Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 203/МА2024/00006

 

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 144/ШШ2023/00235 дугаар шийдвэртэй,

Д.*******ын нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ******* ******* *******т холбогдох

2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ханбогд сумын ******* ес дүгээр *******ийн эрлэгч Б.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтөр /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Тус *******т ажиллаад 2 жил гаруйн хугацаанд ямар нэгэн алдаа зөрчил гаргалгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь ажлын гологдолгүй, чин сэтгэлээсээ үр дүнтэй хийсээр ирсэн. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын сүүлчээр эрхлэгч Б.******* намайг өрөөндөө дуудаад, та ажлаас гарах хүсэлтээ өг гэсэн. Би гайхаад эхлээд үнэмшээгүй, тэгтэл үнэн яриад байна та өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгчих гэхээр нь би, юу яриад байгаа юм бэ, би яасан гэж ажлаас халагдах өргөдөл өгдөг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь эрхлэгч өргөдлөө өгөхгүй бол би таныг ажлаас халах тушаал гаргана гэж хэлсэн. Ямар үндэслэлээр, яагаад ажлаас халах болсон шалтгааны талаар огт хэлээгүй. Ингээд 2023 оны 03 дугаар сарын 01-ний Б/11 дугаартай эрхлэгчийн тушаалаар Д.******* намайг ажлын цагийг баримталдаггүй, чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалдаг 2023 оны 01 дүгээр сард ажлын 4 өдөр, 2023 оны 02 дугаар сард ажлын 5 өдөр өдөр чөлөө зөвшөөрөлгүй удаа дараа жил тасалсан, нягтлан бодогчийн буруугаас байгууллагын 2 албан хаагчийн 12 сарын нутгийн дэм олгогдоогүй, хамт олны ажил, хурал, сургалт зөвлөгөөнд оролцдоггүй, хүний нөөцийн программыг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хийж гүйцэтгэнэ гэсэн үндсэн дээр сар бүр 25 хувийн ур чадварын нэмэгдлийг авч байсан боловч мэдээллийг 2023 оны 01 сар хүртэл шинэчлэн завсарлаагүй зэрэг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлүүдээр миний хөдөлмөрийн гэрээг хууль зүйн үндэслэлгүйгээр дуусгавар болгосонд маш ихээр харамсаж байна. Ажил олгогчийн зүгээс хэдэн сарын хэдний өдөр, ямар алдаа зөрчил гаргасан, тэрхүү алдаа зөрчлийг хэрхэн яаж шалгаж тогтоосон талаараа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т зааснаар ...хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах... үүрэгтэй гэж заасныг мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.4- т ...ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө... гэж хуульд заасныг тус тус ноцтойгоор зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Миний бие өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ...шударга шүүхээр шүүргэх эрхтэй..., мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 1-д ...хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй... гэж заасны дагуу шүүхэд хандсан болно. Иймд шүүхээс хүсэхэд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Д.******* нь Ханбогд сумын 29-р *******ийн нягтлан бодогчоор 2020 оны 08 дугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн ба 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр шинэчлэн байгуулсан. Д.******* нь ажиллах хугацаандаа ажлын цагаа баримталдаггүй, хамт олны ажил, хурал, сургалт зөвлөгөөнд оролцдоггүй, чөлөө, зөвшөөрөлгүй авалгүй ажил удаа дараа тасалдаг, тайлан мэдээгээ хугацаандаа тайлагнадаггүй, явуулдаггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй гэх мэт зөрчлийг байнга гаргаж байсан. Дээрх зөрчлүүд нь удаа дараа давтагдсан тул 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус байгууллагын ёс зүйн хороо хуралдаж, Д.*******д сануулах сахилгын шийтгэл оногдуулсан.

Гэтэл Д.******* нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчлийг удаа дараа гаргаж байсан. 2023 оны 01 дүгээр сард ажлын цагаа баримтлалгүй, дандаа ажлаасаа хоцорч ирдэг, чөлөө зөвшөөрөл авалгүй ажлаа 4 өдөр, 2023 оны 02 дугаар сард ажлын 5 өдөр ажил тасалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчлийг гаргасан. Тиймээс нягтлан бодогч Д.*******ыг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг Д.*******д танилцуулж, гардуулж өгсөн. Харин Д.******* нь ажлаа хүлээлгэж өгөөгүй, тэр битгий хэл компьютерийн код, программын код зэргийг хэлэлгүй явсан. Тиймээс Д.*******ыг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам , хөдөлмөрийн хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад зааснаар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Жанжаа овгийн Дүнжгэрийн *******ыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын ******* ******* *******ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын ******* ******* *******ээс нэхэмжлэгч Д.*******ын ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9 802 593 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож,

