Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 203/МА2024/00011

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг дахь сум иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 143/ШШ2023/00481 дугаар шийдвэртэй,

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

******* говь ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 1 046 495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч М.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ******* ******* ХХК, ******* говь нар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 21/01 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу нийт 2 485 743 200 төгрөгийн үнийн дүн бүхий чанар, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлснээс Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний дагуу 1 628 079 240 төгрөгийн төлбөрийг төлж, үлдэгдэл буюу төлбөл зохих 857 663 960 төгрөгийн төлбөртэй байгааг талууд хамтран тооцоо нийлж 2022 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар баталгаажуулсан.

Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэж, гэрээгээр харилцан тохиролцсон газрын тосны бүтээгдэхүүнийг хариуцагчид бөөнөөр зээлээр бэлтгэн нийлүүлж, цаг тухайд нь хүлээлгэн өгсөн.

Гэтэл хариуцагч ******* говь ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байна. Талууд нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний 2.6-т худалдан авагч нь тухайн сарын 25-ныг хүртэлх хугацаанд худалдан авсан шатахууны төлбөрийг дараа сарын 07-ны дотор бүрэн төлж барагдуулна гэж, 3.1-т бүтээгдэхүүний төлбөрийг худалдагчид энэхүү гэрээний 2.6-д заасны дагуу хугацаа хэтрүүлэлгүй төлөх үүрэгтэй гэж, 4.5-т энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг худалдан авагчаас шаардах эрхтэй гэж заасныг хариуцагч нь зөрчсөөр байна.

Хариуцагч нь дээрх гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 857 663 960 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд харилцан тулгалт хийж баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэл уг төлбөрийг хариуцагч төлж барагдуулаагүй байх бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 122 хоног хэтэрсэн байна. Талууд хооронд байгуулагдсан 21/01 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний 5.1-т худалдан авагч нь энэхүү гэрээний 2.6-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар хоног тутам алданги тооцно, 4.5-д энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг худалдан авагчаас шаардах эрхтэй гэж заасны дагуу нийт 525 275 015.60 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй байна.

Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу хариуцагчаас 525 275 015.60 төгрөгийн алданги тооцох үндэслэлтэй боловч Иргэний хуульд нийцүүлэн хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн 50 хувь буюу 428 831 980 төгрөгийн алданги тооцохоор байна.

Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг төлүүлэх талаар удаа дараа хандан, утсаар байнга холбогдож байсан боловч хариуцагч "******* говь" ХХК нь төлбөрийн үлдэгдлийг барагдуулаагүй хугацаа хэтрүүлсээр байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид итгэл хүлээлгэн, төлбөрийн дараа төлөх /бөөнөөр зээлийн/ нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан хэдий ч хариуцагч нь гэрээний төлбөр төлөх үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, зөрчсөөр байна.

Иймд Иргэний хуулийн 262.1, 232.6 талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 857 663 960 төгрөг, нийт алданги 428 831 980 төгрөг буюу нийт 1 286 495 940 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ******* говь ХХК нь ******* ******* ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б20/1 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ-г байгуулсан.

Манай компани нь ******* ******* ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 01- ний өдөр 21/1 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулаагүй болно. Бидний байгуулаагүй гэрээнд алданги тооцсон нь үндэслэлгүй. ******* ******* ХХК-аас манай компанид ирүүлсэн 1 286 495 940 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алданги төлөх боломжгүй.

