| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0169/Э |
| Дугаар | 175 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Ц.Майбаяр,
Шүүгдэгч Б.Я, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх Монгол овогт Б.Яд холбогдох эрүүгийн 1711013981140 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Халх Монгол овогт Бархасын Янжмаа, Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 4-1 настай 3 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын эх 2 дугаар гудамж 21 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, .............................
Шүүгдэгч Б.Я /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Хандаагаас “ээжийгээ Америкийн визэнд оруулахад банкны баталгаа болгож байршуулаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд 81.000.000 /наян нэгэн сая/ төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Я мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…2017 оны 10 сарын дундуур Хандаа эгчтэй холбогдож “ээжийгээ АНУ-ын визэнд оруулж өгөх гэсэн юм, яаралтай мөнгө хэрэгтэй байна 7 хоногийн дараа буцаагаа өгье” гэж хэлээд нийт 81 сая төгрөгийг өөрийн Хаан банкны 5131023331 дугаартай дансаар дамжуулан авсан. Уг авсан мөнгөө өртэй хүмүүстээ өөрийн дансаар дамжуулж төлсөн ...Хандаа эгчид ...нийтдээ 32 сая төгрөг дансаар шилжүүлсэн ...бараа материал хэлбэрээр 13.255.000 төгрөг төлсөн байна. Ингээд нийтдээ 45.255.000 төгрөгийг эргүүлэн өгсөн, үлдэгдэл 35.745.000 төгрөг дутуу байна ...” гэх мэдүүлэг /хх-45-46х, 162-163х/,
Шүүгдэгч Б.Я шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хандаа эгчээс 81.000.000 төгрөг авсан. Би өмнө хүнээс хүүтэй мөнгө аваад дарамтлуулаад байсан учраас худал хэлж мөнгө авсан” гэв.
Хохирогч Ш.Хандаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын эхээр Янжмаа миний гар утас руу залгаад ээж, ахыгаа Америкийн визэнд оруулах гэсэн юм. Тэгэхэд 1 хүний 50 сая төгрөг банкинд байршуулах ёстой юм байна. Та надад туслаач гэхээр нь яг үнэн юм уу гэхэд яг үнэн, би гуравхан хоног байршуулна, өдөр болгон дансны хуулга танд харуулж байх болно гэж хэлж байсан. Тухайн үед намайг 100 сая төгрөг зээлээч гэхээр нь надад байгаа нь 81 төгрөг байна гэж хэлэхэд “за за болно, би танд зүгээр байхгүй” гэж хэлээд ямар нэгэн мөнгө, төгрөг, хүү тохироогүй. Ингээд би байр авах гэж хадгалж байсан мөнгөнөөс 2017 оны 10 сарын 11-ний өдөр 45 сая төгрөгийг, 2017 оны 10 сарын 12-нд 20 сая төгрөг, 13-нд нөхөр Мөнхтөрийн данснаас 11 сая төгрөг, дүү Даваагаар 5 сая төгрөг шилжүүлээд өгөөч гээд Янжмаагийн 5131023331 дансруу шилжүүлсэн ... 2017 оны 10 сарын 15-ны өдөр залгаад яасан бэ гэж хэлэхэд визнийх нь нэг материал буцчихлаа, хүлээх хэрэгтэй байна, түр 2, 3 хоног хүлээж байгаач гэхээр нь итгэсэн. Хоёр, гурав хоносны дараа Янжмаа руу залгаад мөнгөө авъя гэхэд эгч би таны мөнгийг Америк улсад байдаг эгч рүүгээ шилжүүлчихсэн 2 хоног хүлээж байгаач гэж хэлсэн ...11 дүгээр сарын 20-ны өдөр Янжмаа над руу "эгчээ би өмнөх өрөө төлөх гэж танд худлаа хэлж мөнгө авсан юм... гэхээр нь залилуулсан гэдгээ мэдсэн..., ...Өнөөдрийг хүртэлх хугацаанд Янжмаа надаас авсан мөнгөө эд материалын хэлбэрээр буюу брендийн ээмэг, бөгж, зүүлт, цүнх, гутал, цаг өгөөд нийтдээ 13.255.000 төгрөг өгсөн. Тухай бүрт нь цаасан дээр тэмдэглэж гарын үсэг зурдаг. Мөн надад 32 сая төгрөгийг миний Хаан банкны 5027727279 дугаартай данс руу шилжүүлсэн. Одоо нийт 45.255.000 төгрөгийг буцаан авсан. Одоо үлдэгдэл 35.745.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-27-29х/,
Гэрч Б.Мөнхтөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би эхнэр Хандаа, хүүхдүүдийн хамтаар амьдардаг юм. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эхнэр залгаад хүний данс руу 11 сая төгрөг шилжүүлээдхээч гэхээр нь өөрийнхөө Хас банкны данснаас бэлэн 11 сая төгрөг авч Хаан банкинд байх 5131023331 дугаартай Янжмаа гэх хүний данс руу эхнэр шилжүүлчих гэхээр нь л шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-36х/,
