Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 203/МА2024/00012

 

 

 

М.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 144/ШШ2023/00192 дугаар шийдвэртэй,

 М.*******ын нэхэмжлэлтэй,

 ******* ******* говь ХХК-д холбогдох

 Түрээсийн гэрээний үүрэгт 178 971 000 төгрөг, алданги 42 535 500 төгрөг, нийт 221 506 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хонгорзул /цахимаар/, нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч ******* ******* говь ХХК-тай Автомашин, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ-г өөрийн эзэмшлийн ******* УН улсын дугаартай Хьюндай 520 маркийн экскаторыг нэг сарын 40 000 000 төгрөгийн төлбөртэйгөөр нэг жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцож байгуулсан. Мөн түрээсийн төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр тогтмол төлөхөөр амаар харилцан тохиролцсон болно.

2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч ******* ******* говь ХХК- тай Ажил гүйцэтгэх гэрээ-г өөрийн эзэмшлийн ******* УН улсын дугаартай Хьюндай 520 маркийн эксваторыг нэг сарын 50 000 000 төгрөгийн төлбөртэйгөөр 6 сарын хугацаатай түрээслэхээр тус тус хоёр удаагийн түрээсийн гэрээг байгуулсан болно. Автомашин, тоног төхөөрөмж түрээслэх гэрээний хувьд түрээсийн төлбөрт 60 671 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байсан учир 10-40 ӨМҮ улсын дугаартай Форд Рэнжер маркийн автомашиныг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр надад хүлээлгэн өгсөн.

Гэвч тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл миний нэр дээр шилжүүлж өгөөгүй байгаа бөгөөд машины бодит эзэмшил надад байгаа боловч машины өмчлөлийг хуульд зааснаар шилжүүлж өгөөгүй байгаа бөгөөд мөн машиныг шинээр худалдан авсан гуравдагч этгээд машинаа шаардаж надад холбогдуулан цагдаад гомдол гаргасан гэх зэргээр хүндрэлтэй байдлыг үүсгэсэн байгаа тул түрээсийн гэрээний төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж төлбөрийг нэхэмжилж байгаа болно.

2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хувьд талуудын хооронд үүссэн байсан түрээсийн гэрээний харилцааг үргэлжлүүлэн зохицуулсан гэрээ бөгөөд түрээсийн үлдэгдэл төлбөрт нийт 120 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр талууд тооцоо нийлж, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 50 000 000 төгрөгийг, 2023 оны 04 дүгээр сарын 15-ны 70 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэсэн боловч мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүйн улмаас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тодорхой эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөхөөр болж 40 тонн, 12 м урттай контейнерийг 1 ширхэгийг нь 10 сая төгрөгөөр тооцож нийт 3 ширхэг буюу 30 000 000 төгрөгөөр үнэлж, САЦ дизель генератор 1 ширхэгийг 20 000 000 төгрөгөөр үнэлж, нийт 50 000 000 төгрөгийн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн боловч 3 ширхэг контейнерийг надад мэдэгдэхгүйгээр буулгасан хашаанаас зөөж авчирч байсан краныг дахин хөлсөлж буцаан авч явсан байдаг.

Иймд 20 000 000 төгрөгийн үнэ бүхий дизель генераторыг л миний өмчлөлд одоогоор шилжүүлсэн байгаа тул тус гэрээний үлдэгдэл 100 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрт нэхэмжилж байгаа болно.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилго биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу түрээсийн төлбөрт нийт 160 000 000 төгрөгийг шаардаж байгаа болно.

Мөн түрээсийн тоног төхөөрөмж болох Хьюндай 520 маркийн экскавторыг Улаанбаатараас Өмнөговь чиглэл рүү тээвэрлэх зардлыг түрээслэгч хариуцна гэж тохиролцсоны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч эксваторыг тээвэрлэх зардалд 4 500 000 төгрөгийг өгч байсан бөгөөд түүнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4 500 000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 4 500 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4 500 000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3 100 000 төгрөг, нийт тээвэрлэлтийн зардалд 16 600 000 төгрөгийн зардлыг гаргасан байна.