Мөн нэхэмжлэл дээр дурдсан ******* ХХК-тай манай компани ямар ч холбоогүй учир уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлгүй. ...Манай компани нь ******* ******* 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 21/1 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулаагүй болно. Бидний байгуулаагүй гэрээнд алданги тооцсон нь үндэслэлгүй. ******* ******* ХХК-с манай компанид ирүүлсэн гэрээний үлдэгдэл төлбөр 857 663 960.0 төгрөгийн дүн нь зөрүүтэй байгаа тул манай компанийн зүгээс үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бидний хувьд хамтран ажиллаж байсан Говь ******* френдс ХХК-тай шатахууны өглөг авлагын тооцоог нийлсэн дүн нь буруу байна. Иймд бидний тооцооны үлдэгдлийг дахин нягталж баталгаажуулах шаардлагатай байгаа тул тооцоог дахин баталгаажуулах хүсэлтэй байна. Говь ******* френдс ХХК ******* говь ХХК-ийн шатахууны өглөгийг дүнгийн зөрүүг арилгах шаарлагатай байгаа тул бид энэ дүн хүлээн зөвшөөрөхгүй байна. Өглөгийн дүн дээр эцсийн байдлаар тооцоо нийлж баталгаажуулах хүсэлтэй байна гэжээ.

 

3. Хариуцагч ******* говь ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* говь ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* ******* ХХК- тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг байгуулж газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдан авч үйл ажиллагаагаа явуулдаг. Дээрх Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 /нэг/ жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээнд ******* говь ХХК-ний гүйцэтгэх захирал М.******* болон ******* ******* ХХК- ийн менежер Ө.Энхжаргал нар гарын үсэг зурж, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мандуул гэрээг баталж гарын үсэг зурсан билээ.

Гэрээг байгуулж гарын үсэг зурахдаа М.******* нь ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мандуул гэх хүнтэй огт уулзаагүй бөгөөд гэрээг баталж гарын үсэг зурсан дараа гэрээнийхээ нэг хувийг авсан болно.

Гэтэл ******* ******* ХХК нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ******* ХХК, ******* говь ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 дүгээр гэрээг үндэслэж гэрээний үүргийн гүйцэтгэл 857 663 960 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож алданги 428 831 980 төгрөг, нийт 1 286 495 940 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 дугаартай гэрээг ******* говь ХХК нь ******* *******" ХХК-тай огт байгуулаагүй. ******* говь ХХК нь Өмнөговь аймагт байрлаж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажил хэргийн шугамаар Улаанбаатар хотод ******* ******* ХХК-ийн байранд очиж уулздаг байсан. Гэрээ байгуулсан гэх 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нь бүх нийтийн амралтын өдөр байх бөгөөд Ковид-19 өвчний улмаас Монгол улсын бүхий л нутаг дэвсгэрт аймаг, хотын хооронд болон аймаг дотроо, сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байсан цаг хугацаа юм.

Иймд ******* говь ХХК-ний гүйцэтгэх захирал М.******* нь Улаанбаатар хотод очиж гэрээ байгуулах ямар ч боломжгүй байсан болно. Нөгөөтээгүүр ******* говь ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* ******* ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг нэг жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусах байхад өмнөх байгуулсан гэрээгээ хүчингүй болголгүй дахин гэрээ байгуулах шаардлагагүй юм.

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 дугаартай гэрээ нь ******* говь ХХК-ийн хүсэл зоригоос гадуур, манай компанийн зөвшөөрөлгүй хууль бусаар хийгдсэн гэрээ байх тул ******* ******* ХХК, ******* говь ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 дүгээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* говь ХХК-иас 849 275 940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 197 220 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч ******* говь ХХК нь шүүх хуралдаанд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлсөн 6 590 429.70 төгрөг, хариуцагч ******* говь ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч ******* говь ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 5 604 329.70 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч ******* говь ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа нотлох баримт байхгүй, нотлох баримтгүй байхад ханган шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад огт нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь буруу болсон байна. Нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд анх Ө.Энхжаргал, У.Билгүүн, Ц.Ганзориг нар нэхэмжлэлд гарын үсэг зуран нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдөр олгосон 23/008 дугаартай итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх олгогдоогүй байна.

