Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

            улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Б.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Хохирогч Г.Батсоёмбо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911003950146 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Хорго овогт Б.Э, 1990 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино 17-138 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/УЗ90020871/.

          Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Содон бөмбөгөр” худалдааны төв дотор худалдан авсан бохьныхоо мөнгийг өгсөнгүй гэж маргалдаж, Г.Батсоёмбын элэг болон нүүрэнд нь тус бүр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Г.Батсоёмбо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сарын 20-ны орой би ажлаа тараад эмээ, өвөө хоёр дээр очоод юм ярьж байсан. Тэгээд эмээгээс би нэг бохь авч зажлаад эмээ дэвтэр дээрээ биччих гэж хэлээд байж байтал бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байсан нэг залуу гэнэт хөөе чи мөнгөө өгөөч гээд ирээд миний хамар руу цохисон. Миний хамар өвдөөд байсан учраас би маргааш нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж зураг авахуулсан. Намайг хагалгаанд орох  ёстой гэж эмч хэлсэн” гэв.

Гэрч Б.Наранцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би содон бөмбөгөр худалдааны төвийн төв хаалганы урд жижигхэн пүүдэк шиг павилон дотор жижиглэнгийн бараа зардаг юм. Манай хажууд алт, мөнгөний дархан ажиллуулдаг Соёмбо гэдэг залуу ирээд явах уу эмээ гээд хүлээгээд зогсож байсан, учир нь Соёмбын гэр ганц хутагт байдаг, манай хүүхдийн гэр Дарь-Эхэд байдаг юм, өвгөн бид 2 агаарт гээд Дарь-Эхэд байгаад байгаа юм, би бараа зараад 10 жил болж байна, Соёмбо хүү мөн адил их удаж байгаа, тэгээд хааяа манай унаанд суугаад гэр лүүгээ дөхөөд буудаг юм. Тэгээд тэр өдөр хамтдаа явах гээд хүлээгээд би бас хүүхдээ ирэхийг хүлээгээд байж байтал Соёмбо эмээ нэг бохь авчих уу гээд нэг ширхэг 100 төгрөгийн бохь авсан. Гэтэл цаанаас АТМ дээр оочерлож байсан хүмүүсээс нэг залуу хөөе чи настай хүн дээрэлхээд мөнгөө өгөөч гэх шиг болсон, би пүүдкэн дотроо сууж байтал Соёмбо цаашаа явсан, тэгээд удалгүй нөгөө залуу ирээд эмээ та таних уу гэхээр нь би тухайн үед юм бодолгүй өөрийгөө таних уу гээд байгаа юм уу, Соёмбыг таних уу гэж асуугаад байгаа учрыг ойлгоогүй танихгүй ээ гээд хэлсэн, Тэгтэл тэр хавьд байсан хүмүүс хүүеээ яанаа хамарнаас нь цус гараад байна гэхээр нь би сальфетка аваад Соёмбод өгсөн. Түүний хамарнаас цус гараад л байсан. Тэгээд машин дотор явж байхдаа эмээ миний хамар их сонин болчихсон байна, хугарчихсан юм болов уу гэхээр бид нар эмч биш юм чинь чи эмчид үзүүлсэн дээр байх гэж хэлсэн, ямар сайндаа гэмгүй хүүхэд хохирчихлоо гээд бодож сууна, Соёмбыг хэн гэдэг хүн хаана нь хэдэн удаа цохисоныг анзаарч хараагүй, тэр залуу Соёмбыг чи сая эмээгээс бохь авсан биз дээ, настай хүн элэг бариад бохь авч байгаа юм бол мөнгөө өг гээд маргаад байх шиг байсан, эмээ нь зарим нэг юмыг нь сонсож чадаагүй ээ, ямар ч байсан хамар луу нь цохиод цус гаргасан байх. Соёмбо хэн нэгэнд гар хүрээгүй байх, тэр залуу л Соёмбыг цохичихоод яваад өгсөн юм шиг байна лээ. Соёмбо бол миний мэдэхийн архи хэрэглэдэггүй зөв харьцаатай сайн хүүхэд байдаг ...” гэх мэдүүлэг /хх-11-12х/,

