Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00434

 

 

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00434

 

  

Э.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00043 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ТБАГ-т холбогдох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие М ТБАГ-т 2021 оны 09 сарын 17-ны өдөр олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан. Хүний нөөц, хууль эрх зүй хариуцсан мэргэжилтний чиг үүргийг давхар гүйцэтгэж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа зөрчил гаргаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг цаг тухайд нь хангалттай гүйцэтгэж ирсэн. Ийнхүү ажиллаж байх хугацаанд Зам, тээврийн хөгжлийн яамнаас хоёр удаа шалгалт ирсэн бөгөөд ингэхдээ байгууллагын даргаар ажиллаж байсан Б.Б-г буруутгах зорилготой ажилласан тул ажлын хэсгийн зарим гишүүдийн төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдлийн талаарх гомдлоо Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гаргаж байсан. Гэтэл байгууллагын даргын үүрэг гүйцэтгэгч Э.Э нь 2022 оны 10 сарын 11-ний өдрийн 98 тоот тушаалаар ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 буюу эрх бүхий байгууллага шаардсанаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод эрх зүйч хүн шаардлага хангахгүй гэж дүгнэснийг буруу гэж үзэж байна. Тушаалдаа Зам, Тээврийн хөгжлийн яамны зөвлөмжийг хэрэгжүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах гэж тусгасан. Ямар зөвлөмж ирүүлсэн талаар надад танилцуулаагүй. Төрийн захиргааны төв байгууллага хүнийг ажлаас чөлөөл гэж үүрэг даалгавар өгөөгүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Э.М-ийг 2021 оны 09 сарын 17-ны өдөр олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. М ТБАГ-ын даргын 2022 оны 10 сарын 11-ний өдрийн 98 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах тухай тушаалыг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-д зааснаар эрх бүхий байгууллага шаардсан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Ингэж ажлаас нь чөлөөлөхдөө ажлын хэсгийн тайлан буюу 2022 оны 05 сарын 30-ны өдрийн тайланг үндэслэсэн. Тус тайланд Э.М нь англи хэлний шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгахад баримт бичгийг өгөөгүй учраас англи хэлний тавигдах шаардлагыг хангахгүй, мөн хүний нөөцийн асуудал хариуцсан ажил үүргийг хавсран гүйцэтгэж чадвал сар бүр 30 хувийн нэмэгдэл авсан боловч ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа талаар дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч Э.М нь ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь дээд байгууллагын аудитын тайлангаар тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд заасан үндэслэлээр цуцалсан. Эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд байгаа тохиолдолд эрх ашиг, сонирхлоо хамгаалж гомдол гаргах ёстой байсан. Гомдол гаргаагүй, үүнийг хүчингүй болгосон ямар нэгэн эрхийн акт байхгүй. Иймд ажил олгогчийн хувьд ажилтныг ажлаас чөлөөлсөн дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.М ийг урьд эрхэлж байсан М ТБАГ-ын Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 34,810,780 төгрөгийг хариуцагч М ТБАГ-аас гаргуулж нэхэмжлэгч Э.М ид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан 34,810,780 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Э.М-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч М ТБАГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч М ТБАГ-аас 332,004 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүх хариуцагчийг солих, хариуцагчийг тодорхойлох эрхгүй бөгөөд нэхэмжлэл гэдэг нь зөвхөн бичгээр гаргасан нэхэмжлэл, түүний бүрдүүлбэрийг хэлнэ. Хавтаст хэргийн 1-р талд Мны даргын үүрэг гүйцэтгэгч, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Э.Э гэжээ. Дээрх бичгээр гаргасан нэхэмжлэлд хуулийн этгээдийн оноосон нэр бус албан тушаалтны нэр, эцгийн нэрийг бичжээ. Иргэний хэрэг шүүхэд хянаи шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар шүүх өөрийн дураар, бичгээр гаргасан нэхэмжлэлийг солих, хариуцагчийг тодорхойлох эрхгүй юм. 2023 оны 12 сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагчийг солих хүсэлт гаргаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч биш талаар шүүх хуралдаанд тайлбар хэлсэн бөгөөд нэхэмжлэгчээс солих хүсэлтэй эсэхийг тодруулаагүй болно. Иймд дээрх тохиолдолд шүүх бичгээр гаргасан нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрөө тодорхойлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан диспозитив зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хариуцагч ДЗ нь нэхэмжлэлд дурдагдсан хариуцагч биш, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл биш, нэхэмжлэгч нь өөрөө өмгөөлөгч, эрх зүйч мэргэжилтэй байх тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар хууль зүйн мэдлэгтэй байх боломжтой байсан гэж үзэж байна.