Мөн итгэмжлэл олгохдоо гүйцэтгэх захирлын гарын үсэг зураагүй ба гарын үсгийн дардас дарсан байгаа нь итгэмжлэл хуульд заасан шаардлагыг огт хангаагүй гэж үзнэ. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.2.1-т ... Бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино: ... итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх ... гэж заасан байна. Хуулийн этгээдийн итгэмжлэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг заавал гарын үсэг зурсан байхыг шаардсан байх ба гарын үсгийн дардас дарах эрхийг олгоогүй. Ийм байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс "... үлдэгдэл төлбөрт 566,183,960 төгрөг, алданги 283,091,980 төгрөг, нийт 849,275,940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... олгож ... шийдвэрлэх нь зүйтэй ... гэж дүгнэн шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талуудын хооронд Худалдах, худалдан авах гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ба тооцоо нийлсэн актаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн дуусталх хугацаанд тооцоо нийлсэн баримт хэрэгт авагдсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т тухайн сарын 5-ны өдрийн дотор тохиролцон, гэрээний нэмэлтээр баталгаажуулсан байна ... гэж заасан ба нэхэмжлэгч үүний дагуу огт тохиролцоогүй ба нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тооцоонд шатахууны үнийг хэдээр хэрхэн бодсон нь ойлгомжгүй, тодорхойгүй байдаг. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн дуусталх хугацаанд тооцоо нийлсэн актад төлбөрийг нэхэмжлэлийн үндсэн дээр төлөхөөр харилцан тохиролцсон байдаг ба манай компани руу ямар нэгэн нэхэмжлэл явуулж төлбөрийг шаардаагүй, тухайн өдрийн байдлаар алдангитай холбоотой ямар нэгэн зүйл ярилцаагүй, энэ асуудлаар ямар нэгэн гомдол санал байхгүй байсан байтал алданги тооцож шийдвэрлэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхээс үлдэгдэл төлбөрийн хэмжээг 566 183 960 төгрөг гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тооцоо нийлсэн актад нийлсэн дүн нь 2 компанийн худалдан авсан шатахууны нийт дүнгээр гарсан тооцоо байтал зөвхөн манай компанид хамаатуулан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Говь ******* фрейндс ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэрэг нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эцсийн хүчин төгөлдөр болсон байх ба нэхэмжлэлийг 2 газар давхардуулан тооцож нэхэмжилсэнд гомдолтой энэ талаар шүүх анхааран үзээгүй. 2 өөр нэхэмжлэлд давхардуулан нэхэмжилж байна, тооцоог салгуулах хэрэгтэй байгаа талаар тухай бүр санал хүсэлтүүд гаргаж байсан боловч шүүх огт анхаараагүй, энэ талаар шийдвэрт дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчээс төлбөрийг шаардахдаа 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг үндэслэдэг. Гэтэл гэрээний хүчинтэй хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжихээр харилцан тохиролцсон.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж төлбөрийг шаардаж байгаа тул нийлүүлсэн шатахууны төлбөрийг төлөх үүрэг гэрээ цуцалсан хугацаа буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцогдоно. Энэхүү тохиролцоог гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т ... Гэрээний 7.2-т зааснаар Гэрээг цуцалсан бол тийнхүү гэрээг цуцлах өдрөөс өмнө Худалдагчийн нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг Худалдан авагч төлөх үүрэгтэй ... гэж нарийвчлан зохицуулж өгсөн. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т ... Худалдан авагч нь 2.6-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд худалдагч дараагийн шатахуун нийлүүлэлтийг төлбөр бүрэн төлөх хүртэл хугацаанд зогсооно ... гэж заасан ба шатахууныг үргэлжлүүлэн нийлүүлсээр байсан нь төлбөрийн талаар талууд харилцан тохиролцсон хугацаа хэтэрсэнд нийлүүлэгч тал гомдол, саналгүй байсныг илтгэнэ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т "... Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна ... гэж зааснаар гэрээний дагуу алданги тооцох ямар ч үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж зөв дүгнэсэн мөртлөө гэрээний хугацаа дууссан эсэх, гэрээ дуусах хугацаанаас өмнө гэрээнээс татгалзаж, цуцалж байгаа талаар анхааран үзээгүй, үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 00481 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хувьд гарын үсэг хуурамчаар үйлдсэн, гэрээ байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус мөн цаашлаад сөрөг нэхэмжлэл зэргүүдээ гаргаж өгөхгүй байх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэлээдгүй садаа учруулсны улмаас 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу 9 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн байдаг. Тус 9 сарын хугацаанд хариуцагчийн хувьд шаардлагатай нотлох баримтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий тайлбар мэдүүлгээ өгөх бүрэн боломжтой байсан. Тэгтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зорилгоор худал тайлбар өгөх мэт үйлдлүүдийг хийсэн. Хариу тайлбарын хувьд анх газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг байгуулсан. Энэ талаараа анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчаас тус гэрээг байгуулаагүй, гарын үсэг хуурамчаар үйлдсэн гэдэг тайлбар ирүүлж байсан боловч 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэх захирал М.*******ын гарын үсэг тохирч байна гээд тухайн гэрээнд талууд маргаангүй байгуулсан нь үнэн. Хоёрдугаарт хариуцагч талын хувьд 2 485 000 000 төгрөгийн үнийн дүнтэй чанарын шаардлага хангасан түлшийг зээлээр худалдан авсан. Үүнээс 1 628 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 857 000 000 төгрөгийг бол төлөөгүй. Энэ нь энэхүү тооцоонд хийсэн үлдэгдлийн баталгаа, зарлагын падаан, нэхэмжлэх, цаашлаад хариуцагчийн итгэмжлэл олгосон жолоочийн гарын үсэг зурсан актууд тодорхой харагдаж байгаа. Энэ талаарх акт нотлох баримтаар хэрэгт авагдсан байгаа. Талууд тооцоо нийлсэн акт, үлдэгдлийн баталгаа дээр тухайн компанийн гүйцэтгэх албан тушаалтан, тухайн компанийг төлөөлөх бүрэн эрхтэй гарын үсэг зурж гэрээгээ байгуулсан. Тооцооны нийт үлдэгдлийн баталгааг хийсэн. Үүнд хэдий хэмжээний түлш нийлүүлсэн, хэдэн төгрөг болсон нь бүгд тодорхой байдаг. Хариуцагчийн гомдол дээр дурдаад байгаа шиг зах зээлийн үнэ нь тодорхой бус, үнийн дүн зөрөөтэй зүйл огт байхгүй. Талууд хамгийн сүүлийн байдлаар тооцоо нийлж энэхүү баталгааг үйлдсэн байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээн дээр зах зээлийн үнээр тухайн түлшний мөнгийг тогтооно гээд тодорхой тусгачихсан. Манай компанийн зүгээс Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн компанитай холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан. Тухайн 2 компани тус бүр дээр тооцооны акт хийж, 2 компанийн удирдах албан тушаалтан, холбогдох этгээдүүдээр гарын үсэг зуруулсан. Хоёулан дээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Ямар нэгэн байдлаар тооцоо нийлсэн асуудал огт байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, мэдүүлэг, холбогдох шаардлагатай нотлох баримтуудаар үр дүнг нь гаргаж байсан. Тийм учраас тухайн компанитай хамтатгаж нууцаар нийлэх асуудал огт байхгүй гэж үзэж болно. Гуравдугаарт хариуцагчийн хувьд нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэх асуудлыг хөндөж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс энэ талаар маргаагүй. Тиймээс тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Талуудын хооронд гэрээ байгуулснаас хойш 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээний дагуу худалдагч нь түлшийг нийлүүлсээр байсан. Хариуцагчийн хувьд гэрээний 2.6-д заасны дагуу худалдан авагч нь тухайн сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авсан шатахууны төлбөрийг дараа сарын 07-ны өдөр бүрэн төлж барагдуулах, мөн гэрээний 3.1-д заасан бүтээгдэхүүний хөрөнгө, төлбөрийг худалдагчид энэ гэрээний 2.6-д заасны дагуу буцаан төлөх үүрэгтэй. Төлбөрийг ерөнхийдөө 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш төлөхөөр байсан. Энэ тухай нэхэмжлэгч компани холбогдох этгээдүүдэд мэдэгдээд, шаардлага тавьж байсан. Үүнээс хойш ямар нэгэн төлбөр төлөгдөхгүй байсан учраас талууд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эцсийн байдлаар төлбөрийн үлдэгдлийн баталгааг үйлдээд түлшээ бүрмөсөн, нийлүүлэхээ зогсоосон. Төлбөр төлөгдөөгүй учраас шүүхэд 122 хоногийн дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргаж, алдангиа тооцож, холбогдох мэдээллийг хэргийн материалд өгсөн. Талуудын хувьд Иргэний хуулинд холбогдуулан гэрээ байгуулсан. Иргэний хуульд зааснаар гэрээнд заасан үүргээ талууд хугацаанд нь биелүүлэх үүрэгтэй. Үүний дагуу худалдагчийн хувьд гэрээнд заасан үүргээ биелүүлж, түлш нийлүүлж, жолоочоор нь гарын үсэг зуруулаад зарлагын баримт үйлдүүлсэн. Гэтэл худалдан авагч нь үндсэн үүрэг болох төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Түлшний үнэ болон талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д заасан нийлүүлсэн түлшний төлбөр 122 хоногийн хугацаанд төлөөгүй үндэслэлээр алдангиа тооцсон. Хариуцагчийн талаас 2023 оны 03 дугаар сарын 28-нд 190 000 000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөгийг төлсөн. Энэ нь нэхэмжлэл гаргаснаас хойших буюу хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч тухайн 240 000 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн хувьд 1 286 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хариуцагчийн хувьд маргаж байх хугацаанд нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч 240 000 000 төгрөг төлөгдсөн учраас Иргэний хуулийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргаснаас хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргах хугацаа хүртэлх гэрээний төлбөр, алданги зэргийг тооцож нэхэмжилсэн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэгчийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч төлбөр төлснийг үндсэн зээлийн гэрээний төлбөрт тооцож, хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдсан байхад Иргэний хуулийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс суутгаж төлөгдсөн мөнгөн дээр алдангийн хэмжээг бууруулсан нь бол хуулийг буруу тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зохигч нарт эвлэрч болдог. Тус хуулийн хүрээнд нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд хариуцагч нь 240 000 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэгчийн зүгээс тус дүнгээр нь бууруулаад нийт 1 046 495 940 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүх дээр шаардсан нь үндэслэлтэй байна. Иймд эвлэрсэн дүнгээр хасалт хийж үлдэх хэсэг болох 1 046 495 940 төгрөгөөр нь хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх уг хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Нотлох баримт хангалтгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцээгүй. Нэхэмжлэлийг анх гаргахдаа Билгүүн, Энхжаргал, Ганзориг гэх 3 хүнд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр итгэмжлэл олгосон байна. Уг итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын итгэмжлэлд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байгаа. Гэтэл нэхэмжлэл гаргахдаа энэ 3 итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурчихсан. Тэгэхээр өөрт олгогдоогүй эрхээр нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан байна. Хоёрдугаарт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд авсан дизель түлшний тооцоо нийлсэн актанд захирал М.Орхонбаяр гэх хүний гарын үсэг зурсан байна. Уг нь тооцоо нийлсэн актанд ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурах ёстой. Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх зүйлд гарын үсэг зураад тооцоо нийлсэн акт үйлдсэн байгаа. Үүнийг миний зүгээс Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлсэн гэрээ багуулсан байна гэж үзсэн. Энэ төлбөр тооцоонд нэхэмжлэгч тал 857 663 960 төгрөгийг үндсэн төлбөр гэж тооцсон. Үүнд ямар нэгэн алданги төлөх талаар болон зүйл яригдаагүй. Үүнийг эцсийн төлөх дүн гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэл гаргахдаа уг мөнгөн дүн дээр алданги тооцож нэхэмжилсэн. Талууд өмнө 857 663 960 төгрөгийг эцсийн дүн гэж үзэж гарын үсэг зурсан байхад алданги тооцож нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