Гэрч Н.Сарнайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би нөхөртэйгөө хамт амьдраад 5 жил болж байна. Дундаасаа 2 хүүхэдтэй. Одоо Содон бөмбөгөр худалдааны төвд нөхөртэйгөө хамаатныхаа лангууг ажиллуулж байгаа юм. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 19.40-20,00 цагийн орчим ажил тараад хаах гэж байхад миний нөхөр орлогоо тушаахаар явсан, тэгээд нөхөр маань буцаж ирээд хайраа би тэнд сая хүн цохичихлоо гэхээр нь яаж байгаа юм бэ гэтэл тэр залуу эмээ, өвөөгөөс бохь авъя гэж хэлчихээд за за авахаа болилоо эмээ гээд нэг ширхэг бохь авчихаад эргүүлээд тавьчихсан. Тэгээд хараад байсан чинь бохьныхоо мөнгийг өгөхгүй байсан. Би тэр залууг гуйж нэг үзлээ, хэрэлдэж нэг үзлээ, тэгээд уурандаа цохичихлоо гэсэн. Тэгээд хаах гээд хонх дуугараад бид 2 үүдээр гартал нэг залуу доошоо харчихсан сууж байсан. Тэгтэл манай нөхөр миний цохьсон залуу энэ байна, зүгээр байгаа гэхээр нь чи тэгээд хүн цохьчихсон юм бол зүгээр үү гээд очиж уулзаач гээд явуулсан чинь нөгөө залуу би зүгээрээ гээд гар бариад салсан, тэгээд маргааш нь ажил дээрээ очоод нөгөө залуутай учир зүйгээ олох гэтэл ар гэрийнхэн нь хэл ам гаргаад хэл амаараа ойлголцох битгий хэл ойртуулахгүй байсан. Явдаг газраар нь явна гээд байсан учраас манай нөхөр шалгагдаж байгааг мэдэж байна. Манай хүний өмөөрөх, өмгөөлөх тал нь давамгай, зүгээр л гудамжаар явж байхад намайг хэн нэгэн хараах ч юм уу байдал гаргах юм бол намайг өмөөрдөг, намайг ч гэлтгүй хүн өмгөөлөх талтай. Ямар сайндаа манай хүн тамхи татдаг мөртлөө зах дотор тамхины бөөний төв байхад заавал эмээ, өвөө хоёроос тамхи авдаг. Нэг тамхи 50 төгрөгөөр илүү зардаг гээд хэлээд байхад л яадаг юм бэ хайраа гээд эмээ, өвөөгөөс очиж аваад байдаг, хүнд их тусархаг, хүнлэг чанартай, түргэн ууртай гэхээсээ илүү битүү, дотогшоо уураа гаргадаг, аль болох хүнтэй эвтэй байдаг, зодоон цохион хийж байгаагүй анх удаа л ийм асуудалд орж байна ...” гэх мэдүүлэг /хх-15х/,

Яллагдагч Б.Э мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн хэрэг болон уг сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед эмээгийн бохьны мөнгийг өг, өгөхгүй гэх шалтгаанаас болж маргалдсан, Батсоёмбо гэх залуу тэр эмээг таньдаг гэж өөрийгөө бүрэн ойлгуулсан бол би эмээгийн бохьны мөнгийг өгсөнгүй гэж маргахгүй байсан. Тэгээд уурандаа түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Би архи дарс хэрэглээгүй эрүүл байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хх-27-28х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №1590 тоот дүгнэлтэнд:

“1.Г.Батсоёмбын биед баруун хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, баруун доод зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-17х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Содон бөмбөгөр” худалдааны төв дотор худалдан авсан бохьныхоо мөнгийг өгсөнгүй гэж маргалдаж, Г.Батсоёмбын элэг болон нүүрэнд нь тус бүр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Эийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Г.Батсоёмбод учруулсан гэм хорын хохирлын мөнгө 300.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн байх ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурьдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.