Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2019/0414

 

 

 

Д.Л-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Д.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Т нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан гомдлоор Д.Л-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт, шалгалт дотоод аудитын тасгийн хяналтын байцаагч Б.М, тэтгэврийн байцаагч Н.Х нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 28 дугаар зүйлийн 1.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өндөр насны тэтгэврийг анх тогтоосноор олгогдохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, сард олгох тэтгэврийг анх 1.348.456 төгрөгөөр тогтоосноор олгохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэст даалгаж, ийнхүү шийдвэрээ хэрэгжүүлэхгүй байгаа хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол 2019 оны эхний 4 сарын байдлаар 1.702.954 төгрөгийг Хөвсгөл аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсээс гаргуулж шийдвэрлэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Тэтгэврийн хувийн хэрэгт 2018 оны 12 сарын 27-нд Д.Л-д өөрт нь мэдэгдэж, Нийгмийн даатгалын хэлтэс дээр өөрөө ирж “Х Э” ХХК-д ажиллаж давхар шимтгэл төлсөн байдлыг тэтгэврийн дундаж цалинд оруулан тооцуулах хүсэлтээ гаргасан. Тэтгэврийн дэвтрийг олгохдоо сонсгох ажиллагаа явуулж олгосон. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” зарчмуудыг баримталсан гэж үзэж байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж заасан. Энэ нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтооно гэж заасан. Гэтэл Мэргэжлийн хяналтын даргаар ажиллаж байхдаа /төрийн захиргааны албан хаагч/ Д.Л нь өөрийн үүсгэн байгуулсан компанийн удирдлагаар байдаг “Хөвсгөл Эх” ХХК-д давхар шимтгэл төлж ажилласан 2014-2018 оны цалин нь нотлогдохгүй байгаа болно. “Х э” ХХК-ийн тайлбараар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар 2015 онд 15,0 сая төгрөг, 2016 онд 15,0 сая төгрөг, 2017 онд 13,5 сая төгрөг, 2018 онд 12,0 сая төгрөгийн цалин бэлнээр олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18.6 дахь заалтад “Татварын албанд ажил үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно” гэж заасан орлогын дээд хэмжээнээс зөвхөн авсан цалин нь хэтэрсэн нь энэ заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дах заалтад /аймаг, нийслэл, сум дүүргийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх/-ийг хуулиар хориглосон. Гэтэл Мэргэжлийн хяналтын газар, “Х Э” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж үндсэн ажилтнаар ажиллаж байсан нь Төрийн албаны хуулийн 15.1.8. дах заалтыг зөрчсөн байх магадлалтай байна. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2019 оны 05 сарын 28-ны 1/1451 тоотоор Д.Л-ийн “Х Э" ХХК-д ажиллаж байсан цалингийн бүрэлдэхүүнийг тэтгэвэр тогтоох цалингийн бүрэлдэхүүнд оруулан тооцоогүй нь зөв байна гэсэн хариу ирсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Л нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт, шалгалт дотоод аудитын тасгийн хяналтын байцаагч Б.М, тэтгэврийн байцаагч Н.Х нарт холбогдуулан “Өндөр насны тэтгэвэр анх тогтоосноор олгогдохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, сард олгох тэтгэврийг 1.348.456 төгрөгөөр тогтоосноор олгохыг хариуцагчид даалгах, ийнхүү шийдвэрээ хэрэгжүүлэхгүй байгаа хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол 2019 оны эхний 4 сарын байдлаар 1.702.954 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Л нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байгаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 445 дугаар тушаалаар ажлаасаа халагдаж, улмаар шүүхийн шийдвэр гарснаар түүнийг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилогдсон байна.

Тэрээр дээрх ажлаас халагдсан хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс “Х э” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж сургалтын асуудал хариуцсан сургагч багшаар ажиллаж байгаад, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажиллах болсон байх ба уг хугацаанд сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зааснаар “нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг ойлгох бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно: 1/ даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол долоон жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана” гэж зааснаар тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлно.

Дээрх хуулийн зохицуулалтыг даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнд ногдуулж төлсөн шимтгэлийн хэмжээнээс өндөр насны тэтгэврийн хэмжээ шууд хамаарна гэж ойлгох ч хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоо хуульд нийцээгүй аргаар нэмэгдүүлж түүнээсээ шимтгэл төлөх аргаар тэтгэврийн хэмжээг  өндөр тогтоолгоход хэрэглэгдэнэ гэж үзэхгүй. Тодруулбал,

Төрийн албаны тухай хуулийн /2002/ 15 дугаар зүйлийн 15.1.8-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх” гэж төрийн жинхэнэ албан хаагчид хориглох үйл ажиллагааг хуульчилж өгсөн бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д “Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн давхар эрхэлж болох үйл ажиллагааны төрлийг тодорхойлж өгчээ.

Нэхэмжлэгч Д.Л-ийн тухайд “Х э” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ч сар бүр цалин авч байсан нөхцөл байдал нь байнгын ажлын байранд ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэл болж байх ба Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олдог байсан гэж үзэхээргүй байна.

Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 8-д “тэтгэвэр” гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, ...нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг” гэж зааснаас үзвэл өндөр насны тэтгэврийг “хөрөнгө” гэж үзнэ.

Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, ...” гэж зааснаас үзвэл тухайн этгээд аливаа хөрөнгийг шударгаар олж авах эрхтэй бөгөөд хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг тэтгэвэр тогтоолгох цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцохыг шаардах эрхгүй юм.

           Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчид олгосон тэтгэврийн хэмжээг бууруулан олгосон хариуцагч нарын үйлдэл хууль нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Л-ийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт, шалгалт дотоод аудитын тасгийн хяналтын байцаагч Б.М, тэтгэврийн байцаагч Н.Х нарт холбогдуулан гаргасан “Өндөр насны тэтгэвэр анх тогтоосноор олгогдохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, сард олгох тэтгэврийг 1.348.456 төгрөгөөр тогтоосноор олгохыг хариуцагчид даалгах, ийнхүү шийдвэрээ хэрэгжүүлэхгүй байгаа хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол 2019 оны эхний 4 сарын байдлаар 1.702.954 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН  

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН