Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 554

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар баг Бичигт булаг 1 дүгээр гудамж 5 тоотод оршин суух НЙ59112818 регистрийн дугаартай “Алаг адуут” овогт Лхасүрэнгийн Батдоржийн Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Батдорж, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Батдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би Төв аймгийн Борнуур САА-д 1982 оны 10 сарын 01-нээс 800 үнээний Саалийн механикжсан фермд галчаар ажилд орж ажиллаж байгаад 1987 оны 05 сарын 05-наас тус сангийн аж ахуйн хадлан бригадад тракторын жолоочоор ажилласан. Би тус сангийн аж ахуйд 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл тасралтгүй ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Би архиваас холбогдох тушаалуудыг шүүлгэж авсан байгаа. Иймд намайг Төв аймгийн Борнуур Сангийн аж ахуйн 800 үнээний фермд 1982 оны 10 сарын 01-нээс 1987 оны 05 сарын 05-ныг хүртэл галчаар, 1987 оны 05 сарын 05-наас 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл сангийн аж ахуйн хадлан бригадад тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг миний цуглуулсан нотлох баримтанд үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, Төв аймгийн Борнуур Сангийн аж ахуйн даргын тушаалууд, цалингийн түүвэр, гэрчүүдийн тодорхойлолт, мэдүүлэг  болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Л.Батдорж нь Төв аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйн 800 үнээний фермд 1982 оны 10 сарын 01-нээс 1987 оны 05 сарын 05-ныг хүртэл галчаар, 1987 оны 05 сарын 05-наас 1991 оны 12 сарын 31-ийг хүртэл мөн сангийн аж ахуйн хадлан бригадад тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1.Төв аймгийн Борнуур Сангийн аж ахуйн даргын 1982 оны 10 сарын 04-ний өдрийн 229 тоот “Ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт “... Л.Батдорж ... 10 сарын 01-нээс галчаар ... томилсугай”,

-1987 оны 12 сарын 14-ний өдрийн 341 тоот “Ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт “.... Л.Батдорж ... 12 сарын 12-ноос 800 үнээний фермд галчаар”, 05 сарын 04-ний өдрийн 156 тоот тушаалын 1 дүгээрт “Л.Батдоржийг хадлан бригадад 05 сарын 05-наас тракторчноор”,

-1988 оны 05 сарын 15-ны өдрийн “Ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт “... Л.Батдоржийг хадлан бригадад, 10 сарын 06-ны өдрийн 229 тоот тушаалын 1 дүгээрт “... Л.Батдоржийг үхэрчнээр”,

-1989 оны 10 сарын 26-ны өдрийн 285 тоот “Ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт “... Л.Батдорж ... галчаар”,

-1991 оны 06 сарын 26-ны өдрийн 179 тоот “Салаа шинээр зохион байгуулах тухай” тушаалын хавсралтын 8 дугаарт “Хадлангийн 3-р  салааг үйлдвэрлэлийн тодорхой нэгжийг түшиглэн шинээр зохион байгуулан саравчны 1 дүгээр салаанд ... тракторчин Л.Батдоржийг ажиллуулав” гэсэн тушаалын хуулбарууд,

2.Борнуур САА-н 800 үнээний саалийн механикжсан фермийн галч, тракторчин Л.Батдорж нь “1982 оноос 1992 оныг хүртэл 269-795 төгрөгийн цалин хөлс авч байсан” тухай цалингийн түүвэр,

3.Гэрч М.Цэцэгдуламын “Би 1983 оны 8 сарын 18-нд Төв аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйн 800 үнээний фермд саальчнаар ажиллаж эхлэхэд Л.Батдорж нь галчаар ажиллаж байгаад дараа нь тракторчноор Шар хоолой ХК болоход ч ажиллаж байсан юм. Би Саалийн 800 үнээний фермд саальчнаар 1983 оноос нэгдэл, ХК тарах хүртэл ажиллаж байсан. Тухайн үед тракторын жолооч тогтмол 485 төгрөгийн цалин авдаг байсан байх. качегари хэдэн төгрөгийн цалин авч байсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

          -гэрч П.Болормаагийн “Би Герман улсад Хөдөө аж ахуйн фермерийн ТМС-д 1979-1982 онд суралцаж төгсөөд 1982 онд Төв аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйн Саалийн механикжсан фермд саальчнаар 1992 оныг дуустал, 1995 оныг хүртэл Сангийн аж ахуй өөрчлөгдөж Шар хоолой ХК байгуулагдаж энэ байгууллагад ногоо даршилдаг бригадад тогоочоор тус тус ажиллаж байсан. Намайг тус сангийн аж ахуйп томилогдож очиход Л.Батдорж нь галчаар ажиллаж байсан ба галч, тракторчин зэрэг ажлыг 1992 оныг дуустал ажилласан. Шар хоолой ХК-д тракторчноор томилогдон ажилласан хүн байгаа юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд байна.

 

Хүсэлт гаргагч Л.Батдоржийн Төв аймгийн Борнуур САА-н 800 үнээний Саалийн механикжсан фермд галч, тракторын жолооч зэрэг ажил хийж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал өөрт нь хадгалагдаагүй буюу архиваас олдохгүй, төрийн архивын газар хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, архивын тасгийн лавлагаа зэргээр давхар нотлогдож байна.              

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг  үндэслэн хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх нэхэмжлэгч Л.Батдоржийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан М.Цэцэгдулам, П.Болормаа нараас хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Төв аймгийн Борнуур САА-н 800 үнээний саалийн механикжсан фермд хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан болох нь тэдний тайлбараар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч Л.Батдоржийг Төв аймгийн Борнуур Сангийн аж ахуйн 800 үнээний фермд 1982 оны 10 сарын 01-нээс 1987 оны 05 сарын 05-ныг хүртэл галч, 1987 оны 05 сарын 05-наас 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл мөн сангийн аж ахуйн  хадлан бригадад тракторчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн  санд үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НЙ59112818 регистрийн дугаартай “Алаг адуут” овогт Лхасүрэнгийн Батдоржийг Төв аймгийн Борнуур САА-н 800 үнээний фермд 1982 оны 10 сарын 01-нээс 1987 оны 05 сарын 05-ныг хүртэл качегари, 1987 оны 05 сарын 05-наас 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл САА-н хадлан бригадад тракторчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Л.Батдоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