Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00061

 

 

 

 

 

 

      2024         01         03                                        210/МА2024/00061

 

 

СК, АК нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/03284 дугаар шийдвэртэй,

СК, АК нарын нэхэмжлэлтэй, Э.Зд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 56,000 евро буюу 214,526,480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Э.З нь АК, СК нараас 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 34,782 евро, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 100,000 евро, нийт 134,782 евро аваад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 77,474 евро буцаан төлсөн.

1.2. 2022 онд Хан-Уул дүүргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч хариуцагч нь шүүх дээр ирээгүй, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр эвлэрүүлэн зуучлалаас татгалзсан хариу авсан. Нэхэмжлэгч АК хавдар өвчний улмаас эмчилгээ хийлгэж биеийн байдал сайн биш байгаа бөгөөд эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгснөөс хойш 20,000,000 төгрөгийг авсан. Одоо 56,000 евро буюу монгол мөнгөөр ханш 3,830 төгрөгөөр тооцож, 214,526,480 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна.

1.3. Э.З нь их хэмжээний мөнгө зээлэн итгэл эвдэж, одоо төлөх мөнгө алга гэж тайлбарлаж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн Цагаан хад боомтод үйл ажиллагаа явуулдаг компанитай, мөнгийг бага багаар цувуулан хэдэн төгрөг төлөх тал дээр ч тохиролцохыг хүсдэггүй, нэхэмжлэгч нарыг хохироон өдий хүрч байна. Иймд зээлийн үлдэгдэл 214,526,480 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

            2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Би нөхрийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Тт” ХК-ийн туслан гүйцэтгэгчээр 2019 оны 12 дугаар сар хүртэл хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ийнхүү туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа нэхэмжлэгч СК болон АК нараас нийт үнийн дүнгээр 2018 оны 3 дугаар сард 134,000 евро буюу тухайн үеийн ханш 2,954 төгрөгөөр тооцоход 395,836,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан.

1.2. 2020 оны 01 дүгээр сарын сүүлээс эхлэн дэлхий нийтэд тархаад буй ковид-19 коронавирусын улмаас Монгол улс хилээ хааж дотооддоо хөл хорио тогоосноос болж тухайн төслийн үйл ажиллагаа доголдон зогсож өнөөдрийг хүртэл манай компани үйл ажиллагаа явуулах боломжгүй байсаар өдийг хүргэсэн. Энэ нөхцөл байдал нийтэд илэрхий болсон гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл бий болсон тул гэрээний хариуцлагаас хуулийн дагуу чөлөөлөгдөх зохицуулалттай гэж үзэж байна.

1.3. Өнгөрсөн хугацаанд би өөрийн бүхий л нөөц боломжийг ашиглан 78,000 евро буюу 230,412,000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 56,000 еврог өнөөдрийн вальютын ханшаар 3,836 төгрөгөөр 214,526,480 төгрөгөөр бодсон нь хэтэрхий өрөөсгөл байгаа бөгөөд дээр дурьдсан шалтгааны улмаас төлбөр төлөхөд хүндрэлийг үзүүлж байна. Иймд би валютын ханшийн зөрүүг харилцан тохиролцож дундаж ханшаар бодож эвлэрлийн гэрээ байгуулан график гаргаж хувиарын дагуу төлөх саналтай байна гэжээ.                                                  

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Заас зээлийн гэрээний үүрэгт 214,526,480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СК, АК нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч СК, АК нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,230,582 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Заас улсын тэмдэгтийн хураамжид 1,230,582 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч СК, АК нарт олгож шийдвэрлэжээ.

 

            4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон атлаа маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсын болж чадаагүй.