Иргэний хуулийн 331 дүгээр зүйлийн 331.1-т түрээслүүлэгч түрээслэгчид түрээслэн авсан эд хөрөнгөтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй, 331.2-т энэ хуулийн 331.1- д зааснаас бусад зардлыг түрээслүүлэгч нөхөн төлөхөөр зөвшөөрсөн бол түрээсийн харилцаа дуусгавар болох үед төлнө гэж заасны дагуу тээвэрлэлтийн зардлыг гэрээ дуусах үед өгнө гэж хойшлуулж явсан учир тээвэрлэлтийн зардлыг шаардаж байгаа болно.

Сүүлд төлбөрийн үүрэгт шилжүүлсэн гэх 3 ширхэг контейнерийг өөрийн эзэмшилд зөөж, буулгахын тулд тээвэрлэлтийн зардалд 1 700 000 төгрөгийн зардал гаргаж хохирсон байдаг. Учир нь 3 контейнерээ надад мэдэгдэлгүйгээр буцаан авсан байсан. Энэ нь Иргэний хуулийн 326.2-т түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж заасны дагуу өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь эхний гэрээний үлдэгдлээс манай санхүүгийн тооцооллыг бодохоор 43 000 000 төгрөг үлдсэн. Тэгэхээр 60 000 000 төгрөг үлдсэн гэж одоо л амаараа яриад байгаа болохоос биш бичилцэж тэмдэглэсэн акт үйлдсэн зүйл байхгүй. Хэдэн өдрөөр ажиллуулсан гэдгээ нотлох зүйл хавтас хэрэгт авагдаагүй. 60 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэдгийг нотлох баримт байхгүй учраас нэхэмжпээд байгаа дүнг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хоёр дахь гэрээнээс 120 000 000 төгрөг гэж нэхэмжлээд байгаа. Тэгвэл 120 000 000 төгрөг гэдэг нь сарын 50 000 000 төгрөгөөр түрээсэлнэ ээ гэж гэрээ хийсэн, 11 дүгээр сарын 28-нд экскаватор нь ачигдсан байна манай тооцооллоор нийтдээ 57 000 000 төгрөг төлсөн байгаа. Үндсэндээ 12.000.000 төгрөг л дутуу бусад төлбөрийг төлчихсөн гэж үзэж байгаа. Санхүүгийн бүртгэлээрээ М.******* түрүүн амаараа хэлээд байсан шүү дээ 2022 оны 12 сараас эхлээд төлсөн төлбөр нь 4 удаагийн төлөлт байгаа. 57 000 000 төгрөг төлсөн байгаа дараачийн гэрээнээс нэг төгрөг төлөөгүй ээ гэж яриад байна. Эхний гэрээний үлдэгдэл 43 000 000 төгрөг, сүүлийн гэрээний үлдэгдэл 12 000 000 төгрөг, нийт 55 000 000 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байгаа. 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 120 000 000 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй гэдгээ сүүлийн гэрээний үлдэгдэл гэж тайлбарлаад байгаа нь ямар ч үндэслэлгүй, 3 сарын хугацаанд 150 000 000 төгрөгийг ажил хийж байсан бол бүрэн гүйцэд хийж байж 150 000 000 төгрөг авах ёстой байтал манайх 57 000 000 төгрөг төлчихсөн байгаад байхад яагаад 120 000 000 болоод байна вэ. Манайх 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлээд 4 хоног ажиллаад, 02 дугаар сарын 12-нд бүр мөсөн зогссон, тэгэхээр 02 дугаар сарын 28-ны өдрөөс экскаватороо аваад явсан. Экскаватороо аваад явах хүртлээ бүтэн ажилласан байлаа ч гэсэн энэ хугацаанд яагаад ч 120 000 000 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байх боломжгүй. 4 хоног ажиллаад бусдыг сул зогссон гэхэд ч тэр 120 000 000 төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжилж байна.

Эхний гэрээний үлдэгдэл 60 000 000 төгрөгийн төлбөрт 10-40 улсын дугаартай машиныг өгсөн гээд тэгээд байна. Машинаа ав гээд байхад авахгүй байгаад байна, өөр хүний эзэмшил байна гээд байгаа нь ямар ч үндэслэлгүй. Авахгүй байсан бол манайх үйлчилгээний машин түрээслээд ажиллахгүй шүү дээ. Өгөхгүй байсан учраас би цагдаад хандсан үндэслэлгүй худлаа ярьж байна.