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын ******* ******* *******т нэхэмжлэгч Д.*******ын ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын ******* ******* *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 241,991.4 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгч Б.*******гийн давж заалдах гомдлын агуулга:

 

Нэхэмжлэгч Д.******* нь ажлын цаг баримталдаггүй, ажлаас байнга хоцорч, ажлын цаг дуусаагүй байхад ажлаасаа явдаг, байнга чөлөө зөвшөөрөлгүйгээр ажил тасалдаг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, хамт олны хурал, цуглаан, сургалт, зөвлөгөөнд огт оролцдоггүй, ажил үүргээ хангалтгүй хийдэг зэрэг зөрчлийг байнга, удаа гаргадаг. Энэ байдалтай нь холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдөр ёс зүйн хороо хуралдаж, сануулах арга хэмжээ авсан байдаг. Гэтэл уг зөрчлийг нэхэмжлэгч нь байнга гаргасаар байсан. 2023 оны 01 дүгээр сард ажлын 4 өдөр, 2023 оны 02 дугаар сард ажлын 5 өдөр ажил тасалсан байдаг. Уг зөрчилтэй нь холбогдуулан өөрт нь мэдэгдэж, тайлбар авч, ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж, шийдвэрийг өөрт нь гардуулж өгсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь хариуцагч байгууллагаас Д.*******ын дээрх зөрчлийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцсэн мэтээр ойлгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар өнгөрсөн тул зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна гэж хэргийн бодит байдлыг буруу ойлгон, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн 2023 оны 01, 02 дугаар саруудад гаргасан зөрчилтэй нь холбогдуулан хөдөлмөрийн гэрээр цуцалсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д заасныг зөрчиж шийтгэл оногдуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн хариу тайлбарыг ухаж ойлгоогүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан болохыг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд тодорхой заасныг шүүх хуралдаанд тодорхой шинжлэн судалсан байхад үүнийг анхаарч үзэлгүй, хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан жирэмсэн эмэгтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэсэн хуульд заасан журмыг зөрчиж Д.*******тай байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалсан гэсэн дүгнэлт хийсэн нь тухайн заалтыг буруу ойлгон, хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх хүүхэдтэй эх/ ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагчаар цуцлахыг хориглоно гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч нь Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар дуусгавар болгосон байдаг. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг Д.******* нь гаргасан байдаг. Тиймээс анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 сарын 20-ны өдрийн 144/ШШ2023/00134 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын гаргасан тайлбарыг сонслоо. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэргийг шийдсэнд гомдолтой байна. Ийм учраас 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан байна. Энэхүү шийдвэр нь аль дээр үед хүчингүй болчихсон байгаа. Өөрөөр хэлбэл энэ хэргийг хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 235 дугаартай шийдвэрээр шийдсэн байгаа. Тийм учраас хүчингүй болсон шийдвэрийг хүчингүй болгоно гэдэг байдлаар гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Би нэхэмжлэгч талаас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Ханбогд сумын 29 дүгээр *******ийн эрхлэгчийн Б/11 дугаартай тушаалтай бид нар маргаж, мэтгэлцсэн. Өөрөөр хэлбэл 5 үйлдлийг нэрлэн заагаад энэхүү нэрлэн заасан үйлдлүүдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж үзэж миний үйлчлүүлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Энэхүү нэрлэн заагаад байгаа 5 үйл баримтаа хариуцагч тал хэргийн хүрээнд гаргаж өгч, нотолж чадаагүй гэж маргасан. Тийм учраас анхан шатын шүүхийн шийдсэн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 235 дугаартай тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул энэ шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