4.2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 78 дугаар зүйлийн 78.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг буруу тайлбарласан хэрэглэсэн. Хэрэгт авагдсан Олон улсын гэрээ, эрх зүйн мэргэжилтэн ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлагад мэргэшил хэсэгт "Олон улсын гэрээ, эрх зүйгээр мэргэшсэн байх", Англи хэлний бичгийн болон ярианы ур чадвар сайн эзэмшсэн байх шаардлагууд тавигджээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан мэргэшсэн хуульч гэрчилгээг аваагүй, хэрэгт олон улсын эрх зүйгээр мэргэшсэн үйл баримт, нотлох баримтууд байхгүй. Мөн англи хэлний түвшин тогтоох шалгалт өгч тэнцсэн баримт байхгүй. Гэтэл шүүх гэрч Б.Б-гийн мэдүүлгээр түүнийг мэргэшсэн байх шаардлага, англи хэлний тавигдах шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. Төрийн байгууллага, төрийн албанд англи хэлний ур чадварыг НҮБ-ын үндсэн хэл дээрх хичээл ордог сургуулийг бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан, эсхүл дотоодын хүлээн зөвшөөрөгдсөн TOEIC-ийн сургалтанд сууж төгссөн байхыг ойлгохоор тусгасан байна. Тухайн баримт ямар үйл баримтыг нотолж, тогтоож байна вэ гэдэг асуултад хариулах хэрэгтэй. Нотлох баримтын хамаарлыг тодорхойлохын тулд үйл баримтын хамаарал, үйл баримтыг тогтоож буй байдлыг гэсэн 2 байдлыг тодорхой болгох шаардлагатай. Материаллаг эрх зүйн хэм хэмжээний диспозиц хэсэгт заасан нөхцөлд тохирсон үйл баримтыг тогтоож, эсхүл үгүйсгэж буй нотлох баримт тухайн хэрэгт хамааралтай байна.

4.3.  Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.4 а.-д дурдсаныг зөвшөөрөхгүй. Хэргийн 105 дугаар талд ДЗнд баримт бичиг, санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийсэн, ажлын хэсгийн тайланг нотлох баримтаар авагдсан. Ажлын хэсгийн тайлангийн 13-т сонгон шалгаруулалтгүй томилогдсон ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг цуцлах, 14-д ажлын байранд заасан чиг үүргийг хангалтгүй гүйцэтгэсэн, мэргэжлийн бус байгаа талаар дүгнэлт гарсан. Далай ашиглах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ДЗ ажиллана" гэж заасан нь эрх бүхий байгууллага мөн гэдгийг нотлох баримт юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар дээрх хяналт шалгалт нь эрх бүхий байгууллагын шалгалт мөн болно.

4.4.  Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь ажил үүрэг хавсран гүйцэтгэсэн 30 хувийн нэмэгдэл хөлс авч байсан үйл баримтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан. Нэхэмжлэгч нь хүний нөөцийн ажил үүрэг гүйцэтгэж 30 хувийн нэмэгдэл авдаг байсан талаараа маргадаггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж байсан. Иймд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам үйлчилнэ. Шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодохдоо 30 хувийн нэмэгдлийг оролцуулан тооцсон нь хуульд нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж дурдсан. Хариуцагч нь М ТБАГ болохоос Э.Э гэх хувь хүн биш. М ТБАГ нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, бидний хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой дүгнэсэн тул гомдол үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлын байрны тодорхойлолттой холбоотой гомдол гаргасан. Ажлын байрны тодорхойлолтын хувьд шаардлага хангахгүй гэдэг нь М ТБАГ-т намайг ажиллаж байхад үед хүчинтэй байсан ажлын байрны тодорхойлолтын хүрээнд биш, намайг ажлаас гарсны дараа батлагдсан ажлын байрны тодорхойлолтоор Олон улсын эрх зүйч байх шаардлагыг хангаагүй гэж үзэж ажлаас халсанд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хариуцагч татгалзаа нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар мэргэжил чадварын хувьд тэнцэхгүй гэх үндэслэлээр намайг ажлаас халсан боловч үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй. Хүний нөөцийн ажил хавсарч хийж байсан тул 30 хувийн нэмэгдэл цалингаар тооцсон гэж байгаа нь үндэслэлгүй. Би хүний нөөцийн ажилтны ажлыг хавсарч хийж байгаад 3 сард больсон. Шүүх миний авч байсан сүүлийн 3 сарын цалингийн дунджаар цалин хөлсийг тооцсон байсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасны дагуу давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч М ТБАГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 21, 150/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.М нь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамыг хамтран хариуцагчаар татсан боловч тус яаманд холбогдох шаардлагаасаа татгалзсан байна. /1хх 84-87, 196/

