Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 201/МА2024/00005

 

*******гийн нэхэмжлэлтэй    иргэний хэргийн тухай

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч О.Баатарсүх, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 138/ШШ2023/01085 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцлах, алданги 15 900 000 төгрөг, засварын зардал 2 950 000 төгрөг, нийт 17 850 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний үүргийн биелэлт 22 000 000 төгрөг, алданги 11 000 000 төгрөг, хохирол 5 249 506 төгрөг нийт 35 249 506 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 17 850 000 төгрөг нэхэмжилж байгаа шалтгаан гэвэл *******тай тохиролцоонд хүрээгүй удсан учир гэрээний дагуу хүүгээ бодоод гаргасан төлбөр юм. Би удаа дараа гэрт нь очиход тухайн үед мөнгөө өгөхгүй алга болсон. Одоо миний хувьд энэ хүмүүст гаргаад өгөх мөнгө байхгүй. Хүүгийн маань бие нь муу Улаанбаатар хотод хагалгаанд оруулчихаад ирсэн. ХААН банкнаас надад холбогдуулаад 39 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргачихсан байгаа. Тиймээс миний хувьд ганц боломж нь байраа зараад банкны мөнгөө төлөх мөн хариуцагчаас авсан 22 000 000 төгрөгөө өгөх боломж байгаа. Түүнээс хариуцагч нарын нэхэмжлээд байгаа 35 сая төгрөгийг төлөх ямар ч боломжгүй. Эд нартай би эвлэрье гэж хэлж байсан өөрсдөө зөвшөөрөөгүй. Одоо би 30 сая төгрөг төлөх ямар ч боломжгүй. Харин 22 сая төгрөгт өөрийн Дэхтэд байгаа газраа 3 сая төгрөгөнд тооцож 25 сая төгрөг өгөх хүсэлтэй байна. Бусад алданги, хохирол гэж нэхэмжилж байгаа дүнг зөвшөөрөхгүй байна. Түүнээс 28 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би шүүхэд гаргасан зээлийн гэрээг цуцлах, 17 850 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна. Өмнө нь хийж байсан засварынхаа тооцоогоор л нэхэж байгаа юм. Одоо бол бараа материалын үнэ нэмэгдсэн байгаа. Гэхдээ би өмнөх тооцоогоор гаргаж тооцсон юм. Энэ хүмүүс байрыг их муухай ашигласан байсан. Хүн ороод харахад шууд авъя гэж хэлэхгүй л байх. Засвар хийж байж зарахгүй бол хүн голоод авахгүй байх. гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч ******* хариу тайлбартаа: Иргэн ******* нь малчин хүн бөгөөд ипотекийн зээлэнд хамрагдах боломжгүй тул 15 сая төгрөг бэлнээр өгөөд үлдэгдлийг нь хувь лизингээр авъя гэсэн зар тавьсан байдаг. Тэр үед ******* нь холбогдоод барьцаанд байгаа байраа заръя гэсэн юм билээ. Тухайн үедээ банкнаас бичиг авчраад нотариат зөвшөөрөөд Хаан банкны барьцаанд байгаа байрны зээлийг ******* хариуцаж төлнө гэж гэрээ байгуулаад гэрээний дагуу төлж явсан байдаг. Үүний дараагаар 2022 оны 10 сарын сүүлээр ******* гэнэт  утасдаад 8 сая төгрөгөө хийх боломж байна уу гэсэн байдаг. Гэнэт хэлсэн болохоор мал авчраад худалдаад өгье гээд өөрсдөө малаа авчраад 7 сая төгрөгөө өгсөн байдаг. Ингээд анхны гэрээ өөрчлөгдсөн тул 2022 оны 11 сарын 03-ны өдөр гэрээгээ өөрчилж байгуулсан. Гэрээ өөрчилж байгуулснаар үлдэгдэл 11 сая төгрөгийг 2023 оны 05 сарын 24-ний өдөр төлж барагдуулаад дуусна гэсэн байдаг. 2023 оны 4 сараас эхлээд манай үйлчлүүлэгч маань Төрийн банкнаас зээл аваад 18 сая төгрөгөө байлгаж байсан. 2023 оны 4 сараас хувь чатаар гэрээний хугацаа дуусч байна мөнгөө шилжүүлэх үү гэхэд ******* би банкны зээлээ төлж чадаагүй байна тиймээс банкны өрийг төлөөд байраа ав гэж хэлсэн байдаг. 2023 оны 5 сарыг хүртэл байрны үлдэгдлийг хийхээр байна банкны өрөө төлж дуусгахаар эд хөрөнгөө шилжүүлье гэсэн. 6 сарын 20-ны өдөр нөгөө мөнгийг чинь авъя үндсэн зээлээ төл гээд банкнаас яриад байна гэсэн байсан. Сүүлдээ энэ байрыг чинь зармаар байна гээд таних танихгүй хүн дагуулж ирж зохисгүй зан ааш гаргаж байсан юм билээ. Иймд гэрээнд заасны дагуу алдангиа тооцоод нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ.

