Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1433

 

   “Стандарт групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04774 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Стандарт групп” ХХК-ийн

Хариуцагч Б.Улаанхүүд холбогдох

           

Гэрээний үүрэгт 747 329 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөрөн, Д.Оргил нарын гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөрөн, Д.Оргил

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Стандарт групп" ХХК-ийн төлөөлөгч С.Мөрөн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Стандарт групп" ХХК нь "Номин констракшн" ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр №TSA40102202 тоот орон сууц захиалан бариулах гэрээгээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Цэцээ гүн хотхоны 102 дугаар байрны 202 тоотод байрлах 97,3 м.кв бүхий орон сууцыг захиалсан. "Стандарт групп" ХХК нь орон сууц захиалан бариулах гэрээний эрх, үүргийг иргэн Б.Улаанхүүд эрх, үүрэг шилжүүлэх гэрээгээр 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Энэхүү гэрээгээр Б.Улаанхүү нь орон сууцны өмчлөх эрхийг авч, орон сууцны үнийн дүнд 243 250 ам.долларыг төлөх үүрэг хүлээсэн. Гэрээ байгуулагдмагц нэхэмжпэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хариуцагчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаснаар орон сууц хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө болсон. Гэвч Б.Улаанхүү нь гэрээний 2.1.3-т заасан "Эрх хүлээн авагч нь 2014 оны 12 дугаарс арын 15-ны өдрийн дотор 243 250 ам.долларыг эрх шилжүүлэгчид бүрэн гүйцэт төлнө" гэх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд гэрээний дагуу 243 250 ам.доллар, алданги 121 625 ам.долларыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Улаанхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Улаанхүү нь "Стандарт групп" ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр "Стандарт групп" ХХК нь "Номин констракшн" ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний захиалагч талын эрх, үүргийн шилжүүлэх буюу орон сууцны өмчлөх эрхийг авч, орон сууцны үнийг төлөх тухай харилцааг зохицуулсан байдаг. Б.Улаанхүү нь энэхүү эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа зээл авч бизнесийн үйл ажиллагаа явуулж, гэрээний үүрэг болон төлбөрийг төлөх зорилготой байсан. Гэвч улс орон даяар нүүрлээд байгаа эдийн засгийн хямралын улмаас хүнд нөхцөл байдалд орж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авахаар тохиролцсон Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Цэцээ гүн хотхоны 102 дугаар байрны 202 тоот 97.3 м.кв орон сууцыг нэхэмжлэгч "Стандарт групп" ХХК-д буцаан шилжүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Улаанхүүгээс 565 392 056 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Стандарт групп" ХХК-д олгож, нэхэмжлэлээс 181 936 943 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч  "Стандарт групп"  ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 894 600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Улаанхүүгээс 2 984 910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Стандарт групп" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөрөн, Д.Оргил нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Шүүх хэргийг  хянан  шийдвэрлэхэд  ам.долларыг төгрөгт шилжүүлэн бодохдоо ашигласан Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь үүрэг гүйцэтгэгч тогтоосон хугацаанаасаа өмнө үүргээ гүйцэтгэх үед гэрээ байгуулах үеийн ханшийг баримтлах тухай зохицуулалт бөгөөд манай тохиолдолд хамааралгүй зохицуулалт юм. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааны дагуу нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо гадаад валютын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны албан ёсны ханшаар бодно гэсэн заалтаар зохицуулагдаж төлбөрийн хэмжээг нэхэмжлэл гаргах үеийн буюу Монгол банкны ам.долларыг 2048.18 төгрөгөөр бодох нь хуульд нийцнэ.

    2. Шүүх нэхэмжлэгчийг алданги нэхэмжлэх эрхтэй болохыг баталгаажуулсан боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон алдангийн хэмжээг бууруулж нэхэмжилсэн байхад 232.8 дахь хэсгийг баримтлан дахин 50 хувиар буюу алдангийг нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 25 хувиар тооцож хэргийг тэнцвэртэй бус, хариуцагчид хэт ашигтайгаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрт дурдсан "хариуцагч нь төлбөрийг хугацаанд нь төлөөгүй байдлаа Эдийн засгийн хүндрэлтэй байдал нөлөөлсөн, төлбөрийн нөхцлийн талаар нэхэмжлэгчтэй ярилцаж мэдэгдэж байсан талаар тайлбартаа дурдсан, хариуцагчтай эвлэрэх хүсэл зоригоо илэрхийлсэн" гэх зэргийг шүүх хэрхэн тогтоосон нь тодорхойгүй байна. Учир нь хариуцагч дээр дурдсан үйл баримт, хариу тайлбарын үндэслэл, няцаалтаа нотлоогүй, аливаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй юм. Гэтэл шүүхээс зөвхөн хариуцагчийн хариу тайлбартаа дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж алдангийг их хэмжээгээр бууруулжээ.