3.   Ажилтан Э.М нь ажил олгогч М ТБАГ-тай байгуулсан 39 тоот Хөдөлмөрийн гэрээ-ний үндсэн дээр тус байгууллагын Захиргаа, удирдлагын хэлтэст Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтнээр 2021 оны 09 сарын 16-ны өдрөөс ажиллаж эхэлжээ. /1хх 140-141/

Талууд 2022 оны 08 сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ-г шинэчилэн байгуулсан байна. /1хх 48-53/

4.   Улмаар, М ТБАГ-ын даргын 2022 оны 10 сарын 11-ний өдрийн 98 дугаар тушаалаар Э.М ийг 2022 оны 10 сарын 13-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэжээ. /1хх 72/

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.9, 80.1.2, 80.5, ДЗны дүрмийн 3.4, Хөдөлмөрийн дотоод журмын 3.2, 4.1.5, 4.2.5-д заасныг тус тус үндэслэсэн ба ...Э.М нь ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй... тухай дурджээ. /1хх 72/

5.   Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан 30 хоногийн хугацаанд шүүхэд анх хандсан байна. /1хх 6-8/

6.   Анхан шатны шүүх 2022 оны 11 сарын 25-ны өдөр иргэний хэргийг М ТБАГ-т холбогдуулан үүсгэсэн нь зөв. Энэ талаарх хариуцагч талын гаргасан татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь, нэхэмжлэгч Э.М нь нэхэмжлэлдээ М ТБАГ-ын оноосон нэр, оршин байгаа хаяг зэргийг дурдаж, тус байгууллагын даргын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаалыг хавсаргасан байна. /1хх 1-2, 3/

7.   Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу зөв үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

7.1.  2021 оны 09 сарын 16-ны өдрийн Албан тушаалын тодорхойлолтын маягт-д Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэнд тавигдах тусгай шаардлагыг боловсрол - дээд, бакалавр болон магистрын зэрэгтэй байх, мэргэжил - олон улсын харилцаа, эрх зүйч байх, мэргэшил - олон улсын гэрээ, эрх зүйгээр мэргэшсэн байх гэж тодорхойлжээ. /1хх 143-145/

Ажил олгогч М ТБАГ нь ажилтан Э.М ийг дээрх шаардлагыг хангасан гэж үзэж 2021 оны 09 сарын 16-ны өдөр анх Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтнээр түр томилж, дараа нь ...ажилд авсан түр хугацаанд ажил үүргээ хангалттай биелүүлж, цаашид үргэлжлүүлэн ажиллах бүрэн чадвартай нь нотлогдсон... үндэслэлээр Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтнээр жинхлэн томилсон байна. /1хх 139, 142/

Нэхэмжлэгч Э.М нь 2021 оны 09 сарын 16-ны өдрийн Албан тушаалын тодорхойлолтын маягт-д тусгагдсан тусгай шаардлагыг хангасан болохоо нотолж 1987 онд Монгол Улсын Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж хуульч мэргэшлийн цолтой болсон тухай, 2012 онд Удирдахуйн ухааны сургуульд суралцаж Төрийн удирдлагын магистрын зэрэг авсан тухай, 2014 оны 07 сарын 07-ны өдөр Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан тухай баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. /1хх 233-239/

Иймд хожим батлагдсан буюу 2023 оны 03 сарын 15-ны өдрийн Албан тушаалын тодорхойлолт-д тусгагдсан тусгай шаардлагыг үндэслэн ажилтан Э.М ийг ...ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй... гэж дүгнэх боломжгүй юм. /1хх 94-100/

7.2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон-ыг хамааруулахаар зохицуулсан боловч мөн заалтад Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заажээ.

Ажил олгогч М ТБАГ нь ажилтан Э.М-д хуульд заасны дагуу ийнхүү анхааруулсан, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй.

7.3.  Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан удирдамжийн дагуу 2022 оны 05 сарын 23-27-ны өдрүүдэд М ТБАГ-ын албан хэрэг хөтлөлт, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын зорилго нь ...зөвлөмж гаргаж байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх... явдал байх ба уг ажлын хэсгийн гаргасан Зөвлөмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан гэсэн үндэслэлд хамаарахгүй.

Учир нь, аливаа зөвлөмж нь заавал биелэгдэх шинжгүй буюу санал бодлыг зөвлөн зааварласан агуулгатай баримт бичиг бөгөөд үүнийг эрх бүхий байгууллагын шаардлага гэж үзэх боломжгүй.

8.   Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу тооцсоныг буруутгахгүй.

Тэрээр хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-ыг үндэслэн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлснөөс ажилгүй байсан хугацааны олговрыг тооцсон нь зөв.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцох үед хүчин төгөлдөр үйлчилж буй журмыг шүүх баримтлах учир Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтална гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч М ТБАГ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 332,004 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 Д.НЯМБАЗАР