3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: ******* нь *******тай тохиролцон Хэрлэн сумын 7-р баг, 43 байр 47 тоот 29.7 м2 талбайтай орон сууцыг 2022 оны 11 сарын 3-ны өдөр Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 33 сая төгрөгөөр худалдан авсан. Гэрээний дагуу урьдчилгаа 15 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 18 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон. Гэвч дахин гэрээнд өөрчлөлт оруулж 18 000 000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр шинэчилсэн. 2022 оны 11 сарын 4-нд 7 000 000 төгрөгөө шилжүүлсэн. Үлдэгдэл 11 000 000 төгрөгөө 2023 оны 5 сарын 24-нд төлж дуусгах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон. ******* нь үлдэгдэл төлбөрөө удаа дараа нэхээд байхаар нь банкнаас малчны зээл аваад бэлдчихсэн байсан боловч хариуцагч нэг авна, нэг авахгүй байраа зарлаа гэх мэтээр тодорхойгүй байдал үүсгээд өнөөдрийг хүртэл үүргийн гүйцэтгэлээ татгалзаж байгаа. Хариуцагч нь банкны барьцаанаас орон сууцаа чөлөөлж шилжүүлэхээс татгалзаж байгаа учир гэрээний дагуу урьдчилан төлсөн 22 000 000 төгрөгнөөс тооцож алданги төлөх үүрэг хүлээнэ. ...Иймд үндсэн төлбөр 22 000 000 төгрөг, алданги 11 000 000 төгрөг, гэрээнээс үүдэлтэй хохирол 2 249 506 төгрөг нийт 35 249 506 төгрөг нэхэмжилж байгаа. Шүүхийн шатанд гаргасан нэхэмжлэлээс 5 249 506 төгрөгөөс татгалзаж үлдэх 30 000 000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч *******тай 28 000 000 төгрөгт тохиролцохоор санал гаргасан боловч зөвшөөрөхгүй учир *******гаас 30 000 000 төгрөгөө гаргуулах шаардлагаа дэмжиж байна. гэжээ.

