Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 211

 

Х.Н нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймгийн Ардын Шүүх таслах газрын 1934 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай тогтоолтой, Х.Н, Б.Т, Д.Б нарт холбогдох Ц-9590-1, 3 /4/03/ дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1934 оны байдлаар:

1. Х.Н,

2. Д.Б,

3. Б.Т.

Х.Н нь хувьсгалын хүчийг сулруулж, ардын дотор нам засгийн итгэмж ба үнэ хүндийг бууруулахын тулд зорилго тавьж нууц ба илэрхий тэмцлүүдийг бүхий л хүчээр оролдсон, СССР улсыг муучилж, ардын засгийн эсрэг эсэргүү цуурхлуудыг тараасан гэмт хэрэгт,

Д.Б нь “...бараа ховордож байна, тус улсын тэмдэгт цаас ... үгүй болсон, малаа зарах хэрэгтэй, мал байвал татвар авна, ардын засаг бол шашны дайсан” гэх цуурхал тараасан гэмт хэрэгт,

Б.Т нь өөрийн 100 гаруй шавь нарыг дагуулан удирдаж Шаравсэнгэ, Магван нартай хүчийг нэгтгэн эсэргүү бослого гаргахаар бэлтгэсэн, ...манай улсын малын гуравны хоёр хувь нь хорогдож, даруй малгүй болж өлсөх зовлон ирнэ, буу зүүж ард олныг айлгаж байна гэх эсэргүү цуурхлуудыг тараасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх цаазын бичгийн ерөнхий ангийн 31 дүгээр зүйлийн 1, 5, 6 дахь хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 47, 49 дүгээр зүйлд зааснаар Х.Н-г 8 жил хорих,

Д.Б-г 49 дүгээр зүйлд зааснаар 5 жил хорих, Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47, 49 дүгээр зүйлд заасныг баримтлан Б.Т-г 10 жил хорих ялаар тус тус шийтгэсэн байна.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Б.Т , Д.Б , Х.Н нарт Увс аймгийн Ардын Шүүх таслах газрын 1934 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай тогтоолоор: Төр засгийн эсрэг бослого тэмцэлд бэлтгэсэн, эсэргүү цуурхлыг тараасан гэж 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47 дугаар зүйл /Ардын хувьсгалт засгийг эсэргүүцэх зорилгоор албан татваруудыг үл гүйцэтгэхийг уриалан дуудах чанартай суртал нэвтрүүлэх буюу ятгах хийгээд хувьсгалд эсэргүүцэх зорилготой ном, дэвтэр бичгийг зохиох, хэвлэх ба тараах буюу хадгалсан бол 1 жилээс доош бус хугацаагаар хорьж, хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр ял шийтгэвэл зохино. Мөнхүү явдлуудыг ард олны санаа сэтгэл үймсэн цагт сүсэгтэн ардын шашин шүтлэг бишрэлийг далимдуулан ашиглаж үйлдэх буюу дайн байлдааны цагт үйлдсэн бол энэхүү шүүх цаазын бичгийн 42 дугаар зүйлд заасан ялуудаар шийтгэвэл зохино/.

49 дүгээр зүйл /Хувьсгалд эсэргүүцэх гэмт хэргийг үйлдэхийг үнэхээр бэлтгэж буйг буюу үйлдсэнийг мэдсээр атал эс мэдээлсэн бол 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэвэл зохино/-д заасан гэмт хэргүүдэд 5-10 жил хорих ялыг хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Бадамын Магванд холбогдох 1370, Гүржавын Шаравсэнгэд холбогдох 1929 дугаартай хэргүүдэд үзлэг хийхэд: Шаравсэнгэ нь Т ид захидал өгсөн талаар болон Б.Магван нь Шаравсэнгийн захидлыг Т-д хүргэн өгсөн талаар мэдүүлсэн зүйл байхгүй, Х.Н, Д.Б нар ч энэ захидлын талаар нэг ч зүйл мэдүүлээгүй байна.

2. Б.Т-н мэдүүлсэн захидлын талаарх мэдүүлгийг тухайн үед үнэн эсэхийг тогтоож баримтжуулаагүй, захиаг хурааж авч хэрэгт хавсаргаагүй.

3. Б.Т, Х.Н, Д.Б нар хоорондоо ямар харилцаатай, энэ хэрэгт ямар байдлаар холбоотой болох нь тодорхой бус, тэднийг нүүрэлдүүлж гэрчийн байцаалт аваагүй учир Б.Т-н Шаравсэнгээс явуулсан захиаг Магванаар дамжуулан авч, эсэргүү ажлын талаар өөрийн гэрт уулзаж байсан гэх мэдүүлгийг одоо шалгаж тогтоох боломжгүй бөгөөд ач холбогдолгүй.

