Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 05

 

Д.Мөнхзоригт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор Г.Хаш-Эрдэнэ

            Яллагдагчийн өмгөөлөгч Г.Лхам

            Хохирогчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

            Нарийн бичгийн дарга С.Уянга нарыг оролцуулж,

Дундговь аймаг дахь Сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбатын шийдвэрлэсэн 2017 оны  01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Д.Мөнхзоригт холбогдох эрүүгийн 201612000171 тоот хэргийг 2017 оны 2 дугаар сарын  3-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч Д.Мөнхзориг нь 2016 оны 9 сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын  “Энгэр-Ус” гэх газраас баруун тийш Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эзэмшлийн 79-64 УБП улсын дугаартай Прадо-120 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргаж, тус байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх:  

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Д.Мөнхзоригт  холбогдох эрүүгийн 201612000171 тоот хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Дундговь аймгийн Прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

         Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: Д.Мөнхзоригийг 2016 оны 10 дугаар сарын  24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгон, яллагдагчаар байцаалт авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан заалтуудад нийцсэн байна.

         Шүүхээс өмнө нь нэмэлт хэрэгт бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн 2016 оны 36 дугаартай захирамжийн заалтуудыг хангаж шинээр цугларсан нотлох баримтуудыг тусган сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг дахин баталж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад  анхан шатны шүүх яллагдагч Д.Мөнхзоригийг дахин яллагдагчаар татсан тул  байцаалт авах шаардлагатай гэж үзэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

         Учир нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д.Мөнхзоригийг яллагдагчаар татсан тогтоол, яллагдагчаар байцаасан байцаалтыг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй,  тогтоол, байцаалт хүчин төгөлдөр байгаа ба хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн,  ял нэмж, өөрчилж сонсгосон зэрэг ажиллагаа хэрэгт хийгдээгүй байхад  анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн буюу яллагдагчаар татсан тогтоолыг  танилцуулсны дараа яллагдагчийг нэн даруй байцаана гэсэн заалтыг зөрчсөн гэж хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна.

         Шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан уг хэргийн хэрэг бүртгэлийн шатанд  яллагдагч  Д.Мөнхзоригийг дахин яллагдагчаар татах тогтоол үйлдээгүй бөгөөд дахин байцаалт явуулах шаардлагагүй юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Прокурор яллагдагчаар татах тогтоолыг батлах буюу яллах дүгнэлт үйлдэн, хэргийг харъяаллын дагуу шүүхэд шилжүүлж, энэ тухай яллагдагчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр прокуророос Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 215 дугаар зүйлийн 215.2.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан байхад  анхан шатны шүүхээс  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татсан гэж дүгнэлт хийж  хуулийг буруу ойлгон хэрэглэж нэмэлт хэрэг бүртгэлийн ажиллагаа хийлгэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

         Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэх, сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоолыг прокурор баталж шүүхэд шилжүүлж буй шийдвэр нь хоёр өөр ойлголт болохыг  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тодорхой зааж өгсөн байх ба прокуророос сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж байгаа нь хуульд заасан хөнгөн ангиллын гэмт хэргийг шүүхэд шилжүүлж буй ажиллагаа юм.

         Мөн шүүгчийн 03 дугаартай захирамжинд “... яллагдагч Д.Мөнхзоригт холбогдох эрүүгийн хэргийн 201612000171 тоот хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Дундговь аймгийн прокурорт буцаасугай ... “ гэсэн нь аймгийн прокурорын нэр дээр буцааж байна гэж ойлгогдож байгаа бөгөөд  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаахдаа аймгийн прокурорт буюу дээд шатны прокурорт буцаах талаар заагаагүй байна.

         Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаартай захирамж нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт заасан “ Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр  дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэнгээс: Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг түргэн шуурхай шйидвэрлүүлж, хохирлыг гаргуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн  2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаартай захирамжийг хүчингүй болгож хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Г.Лхамаас: Шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Уг хэрэгт холбогдогч Д.Мөнхзоригийг 2016 оны 10 дугаар сарын 24-нд яллагдагчаар байцаасан байцаалт хүчин төгөлдөр хэвээр байхад шүүх дахин яллагдагчаар байцаалт аваагүй гэсэн нь үндэслэлгүй юм. Хэргийг аймгийн прокурорт буцаахаар заасан зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт заасан “ Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ.” гэснийг зөрчиж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

 

                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:       

 

Анхан шатны шүүх “Хэрэг бүртгэлтийн шатанд буюу 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж, уг тогтоолыг яллагдагчид танилцуулсан атлаа яллагдагчаар байцаалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан “яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсны дараа яллагдагчийг нэн даруй байцаана” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч албан тушаалтай ахлах дэслэгч Х.Амарзаяа нь Дүгэржанцангийн Мөнхзоригт холбогдох 201612000171 дугаартай эрүүгийн хэрэгт 08 тоот “Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол”-ыг үйлдсэн байна /хх-н 49-50х/. Зуут овогт Дүгэржанцангийн Мөнхзоригт холбогдох 201612000171 дугаартай Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн ахлах офицер цагдаагийн а/х Б.Доржготов 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 тоот “Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол” /хх-н 151-154х/ үйлджээ. Үүнээс үзэхэд прокурорын эсэргүүцэлд дурдагдсан “Шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан уг хэргийг хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагч Д.Мөнхзоригийг дахин яллагдагчаар татах тогтоол үйлдээгүй...” гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгчийн захирамжийн ЗАХИРАМЖЛАХ хэсгийн 1, 3 дугаар заалтаас дүгнэхэд Д.Мөнхзоригт холбогдох эрүүгийн 201612000171 тоот хэргийг дээд шатны прокурорт бус харин Дундговь аймгийн Прокурорын газарт буцаасан гэдэг нь тодорхой байна. 

Мөн түүнчлэн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд буцаасан уг хэрэгт зайлшгүй хийгдэх шаардлагатай дараах ажиллагаанууд тогтоогдлоо.

  1. Эрүүгийн 160559 тоот хэрэгт Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт 2016.09.15-ны өдөр 76-64 УБП улсын дугаартай Прадо-120 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээг “Ашид Билгүүн” ХХК-аар тогтоолгохоор 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Шинжилгээ хийлгэх тогтоол” /хх-н 35х/ гаргажээ.  Харин хавтаст хэрэгт Д.Мөнхзоригт холбогдох 201612000171 тоот эрүүгийн хэрэгт холбоотой хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээг тогтоосон баримт алга байх тул  хоёр өөр хэрэгт ажиллагаа хийсэн гэж үзэхээр байна.
  2. Эрүүгийн 201612000171 тоот хэрэгт хохирогч нь Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар байх байтал тус газрын нярав ажилтай Г.Маналсүрэнг хохирогчоор тогтоон тогтоол үйлдэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ.” гэснийг зөрчжээ.

 

Иймд дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, 315.1.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

      

1.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй

 

2. Энэ магадлалд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

                                     ШҮҮГЧИД                               Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