4. Нэхэмжлэгч ******* хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Надаас нэхэмжилж байгаа 35 249 506 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би мал махны наймаа хийдэг. Гэтэл өөрийн авсан малаа айлд тавиад түүнийгээ зараад банкны зээлийг бүрэн барагдуулна гэж бодож байсан. Гэтэл байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хэцүү болсон. Миний хувьд үнэхээр боломж байхгүй. Би өөрөө өнөөдөр мөнгөгүй учраас өөрийгөө өмгөөлүүлэх өмгөөлөгч авч чадахгүй зогсож байна. Би боломжтой байсан бол хүний мөнгийг өгье л гэсэн. Ямар ч байсан авсан 22 000 000 төгрөгөө өгье гэж хэлсэн. Харин алданги 8 000 000 төгрөг төлөх чадвар алга байна. Анхнаасаа энэ хүмүүст би хэлж байсан. Өөрсдөө банкны барьцаанд байгаа байрыг зөвшөөрөөд авъя гэсэн болохоос би ав гэж тулгаагүй. Алданги, хохирол ярьвал би адилхан хохироод явж байна. Үнэхээр болохгүй бол миний өмчлөлийн газар Дэхтэд байдаг. Тэр газрыг эсвэл оролцуулаад ав. Өөр надад ямар ч боломж байхгүй. гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүхэд гаргасан саналдаа: Нэгэнт эвлэрэх саналыг зөвшөөрөхгүй бол сүүлийн дүгнэлт тайлбараа гаргая. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсан гэж үзэж болохоор байна. Гэрээнд талуудын хүлээх үүргийг ойлгомжтой заасан. Нэхэмжлэгч маань 17 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч өөрийн эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учир үүнтэй холбоотой байр сууриа илэрхийлэх шаардлагагүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээнд заасан гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилготой Иргэний хуулийн 230 дугаар зүйлд заасан анзыг бичгээр байгуулах хуулийн хэлбэрийг хангасан хэлцэл хийгдсэн гэж үзэж болохоор байна. Гэрээнд заасан анзын хэмжээгээр тооцохоор хуульд заасан алданги тооцох дүнгээс хэтэрсэн бөгөөд 11 сая төгрөгөөс алдангийг тооцох хуулийн боломж байгаа хэдий ч хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн эдийн засгийн байдал, эрүүл мэндийн байдал, амьдралын нөхцөл байдлыг харгалзаад алдангиа бууруулж нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан. Мөн хохирол гэж тооцож байсан 2 сая төгрөгөөсөө татгалзсан. Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу буюу гэрээг цуцлахаар болсон тохиолдолд хохиролыг худалдагч тал худалдан авагчид учирсан хохиролыг хариуцна гэж заасан учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ИХШХШТХ-ийн 115.2.1-д зааснаар 30 000 000 төгрөгийн хэмжээгээр хангаж өгнө үү. гэжээ.

 6. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 262 дугаар зүйлийн 262.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******гаас 22 000 000 /хорин хоёр сая/ төгрөг гаргуулан хариуцагч *******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8 000 000 /найман сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 250 809 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 338 685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас 267 950 төгрөгийг гаргуулан хариуцагч *******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар *******гийн өмчлөлийн Хэрлэн сумын 7-р баг 43 байр 47 тоотод байрлах нэг өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн 2023 оны 9 сарын 21-ний өдрийн 138/ШЗ2023/02693 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, ... шийдвэрлэжээ.

7. Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрт талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-г үндэслэн улмаар зээлээр худалдах, худалдан авах харилцаа үүсгэн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул хариуцагч ******* нь *******д шилжүүлсэн 22 000 000 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд хуульд заасны дагуу алданги, хохирол тооцсон байна гэж дүгнэсэн атлаа талуудын хооронд 2021 оны 5 сарын 24-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний 6.1-д заасны дагуу энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох талаар дурдсан атлаа уг заалтын дагуу улсын бүртгэлийн газарт үл хөдлөх эд хөрөнгө худалдсан талаар бүртгүүлээгүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах үндэслэлтэй байна гэж хоёр өөр агуулгаар дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох алдангийг нэхэмжлэх эрхийн талаар нэхэмжлэгч С.******* үгүйсгэж маргаагүй, зөвхөн санхүүгийн нөхцөл байдлын улмаас төлөх боломжгүй гэж тайлбарлаж үүргийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг тодорхойлоогүй, улмаар нэхэмжлэгч шаардлагасаа бүхэлд нь татгалзан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь шүүх хуулийн буруу хэрэглэсэн, дур зоргын шинжтэй, зохигчдын хүсэл зоригийн бус асуудлыг дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэснийг зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь анхнаасаа байгуулахыг хуулиар хориглосон хэлцэл гэж үзэх боломжгүй. Талуудын гэрээгээр тохирсон бүртгүүлэхтэй холбоотой үүрэгтэй холбоотойгоор хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ. гэсний дагуу *******, ******* нарын хооронд байгуулсан гэрээг хууль ёсны гэж үзэн нотариатч Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх; гэсэн чиг үүргийнхээ дагуу гэрээг баталсан учир тус үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. гэсэн заалтын дагуу *******гаас 8 000 000 төгрөгний анз нэхэмжлэн авах заалтыг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нотариатчийн зүгээс хууль ёсны гэрээ гэж үзсэн учраас гэрээнд заасны дагуу алданги 8 сая төгрөг нэхэмжилж байгаа. Өөр хэлэх зүйлгүй. гэв.