Дараачийн дугаарт нь 3 контейнерийг ачаад явсан тээврийн хөлс нэхэмжлээд байна. Ачаад явахаас нь өмнө М.*******ад хэлсэн. Наадах чинь өөр компанийн хөрөнгө ******* ******* говь ХХК үйл ажиллагаа эрхэлж байсан гэдгийг сануулаад байхад хэн ч хүлээлгэж өгсөн акт баримт байхгүй, харин би буцаагаад нэхэмжилнэ. Энэ бол тусдаа асуудал. 3 ширхэг контейнер, генератор, 10-40 улсын дугаартай машиныг хүлээлгэж өглөө гэсэн хүлээлцсэн акт нь хаана байгаа вэ? гарын үсэг зураад хэдэн ширхэг түлхүүр, тийм хаалга цонхтой хөрөнгийг яаж ч бодсон хүлээлгэж өгнө тийм акт байхгүй учраас ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.

Экскаваторын 4 удаагийн түрээс гэж нэхээд байна. 4 удаа тээвэрлэсэн үү тээвэрлэсэн 4 500 000 төгрөг төлөөд анх авчирсан. Авчраад ажиллаж байгаад эвдрээд өөрөө буцаагаад тээвэрлэсэн. Тэгэхээр эвдрээд явж байгаад техникт бид нар 23 хоногийнхоо ажлыг алдаад, экскаватор олдохгүй байсан учраас түрээсэлсэн. 17 000 000 төгрөг төлсөн байгаагийн 4 500 000 төгрөгийн тээврийн хөлс төлсөн байгаа. Тэгэхээр нэг талын санаачилгаар гэрээ цуцалчихаад бүр аваад явж байгаа шүү дээ. Нэхэмжлээд байгаа дүнг гэрээний дагуу нэхэмжлэл үүсгээд байгаа ажил гүйцэтгэсэн хөлсөө авах гээд байна гэж ойлгоод байна. Гэтэл өөрийн санаачилгаа бид нар цуцалъя гэж хэлээгүй шүү дээ. Өөрийн санаачилгаар байгаа хөрөнгүүддээ хүлээж аваагүй авч явчихаад ийм мэдүүлэг өгч болохгүй ээ. Тэгэхээр энэ тээврийн хөлсийг 100% үгүйсгэж байна.

Бид нар хийсэн ажлыг чинь онлайнаар тулгалаа нотлох баримт хаана байна. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл байна гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл үзлэгт орсон юман дээр тулгаж үзээд хариу хэлээд нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэсэн үг биш ээ чатаар зөвшөөрсөн гэж байгаа нь бас үндэслэлгүй байна.

Хүү, алданги төлнө гээд яриад байна эхний гэрээ бол хүчин төгөлдөр байсан. Гэхдээ тэр хугацаанд олон нийтээрээ ковид-19 вирус гарсан түүн дээр хуулийнхаа дагуу хүү, алданги төлүүлнэ гэдэгтээ хамаарагдах байх гэж бодож байна. Би хуулийнх нь зүйл ангийг өмгөөлөгчгүй оролцож байгаа болохоор мэдэхгүй байна. Хуулийн зүйл ангийг нь тайлбарлаж чадахгүй байна. Ямар ч байсан хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл үүсгээд байна гэдгийг нь л хэлж байна. Хүү, алданги төлнө гэдэг нь өөрийн санаачилгаар гэрээгээ цуцалчихсан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээгүй ажилласан. Тэгэхээр хүү алданги нэхэмжлэх үндэслэлгүй тэгээд ч дутуу төлбөр байхгүй.