3. Шүүх ...ам.долларыг төгрөгт шилжүүлэх үеийн ханшийг нэхэмжлэл гаргасан өдрөөр бус үүрэг гүйцэтгэх ёстой байсан өдрөөр тооцож хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнг багасгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хангагдаагүй хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн гэсэн үг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хангагдаагүй хэсэгт дүйцэх хэсгийг нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байсан. Иймд шүүхийн шийдвэрээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг бууруулсан хэсгийг хасч, нэхэмжлэлээр хангагдсан ам.долларыг төгрөгт шилжүүлэхдээ хариуцагчийн үүргээ биелүүлвэл зохих хугацаа буюу нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцсон өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Стандарт групп” ХХК нь хариуцагч Б.Улаанхүүд холбогдуулан орон сууцны үнийн дүн болох 243 250 ам.доллар, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги 121 625 ам.доллар буюу 747 329 677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

         “Стандарт групп” ХХК, Б.Улаанхүү нар 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Эрх шилжүүлэх гэрээ”, мөн “Стандарт групп” ХХК, Б.Улаанхүү, “Номин констракшн” ХХК нар 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Эрх шилжүүлэх” гэрээг тус тус байгуулсан байна.

 

         Дээрх гэрээний дагуу гүйцэтгэгч компани орон сууцны нийт үнэ болох 243 250 ам.долларыг захиалагч “Стандарт групп” ХХК-д төлөх төлбөрөөс суутган авсан ба хариуцагч Б.Улаанхүү нь нэхэмжлэгч “Стандарт групп” ХХК-иас Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Цэцээ гүн хотхоны 102 дугаар байрны 1 дүгээр орцны 202 тоот, 97.3 м.кв талбай бүхий орон сууцны захиалагчийн эрх, үүргийг шилжүүлэн авч, дээрх мөнгийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээжээ /хх 14-15, 16-20/.

 

         Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүсэж, үүрэг гүйцэтгэгч Б.Улаанхүү орон сууцны төлбөрийг төлөх  үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч “Стандарт групп” ХХК-ийн өмнө хүлээсэн, үүрэг гүйцэтгүүлэгч түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

 

         Орон сууцны үнийг талууд гэрээгээр ам.доллараар тогтоосон талаар маргаагүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон монгол төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь зөв болжээ.

 

         Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалт нь барааны үнэ, үйлчилгээний төлбөрийг гадаад валютаар тодорхойлон тохиролцсоныг шууд хориглосон бус харин төлбөр тооцоог гадаад валютаар биш мөнгөн төгрөгөөр хийх агуулгатай. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг хууль зөрчсөн хэлцэл гэж үзэхгүй.

 

          Хариуцагч нь гэрээний үндсэн төлбөр 243 250 ам.долларыг төлөх үүргээ биелүүлээгүй, орон сууцыг буцаан өгнө гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзсан боловч

тайлбар, татгалзлын үндэслэлийг нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

         Иймд гэрээний 2.1.3-т зааснаар хариуцагч нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны дотор орон сууцны үнэ 243 250 ам.долларыг төлөх үүргээ биелүүлээгүй тул эрх, үүрэг шилжүүлэх гэрээний 2.1.4-д /хх-21/ зааснаар төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй, тэрээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр хариуцагч Б.Улаанхүүгээс шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

         Нэхэмжлэгч нь хугацаа хэтэрүүлсний алдангийг 50 хувиар тооцон 121 625  ам.доллар буюу 249 199 892 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх уг алдангийг багасгасныг эс зөвшөөрч гомдол гаргажээ.

 

        Шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд анзын хэмжээг багасган шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

        

         Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буй хэмжээгээр хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 984 600 төгрөгийг улсын орлогод үлдээн шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч нар долларын ханшийг мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрх үүссэн буюу эрх шилжүүлэх гэрээ байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн долларын ханш 1859.46 төгрөгөөр тооцсоныг эс зөвшөөрч, төлбөрийг нэхэмжлэл гаргах үеийн ам.доллорын ханш 2048.18 төгрөгөөр тооцуулахаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

       

          Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж, хариуцагчаас шаардах эрх үүссэн хугацаа гэж 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ам.долларын ханшаар тооцож, нэхэмжлэлийг хангасан нь буруу. Хуулийн тухайн заалт монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамааралгүй, харин төгрөгийн өөрийнх нь худалдаж авах чадварын өсөлт, бууралттай холбоотой зохицуулалт юм.

 

          Иймд долларын ханшийг нэхэмжлэгчийн нэхэмжлэл гарах үеийн ханш 2048.18 төгрөгөөр /хх-4/ тооцон анхан шатны шүүхийн шийдвэрт Б.Улаанхүүгээс /304 062.5 ам.доллар x ханш 2048.18 төгрөг/ 622 774 731 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, үлдэх  124 554 946  төгрөгийн  нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй  болгож,  хариуцагчаас   улсын

 

тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүхийн нэрийг “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй” гэж буруу бичснийг “Баянзүрх дүүргийн” гэж зөвтгөх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04774 дүгээр шийдвэрийн

удиртгал хэсгийн “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй...” гэснийг “Баянзүрх дүүргийн...” гэж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...565 392 056 төгрөг...” гэснийг “...622 774 731 төгрөг...” гэж, “...181 936 943 төгрөг...” гэснийг “...124 554 946 төгрөг...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...2 984 910 төгрөг ....” гэснийг “... 3 271 824 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Стандарт групп” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 067 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ч.ОЮУНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.БАЙГАЛМАА