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талуудын хооронд байгуулсан гэрээ, нэхэмжлэлийн шаардлагыг харахаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа харагддаг. Гэхдээ шүүхээс яаж дүгнэсэн нь тодорхой бус байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхээс талуудын хэн алиных нь гаргаагүй хүсэл зоригийг хянаж, дүгнэж байгаа нь алдаатай гэж үзэж болохоор байна. Ингэснээр хариуцагч *******ын хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа юм. Хариуцагч талаас нэхэмжлэгчид 22 сая төгрөг өгчихөөд өнөөдөр байр ч үгүй, мөнгө ч үгүй байдалтай байна. Мөнгөний үнэ цэнэ өдөр ирэх тусам унаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр анх гэрээ хийх үедээ авсан мөнгөн дээр хүү, алданги тооцно гэж тохиролцоогүй. Би мөнгө авсан нь үнэн учраас буцаагаад төлөх үүрэгтэй гэдгээ ойлгож байна. Би мал маллаж амьдардаг. Өнөөдөр малын нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Тиймээс яг өнөөдөр төлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Цаасан дээр бичигдээгүй учраас 8 сая төгрөгийг төлөхгүй. гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, мэтгэлзэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн байх боловч талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг буруу тодорхойлж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, алданги 15,900,000 төгрөг, засварын зардал 2,950,000 төгрөг, нийт 17,850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан Үндсэн төлбөр 22,000,000 төгрөг, алданги 11,000,000 төгрөг, гэрээнээс үүдэлтэй хохирол 2,249,506 төгрөг, нийт 35,249,506 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдааны явцад хариуцагч *******т холбогдуулан гаргасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээг цуцалж, алданги 15,900,000 төгрөг, засварын зардал 2,950,000 төгрөг, нийт 17,850,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байх ба хариуцагч ******* нь шүүх хуралдааны явцад сөрөг шаардлагаа 5,249,506 төгрөгөөр багасгаж, 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилжээ.

5. Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: *******тай үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг орон сууцанд орж төлбөрөө хувааж төлөхөөр гэрээ хийсэн. Гэрээний дагуу 22,000,000 төгрөг төлсөн. Үлдэх төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцсон. ******* нь байраа зарахгүй гэж маргаан үүсгэсэн тул өөрийн өгсөн үндсэн төлбөр 22,000,000 төгрөг, алданги 11,000,000 төгрөг, гэрээнээс үүдэлтэй хохирол 2,249,506 төгрөг нийт 35,249,506 төгрөг нэхэмжилж байгаа. Шүүхийн шатанд гаргасан нэхэмжлэлээс 5,249,506 төгрөгөөс татгалзаж, үлдэх 30,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна гэжээ.

6. Нэхэмжлэгч ******* хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг Миний хувьд анхнаасаа орон сууцыг банкны барьцаанд байгаа талаар хэлж байсан. ...Банкны зээлээ төлж чадахгүй болсон учир байраа зарах эсвэл мөнгө нэмж авах талаар хэлсэн. ******* зөвшөөрөөгүй учир бидний дунд маргаан үүссэн учраас би байраа зарахаа больсон. Энэ тухай өөрт нь ч хэлсэн. Миний хувьд *******аас авсан 22,000,000 төгрөгөө төлнө. Харин өөрийн Дэхтэд байгаа 0,7 га газраа 3,000,000 төгрөгөөр тооцож өгч болно. Түүнээс 30,000,000 төгрөгийг төлж чадахгүй. ... гэж маргасан.

7. Хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч хариуцагч нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг, 43-р байрны 47 тоотод байрлах 29.7м2 талбайтай Ү-0614008579 дугаарт бүртгэлтэй, 000423116 гэрчилгээний дугаартай орон сууцыг 33,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцон Зээлээр худалдах-худалдан авах гэрээг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бичгээр байгуулж, хариуцагч нь гэрээний дагуу урьдчилгаа 15,000,000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төлөх, үлдэгдэл 18,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлөх, төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөлийг шилжүүлэхээр тохирч, хариуцагч 15,000,000 төгрөгийг мөн өдрөө нэхэмжлэгчид төлсөн үйл баримт, /1 хх-ийн 6/

