Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 203/МА2024/00008

 

 

 

Э.******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 144/ШШ2023/00177 дугаар шийдвэртэй,

Э.*******ын нэхэмжлэлтэй,

******* ХК-д хариуцагдах,

Үндэслэлгүй ажлаас халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Лхагвасүрэн, Б.Энхбат, нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний бие 2007 оноос хойш ******* ХК-ийн хэмжил зүйчийн албан тушаалд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал ямар нэгэн алдаа дутагдалгүй ажиллаж ирсэн. Гэтэл Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч П.*******ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/203 тоот тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Тухайн тушаалын үндэслэл нь захиргааны чөлөөгүйгээр ажил тасалсан хэмээн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн байх ба Э.******* миний бие холбогдох чөлөөг дээд шатны удирдлагаас зохих журмын дагуу авсан болно. Иймд энэхүү тушаалыг хүчингүй болгож, иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Э.******* миний бие Өмнөговь аймгийн иргэний хэргийн сум дундын шүүхэд хандахад харьяаллын дагуу хэмээн Ханбогд сумын шүүхэд хэргийн материалыг хүргүүлсэн. Гэтэл сум дундын шүүхээс тухай маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй хэмээн үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Миний бие шүүхийн шийдвэрийг хүлээн авсны дараагаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газарт тухайн маргааныг шийдвэрлүүлэхээр хандсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т заасан сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо одоогоор байхгүйг мэдэгдсэн. Мөн ******* ХК-д хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй болно.

Миний бие Хөдөлмөрийн тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг эрэлхийлсэн боловч маргааныг шийдвэрлэх байгууллага байхгүй байгаа бөгөөд иргэн миний эрх зөрчигдсөөр байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158.2-т дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэн шүүхэд хандсан.

Урд ажиллаж байсан ******* ХК-ийн борлуулалт, тээврийн ложистикийн албаны хэмжил зүйн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 22908112 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******-******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: БНМАУ-ын 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 cap хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай" гэж заасны дагуу Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 450 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой ******* ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон.

Засгийн газрын 2022 оны 450 дугаар тогтоолын 3.2-д компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллах-ыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгасан.

Энэхүү өөрт олгосон үүргийн хүрээнд *******" ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/203 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах.", Хөдөлмөрийн дотоод журмын 114 дүгээр зүйлийн 114.13.1 дахь заалтад "... дор дурдсан сахилгын шийтгэлийг захиргааны шийдвэрээр ногдуулна. Харин ажилтнаас хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон байна." "В-д Ажлаас халах гэж заасныг тус тус үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ноогдуулсан.

Учир нь ******* ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс компанийн ажилчид бүрэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байхад хэмжил зүйн ажилтан Э.******* нь ажлын байрыг дур мэдэн орхин явж, ажил тасалсан бөгөөд 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй бөгөөд хүний нөөцийн цаг бүртгэлийн мэдээгээр нотлогдоно.

Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 1019.3.3-д Чөлөө олгосон баримт нь чөлөөний хуудас байна. Чөлөөний хуудас нь тухайн ажилтны ажлын байрны нэр, чөлөө олзолсон шалтгаан, хугацаа зэрэг мэдээллийг агуулсан байна. Чөлөө олгосон тушаалд чөлөөний хуудсыг хавсаргана. Эмнэлгийн чөлөөний магадалгааг ажилд орсноос хойш 2 хоногийн дотор хүний нөөцийн нэгжид өгнө. гэж чөлөө олгосон баримтыг тусгайлан заасан.

Хэдийгээр нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ зохих журмын дагуу дээд шатны удирдлагаас чөлөө авсан байсан гэж тайлбарласан байх боловч энэ талаар нотлох баримт байхгүй, илт үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд чөлөө авах хүсэлтээ чөлөөний хуудсаар гаргасан боловч тус хүсэлтийг ажил олгогчоос албан ёсоор зөвшөөрөөгүй.

