Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 203/МА2024/00010

 

 

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 143/ШШ2023/00479 дугаар шийдвэртэй,

Д.*******гийн нэхэмжлэлтэй,

Ч.*******т холбогдох

Блокны иж бүрдэл 4 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Д.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацрал, нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор блок үйлдвэрлэж худалдах, өөрөө блокоор байшин барих зорилгоор блок үйлдвэрлэх иж бүрдэл сураглаж байсан. Нэг өдөр Цэндоогийн Батбаяртай утсаар ярьж энэ тухайгаа хэлэхэд Очироо ийм иж бүрдэл зарна гэж байсан, чи ярь гээд утасны дугаарыг нь өгсөн.

Би утсаар нь ярихад 380 вольтоор ажиллах, нэг удаадаа 4 блок гаргадаг блок хийж байсан иж бүрдэл байгаа гэж хэлээд өөрөө гэрт ирж уулзсан. Найдвартай ажиллах уу гэхэд найдвартай, таньдаг мэддэг тул чамд хямд өгье гэсэн.

Очироогийнх өөрөө 380-д холбогдоогүй байсан, энэ иж бүрдэл зориулалтын тээврийн хэрэгсэл буюу дороо тэвштэй кранаар нь тээвэрлэх боломжтой тул ийм машинтай хүн гуйж тэвшин дээр нь ачуулаад 380- тай Батбаярын гадаа очсон. Кранаас нь буулгалгүйгээр тэвшин дээр байхад нь зөвхөн асааж үзсэн.

Манайх ч бас 380-гүй тул блок хэвлэж үзэх боломж байгаагүй, мөнгөний хэрэгтэй байна гээд яаруулсан тул 4400000 төгрөгөөр авахаар болж гэртээ авчирсан. Ингээд манайд иж бүрдлээ буулгаад би 3400000 төгрөгийг бэлнээр Очироод өгсөн, үлдсэн 1000000 төгрөгийг энэ данс руу хийчих гээд нэг дансны дугаар өгсөн. Тэр данс руу яг тэр үедээ шилжүүлсэн.

Уг иж бүрдэл угаасаа 380 вольтоор ажиллах тул зөвшөөрөл хүсэж явсаар энэ оны 06 дугаар сарын 05-ны өдөр авч 380 тогоо холбуулсан. Иж бүрдлээ залгаж ажиллуулах гэхэд блок хагараад эвдэрч таллаж гарч ирээд байсан. Гэтэл надад байшин барихад зориулагдсан бүтэн гарах блокны иж бүрдэл биш, харин байшингийн булангийн тал блок гаргадаг иж бүрдэл өгсөн байна.

Ингээд би миний авах гэсэн иж бүрдэл биш байна, иймд иж бүрдлээ буцааж ав, харин 4 400 000 төгрөгөө авъя гэж очиход өөрөө алга байна.

Би тухайн үед ярьж байсан утасны дугаараа мартсан тул өөртэй нь холбогдож чадаагүй. Эхнэр болон эгч, ээж нартай нь уулзсан. Эгч нь зөндөө л блок хийж байсан чамд дээр очихоороо яагаад хийж болохоо байчихдаг юм, та нар чадахгүй байна гэж, эхнэр нь манайх 380 тоггүй тул блок хэвлэж үзээгүй, хүнээс аваад байлгаж байгаад шууд чамд зарсан гэж хэлээд байдаг болсон.

Очироо өөрөө намайг 380 вольтыг залгуулж байж иж бүрдлээ ажиллуулж эхлэхийг мэдэж байсан тул худалдан авагч миний хувьд шаардлага гаргах эрхээ алдаагүй байгаа. Иймд анх хэлэлцэн тохирсон зориулалтын дагуу ашиглах боломжгүй иж бүрдлийг худалдагч Ч.*******т буцаан өгч, түүнээс 4400000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжилсэн 4400000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний бие 1 жилийн гарангийн өмнө тухайн блок машиныг шалгаж үзээд үнэ тохиролцоод авч байсан. Зөв зүгээр ажилладаг машин шалгаж үзээд үнэ тохирч өөрсдөө ажиллуулаад авсан нь үнэн болно. Ийм учраас энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******гийн нэхэмжлэлтэй *******оос 4 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85300 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч Д.******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдал үйл баримтыг нотлох баримтанд үндэслэн зөв тогтоож чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэмээн үзэж байгаа болно. Үүнд:

1. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байна..., ..Гэрээний зүйл болох блокны иж бүрдэл нь блокоо бүтэн хэвлэхгүй байгаа нь туршилтаар нотлогдож байна гэж дүгнэхдээ нэхэмжлэгч миний блокны машин /иж бүрдэл/-ыг өөртөө байшин барих зориулалтаар худалдан авсан хүсэл зоригийн илэрхийлэл байснаа удаа дараа илэрхийлсэн байдалд дүгнэлт хийсэнгүй.

2. Иргэний хуульд гомдол гаргах хугацаа, хөөн хэлэлцэх хугацаа гэсэн 2 хугацааг тодорхойлсон ба гомдлын шаардлага гаргасан байх нь хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх үндэслэл болох буюу гомдлын шаардлага гаргаагүй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэгдэх боломжгүй гэж хуульчилж заагаагүй байна.

Иймээс ямар ч тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхтэй. Харин шаардлагаа нотлох үүрэг нэхэмжлэгчид үүсэх учиртай. Хэргийн гомдлын шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацааны талаар аль аль тал нь маргаан үүсгэж мэтгэлцээгүй. Харин энэ хугацааны талаар шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх байсан.

Шүүх ...худалдан авагч нь тухайн блокны машиныг хүлээж авах үедээ блокоо хэвийн хэвлэдэг эсэхийг шалгах боломжтой байсаар атал дутуу шалгасан нь түүнийг эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Худалдан авагч Д.******* нь эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан нь тэрээр гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ гэж дүгнэсэн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаас үзвэл шалгаж хүлээж авах нь дан ганц худалдан авагчийн үүрэг биш, харин худалдагч талд өөрт нь биет байдлын доголдолгүй эд зүйл өгч байгаагаа шалгаж өгөх үүрэг байна. Энэ үүргээ мэдэж байсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Бид 20 000 төгрөгийн өмд авсан ч шалгаж үзээд авдаг. Ажилладаггүй зүйл *******д өгөөгүй гэсэн тайлбараар нотлогдож байна.

Харин шүүх намайг доголдолтой болохыг эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ мэдэх байсан гэж буруутгадаг бичихдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар нь машин дээрээс асааж үзэж байгаа нь худалдагч, худалдан авагчийн аль тал буруутай болох талаар дүгнэлт хийсэнгүй.

Иймд худалдагч талыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-д Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэсэн хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад шүүх дүгнэлт хийгээгүй хэргийн бодит байдлыг бүрэн тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа.

3. Хэргийн үйл баримтын талаар шүүх үнэн байдлыг тогтоож чадаагүй.

3.1. Хариуцагч Ч.*******ын өөрийнх нь шүүхэд өгсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгыг харьцуулж үзвэл, өөр хоорондоо агуулгын хувьд эрс өөр зөрүүтэй байна.

Хариуцагчийн өөрийнх тайлбараас өөрөө ажиллуулж байсан төхөөрөмжөө надад зарсан, ******* миний бие ч блок үйлдвэрлээд зарж байсан, харин тоо ширхгийг мэдэхгүй гэсэн агуулга илэрхийлж байх бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг төхөөрөмжийг өөрөө ажиллуулж байсан тухай тайлбарлаагүй, харин уг төхөөрөмжийг ******* нь 2022 оны 5 сард бусдаас авсан төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн гэдэг.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Бид 20000 төгрөгийн өмд авахдаа шалгаж хэвшсэн хүн 4 сая төгрөгийн эд зүйлийг бусдаас авснаа шалгаж авдаг гэсэн нотолгоо нь түүнийг уг машиныг 2022 оны 5 сард бусдаас худалдан авахдаа шалгаж авснаа асуудалгүй гэж хэлээд байна уу, худалдаж авснаас хойш блок хэвлэж байснаа асуудалгүй гэж хэлээд байна уу гэдэгт үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхээс хийж өгсөнгүй.

3.2. Уг төхөөрөмжийг тэдний хашаанаас ачиж өөр газар очин краны тэвшин дээрээс буулгахгүйгээр зөвхөн цахилгаан үүсгүүрээр асааж үзэх болсныг, мөн *******ынх өөрөө 380 цахилгаан үүсгүүргүй тул хаана ажиллуулж ямар блок хэвлэж байсан гэдгээ тайлбарлаж нотолсонгүй. Энэ нөхцөл байдлыг шүүх тодруулж үзсэнгүй.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Блокоо зөв гаргах эсэх нь орц найрлагатайгаа салшгүй холбоотой.бидний зүгээс орц найрлагатай холбоотой блокоо бүрэн гаргахгүй байна гэдэг тайлбараа хэлмээр байна гэдэг.

Харин худалдагч тал туршилт хийх явцад хийж байсан найрлага орц нь буруу байна, ийм ийм найрлага багтах байсан гэсэн ямар ч тайлбар гаргаагүй. Дахин өөрийн гаргаж байсан блокны хэлбэр хэмжээгээр блок гаргах найрлага хийж туршилт хийж ажиллуулах бүрэн боломж байсан.

4. Би уг төхөөрөмжөөрөө блок хэвлэж байшин барихдаа ашиглах зорилготой байсан боловч уг зорилгоороо ашиглах боломжгүй байсан гэсэн тайлбараа туршилт хийлгэж нотлуулсан. Энэ туршилтын ажиллагаа нь уг төхөөрөмж нь шалгаж хүлээж авахдаа тодорхой нөхцөл шаардсан, зөөж зөөвөрлөх боломж багатай, заавал 380 вольтын хүчин чадалтай цахилгаан үүсгүүрээр ажиллах шаардлагатай эд зүйл болохыг давхар нотолж байгаа юм. Мөн үүгээр 10 сард авснаас хойш өвлийн улирал эхэлж ашиглах боломжгүй нөхцөл үүссэн зэргээс гомдлын шаардлагыг хуулийн хугацаанд гаргах боломжгүй болох нь тогтоогдож байгаа.

5. Хариуцагч талын татгалзсан тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба, тайлбарууд хоорондоо агуулгын хувьд зөрүүтэйгээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь бусдаас авснаа хүлээлгэн өгсөн, ажиллуулж байснаа өгсөн гэх зэрэг хоорондоо уялдаа холбоогүй тайлбар гаргадаг тул хуульд зааснаар нотлох үрээгээ нотлоогүй гэж үзнэ. Шүүх хариуцагчийн татгалзлын үндэслэлийг зөв тогтоож чадаагүй.

Нэгэнт илэрхийлсэн хүсэл зоригийн дагуу ашиглах боломжгүй эд зүйлийг эргүүлэн өгч, түүний төлбөрт өгсөн мөнгөө буцаан авах нэхэмжлэлээ хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 7 сард ажиллуулж үзэхдээ кранаар авчирч Бат-очирын хашаанд буулгаагүй, өөрөө өнөөдрийн байдлаар эзэмшиж байгаа нөхцөл байдал байгаа учраас *******гийн 4400000 төгрөгийг төлөх боломжгүй" гэсэн тайлбар гаргасан. 7 сараас хойш төхөөрөмжөө буцааж ав гэж шаардаж, Бат-очирыг өөрийг нь олж уулзаж чадахгүй явсаар нэхэмжлэл гаргах болсон.

Шүүх мөн Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.3 дахь хэсэгт Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан боловч эрхийнхээ дагуу буцааж өгөх хүсэлтэй бол түүнийг хадгалж, бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд худалдагч зохих зардлыг төлөх хүртэл худалдан авагч уг эд хөрөнгийг өөртөө үлдээх эрхтэй гэж зааснаар өөрийн хадгалж байсан нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэл болохгүйг анхаарах байсан.