120 000 000 төгрөгийн нэхэмжлэл үүсчихээд байгаа юм бол нотлох баримт нь хаана байна вэ? байхгүй байгаад байна. 120 000 000 төгрөгөөр тооцоо нийлсэн акт байгаа гэж яриад байна. Тэгэхээр М.******* гэдэг хүн хувь хүн хуулийн этгээд ******* ******* говь ХХК-тай гэрээ хийсэн бол компанийн нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиараа яг л тэр зарчмаар тооцон нэхэмжлэх ёстой ямар ч санхүүгийн тайлан тооцоолол өссөн дүнгээр явдаг. Өмнөх гэрээг дүгнээд 60 000 000 төгрөгийн өртэй байсан, машиныг нь аваад явчихсан гээд утга авцалдаагүй юм яриад байх юм. Сүүлийн гэрээ 01 дүгээр сарын 02-нд эхэлчихээд байхад машин авч явсан чинь 01 дүгээр сарын 23-нд болоод байгаа шүү дээ. Тэгэхээр өмнөх 43 000 000 төгрөгийн үлдэгдлээс бид нар 25 000 000 төгрөгөө төлсөн. Би өөрийнхөө хувь данснаас шилжүүлээд төлсөн гээд байхад үндэслэлгүй тайлбар өгөөд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.

60 000 000 төгрөг болон 120 000 000 төгрөг гэдгээ ч нотолсонгүй хэдэн төгрөг төлсөн гэдгийг хуулиараа баталгаажуулж нотлох баримт бүрдүүлээгүй байна.

Тэгэхээр 03 дугаар сарын 24-нд 120 000 000 төгрөгөөр тооцоо нийлсэн акт гэдэг нягтлан бодох бүртгэлээрээ явах ёстой шүү дээ. Тухайн компани нягтлан бодох бүртгэл ашиглаж байгаа шүү дээ. Аж ахуй нэгжийн бүртгэл дээр үндэслэсэн тооцоо явдаг. Жишээлбэл гүйцэтгэлийн ажилд төлсөн төлбөр тэд, үлдсэн төлбөр тэд гээд явдаг болохоос биш Ц.Энхтөр захирал нь гарын үсэг зурсан л байвал тэр огноо ямар ч хамаагүй 60 000 000 төгрөг гээд амаараа ярьсан гээд байна гарын үсэг зурсан ч юм байхгүй. 60 000 000 төгрөг гэж шаардаж бичсэн байгаагаа тооцоо нийлсэн төлөх ёстой төлбөр гэж үзээд байна. Тэгвэл 03 дугаар сарын 24-нд 120 000 000 төгрөгийн дүн дээр яагаад нийлж байгаа юм бэ гэхээр 10-40 улсын дугаартай машиныг 60 000 000 төгрөгт өгсөн юм бол яагаад 120 000 000 төгрөгийн тооцоо нийлсэн акт үйлдээд байгаа юм. 10-40 улсын дугаартай машиныг 2 хоногийн дараа нэр дээр шилжүүлж өгөх бол ор үндэслэлгүй түүнийгээ ч нотолж чадсангүй. 10-40 улсын дугаартай машиныг нэр шилжүүлж өгнө гээгүй угаасаа өгөхгүй манай өөрийн өмч ******* ******* говь ХХК дээр эзэмшил нь явдаг. Говийн шигтгээ ХХК зээлийн барьцаанд Норовсамбуу гэх хүний нэр дээр шилжүүлсэн машин байгаа. Манай компанийн тооцооллоор 55 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

Гэтэл 56 000 000 төгрөгөөр худалдаж авсан генераторыг 20 000 000 төгрөг гээд өөрийнхөө санаагаар үнэлж байгаа нь үндэслэлгүй байна. Хүний хөрөнгийг ачиж авч явчихаад хүлээлцсэн зүйл байхгүй хэн хүлээлгэж өгсөн ч мэдэгдэхгүй. Ц.Энхтөр захирал өөрөө хүлээлгэж өгсөн гээд байгаа тэгвэл хүлээлгэж өглөө гээд гарын үсэг зурсан ч юм байхгүй. Тэгэхээр М.******* хохироод байгаа биш ээ ******* ******* говь ХХК хохироод