Э.******* нь хүний нөөцийн цаг бүртгэлийн системд 2022 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 456 цаг буюу 57 өдөр ажил тасалсан байх бөгөөд мөн дээрх хугацаанд 10 өдөр өглөө, эсхүл орой цаг бүртгэлийн системд ирсэн, явсан цагийг бүртгүүлээгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т "Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд ... хандах эрхтэй: гээд 154.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор" гэж зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой шийдвэрийг нэхэмжлэгч нь мэдсэнээс хойш 30 хоногийн дотор маргах эрхтэй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч 03 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд Э.*******ын нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ыг ******* ХК-ийн борлуулалт, тээвэр логистикийн албаны хэмжил зүйн ажилтнаар эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч ******* ХК-аас нэхэмжлэгч Э.*******ын ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 450 055.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгож,

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч ******* ХК-д нэхэмжлэгч Э.*******ын ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 268,350.8 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* давж заалдах гомдолдоо: ******* ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс компанийн ажилчид бүрэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байхад хэмжил зүйн ажилтан Э.******* нь ажлын байрыг дур мэдэн орхин явж, ажил тасалсан бөгөөд 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй бөгөөд хүний нөөцийн цаг бүртгэлийн мэдээгээр нотлогддог.

Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 1019.3.3-д Чөлөө олгосон баримт нь чөлөөний хуудас байна. Чөлөөний хуудас нь тухайн ажилтны ажлын байрны нэр, чөлөө олгосон шалтгаан, хугацаа зэрэг мэдээллийг агуулсан байна. Чөлөө олгосон тушаалд чөлөөний хуудсыг хавсаргана. Эмнэлгийн чөлөөний магадалгааг ажилд орсноос хойш 2 хоногийн дотор хүний нөөцийн нэгжид өгнө. гэж чөлөө олгосон баримтыг тусгайлан заасан.

Хэдийгээр нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ зохих журмын дагуу дээд шатны удирдлагаас чөлөө авсан байсан гэж тайлбарладаг боловч энэ талаар гэрч С.Содбаатарын мэдүүлэгт ...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл санаж байна., гэрч Ө.Мөнхтайваны мэдүүлэгт ...2022 оны 12 дугаар сарын 08, 09-ний өдрийн аль нэг нь байх ёстой. Он сар өдрийг сайн санахгүй байна., гэрч Ж.Доржсүрэнгийн мэдүүлэгт ...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр чөлөө авсан, энэ өдөр чөлөө авахдаа 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 5 хоногийн чөлөө авсан талаарх үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд чөлөө авах хүсэлтээ чөлөөний хуудсаар гаргасан боловч тус хүсэлтийг ажил олгогчоос албан ёсоор зөвшөөрөөгүй ба тухайн үед бүрэн эрхт төлөөлөгч Б.*******оос чөлөө аваагүй болох нь тогтоогддог.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй." гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна

Түүнчлэн Э.*******тай Г.Лхагва нь чөлөөний хуудас болох нотлох баримт нь шаардлага хангаагүй, ажилдаа ир гэдэг шаардлагыг тавьж улмаар ажлаас чөлөөлөх үндэслэл бий болж байгааг утсаар ярьж, танилцуулан тэмдэглэл үйлдсэн баримтаар нотлогддог ба Э.******* нь шүүх хуралдааны явцад тайлбараар хүлээн зөвшөөрч илэрхийлдэг. Мөн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/39 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" тушаалыг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гардаж авсан нь Э.*******ын өөрийнх нь тайлбараар нотлогдож байхад анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154 2 2-т заасантай нийцсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Э ******* нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/39 дугаартай "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" тушаалыг хүчингүй болгож шийдвэрлээгүй нь "шүүхийн шийдвэр өөрөө ойлгомжтой, тодорхой байх буюу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй ба тухайн тушаалын хувьд эрх зүйн үр дагавартай буюу хүчинтэй гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 144//ШШ2023/00177 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Э.*******ын нэхэмжлэлтэй, ******* ХК-д холбогдох иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтад нийцсэн, шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа, гэрээг цуцалсан үндэслэл, журам, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын хангасан нь үндэслэлтэй, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ХК-д 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/39 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ******* ХК-ийн борлуулалт, тээврийн ложистикийн албаны хэмжил зүйн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 22908112 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ ...******* ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс компанийн ажилчид бүрэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байхад хэмжилзүйн ажилтан Э.******* нь ажлын байрыг дур мэдэн орхин явж, ажил тасалсан бөгөөд 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй бөгөөд хүний нөөцийн цаг бүртгэлийн мэдээгээр нотлогдоно.

Гүйцэтгэх захирал П.*******оос хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу чөлөө аваагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнөөс мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд ... хандах эрхтэй. гээд 154.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой шийдвэрийг нэхэмжлэгч нь мэдсэнээс хойш 30 хоногийн дотор маргах эрхтэй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч 03 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Э.*******ыг ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/39 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Засгийн газрын 2022 оны 450 дугаар тогтоолын 3 дахь заалт, Компанийн үйл ажиллагааны журмын 1 дүгээр бүлэг, Хөдөлмөрийн дотоод журмын 114 дүгээр зүйлийн 114.13.1 В дэх заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. /хавтас хэргийн 83 дахь тал/

Хариуцагч нь Э.*******ыг ******* ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс компанийн ажилчид бүрэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байхад хэмжил зүйн ажилтан Э.******* нь ажлын байрыг дур мэдэн орхин явж, ажил тасалсан бөгөөд 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй. Өөрөөр хэлбэл 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд чөлөө авах хүсэлтээ чөлөөний хуудсаар гаргасан боловч тус хүсэлтийг ажил олгогчоос албан ёсоор зөвшөөрөөгүй ба тухайн үед бүрэн эрхт төлөөлөгч Б.*******оос чөлөө аваагүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч дээрх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байна.

Чөлөөний 10935 дугаар хуудас, чөлөөний хуудас, гэрч Ж.Доржсүрэн, С.Содбаатар, Ө.Мөнхтайван нарын гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар зэрэг баримтаар Э.******* нь зохих журмын дагуу чөлөө авсан талаарх баримт авагдсан байна. /хавтаст хэргийн 87-88, 147-150 дахь тал/

Нэхэмжлэгч Э.*******ыг компанийн хөдөлмөрийн дотоод журмын 1019.3.3-д Чөлөө олгосон баримт нь чөлөөний хуудас байна. Чөлөөний хуудас нь тухайн ажилтны ажлын байрны нэр, чөлөө олгосон шалтгаан, хугацаа зэрэг мэдээллийг агуулсан байна. Чөлөө олгосон тушаалд чөлөөний хуудсыг хавсаргана. ... гэж зааснаар зохих журмын дагуу чөлөө авсан нь тогтоогдож байна.

Компанийн тухайн хуулийн 76 дугаар зүйлд төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг заасан ба мөн хуулийн 76.1.8-д компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүнийг бүрэн эрхийг тогтоох гэж зааснаас дүгнэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын П.*******ийг Монгол улсын Засгийн газрын 2022 оны 450 дугаарт тогтоолоор 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон гэсэн тайлбарууд нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ажилтан ажил олгогчийн төлөөлөгчөөс олгосон чөлөөний хуудсыг үндэслэн чөлөөгөө эдэлсэн нь нэхэмжлэгчийн тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Доржсүрэнг компанийг төлөөлөх эрхтэй, эрхгүй этгээд мөн эсэхийг нягталж шалгах үүрэггүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласнаар нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

******* ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Түвшинбаярын 2022 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 24 дугаартай тогтоолоор П.*******ийг тус компанийн гүйцэтгэх удирдлагаар томилсон байх бөгөөд тус тогтоолд төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит хурлын шийдвэрт үндэслэн /хавтаст хэргийн 82 дахь тал/ гэж заасныг дүгнэхэд Э.*******ыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу гүйцэтгэх захирал П.*******оос чөлөө аваагүй гэж хариуцагч талаас маргаж тайлбарлаж байгаа нь хууль, эрх зүйн хувьд ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Э.******* нь уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр холбогдох газарт хандсан болох нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2-130 дугаартай /хавтаст хэргийн 3 дахь тал/ албан бичгээр тогтоогдсон байна., ...ажил олгогч нь ...тушаалдаа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хэддүгээрт заасан ямар ноцтой зөрчлийг ажилтан нь хэзээ, хэрхэн гаргасан, зөрчил нь ямар нотлох баримтаар хэрхэн тогтоогдсон талаар дурдаагүй. ...хөдөлмөрийн гэрээний нэрлэн заасан ноцтой зөрчлийн аль хэсэгт хамаарагдахыг тодорхой тусгаж дүгнэгдээгүй, Э.*******т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ... тушаалыг үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгож, А.*******ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлөгдсөн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тооцож, ******* ХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 450 055.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгохоор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг ******* ХК-д даалгасан болно. гэсэн дүгнэлтүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 144/ШШ2023/00177 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА

 

 

ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

 

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