6. Хариуцагчийн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай *******ийн дотоод журмын 11.3 дугаар зүйлд ажиллах цагийн горимыг тодорхой зааж өгсөн байдаг. Мөн Д.*******тай онлайнаар буюу зайнаас ажиллана гэсэн гэрээ хийгээгүй. Хөдөлмөрийн гэрээн дээр ажлын өдрийн 8 цаг, 7 хоногийн 40 цаг гэж тодорхой зааж өгсөн. Үүнтэй Д.******* өөрөө танилцаж гарын үсгээ зурсан байдаг. Мөн намайг нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтыг гаргаж өгөөгүй гэсэн байдаг. Гэтэл 2020 оны 08 дугаар сард Ч.******* өөрөө албан тушаалын тодорхойлолттойгоо танилцаад гарын үсгээ зурсан байдаг. Тийм учраас би гомдлоо дэмжиж байна. Миний гаргасан гомдлыг шийдэж өгнө үү гэв.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч удаа дараа ажил тасалдаг, ажлаасаа хоцордог, ажлын цаг баримталдаггүй гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн хуульд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ талаараа тайлбар, нотлох баримтуудыг хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд гаргаж өгч, шүүх хуралдаан дээр санал дүгнэлтээ илэрхийлж байсан. Анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэх үндэслэл нь нэхэмжлэгчид 2023 оны 01, 02 дугаар сард цалинг нь бүтнээр олгосон байна. Иймээс нэхэмжлэгчийг ажлаа тасалсан гэж үзэхгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байдаг. Үүнтэй санал нийлэхгүй. Ийнхүү шийдсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ажлаа тасалсан, ажилдаа ирдэггүй, ажлаас байнга хоцордог болох нь жижүүрүүдийн гэрчээр өгсөн мэдүүлэг, тухайн жижүүрүүдийн цагийн бүртгэл зэргээр тогтоогддог. Ажлаас хоцорлоо, ажил тасаллаа гэж цалингаас нь тодорхой хэмжээгээр хасах нь сахилгын шийтгэлийн нэг хэлбэр байдаг. Энэ шийтгэлийг заавал авах ёстой гэсэн зүйл байхгүй. Цалинг нь хасахгүйгээр, энэ сахилгын шийтгэлийг оногдуулахгүйгээр хөдөлмөрийн гэрээндээ заасны дагуу ноцтой зөрчил гаргасан бол ажлаас нь чөлөөлөх бүрэн эрх ажил олгогчид байдаг. Гэтэл үүнийг анхан шатны шүүхээс буруу ойлгож, буруу тайлбарлаж ажлаа тасалсан бол цалинг нь хасах ёстой, цалингаа бүтэн олгосон байгаа учраас ажлаас тасалсан гэж үзэхгүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүхээс хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ёстой боловч үүнийг зөрчсөн байна гэж үзсэн. Ийм дүгнэлт гаргасан нь мөн үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр ажлаас нь халаагүй. Эдгээр үндэслэлээр ажлаас нь халсан бол 30 хоногоос доошгүй хугацаагаар бичгээр мэдэгдэх ёстой байдаг. Сахилгын зөрчил тогтоогдоод ноцтой зөрчил гарсан гэдэг үндэслэлээр ажлаас нь халсан учраас 30 хоногийн өмнө заавал бичгээр мэдэгдэхээр хуульчлаагүй. Тиймээс ийм дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Нэхэмжлэгчийг удаа дараа ажил тасалдаг, 2023 оны 01, 02 дугаар сард 4, 5 хоног ажил тасалсан, ажилдаа хоцорч ирдэг, цагаа баримталдаггүй гэдэг талаар гэрчүүдийн мэдүүлэг болон жижүүрүүдийн цагийн бүртгэл зэрэг баримтуудаар хангалттай нотлогддог. Гэтэл баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас хариуцагчийн зүгээс гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгч Д.*******ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргахдаа тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой гэж үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

2. Нэхэмжлэгч Д.******* нь хөдөлмөрийн харилцааг цуцалж дуусгавар болгосон Өмнөговь аймгийн Ханбогд сумын ******* ******* *******ийн эрхлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаар тушаалыг эс зөвшөөрч тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа ... Д.******* нь ажиллах хугацаандаа ажлын цагаа баримталдаггүй, хамт олны ажил, хурал, сургалт зөвлөгөөнд оролцдоггүй, чөлөө, зөвшөөрөлгүй авалгүй ажил удаа дараа тасалдаг, тайлан мэдээгээ хугацаандаа тайлагнадаггүй, явуулдаггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй гэх мэт зөрчлийг байнга гаргаж байсан... гэсэн үндэслэлээр мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч Д.******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын ******* ******* *******т 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс нягтлан бодогчийн ажил эрхэлж байсан, 2023 оны 2 дугаар сард 964 869 төгрөг, 2023 оны 1 дүгээр сард 964 869 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 1 356 049 төгрөг, нийт 3 285 787 төгрөгийн цалин авсан талаар хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын ******* ******* ******* маргаагүй байна.

3. Зохигчдын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-29-38/ хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-8-11/, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаар Д.*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай эрхлэгчийн тушаалын хуулбар /хх-5/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг ажил олгогчийн санаачилгаар буюу хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын ******* ******* *******ийн эрхлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар цуцлахдаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дахь заалт, 11 зүйлийн 11.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дахь заалт, 43.1.2 , 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 11 дугаар зүйлийн 11.3 дахь заалт, 11.4, 15.2.6, ажилтан Дүнжгэрийн *******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.6 дахь заалт, 7.6.4 дахь заалт, 7.14 дахь заалт зэргийг баримталсан байх ба үндэслэлдээ ...нягтлан бодогч Д.******* нь ажлын цагийг баримталдаггүй, чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалдаг, 2023 оны 01 сард ажлын 4 өдөр, 2023 оны 02 сард ажлын 5 өдөр чөлөө зөвшөөрөлгүй удаа дараа ажил тасалсан, нягтлан бодогчийн буруугаас байгууллагын 2 албан хаагчийн 12 сарын нутгийн дэм олгогдоогүй, хамт олны ажил, хурал, сургалт зөвлөгөөнд оролцдоггүй, хүний нөөцийн программыг 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн хийж гүйцэтгэнэ гэсэн үндсэн дээр сар бүр 25%-н ур чадварын нэмэгдлийг авч байсан боловч мэдээллийг 2023 оны 01 сар хүртэл шинэчлэн засварлаагүй...  гэжээ.

