Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 167

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч Б.Ж /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Б.Жт холбогдох эрүүгийн 1911003310101 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч Өөлд овогт Б.Ж, Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 20-ны Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мах бэлтгэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25-140б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .................................................

           Шүүгдэгч Б.Ж нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамжны 211 тоотод оршин суух хүргэн дүү Г.Билэгжаргалын гэрт 2 хүүхдээ авах гэж очоод явахдаа Ж.Сэндэрмаагийн эзэмшлийн Акира загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 760.000 /долоон зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Жаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэдний гэрт очиход манай хоёр хүүхэд жаахан тоглож байгаад очъё гэхээр нь гал тогооны урд байх жижиг өрөөний хувцасны шүүгээн дээр байсан хар өнгийн цүнхтэй зөөврийн комьпютер байсаныг гэрээс нь авч гараад улмаар гэр рүүгээ харьсан ...тэгээд өөрийн найз Хуягтай уулзах гээд явж байх замдаа зам зуурын явуулын хүнд 150.000 төгрөгөөр зарсан юм ... уг мөнгийг өрөндөө өгч дуусгасан ...” гэх мэдүүлэг /хх-30-32х/,

Шүүгдэгч Б.Жаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би хүнд 200.000 төгрөг өгөх хэрэгтэй байсан. Цагдаагийн байгууллага дуудна гэж бодоогүй” гэв.

Хохирогч Ж.Сэндэрмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 9-10-ны шилжих шөнө 03 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирчихээд гар утсаа алдсан талаар хүн рүү чат бичих гээд гэрийн шүүгээн дээр байсан зөөврийн акира маркийн нөүтбүүкээ үзсэн боловч байхгүй байсан ...Тэгээд би гэрт хэн ирсэн талаар ахын хүүхэд Эрдэнэ-Очир 7 настай эрэгтэй хүүхдээс асуухад Жавхаа ах, түүний 2 хүүхэд орж ирсэн ...Харин сүүлд манай ах Билэгжаргал надад Жавхланбаатар аваад 200.000 төгрөгөөр зарсан байна гэж хэлсэн ...алдагдсан эд зүйл зөвхөн минийх учраас тухайн хүн захиран зарцуулах ямар ч эрх байхгүй ...Жавхланбаатар гэх хүн манай аавын төрсөн дүү Билэгжаргалын эхнэрийн эгчийнх нь нөхөр байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-10-11х/,

Насанд хүрээгүй гэрч Ж.Нандин-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай аав уг айлд орж ирээд компьютер байсан гэх шүүгээний дэргэд нуугдаад байсан, тэгснээ манай аав уг гэрээс гараад явсан ...бид хоёрыг гэртээ харьсаны дараа аав дэлгүүр рүү явчихаад ирье гэж хэлээд гэрээс бор өнгийн цүнх үүрээд гарч явсан. Удалгүй гэрт орж ирэхдээ гурил, ундаа зэрэг хүнсний зүйл авч ирээд хоол хийсэн ...” гэх мэдүүлэг /хх-17х/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8х/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн ЧД2-19-036 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 760.000 /долоон зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлэгдэв ...” гэсэн дүгнэлт /хх-20-21х/,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-23х/,

Шүүгдэгч Б.Жын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-33х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч, хохирогчийн  мэдүүлгээр шүүгдэгч Б.Ж нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамжны 211 тоотод оршин суух хүргэн дүү Г.Билэгжаргалын гэрт 2 хүүхдээ авах гэж очоод явахдаа Ж.Сэндэрмаагийн эзэмшлийн Акира загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 760.000 /долоон зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Жт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Ж нь хохирогч Ж.Сэндэрмаад учруулсан гэм хорын хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны үед төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.