Гэтэл шүүх шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэснийг бодит байдалд нийцээгүй, талуудын тэгш эрхийн зарчмыг зөрчсөн хууль буруу хэрэглэсэн дүгнэлт гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүхийн хууль зөрчсөн зөрчлийг залруулж хэргийг шийдвэрлэх боломжтой тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Д.*******гийн нэхэмжлэлтэй, Ч.*******т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч Д.*******гийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.******* нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй иж бүрдлийг худалдагч Ч.*******т буцаан өгч, түүнээс 4400000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...Уг иж бүрдэл угаасаа 380 вольтоор ажиллах тул зөвшөөрөл хүсэж явсаар энэ оны 06 дугаар сарын 05-ны өдөр авч 380 тогоо холбуулаад ажиллуулах гэхэд блок хагараад эвдэрч таллаж гарч ирээд байсан. Гэтэл надад байшин барихад зориулагдсан бүтэн гарах блокны иж бүрдэл биш, харин байшингийн булангийн тал блок гаргадаг иж бүрдэл өгсөн байна. Ингээд би миний авах гэсэн иж бүрдэл биш байна, иймд иж бүрдлээ буцааж ав, харин 4400000 төгрөгөө авъя гэж очиход өөрөө алга байна. Эгч нь зөндөө л блок хийж байсан чамд дээр очихоороо яагаад хийж болохоо байчихдаг юм, та нар чадахгүй байна гэж, эхнэр нь манайх 380 тоггүй тул блок хэвлэж үзээгүй, хүнээс аваад байлгаж байгаад шууд чамд зарсан гэж хэлж хэлсэн. Очироо өөрөө намайг 380 вольтыг залгуулж байж иж бүрдлээ ажиллуулж эхлэхийг мэдэж байсан тул худалдан авагч миний хувьд шаардлага гаргах эрхээ алдаагүй. гэж үндэслэсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ ...зөв зүгээр ажилладаг машин шалгаж үзээд үнэ тохирч өөрсдөө ажиллуулаад авсан нь үнэн. гэж тайлбарлажээ.

Зохигчдын хооронд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан Худалдах худалдан авах гэрээ-гээр Ч.******* нь хариуцагч Д.*******гийн өмчлөлд блокны иж бүрдэл машиныг шилжүүлсэн, Д.******* нь блокны иж бүрдлийн үнэ 4400000 төгрөгийг Ч.*******т өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдагч нь биет байдлын доголдолгүй, худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ биелүүлээгүй болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, зохигчийн хүсэлтээр блокны иж бүрдэл машинд туршилт, үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байна.

Худалдан авагч Д.******* нь блокны иж бүрдлийг зөвхөн цахилгаанд залгаж асааж авсан гэсэн тайлбарыг гаргасныг дүгнэхэд уг блок хэвлэдэг зориулалтын машин нь зуурмаг зуурч уг машинд хийж хэвлэн гаргаснаар хэвийн ажилладаг эсэхийг тогтоох зориулалттай байх бөгөөд уг иж бүрдлийг дээрх байдлаар шалгаж хүлээн авсан, хүлээлгэх өгсөн талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч нь блокны иж бүрдлийг ажиллуулахад шаардагдах 380 вольтын цахилгааны эх үүсвэрийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр холбуулан блокны иж бүрдлийг ажиллуулж үзэхэд блокоо хэвлэж гаргахгүй байсан тул Ч.*******т худалдан авсан эд хөрөнгийг буцааж өгч төлсөн төгрөгөө авахаар шаардсан гэх агуулга бүхий тайлбар нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тус тус заасантай нийцсэн, үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 143/ШШ2023/00479 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******гийн нэхэмжлэлтэй *******оос 4 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.*******оос 4400000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай. гэж, 2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85300 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85300 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцгач Ч.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 85300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай. гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА

 

 

ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

 

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