байна. ******* ******* ХХК-ийн цаад талд Говийн Шилтгээ ХХК, Норовсамбуу, Бөхбат гэдэг хүн хохироод байна. Бүхэл бүтэн 10 сарын хугацаанд 120 000 000 төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна хүлээн зөвшөөрч чадахгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* говь ХХК- иас гэрээний үүрэгт 160 671 000 төгрөг, тээвэрлэлтийн зардалд 7 600 000 төгрөг, алдангид 12 200 000 төгрөг, нийт 180 471 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******ад олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас 41 035 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 423 435 /1 052 805+370 630/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Аривжих ******* говь ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 060 305 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******ад олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийн давж заалдах гомдлын агуулга:

 

Анхан шатны шүүх хуралдаанд М.*******ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлтэй холбогдуулан ******* ******* говь ХХК-ийн захирал Ц.Энхтөрийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч миний өөрийн цахим хаягт үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасныг шүүх нь үндэслэлгүйгээр хүлээж авалгүй, татгалзаж шийдвэрлэсэн. Мөн уг шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

М.******* нь өөрийн гар утсанд үзлэг хийлгэхдээ Ц.Энхтөрийн болон өөрийн бичсэн зарим зүйлүүдийг устгаж, өөрт ашигтай байдлаар нотлох баримтыг шүүхээр бүрдүүлсэн байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шаардсан зарим төлбөрийг төлсөн байдаг ба уг төлбөрийг төлсөн талаар М.******* болон Ц.Энхтөр нарын хооронд харьцсан цахим хаягт байгаа болно. Уг баримтыг миний бие нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгөх боломжгүй учир шүүхээр дамжуулан үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасныг шүүх хэрэг хэлэлцэж эхлээгүй байхад татгалзаж шийдвэрлэсэн, мөн гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн, мөн миний шүүх хуралдаанд хэлсэн тайлбаруудыг огт харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан байдаг ба уг үүргээ шүүх хэрэгжүүлээгүй нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн эрхийг ноцтой зөрчлөө. Мөн өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээж аваагүй нь миний өмгөөлөгч авах эрхийг зөрчсөн, шүүхийн өмгөөлүүлэх эрхээр хангах үүргээ мөн зөрчсөн гэж үзэж байна.

Талуудын хооронд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тооцоо нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад нийт 120 сая өртэй гарсныг хариуцагч Ц.Энхтөр батлав. Энэхүү өрийн үлдэгдэл 2022, 2023 оны үлдэгдэл тооцоо болно гэж тодорхой бичсэн байдаг. Гэтэл уг тооцоон дээр өмнөх гэрээний 2022 оны үлдэгдэл 60 671 000 төгрөг орсон байхад уг төлбөрийг дахин тусад нь нэмж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байхад шүүхээс үүнийг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Мөн талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь захиалагчийн даалгаврын дагуу гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, гүйцэтгэсэн ажлаа тайлагнах, гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнгээр ажлын төлбөр төлөх эрх үүрэгтэйгээр харилцан тохиролцсон байхад анхан шатны шүүхээс тухайн гэрээг экскаватор түрээслэх гэрээ гэж үзсэнийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнд тохирсон төлбөрийг төлөх байтал түрээсийн гэрээ гэж үзэн түрээсийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хариуцагчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, үндэслэлгүйгээр илүү төлбөр төлөхөд хүргэж байгаа юм. Ингэж үзсэн нь шүүхээс гарах шийдвэрт нөлөөллөө. Өөрөөр хэлбэл шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг буруу дүгнэж, үүний улмаас хуулийн зүйл заалтыг буруу ойлгон, буруу тайлбарлан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Тиймээс анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байгаа тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2023.10.13-ны өдрийн 144/ШШ2023/00192 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ба тайлбар гаргаагүй, нотлох баримт шинжлэн судлуулаагүй.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хонгорзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Хариуцагч талаас үүнийг хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарласан байсан. Хариуцагч талаас цахим зурваст үзлэг хийлгүүлэх нь хариуцагчийн төлбөр төлснийг нотлох баримт болно гэдэг агуулгаар уг хүсэлтээ гаргасан байдаг. Хариуцагч тал нь өөрийн татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Гаргаж өгөх боломжтой баримтуудаа өөрөө гаргаж өгөх эрх нь нээлттэй. Тиймээс хариуцагч талаас төлбөр төлсөн баримтаа өөрөө гаргаж өгөх боломжтой байсан. Мөн М.*******ын дансны хуулга хэрэгт байгаа учраас төлсөн эсэхийг тэр баримтаар нотолчих боломжтой байсан. Тийм учраас анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 123 дугаар зүйлд заасны дагуу уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэлэлцүүлгийн явцад буюу мэтгэлцсэний дараа нотлох баримт шаардлагатай бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шаардлагатай гэж шүүх үзвэл шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно. Манай тохиолдолд мэтгэлцсэний дараа гаргасан хүсэлт байхгүй учраас талуудын мэтгэлцэх эрхийг хангасан. Хариуцагч хариу татгалзлаа нотлох үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Учир нь тус хэрэг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үүссэнээс хойш 10 дугаар сар хүртэл нийт 6 сарын хугацаанд хариуцагч тал хариу татгалзлаа нотлох бусад хүсэлт гомдлуудыг гаргах боломж хангалттай байсан. Тэр хугацаагаар шүүх хангаад явсан. Мөн шүүхээс өмгөөлөгч авах эрхийг нь хангаж шийдвэрлэж хоёр удаа шүүх хуралдааныг хойшлуулсан. Ийм учраас хариуцагчийн эрхийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хязгаарласан зүйл байхгүй. Хоёрдугаарт, талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх дээр маргадаггүй. Талуудын хэн аль нь экскаватор түрээсэлсэн гэдэгтэй маргаагүй. Зөвхөн төлбөрийн хэмжээн дээр хариуцагч хариу татгалзлаа тайлбарласан байдаг. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаж байна. Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан харилцааг түрээсийн гэрээний харилцаа гэж зөв дүгнэсэн. Ийм учраас Иргэний хуулийн 318 дугаар зүйл болон бусад холбогдох эрх, үүрэгтэй заалтуудыг үндэслэж шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагын хүрээнд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь дүгнэж тус бүрээр нь бичсэн байдаг. Ирсэн нотлох баримт бүрт дүгнэлт хийсэн байдаг. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтуудыг нөхцөл байдал, үйл баримттай холбон дүгнэсэн байгаа учраас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангасан.

