичлэгийг олж, ямар автомашинд ямар улсын дугаар хийснийг нотолж байна. Мөн тухайн автомашиныг хэний өмчлөлд байгааг Авто тээврийн үндэсний төвөөс шүүлгэхэд уг тээврийн хэрэгслийн дугаарыг иж бүрдлээр нь устгуулсан байдаг гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч О.У нь хариуцагч К.Нд холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 2,130,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.
3. Талууд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч О.Уын эзэмшлийн Тоёота Раум /Toyota Raum/ маркийн автомашиныг 2,000,000 төгрөгөөр, хариуцагч К.Нын эзэмшлийн Тоёота Альфард /Toyota Alphard/ маркийн автомашиныг 9,000,000 төгрөгөөр тус тус үнэлэн харилцан солилцож, өмчлөлийг шилжүүлж, нэхэмжлэгч О.У нь зөрүү 7,000,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч К.Нд нөхцөлийг тус тус амаар харилцан тохиролцсон нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
3.а. Нэхэмжлэгч нь “өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан Тоёота Альфард /Toyota Alphard/ маркийн автомашинд нийт 2,130,000 төгрөгийн засвар, үйлчилгээ хийсэн тул хариуцагчаас гаргуулна” гэж, хариуцагч нь “зарим эд ангиудыг эвдээд буцаасан байсныг би засуулсан, нэхэмжлэгч засвар, үйлчилгээ хийгээгүй” гэж маргасан.
3.б. Нэхэмжлэгч О.У, хариуцагч К.Н нар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзан, тээврийн хэрэгслийг харилцан буцаасан үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. Харин хариуцагчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
3.в. Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч О.Уаас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Сутайн Буяа” утгатайгаар нийт 122,200 төгрөг, “Хайбрид серви” утгатайгаар нийт 855,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “ЮуБи авто сенте” утгатайгаар нийт 395,000 төгрөг, бүгд 1,372,200 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх-ийн 4-8, 54-64/
Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дээрх үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч О.У нь хариуцагч К.Нын эзэмшлийн автомашинд бүгд 1,372,200 төгрөгийн засвар, үйлчилгээг хийж хохирсон болохыг тогтоосон нь үндэслэлтэй болжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч “...нэхэмжлэгч нотлох баримтуудыг гүйлгээний утгаар хөөн нөхөн бичүүлж авсан тул нотлох баримтаар үнэлэхгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
4.а. Нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд “Сутайн буянт”, “Тайхар хайбрид центер”, “Юу Би авто центр” зэрэг автомашины засвар, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын данс руу мөнгөн дүн шилжүүлсэн нь түүний дансны хуулгаар нотлогдож байхаас гадна шүүх нөхөн бүрдүүлсэн зарлагын баримтуудыг дансны хуулгатай харьцуулан дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
5. Нэхэмжлэгч нь хэлцэл цуцлагдсанаас өөрт учирсан хохирлыг шаардсан байхад анхан шатны шүүх талуудын хооронд үүсээд дууссан харилцаатай холбоотой буюу худалдах, худалдан авах гэрээ, арилжааны гэрээний зохицуулалтыг баримталсан нь оновчгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/04904 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...274 дүгээр зүйлийн 274.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д гэснийг “...227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