| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалбаагийн Бурмаа |
| Хэргийн индекс | 159/2017/0005/З |
| Дугаар | 159/ШШ2017/0010 |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 159/ШШ2017/0010
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа би нэхэмжлэгч Ц.Дашдондогийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/167 дугаартай захирамжийн хавсралтын 2 дахь хэсэг болох 43008001136 нэгж талбарт байрлах 500 мкв миний эзэмшлийн газрыг Авираа овогтой Эрдэнэбаярт шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
Тодорхойлох нь:
Иргэн Ц.Дашдондог шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 20 дугаар байрны баруун талд орших 43008001136 нэгж талбарын дугаар бүхий 500 мкв газар дээр байрлах Ү-1317002163 улсын бүртгэлийн дугаар бүхий 96 мкв талбайтай орон сууцаа 2003 оны 04 дүгээр сарын 07-нд Г.Энхтуяад худалдсан учир миний эзэмшлийн дээрхи газар хуулийн дагуу Г.Энхтуяагийн эзэмшилд шилжих ёстой байсан. Г.Энхтуяа нь тус байрыг 2011 оны 06 дугаар сарын 10-нд С.Отгонгэрэлд бэлэглэсэн байна. Энэ хугацаанд би Улаанбаатар хот руу шилжиж холбоо тасарснаас эзэмшлийн газрыг нь үл хөдлөх хөрөнгөө зарсан хүндээ шилжүүлж өгч амжаагүй өдий хүрсэн байсан юм. Гэтэл тус газрыг маань Сэлэнгэ аймгийн Засаг дарга үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхгүй этгээд болох А.Эрдэнэбаярт 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/167 тоот захирамжаар олгосон байна. Энэ нь эцэст нь хугацаанд нь газар эзэмшлийн гэрчилгээгээ шилжүүлж өгөөгүйгээс болсон гэсэн үндэслэлээр үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон С.Отгонгэрэл намайг буруутан болгож байна. Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/167 дугаартай захирамжийн хавсралтын 2 дахь хэсэг болох 43008001136 нэгж талбарт байрлах 500 мкв миний эзэмшлийн газрыг Авираа овогтой Эрдэнэбаярт шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь заалт Авираа овогтой Эрдэнэбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус тус үндэслэн Ц.Дашдондогийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад татгалзах зүйлгүй байна гэжээ.
Гуравдагч этгээд А.Эрдэнэбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Гуравдагч этгээд миний бие нь нэхэмжлэгч Ц.Дашдондогийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний нэр дээр олгосон 500 мкв газрыг хүчингүй болгож шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Үндэслэх нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх... “гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан иргэн Ц.Дашдондогийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/167 дугаартай захирамжийн хавсралтын 2 дахь хэсэг болох 43008001136 нэгж талбарт байрлах 500 мкв миний эзэмшлийн газрыг Авираа овогтой Эрдэнэбаярт шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас 35.100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжинд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.БУРМАА