Мөн хэргийн үйл баримтаас 2022, 2023 оны үлдэгдэл тооцоон дээр 120 000 000 төгрөг гэсэн өмнөх тооцоо байхад шүүх үүнийг буруу дүгнэсэн гэж хариуцагч талаас үзэж байгаа. Энэ нь хавтаст хэргийн 29 дүгээр талд тодорхой байгаа. Хариуцагчийн бичиж өгсөн албан бичигт 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх тооцоо 120 000 000 төгрөг гээд маш тодорхой илэрхийлж бичсэн байдаг. 2023 оны 01 дүгээр сард гэрээ байгуулаад байгаа нь 2023 оны 10 дугаар сараас хойших үүссэн харилцааг нөхөж байгуулсан агуулга бүхий гэрээ байдаг. Тэгэхээр 2 дахь гэрээний хувьд 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн гэрээний харилцааны түрээсийн төлбөр болох 120 000 000 төгрөг. Өмнөх 2022 оны 11 дүгээр сарын гэрээний хувьд 1 жилийн хугацаанд түрээслээд үлдэгдэл төлбөр 60 000 000 төгрөг. Үүн дээр тооцоо нийлээгүй амаараа ярьсан зүйл байдаг. Бид нар амаар ярьсан зүйлийг баталгаажуулах үүднээс цахим зурвас зэрэг өөрт байгаа материалуудаа бүгдийг нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгч, ажиллагаанд оролцож, цахим зурваст үзлэг хийсэн байдаг. Тэгээд 60 671 000 төгрөгийн үлдэгдэл хэрхэн гарсан түүнийг зөвшөөрч байгаа гэх мэт цахим зурваст үзлэг хийсэн тэмдэглэлийг харвал бид нар тооцоо нийлээд үүнийгээ түрээслэгчид тайлбарлаад, шаардах эрхээ удаа дараа хэрэгжүүлээд нэхэмжлэх зэргийг илгээгээд явж байсан. Мөн 60 000 000 төгрөгтөө дүйцүүлээд Форд Рэнжер машиныг өгсөн байдаг. Гэвч нэрийг нь шилжүүлж өгөөгүй учраас энэ мөнгөө бүхэлд нь нэхэж байгаа. Нэрийг нь шилжүүлж өгөөгүй учраас тээврийн хэрэгслийг ямар нэгэн байдлаар захиран зарцуулах боломжгүй байгаа. Тийм учраас бид нарын зүгээс хариуцагч тал үүргийн гүйцэтгэлээ хангаагүй гэж үзэж шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* ******* говь ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг 178 971 000 төгрөг, алданги 42 535 500 төгрөг нийт 221 506 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.  

3. Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Авто машин, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ /хх-6-7/, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ /хх-8-9/, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, өөрчлөлтийн ХГ2022/002-01 дугаар гэрээ /хх-10/ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч М.******* нь Hyundai 520 маркийн экскаваторыг түрээслүүлэх, түрээслэгч ******* ******* говь ХХК нь түрээсийн төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн нь талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлж, хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлжээ.

4. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч ******* ******* говь ХХК нь түрээсийн гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ түрээслүүлэгч М.*******ад төлөх үүрэгтэй.

4.1. Хэргийн баримтаас үзэхэд түрээсийн гэрээний төлбөрийн талаар талууд удаа дараа тооцоо нийлж, хариуцагч түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн баримтыг нэхэмжлэгчид гаргаж байсан нь хэрэгт баримтаар авагдсан. Уг баримтыг анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, үнэн зөв баримт хэмээн үнэлж, хариуцагчаас түрээсийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Тодруулбал, Талуудын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тооцоо нийлсэн: ******* ******* говь ХХК нь М.*******ад нийт 120 сая төгрөгийн өртэй гарсныг хариуцагч Ц.Энхтөр батлав...өрийн үлдэгдлийг 2023 оны 04 дүгээр сарын 15-нд тооцооны хэлбэрээр төлөх болно. Нийт өрийн 50 сая төгрөгийг 03 сарын 15-нд шилжүүлнэ гэх акт,

******* ******* говь ХХК-иас М.*******ад ирүүлсэн: ******* ******* говь ХХК нь 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарын 28-ныг хүртлэх хугацаанд Нипс!а1-520 3.2 мшанагатай экскаваторыг түрээсийн гэрээгээр харилцан тохиролцож ажиллуулсан нь үнэн болно...тухайн заасан цаг, хугацаанд төлбөр тооцоо шилжүүлж чадаагүйн улмаас 40 тн 12 м урттай зөөврийн 3 ширхэг контейнер сууц, САТ дизель генератор моторыг 50.000.000 төгрөгийн төлбөрт тооцон харилцан тохиролцож өгсөн нь үнэн болно гэжээ. /хх-28-29/

4.2. Хариуцагч ...Хоёр дахь гэрээнээс 120 000 000 төгрөг гэж нэхэмжлээд байгаа. Тэгвэл 120 000 000 төгрөг гэдэг нь сарын 50 000 000 төгрөгөөр түрээсэлнэ ээ гэж гэрээ хийсэн, 11 дүгээр сарын 28-нд экскаватор нь ачигдсан байна манай тооцооллоор нийтдээ 57 000 000 төгрөг төлсөн байгаа. Үндсэндээ 12.000.000 төгрөг л дутуу бусад төлбөрийг төлчихсөн гэж үзэж байгаа. Санхүүгийн бүртгэлээрээ М.******* түрүүн амаараа хэлээд байсан шүү дээ 2022 оны 12 сараас эхлээд төлсөн төлбөр нь 4 удаагийн төлөлт байгаа. 57 000 000 төгрөг төлсөн байгаа дараачийн гэрээнээс нэг төгрөг төлөөгүй ээ гэж яриад байна. Эхний гэрээний үлдэгдэл 43 000 000 төгрөг, сүүлийн гэрээний үлдэгдэл 12 000 000 төгрөг, нийт 55 000 000 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байгаа. 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 120 000 000 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй гэдгээ сүүлийн гэрээний үлдэгдэл гэж тайлбарлаад байгаа нь ямар ч үндэслэлгүй, 3 сарын хугацаанд 150 000 000 төгрөгийг ажил хийж байсан бол бүрэн гүйцэд хийж байж 150 000 000 төгрөг авах ёстой байтал манайх 57 000 000 төгрөг төлчихсөн байгаад байхад яагаад 120 000 000 болоод байна вэ... гэх агуулгаар маргасан байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан гэрээний үлдэгдэл 60 671 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан гэрээний үлдэгдэл 120 000 000 төгрөг байснаас 20 000 000 төгрөгөнд тооцож генераторыг нэхэмжлэгч нь шилжүүлж авсан үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул энэ талаар шүүх хэт нэг талыг барьсан гэх хариуцагч талын гомдол үндэслэлгүй.