Гуравдугаарт санхүүгийн тайлан олон улсын стандартанд 5 төрлийн тайлан байдаг. Үүнд мөнгөн гүйлгээний, санхүүгийн байдлын, дэлгэрэнгүй орлогын, өмчийн өөрчлөлтийн, тодруулах тайлан гэж ангилдаг. Энэ дундаас мөнгөн гүйлгээний тайлан зөвхөн мөнгөн тооцоо гаргаж бусад 4 тайлан нь алданги нэхэмжлэх гэж байгаа бол тухайн алдангийг орлогоор хүлээн зөвшөөрч, санхүүгийн тайланд тусгасан байх хэрэгтэй гэж тусгасан байдаг. Гэтэл ийм баримтыг шүүхэд гаргаж өгсөн зүйл байхгүй. Мөн анхан шатны шүүхэд 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр, 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрүүдэд ******* ******* ХХК-иас ******* говь ХХК-д нийт 150 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Гэтэл шүүх мөнгийг төлсөн боловч орж ирсэн дансны дугаар нь ******* ******* ХХК-ийн дансны дугаар гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзээд хүчингүй болгосон. Үүнтэй холбоотой баримтуудыг миний бие банкнаас гаргаж авсан. Үүнийг хэрэгсэхгүй болгосноор 150 000 000 төгрөг нэмээд алданги гэж 75 000 000 төгрөгийг илүү нэхэмжлээд байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Говь ******* фрэндс ХХК-ийн захиралын алба хашдаг. Мөн уг хэрэгт анхан шатны шүүх хуралдаанд би гэрчээр оролцож байсан. Одоо итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. ******* говь ХХК-ийн гүйцэтгэх захирал баримтуудаар Праймер ******* ХХК-иас өөрийн хувийн данс руу 108 000 000 төгрөгийг авсан. Түүний эхнэр манай компанийн нягтлангаар ажилладаг байсан. Ажил албан тушаалаа урвуулан ашиглаж, компаниудад эдийн засгийн хохирол учруулсан. Манай компани, Праймер ******* ХХК хоёрыг нэг өдөр шүүхэд өгсөн. Яагаад шүүхэд өгсөн гэхээр манай компаниуд нэг тендерт оролцох гэж байсан. Яг тэр тендерийн сургаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэл гаргахдаа компаниудын хоорондын санхүүгийн баримт ерөөсөө байгаагүй. Гаргаж өгөөгүй. Ер нь М.******* захирал олон сая төгрөгийн ашиг сонирхлын зөрчилтэй ажилласан. Үүнийг нотолчихсон. ******* говь ХХК-иас нэхэмжлээд байгаа үнийн дүнгийн 330 000 000 төгрөг нь манай компанийн тооцоо байгаа. Тиймээс энэ 3 компанийн тооцоог салгаад өгөөч гэж хүсэлт гаргасан. Гэтэл надаас гэрчийн мэдүүлэг авсан. Анх ******* говь ХХК-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Нармандах гэж хүн М.******* захиралтай харилцаа холбоотой байсан байх. Зөвхөн дутуу мөнгө өгсөн гэж үзэж хэрэгт өмгөөлөгчөөр оролцохгүй гэж хэлээд залгахад утсаа авахаа больсон. М.******* захирлын хувийн дансаар авсан их хэмжээний мөнгө одоо шүүхийн шийдвэрээр шйидвэрлэгдэж байгаа гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч М.*******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