5. Нэхэмжлэгч Д.******* дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг гардан авч, Өмнөговь аймгийн Ханбогд сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй нь тус сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03/171 дугаар албан бичигт Тус суманд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй болно гэсэн үйл баримтаар тогтоогдсон байна.

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан нөхцөлд байдал тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, дуусгавар болгох эрх үүснэ.

Ажилтны гаргасан зөрчил нь шалгагдан тогтоогдсон байхаас гадна хөдөлмөрийн харилцааг цуцалж байгаа үндэслэл нь хууль болон хөдөлмөрийн дотоод журамд нийцсэн байх ёстой.

7. Ажил олгогч Д.*******ыг Хөдөлмөрийн дотоод журмын 11.3 Ажилтан албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн үүрэгт ажлаа ажлын цагтаа багтаан хийж гүйцэтгээгүйгээс илүү цагаар ажилласан тохиолдолд илүү цагийн хөлс олгох үндэслэл болохгүй:, 11.4 Багш ажилчдын ажлын цагийн бүртгэлийг батлагдсан маягтаар бүртгэж, цаг ашиглалтад захиргааны хяналт байнга тавьж, ажиглалтын нягтралыг сар бүрээр гарган санхүүгээр хянуулан, ажлаас хоцорсон, тасалсан цагийг сар бүр өдөр өдрөөр нь тооцох:, 15.2.6 Сахилгын арга хэмжээ нь заавал дээрх дэс дарааллаар авагдсан байх шаардлагагүй:, заалтуудыг баримталсан байх ба ажилтан Д.*******ын ажлын цагийг дээрх хөдөлмөрийн дотоод журамд зааснаар батлагдсан маягтаар бүртгэсэн эсэх, цаг ашиглалтад захиргааны хяналт тавих үүргээ ажил олгогч биелүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлосон баримт хэрэгт авагдаагүй байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч талын тайлбараар нэхэмжлэгч Д.******* нь ажлын цаг ашиглалт хангалтгүй байдаг талаар буруутай үйл баримт тогтоогдож байх боловч зохигчдын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7.6-т Ажилтан доорх зөрчлүүдийн аль нэгийг гаргасан нь тогтоогдсон тохиолдолд... ажил олгогчийн санаачилгаар энэхүү гэрээг шууд цуцална..., тус гэрээний 7.6.4-т Ажлын 2 өдөр, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд нэгтгэн бодсоноор ажлын 2 өдөртэй тэнцэх хугацаатай тэнцэх ажлын цагийн алдагдал гаргаж ажил тасалсан, эсхүл... заасан тушаалын үндэслэл болон зөрчил гаргасан болохыг нотолж байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар батлагдсан маягтаар ажлын цагийг бүртгэсэн эсэх, цаг ашиглалтад захиргааны хяналт тавих үүргээ ажил олгогч биелүүлсэн талаар түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариу татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй байна.

8. Нэхэмжлэгч Д.*******ын өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно., Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж заасны дагуу тооцоход /2023 оны 2 дугаар сард 964 869 төгрөг, 2023 оны 1 дүгээр сард 964 869 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 1 356 049 төгрөг, нийт 3 285 787 төгрөг : 3 сард = 1 095 262 төгрөг байна. Нэхэмжлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан 186 хоног (2023 оны 03 сард 22 хоног, 04 сард 20 хоног, 05 сард 23 хоног, 06 сард 21 хоног, 07 сард 16 хоног, 08 сард 23 хоног, 09 сард 21 хоног, 10 сард 22 хоног, 11 сард 18 хоног) 54 763 төгрөг / 1 өдрийн цалин/ = 10 185 918 төгрөг болж байх тул ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон улсын тэмдэгтийн хураамжийг 177 925 төгрөг болгон мөн өөрчилж, шийдвэрийн бусад заалтын хэвээр үлдээв.

9. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 144/ШШ2023/00235 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...9 802 593 төгрөгийг... гэснийг ...10 185 918 төгрөгийг... гэж,

4 дэх заалтын ...улсын тэмдэгтийн хураамжид 241 991.4 төгрөг... гэснийг ...248 125 төгрөг... гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.*******гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Р.МӨНХ-ЭРДЭНЭ