Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0225/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                              М.Долгоржав,

Улсын яллагч                                                           Т.Баярмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Д.Ганхуяг

Шүүгдэгч                                                                   Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Буриад овогт Б-д холбогдох 1939000780063 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, агнуур зүйч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, хүүгийн хамт, Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багт “Ногоон дов” гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Буриад овгийн Б /РД: сй61122511/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг Баян-Адрага уулын өвөр орчмоос иргэн Б.Ганзулын өмчлөлийн бор зүсмийн 1 тооны гүүг хулгайлан бусдад 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Б.Ганзулын өгсөн:..2018 оны 03 дугаарс арын 06-ны өдөр намайг сумын төв дээр гэртээ байж байхад манай дүү Ганжолоо над руу утсаар яриад надад хандан таны бор гүү алга болчихоод байна ойр хавиар хайж явсан боловч сураг нь гардаггүй гэж хэлсэн тэгээд би хөдөө гэртээ очоод Ганжолоогийн хамт өөрийн бор зүсмийн гүүгээ хайж явж байгаад Дадал сумын Б гэх хүн миний алдсан гүүг маань хөтлөөд явж байсан гэх сураг сонссон...надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

Гэрч Б.Ганжолоогийн өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын эхээр Биндэр сумын Балж гэх газар өвөлжсөн юм. Энэ үеэр манай адуунаас бор зүсмийн    үсгэн тамгатай бүдүүн гүү алга болсон...3 сарын сүүлээр манай ойролцоо нутаглаж байсан Энхчулуун гэх залуу таны бор гүүг Б ах өөр нэг унагатай хөтлөөд айлаар орсон гэж байна гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг  /хх-ийн 25 хуу/

Гэрч Д.Энхчулууны өгсөн...2018 оны 03 дугаар сарын эхээр би Жоогий буюу Ганжолоо ахынхаас гэр лүүгээ явж байгаад нутгийн ах Б Ганжолоо ахын алдсан бор зүсмийн гүүг хөтлөөд аваад явж байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 08-11 хуу/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16 хуу/

 Малын үнэлгээ /хх-ийн 23 хуу/

Ял шалгах хуудас /хх-ийн 49 хуу/

Б-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52 хуу/

Хохирогч Б.Ганзулаас гаргасан гомдол, саналгүй тухай хүсэлт /хх-ийн 56 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 57-58 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б  нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн Баян Адарга уулын өвөр орчмоос хохирогч Б.Ганзулын бор зүсмийн 1 тооны гүүг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.            

   Аймгийн Прокурорын газраас Б-гийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

   Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Б хүлээн зөвшөөрч /хх-ийн 56, 60, 61, 65 дугаар хуу/  гарын үсэг зуржээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Б-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар ногоон өнгийн бариултай эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Хохирогч Б.Ганзул нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн, хүсэлт гаргасан /хх-ийн 21, 560, хуу/ хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 57 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон    

                                            

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буриад овгийн Б-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Дадал суманд эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар ногоон өнгийн бариултай эвхдэг хутга нэг ширхэгийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу устгасугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ОДХҮҮ