4.3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 5 сар 16 хоногийн хугацаанд явуулсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь хариуцагч ******* ******* говь ХХК-ийн захирал Ц.Энхтөрийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 24/15 дугаар итгэмжлэл олгох тухай албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон атлаа 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр /хх-91/, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр /хх-117-118/ -ийн шүүх хуралдааныг хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргах, өмгөөлөгч авах тухай хүсэлтийг гаргаж, шүүх дээрх хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.

2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр /хх-136/ шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй үндэслэлээр шүүх хуралдаан хойшилсон ба 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаан дээр үзлэг хийлгэх, өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийг урьд нь гаргах буюу санал болгох бололцоогүй байсан тухайгаа шүүх хуралдаанд тодорхойлоогүй, бичгийн нотлох баримтаар нотлоогүй гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд нийцсэн, шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд хариуцагч талын ...үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасныг шүүх хэрэг хэлэлцэж эхлээгүй байхад татгалзаж шийдвэрлэсэн, өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээж аваагүй нь миний өмгөөлөгч авах эрхийг зөрчсөн, шүүхийн өмгөөлүүлэх эрхээр хангах үүргээ мөн зөрчсөн... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

5. Анхан шатны шүүх тээвэрлэлтийн зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдоогүй байхад хариуцагчаас тээвэрлэлтийн зардал 7 600 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...түрээсийн тоног төхөөрөмж болох Хьюндай 520 маркийн экскавторыг Улаанбаатараас Өмнөговь чиглэл рүү тээвэрлэх зардлыг түрээслэгч хариуцна гэж тохиролцсоны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч эксваторыг тээвэрлэх зардалд 4 500 000 төгрөгийг өгч байсан бөгөөд түүнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4 500 000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 4 500 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4 500 000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3 100 000 төгрөг, нийт тээвэрлэлтийн зардалд 16 600 000 төгрөгийн зардлыг гаргасан... гэж тайлбарласан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Хьюндай 520 маркийн экскавторыг тээвэрлэх зардлыг түрээслэгч хариуцах талаар заагаагүй, түрээслүүлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

6.Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан гэрээний 6.3-т харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх тул нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* говь ХХК-иас алданги шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан учир гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийг тооцож нэхэмжлэгч нь 42 535 500 төгрөгийг хариуцагчаас шаардсаныг анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний 6.3, 7.1, 7.2-т заасныг үндэслэн дэлхий нийтийг хамарсан Ковид- 19 цар тахлын улмаас урьдчилан мэдэх боломжгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэж гэрээний алдангид нэхэмжилсэн 30.335.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний 6.1-д талууд энэхүү гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасныг үндэслэж, талуудын тооцоо нийлж акт үйлдэж төлбөр төлөхөөр тохиролцсон өдөр болох 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаа хэтэрсэн нийт 122 хоногийн алдангид 12 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 144/ШШ2023/00192 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ... тээвэрлэлтийн зардалд 7 600 000 төгрөг,... гэснийг хасч, ...нийт 180 471 000 төгрөгийг гэснийг ...нийт 172 871 000 төгрөгийг гэж, ...нэхэмжлэлийн шаардлагаас 41 035 500 төгрөгийг гэснийг 48 635 500 төгрөг гэж,

2 дахь заалтыг ...улсын тэмдэгтийн хураамжид 1 060 305 төгрөгийг гэснийг улсын тэмдэгтийн хураамжид 1 022 305 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 060 305 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