4. Б.Т, Х.Н, Д.Б нарт “...ард олны дотор эсэргүү цуурхлыг тараасан” хэмээн Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 47, 49 дүгээр зүйлүүдээр хорих ял оноосон бөгөөд тухайн үедээ эдгээрийн үйлдсэн гэмт хэргийн санаа зорилго, тухайн нийгэмд учруулсан хор, хохирлыг баримтаар тогтоогоогүй.

5. Тэдний тараасан цуурхал гэгч нь ард олны дотор нийтээрээ ярьдаг байсан зүйлийн талаар ярьсан яриа байх ба ард олны амгалан тайван байдлыг алдагдуулан үймүүлэхийг уриалсан гэх баримтууд хэрэгт авагдаагүй байна.

6. Б.Т, Х.Н, Д.Б нар нь төр засгийг эсэргүүцсэн, төр засгийн эсрэг бослого тэмцэлд бэлтгэсэн гэх баримтууд хэрэгт авагдаагүй.

Тэдний үйлдэл нь өнөөгийн нийгэмд аюултай шинж чанараа алдсан ба Б.Т, Х.Н, Д.Б нарыг тухайн үед нам засгаас шашны талаар баримталж байсан бодлогын золиос болгож зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /...гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Увс аймгийн Ардын Шүүх таслах газрын 1934 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай тогтоолоор Шүүх цаазны бичгийн ерөнхий ангийн 31 дүгээр зүйлийн 1,5,6 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 47, 49 дүгээр зүйлээр Увс аймгийн Улаангом сумын харьяат, Х.Н-г 8 жил хорих, Увс аймгийн Ховд гол сумын харьяат, Д.Б-г тусгай ангийн 49 дүгээр зүйлээр 5 жил хорих, Увс аймгийн Улаангом, сумын харьяат, Б.Т-г мөн цаазны бичгийн тусгай ангийн 47, 49 дүгээр зүйлд заасныг баримтлан 10 жил хорих ялаар тус тус улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц-9590-1, 3 /4/03/ дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, Б.Т, Х.Н, Д.Б нарыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Увс аймгийн Ардын Шүүх таслах газрын 1934 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолоор Х.Н-г Шүүх цаазын бичгийн ерөнхий ангийн 31 дүгээр зүйлийн 1, 5, 6 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 47 дугаар зүйл /Ардын хувьсгалт засгийг эсэргүүцэх зорилгоор албан татваруудыг үл гүйцэтгэхийг уриалан дуудах чанартай суртал нэвтрүүлэх буюу ятгах хийгээд хувьсгалд эсэргүүцэх зорилготой ном, дэвтэр бичгийг зохиох, хэвлэх ба тараах буюу хадгалсан бол 1 жилээс доош бус хугацаагаар хорьж, хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр ял шийтгэвэл зохино/, 49 дүгээр зүйл /Хувьсгалд эсэргүүцэх гэмт хэргийг үйлдэхийг үнэхээр бэлтгэж буйг буюу үйлдсэнийг мэдсээр атал эс мэдээлсэн бол 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэвэл зохино/-д,

Б.Т-г Шүүх цаазын бичгийн 47, 49 дүгээр зүйл, Д.Б-г Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хэргийн баримтаас үзэхэд Х.Н, Б.Т, Д.Б нарыг гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болсон захиаг хэрэгт хавсаргаагүй, холбогдох гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, нийгэмд учруулсан хохирлыг баримтаар тогтоогоогүй, өөрөөр хэлбэл тэднийг яллах нотлох баримт авагдаагүй байхад хүчээр хэрэг хүлээлгэж, гэм бурууг тогтоосон байх тул улс төрийн хилс хэрэгт хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэхүү нөхцөл байдал нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан “улс төрийн хилс хэрэг”, “улс төрийн хэлмэгдүүлэлт”, мөн дээрх хилс хэрэгт гэм буруутайд тооцсон Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн в-д заасан /Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн/ үндэслэлд тус тус хамаарч байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “... Гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн ...” гэх үндэслэлээр Увс аймгийн Ардын Шүүх таслах газрын 1934 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ц-9590-1, 3 /4/03/ дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Увс аймгийн Ардын Шүүх таслах газрын 1934 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Х.Н, Б.Т, Д.Б нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Увс аймгийн Ардын Шүүх таслах газрын 1934 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Х.Н, Б.Т, Д.Б нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

              ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                     Б.ЦОГТ

                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН