Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2019/0260

 

Д.О-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0037 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.О-гийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0037 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Төрийн аудитын тухай хуулийн 71 дугаар зүйлийн 71.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-гаас Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/238 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтэст аудитороор томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг даалгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Ш.М нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасан хуулийн гол заалт буюу “төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэсэн заалтыг шууд алгасан орхигдуулсан. Хөдөлмөрийн гэрээ бус үр дүнгийн гэрээгээр жил бүр ажлаа дүгнүүлж байсан болон төрийн аудитын албан хаагчийн тангараг өргөсөн байдал, гэрээний хэлбэрийг үл хамааран ажил олгогч болох Төрийн аудитын байгууллагын цалин хөлс, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан үйл баримтуудыг хэрхэн дүгнэж байгаа, мөн ямар үйл баримтуудыг үндэслэж төрийн жинхэнэ албан тушаалыг эрхэлж байсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж ядмаг үндэслэл гаргасан нь ойлгомжгүй байна. Жил бүр үр дүнгийн гэрээг дүгнэж сайнаас дээш дүнтэй дүгнэгдэж байсан.

Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзэхэд эрхэлж буй албан тушаал, ажлын байрны хувьд зөвхөн нэр томьёоны өөрчлөлтөөс өөр ямар ч өөрчлөлт ороогүй байгаа нь чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад зөвхөн ажлын байрны нэр төдий өөрчлөлтөөр чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан болон орон тоо нь хасагдаж, цөөрөөгүй ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Д.О болон бусад халагдсан, чөлөөлөгдсөн ажилтнуудын орон тоонд шинээр ажилд авсан хүмүүс нь нөгөө гол шалгуур болгосон төрийн албанд 5 жил ажилласан шалгуурыг хангаагүй болохыг нэхэмжлэгч талын хүсэлтээр хийгдсэн шүүхийн үзлэгээр тогтоосон үйл баримт болох хувийн хэвшлээс өөр газарт ажиллаж байгаагүй этгээдүүд гүйцэтгэх, удирдах албан тушаалд томилогдсон баримтуудаар тогтоогдож байгаа нь шүүхийн энэ шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж шууд үзэхэд хүргэж байна. Захиргааны хууль бус актыг зөвтгөн тайлбарлан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0037 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Төрийн аудитын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудитор 2017 оны А/60[1], А/88[2] дугаар тушаалаараа Нийслэл дэх төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалт болон ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан бөгөөд өмнө нь 25 албан хаагчтай 3 санхүүгийн аудитын алба байсныг нийт 22 албан хаагчтай /дарга бөгөөд аудитын менежер 2, ахлах аудитор 4, аудитор 16/ 2 санхүүгийн аудитын хэлтэс байхаар өөрчлөн зохион байгуулжээ.

Тус газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнөөр төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/ цөөрсөнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий аудитор 2017 оны Б/177 дугаар тушаалын[3] 4 дэх заалтаар өмнө нь ажиллаж байсан албан хаагчдыг шинэ ажлын байранд томилохтой холбогдуулан шинэчлэн батлагдсан ажлын байрны /албан тушаалын/ тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдыг сонгон шалгаруулж, танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комисст даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг комисс 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтээр Б.О-г аудиторт тавигдах мэргэшсэн нягтлан бодогч байх, төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн байна.

Хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Б/238 дугаар тушаалаар[4] “...Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, өөрчлөгдөн, орон тоо цөөрч, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй” гэж үзэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд Д.О нь “...миний хэрэгжүүлж байсан чиг үүрэг гүйцэтгэлийн аудиторын албан тушаалд хэвээр хадгалагдаж үлдсэн тул би томилогдох ёстой” хэмээн тайлбарлан маргажээ.

Хэдийгээр Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ... ” гэж заасан боловч уг ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй албан хаагчийг томилох боломжгүй.

Хариуцагч нэхэмжлэгчийг “Төрийн албанд 3 жил ажилласан бөгөөд мэргэшсэн байх шаардлагыг хангаагүй” хэмээн үзсэн бөгөөд нэхэмжлэгчээс “мэргэшсэн байх” шаардлагатай холбогдуулан маргаагүй харин “төрийн албанд 5-аас доошгүй ажилласан байх” шаардлагыг хангасан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Нийслэлийн ерөнхий аудиторын 2013 оны Б/24 дүгээр тушаалаар[5] мөн оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дотоод ажил, сургалт хариуцсан шинжээчээр 1 жилийн туршилтын хугацаатайгаар, 2015 оны Б/6-2 дугаар тушаалаар[6] тухайн өдрөөс гүйцэтгэлийн аудитын албаны шинжээчээр тус тус томилогдсон байна.

Анх нэхэмжлэгч нь тус газартай 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г[7] байгуулан ажилласан байх бөгөөд тэрээр давж заалдах гомдолдоо “...гэрээний хэлбэрийг үл хамааран ажил олгогч болох Төрийн аудитын байгууллага цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан” хэмээн дурджээ.

Тус байгууллагын архивыг цахим хэлбэрт шилжүүлж байгаатай холбоотойгоор 2003-2011 оны ирсэн, явсан бичиг, тушаалыг сканердаж цахим архив үүсгэх зорилгоор уг хамтран ажиллах гэрээг байгуулсан тул нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр төрийн албанд ажилласан гэж үзэхгүй төдийгүй, хариуцагчаас Д.О-гийн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан гэх үндэслэлээр түүний гаргасан дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Мөн түүнчлэн ажлаас чөлөөлсөн Б/238 дугаар тушаалын үндэслэл болоогүй ч хариуцагчийн “нэхэмжлэгч нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй” гэсэн тайлбар болон нэхэмжлэгч уг шалгалтыг өгөөгүй үйл баримт нь нэхэмжлэлийн “...Гүйцэтгэлийн аудитын хэлтэст аудитороор томилуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэлд хамаарна.

Учир нь, Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар төрийн “жинхэнэ албан тушаал” /захиргааны болон тусгай/ эрхлэх хүсэлтэй иргэд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдэх ёстой. Гэтэл анхнаасаа энэхүү нийтлэг журмыг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон иргэнийг шүүхийн зүгээс Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтэст аудиторын албан тушаалд нь эгүүлэн тогтоох боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Ш.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-44 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-54 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-67 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-23 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-102 хуудас

[6] Хавтаст хэрэг 1-103 хуудас

[7] Хавтаст хэрэг 2-63 хуудас