Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 578

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Заамар сумын 1 дүгээр баг Тосон гэх газар оршин суух НН61051272 регистрийн дугаартай “Тахилант” овогт Алтын Энхболдын Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.Энхболд, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч А.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би 1979 онд цэрэгт яваад 1982 онд халагдаж ирээд Төв аймгийн Заамар нэгдлийн сургалтын төвд тракторын курст 6 сар сурсан. Дараа нь Заамар нэгдлийн Ар-Уртын бригадад 1982 оны 11  сарын 10-наас  1983 оны 6 сарын 16  хүртэл  тариа  бригадын үтрэмд слесарь хийж байгаад 1983 оны 6 сараас 1992 оны 01 сарын 01-нд Заамар  ХК  болох  хүртэл  трактор комбайнчаар ажиллаж байсан. Одоо тэтгэврээ тогтоолгох гэтэл ажлаас халагдсан тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учраас тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Би архиваас холбогдох тушаалуудыг шүүлгэж авсан байгаа. Иймд намайг Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Ар-Уртын бригадад слесарьч, трактор комбайнчаар 1982 оны 06 сарын 16-наас 1992 оны 01 сарын 01-нийг хүртэл, Заамар ХК-д 1992 оны 01 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг миний цуглуулсан нотлох баримтанд үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн даргын тушаал, Заамар ХК-ийн захирлын тушаал, гэрчүүдийн тодорхойлолт, мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

А.Энхболд нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Ар-Уртын бригадад  1982 оны 06 сарын 16-наас 1992 оны 01 сарын 01-нийг хүртэл трактор комбайнчаар, Заамар ХК-д 1992 оны 01 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл  трактор комбайнчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1.Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн даргын 1982 оны 11 сарын 25-ны өдрийн 91 тоот “Ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт “... А.Энхболдыг 11 сарын 10-наас үтрэмийн слесарьчнаар ... томилсугай”,

-1983 оны 09 сарын 23-ны өдрийн 74 тоот “Ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт “Тракторын курс төгсөж ирсэн Алтын Энхболдыг Ар-Уртын бригадад тракторын жолоочооор томилсугай”,

-“Ээлжийн амралт олгох тухай” 1985 оны 11 сарын 20-ны өдрийн тушаал, хавсралтанд “... А.Энхболдыг 26 хоног амраасугай”,

-1987 оны 03 сарын 14-ний өдрийн 23 тоот тушаал, хавсралтын “... тракторч А.Энхболд 26 хоног ... амраасугай”,

-1990 оны 12 сарын 30-ны өдрийн 100 тоот “Удаан жилийн нэмэгдэл олгох тухай” тушаалын 1 дүгээрт “Механикжуулагчид ... тасралтгүй ажилласан нэмэгдлийг хавсралт 1-д заасны дагуу /хавсралтын 10 дугаарт А.Энхболдод 30%/ нэмэгдэлд олгосугай,

-1991 оны 12 сарын 02-ны өдрийн 77 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын 1 дүгээрт “1991 оны 12 дугаар сард амрах хүмүүсийг хувиарын дагуу хавсралтаар амраасугай” хавсралтын 65 дугаарт “тракторчин А.Энхболд 24 хоног”,

-Төв аймгийн Заамар ХК-ийн ерөнхий захирлын 1992 оны 12 сарын 03-ны өдрийн 60 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын 1 дүгээрт “1992 оны 12 дугаар сард амрах .... /хавсралтын 82 дугаарт/ А.Энхболд тракторчин 24 хоног ... амраасугай/ гэсэн тушаалын хуулбарууд,

2.Гэрч Н.Баярсайханы “А.Энхболд нь 1983 оноос 1998 оныг хүртэл Төв аймгийн Заамар нэгдлийн Ар-Уртын бригад, Заамар ХК-д тус тус тракторчноор, би нэг байгууллагад хамт ажиллаж байсан нь үнэн” гэсэн тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

          -гэрч С.Лхагва-Очирын “А.Энхболд бид хоёр 1982 оны 6 сард Төв аймгийн Заамар нэгдлийн трактор комбайнчны сургуульд суралцсан. Бид хоёр трактор комбайнчны сургалтыг төгсөөд Төв аймгийн Заамар нэгдлийн Ар-Уртын бригадад трактор комбайнчнаар томилогдож нэгдэл хувьцаат компани болоход ч ажиллаж байсан. Нэгдэл 1992 онд татан буугдаж ХК болсон. А.Энхболд нь 1982 оны 06 сарын 16-наас 1992 оны 01 сарын 01-нийг хүртэл Төв аймгийн Заамар нэгдлийн Ар-Уртын бригадад трактор комбайнч, Заамар ХК-д 1992 оны 01 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл тасралтгүй ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтууд байна.

 

Хүсэлт гаргагч А.Энхболдын Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Ар-Уртын бригад, Заамар ХК-д трактор комбайнчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал өөрт нь хадгалагдаагүй буюу архиваас олдохгүй, төрийн архивын газар хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.              

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг  үндэслэн хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх нэхэмжлэгч А.Энхболдын хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан С.Лхагва-Очироос хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Ар-Уртын бригад, Заамар ХК-д тракторчноор хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан болох нь түүний тайлбар, хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч А.Энхболдыг Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн ар-Уртын бригадад 1982 оны 06 сарын 16-наас 1992 оны 01 сарын 01-нийг хүртэл, 1992 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Заамар ХК-д трактор, комбайнчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн  санд үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НН61051272 регистрийн дугаартай “Тахилант” овогт Алтын Энхболд нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Ар-Уртын бригадад слесарьч, тракторчнаар 1982 оны 06 сарын 16-наас 1992 оны 01 сарын 01-нийг хүртэл, 1992 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Заамар ХК-д трактор, комбайнчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Л.Батдоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