1.Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж  шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 857 663 960 төгрөг, алданги 428 831 980 төгрөг нийт 1 286 495 940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 046 495 940 төгрөгийг хариуцагч ******* говь ХХК-иас шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч ******* говь ХХК нар нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 21/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр худалдагч ******* ******* ХХК нь худалдан авагч ******* говь ХХК-д чанар, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх үүргийг, ******* говь ХХК нь тухайн сарын 25-ныг хүртэлх хугацаанд худалдан авсан шатахууны төлбөрийг дараа сарын 07-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүргийг тус тус хүлээж хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 3. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхээр байгаа тул анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.  

4. Хэргийн үйл баримтаас үзвэл хариуцагч ******* говь ХХК нь 2021 оны 01 сарын 31-ний өдрөөс 2022 оны 07 сарын 31-ний өдрийн хооронд нийт 2 485 743 200 төгрөгийн үнэ бүхий шатахуун худалдан авснаас 1 628 079 240 төгрөгийн төлбөрийг төлсөн,

Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2023 оны 03 сарын 28-ны өдөр 190 000 000 төгрөг, 2023 оны 07 сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөг, нийт 240 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь тогтоогдсон.

5. Хариуцагч "******* говь ХХК нь нийлүүлсэн шатахууны хэмжээний талаар маргаагүй ба шатахууны үнийн талаар ...нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тооцоонд шатахууны үнийг хэдээр хэрхэн бодсон нь ойлгомжгүй, тодорхойгүй... гэж маргасан.

6. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж заасан. Иймд гэрээний талууд үнийн талаар гэрээнд тусгаагүй бол шүүх бус өөрсдөө тодорхойлох үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь тухайн шатахууныг нийлүүлэх үеийн зах зээлийн үнэ ханшаар тохирч, зарлагын баримт үйлдэж хүргүүлсэн шатахууныг хариуцагч "******* говь ХХК нь хүлээн авсан нь шатахуун нийлүүлэх үеийн үнэ ханш буюу зарлагын болон төлбөрийн баримтад бичигдсэнээр талууд шатахууны үнийг тодорхойлсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.  

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба шатахуун нийлүүлэх үеийн зах зээлийн үнэ ханш өөр өөр байсан талаар татгалзлаа баримтаар няцаагаагүй байна.

7. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн гэж үзлээ.

8. Иймд анхан шатны шүүх хариуцагч ******* говь ХХК-иас 849 275 940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 197 220 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

9. Хариуцагчийн төлөөлөгч М.******* ...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь буруу болсон. гэх агуулгыг давж заалдах гомдолдоо дурджээ. 1 дүгээр хавтаст хэргийн 4-р талд ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мандуул нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23/008 дугаар албан тоотоор Ө.Энхжаргал, У.Билгүүн, Ц.Ганзориг нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.2-т заасан бүхий л эрхийг эдлэнэ гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх ба дээрх төлөөлөгч нар ******* ******* ХХК-ийг төлөөлж 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлд хамаарахгүй байх тул түүний давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Түүнчлэн ...гэрээний хугацаа дууссан эсэх, гэрээ дуусах хугацаанаас өмнө гэрээнээс татгалзаж, цуцалж байгаа талаар анхааран үзээгүй, үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй... талаар давж заалдах гомдол гаргасан байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ. Шүүн таслах ажиллагааг гагцхүү шүүх хэрэгжүүлэх тул нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримтыг тодруулан тогтоох ажиллагааг хөндлөнгийн байх зарчмыг баримтлан явуулах ёстой. Шүүх маргаагүй үйл баримтыг диспозитив зарчимд нийцүүлэн үнэлэх нь хөндлөнгийн байх зарчимд нийцэх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй, талууд маргаагүй асуудлаар дүгнэлт өгөөгүйг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч М.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 143/ШШ2023/00481 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч М.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 404 500 /дөрвөн сая дөрвөн зуун дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