мөн талууд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дээрх гэрээнд өөрчлөлт оруулж үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөгийг хоёр хувааж буюу 7,000,000 төгрөгийг шинэчилсэн гэрээ хийсэн өдөр төлж /2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч *******гийн данс руу шилжүүлсэн/, үлдэх 11,000,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 24-нд төлж дуусгахаар, мөн төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх, уг байр ХААН банкны бизнесийн зээлийн барьцаанд байгаа ба зээлийг 2023 оны 5 сард бүрэн төлж дууссаны дараа өмчлөлийг үл маргах журмаар шилжүүлэхээр тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан үйл баримт тус тус тогтоогдож байна. /2 хх-ийн 8/

8. Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн гэж дүгнэн хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйл буюу зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ-ээс нэмэгдсэн шинжтэй байдаг. Мөн худалдах-худалдан авах гэрээнд худалдсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн буюу төлөх хугацааг тохирч болно. Энэ нь үнийг хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацааг тохирсон агуулга бөгөөд ийнхүү үнийг хэсэгчлэн төлснөөр эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй байдгаараа худалдах-худалдан авах гэрээ нь зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс ялгаатай. Гэрээний талууд худалдан авсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон л бол зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

9. Анхан шатны шүүх шийдвэртээ ... талууд нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээний 6.1-д заасны дагуу Энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох талаар дурдан гэрээ байгуулсан атлаа уг заалтын дагуу улсын бүртгэлийн газарт үл хөдлөх эд хөрөнгө худалдсан талаар бүртгүүлээгүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийгдсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах үндэслэлтэй байна. ... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа бүртгүүлж, орон сууцны өмчлөлийг шилжүүлнэ гэж тус тус зааснаас үзвэл талууд гэрээний төлбөрийг бүрэн төлж дууссаны эцэст улсын бүртгэлд бүртгүүлэхээр харилцан тохиролцсон гэж үзэх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй юм.

Харин гэрээний үүрэг бүрэн биелэгдэхээс өмнө нэхэмжлэгч орон сууцны үнийг нэмэх санал гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үнийн талаар талуудын хооронд маргаан бий болсны улмаас нэхэмжлэгч ******* гэрээнээс татгалзсан байх ба талуудын хэн алин нь уг үйл баримтын талаар маргаагүй байна.

Иргэний хуульд зааснаар гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсанаар талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар болох бөгөөд үндсэн үүргийн харилцаанаас үүсэх нэмэлт үүргийг шаардах эрх мөн дуусгавар болдог.

Гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зохицуулсан байна.

Иймд гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа харилцан буцаах үүрэгтэй тул нэхэмжлэгч ******* нь *******ын орон сууцны үнэд төлсөн 22,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

10. Харин хариуцагч ******* нь 22,000,000 төгрөгийн алдангид 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардахдаа талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасныг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайлбал, дээрх зээлийн гэрээний алданги төлөх тухай заалт нь хариуцагч ******* гэрээнд заасан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу алданги төлөхийг зохицуулсан заалт байх тул дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гаас 22,000,000 төгрөгийн алдангид 8,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгч *******гаас 22,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч *******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

11. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар дурдаагүй байх тул уг заалтыг шийдвэрт нэмж оруулах нь зүйтэй байна

Харин хариуцагч ******* нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 5,249,506 төгрөгөөр багасгаж нийт 30,000,000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэсэн байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар тусгах шаардлагагүй гэж үзлээ.

12. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь буруу байхаас гадна улсын тэмдэгтийн хураамжийн дүнг бичихдээ шимтгэл нэмсэн дүнгээр бичсэн алдааг тус тус гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

13. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон техникийн алдааг зассан өөрчлөлтүүдийг тус тус оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан ... алдангид 8,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. ... гэх давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 138/ШШ2023/01085 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 262 дугаар зүйлийн 262.1-д ... гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д ... гэж, 2 дахь заалтын ... 250,809 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож гэснийг ... 247,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж гэж, ... 338,685 ... гэснийг ... 334,198... гэж тус тус өөрчлөн, 3 дахь заалтад 3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч М.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн 3, 4, 5, 6 дахь заалтуудын дугаарыг 4, 5, 6, 7 гэж дугаарлан өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН

 

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

 

Ц.ЭРДЭНЭЗУУ