Гэрч Э.Эрдэнэбилэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр эхнэрийн төрсөн эгч Хандаа над руу залгаад "манай нэг найз визэнд орох гэж байгаа юм, 18 сая төгрөг хэрэгтэй байгаа юм гэнээ, зээлчих" гэж хэлэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5025432095 дугаарын данснаас 5077149275 дугаартай данс руу шилжүүлсэн. Хандаагаас хэзээ өгөх вэ гэж асуухад удахгүй өгнө гэж хэлж байсан бөгөөд 11 дүгээр сарын 6-ны өдөр над руу буцаагаад миний 18 сая төгрөгийг Хандаа шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-37х/,
Гэрч Д.Дэжидмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай нөхрийг Бархас гэдэг байсан ба би дөрвөн хүүхэд гаргасан ... хамгийн бага нь Янжмаа юм. Манай том хүүхэд 2006 оноос хойш Америк улсад сурч, ажиллаж байгаа учир би 2017 оны 2 дугаар сард Америкийн виз хүсэж ороод 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр яваад 5 дугаар сарын 20-нд гарч ирсэн. Би 2017 оны 10 дугаар сард Америкийн виз хүсэж элчин сайдын яаманд орсон зүйл байхгүй. Янжмаа нь намайг визэнд орох гэж байгаа банкинд байршуулах мөнгө хэрэгтэй гэж хэлэн мөнгө авсан талаар мэдэхгүй байна. Би одоо л сонсож байна. Янжмаа нь хүүхэд байхдаа сургууль, цэцэрлэгтээ онц сурдаг байсан. Сургууль төгсөхдөө ч сайн сурч төгсөж байсан. Одоо яагаад ингээд асуудалд орооцолдоод байгаа талаар мэдэх зүйл алга байна ..." гэх мэдүүлэг /хх-39х/,
Гэрч Э.Шинэ-Одоос мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017 оны 09 сарын сүүлээр Янжмаа надаас 7 хоногийн хугацаатай 10 сая төгрөгийг хаашаа ч билээ визэнд орох гэж байгаа мөнгө хэрэгтэй байна гээд хэдэн өдөр гуйгаад байхаар нь өөрт мөнгө байгаагүй учраас найз Ганчимэгээс зээлээд Янжмаагийн Хаан банкны данс руу би өөрийнхөө данснаас 10 сая төгрөг шилжүүлсэн ... ойролцоогоор 10 орчим хоногийн дараа 10 сая төгрөгөө буцаагаад миний данс руу шилжүүлсэн. Одоо ямар нэгэн өр авлага байхгүй, зээлсэн мөнгөө найздаа ч буцаагаад өгсөн байгаа..." гэх мэдүүлэг /хх-41х/,
Гэрч Д.Наранцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017 оны 09-р сарын 28-аас 2017 оны 10-р сарын 19-ний өдрийг хүртэл нийтдээ 49,000,000 төгрөг зээлдүүлсэн. Үүнээс надад 34,800,000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 14,200,000 төгрөг байгаа. Ингэж зээлсэн мөнгөө өгөхдөө 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр над руу 5.300.000 төгрөг шилжүүлсэн байна. Би өөрийн өгсөн мөнгөө авсан. Тэрнээс хойш мөнгөө өгөөгүй болохоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж гарч энэ асуудал дууссан ...Одоо нөхөр нь нас барчихсан, 3 хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа болохоор амьдралыг нь бодоод л ингээд өнгөрсөн” гэх мэдүүлэг /хх-42х/,
Б.Ягийн Хаан банкны 5131023331 дугаартай дансны хуулга /хх-128-146х/,
Шүүгдэгч Б.Ягийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-52х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Я нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Хандаагаас “ээжийгээ Америкийн визэнд оруулахад банкны баталгаа болгож байршуулаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд 81.000.000 /наян нэгэн сая/ төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Яг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн 4-1 насны 3 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзээд түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Б.Ягаас гэм хорын хохирлын 81.000.000 төгрөгнөөс үлдэгдэл хохирол болох 34.130.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Хандаад олгож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.