Э.З миний бие нэхэмжлэгч СК, АК нартай 2018 оны 03 дугаар сард зээлийн гэрээ байгуулж, 134,000 еврог буюу 395,836,000 төгрөг зээлж авсан эсэх талаар маргаан байхгүй. Нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл би тэдэнд 78,000 еврог буцаан төлсөн ба үлдэгдэл 56,000 еврог нэхэмжлэгч нарт төлөөгүй. Учир нь миний үүсгэн байгуулсан компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “ТТт” ХХК-тай туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээг байгуулан уурхайн хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэдэг байсан бөгөөд 2019 оноос эхлэн Дэлхий нийтэд тархсан ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон тул нэхэмжлэгч нараас зээлсэн мөнгийг буцаан төлөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан буюу Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан гэрээний үүргийг биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

4.2. Нэхэмжлэгч нараас тухайн зээлийг авах үед еврогийн төгрөгтэй харьцах ханш 2,954 төгрөг байсан. Харин шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 05 дугаар сарын байдлаар ханшийг тооцож нэхэмжилсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “...төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө...” гэж заасан байх тул зээл авах үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөх ёстой гэсэн хариуцагч талын тайлбарыг шүүх хүлээн аваагүйд гомдолтой байна. Зээлийн төлбөрийг үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар тооцон төлөх нь хариуцагчид илтэд хохиролтой байгаа ба дэлхий нийтэд тархсан ковид-19 цар тахалын улмаас компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан тул үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар тооцож зээлийн үүргийг төлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Ковид-19 цар тахлын улмаас болж зээлийн эргэн төлөлт хийж чадалгүй хугацаа хэтрүүлсэн гэж хариуцагч талаас тайлбарладаг боловч энэ талаарх нотлох хэрэгт авагдаагүй. Мөн мөнгөний ханшийг үүрэг үүсэх үеийн ханшаар эсхүл анх зээл авсан үеийн ханшаар тооцох ёстой гэж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт нийцүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэл гаргах үеийн ханшаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх “...төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан.

Хариуцагч 2017 онд 34,000 евро, 2018 онд 100,000 евро, нийт 134,000 евро нэхэмжлэгч нараас зээл авч, сар болгон хүү төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нар хариуцагчаас зээлийн хүү нэхэмжлэхгүйгээр зээл 134,000 еврогоос 78,000 еврог хасаж, үлдэх 56,000 еврог нэхэмжлэл гаргах үеийн ханшаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй, төгрөгийн ханш унасан нь хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүссэн эрсдэл учраас энэ эрсдэлийг хариуцагч өөрөө үүрэх ёстой гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Нэхэмжлэгч СК, АКнар хариуцагч Э.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56,000 евро буюу 214,526,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Нэхэмжлэгч СК, АКнар хариуцагч Э.Зд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 34,782 евро зээлүүлсэн, мөн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 100,000 еврог 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, сарын 103 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, зохигчийн тайлбараар тус тус нотлогдож байна. /хх-ийн 6-7, 11-27/

 

3.б. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

3.в.Нэхэмжлэгч нар 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 34,782 евро, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний дагуу 100,000 еврог хариуцагчид шилжүүлэн өгсөн, хариуцагч нь дээрх 134,782 еврог хүлээн авч, үүнээс 78,782 еврог төлсөн талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.г. Зээлдэгч Э.З  нь зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж, зээлийг төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн тул нэхэмжлэгч СК, АКнар хариуцагч  Э.Заас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Э.Заас зээлийн гэрээний үүрэгт 56,000 евро буюу 214,526,480 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч СК, АК нарт олгохоор шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... нэхэмжлэгч нараас зээлийг авах үед еврогийн төгрөгтэй харьцах ханш 2,954 төгрөг байсан атал шүүх нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар тооцсон нь үндэслэлгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

4.а. Нэхэмжлэл гаргасан 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 1 евро 3,830.83 төгрөгтэй тэнцэж байгаа нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох бөгөөд нэхэмжлэгч нар еврог 3,830.83 төгрөгөөр тооцон нийт 214,526,480 төгрөгийг хариуцагч Э.Заас нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэснийг зөрчөөгүй байна.

 

4.б. Мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлд заасан зохицуулалт нь гадаад вальютын ханшийг төгрөгтэй харьцуулсан зохицуулалт биш, харин төгрөгийн ханшийн өссөн, буурсан талаар зохицуулсан. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Түүнчлэн, ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас хариуцагч компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх болон зээлийг тодорхой хэмжээнд хөнгөлөх үндэслэл болохгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/03284 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,230,582  төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Г.ДАВААДОРЖ

 

                                      ШҮҮГЧИД                                           Т.ГАНДИЙМАА

 

                                                                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